Ангилал: Сонгодог

АНУ-ын Сан Диего хотод энэ сарын 24-26-ны өдөр 75.000 ам.долларын шагналын сан бүхий “Extreme memory tournament-2016” ой тогтоолтын халз тэмцээн боллоо. Уг тэмцээнд манай улсаас Монголын Оюун Ухааны Академийн таван тамирчин оролцсон юм. Азийн Мастер 16 настай З.Цэцэгзул энэ тэмцээний өнгөрсөн жилийн аварга, дэлхийн номер нэг тамирчин Johannes Mallow-ийг 4:1 буулган авч гуравдугаар байрын эзэн болжээ. Аваргын төлөөх тэмцээнд Их Мастер Э.Пүрэвжав 2015 оны өсвөрийн Дэлхийн аварга, Дэлхийн чансааны номер тавд бичигддэг ОУ-ын Их Мастер Simon Reinhard-тай өрсөлдөн хоёрдугаарт эрэмблэгдлээ. Э.Пүрэвжавын хувьд Alex Mullen-ыг 4:3 харьцаатайгаар буулган авч шуугиан тарьсан ялалтыг хийгээд байсан бол Дэлхийн чансааны номер нэг, Дэлхийн аварга, Германы тамирчин Johannes Mallow-ыг 4:0 харьцаагаар ялалт байгуулжээ.

1894 оны 6 сарын 23-ны өдөр Францын нийгмийн нэрт зүтгэлтэн Пьер де Кубертиний санаачилгаар цугласан олон улсын спортын зүтгэлтнүүд эрт цагт дайн байлдаанаа зогсоон байж тэмцэлддэг байсан олимпийн наадмыг орчин цагт сэргээн явуулах түүхэн шийдвэр гаргасан юм. Орчин үеийн олимпизмийн хөдөлгөөн энэ өдөр үүссэн гэж үздэг ба 1948 оны Лондоны олимпийн жилээс эхлэн Олон улсын олимпийн өдрийг тэмдэглэхээр болжээ.

Монгол Улсын өдөр тутмын топ хэвлэл “Өдрийн сонин” өнөө жилийн наадмын бөхийн тухай хэлэлцүүлгийг зохион байгуулахаар боллоо.

Ардын хувьсгалын 95 жилийн тэгш ойн наадмаар 1024 бөх зодоглоно. Наадмын түрүү бөхөөр хэн тодрохыг бөхөд хайртай ард түмэн таамаглаж суугаа. Залуу арслан Э.Оюунболд, П.Бүрэнтөгс нар 10 давж түрүүллээ гэхэд шууд даян аварга, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын аваргууд түрүүлбэл дархан аварга, заан Ч.Санжаадамба, харцага Ц.Содномдорж нар түрүүлбэл улсын аварга цол хүртэх өндөр магадлалтай байгаа юм.

Холимог тулааны “Legend FC”, “One Championship” холбооны дэлхийн аварга асан, Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн ээлжит тулааны тов гарлаа. Тэрбээр URCC холбооны 65.8 кг-ын дэлхийн аварга асан, Филиппиний тамирчин Эрик Келлитэй БНХАУ-д ирэх сарын 2-нд тулалдах юм.

БНСУ-ын Инчеон хотноо Аэробик гимнастикийн өсвөр үе, насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ үргэлжилж байгаа бөгөөд Монголын баг тамирчид хүрэл медалийн эзэд боллоо.

Тодруулбал, тус тэмцээний насанд хүрэгчдийн ангиллын “Aerobic step” төрөлд өрсөлдсөн манай тамирчид шигшээд 17.900 оноо авсан амжилтаар хүрэл медаль хүртсэн байна. Монголын гимнастикчид 17850 оноогоор шигшээд шалгарсан юм. Тус багийн бүрэлдэхүүнд Э.Мөнхнасан, Б.Хаштайш, О.Содгэрэл, А.Энхпүрэв, Б.Баясгалан, Ч.Золбоо, Э.Ананд, Ө.Тэмүүлэн нар багтжээ.

АНУ-ын Лос-Анжелос хотын ойролцоох Инглвуд тосгон дахь “Great Western Forum” спортын ордонд энэ оны эрэгтэй багуудын Дэлхийн цомын төлөө ХХҮIII дахь удаагийн тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Манай эрэгтэй баг өнгөрсөн жил АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-нд багаараа дөрөвдүгээр байр эзэлж 8 дахь удаа Дэлхийн цомын тэмцээнд энэ удаа гурав дараалан оролцлоо.

Сүхбаатар дүүргийн Биеийн тамир спорт хорооноос “Хайрхан уулаа дээдэлье-2016” спорт явган аялалыг энэ сарын 11-нд зохион байгуулах гэж байна. Энэхүү явган аялал нь дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилтот бодлогын хүрээнд ажилчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх зорилготой юм. Спорт явган аялалд дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс, албадын ажилтан, албан хаагчид оролцоно. Аялалын маршрут Улаанбаатар-Манзушир-Цэцээ гүн чиглэлд болох юм.

Монголын Бүх Ард Түмний Спортын XIV их наадмын хүрээнд зохион байгуулагдаж байгаа Сүхбаатар дүүргийн спортын IX наадмын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 05-06-ны өдрүүдэд ажилттай болж өнгөрлөө.

Монгол 3 дугаар сургуулийн хөл бөмбөгийн талбайд зохион байгуулагдсан уг тэмцээнд нийт 11 байгууллагын 176 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.