Ангилал: Нийгэм

“Гамлет” Монголын драмын театрын тайзнаа 33 жилийн дараа дахин “Тоглогдох” гэж байна. Театр урлагийн оршин байх үнэ цэнэ, чанар чансааг илтгэдэг гэх, нөгөө талаас цаг үеийн шаардлагаар тавигддаг гэгддэг дэлхийн утга зохиолын сор болсон Уильям Шекспирийн энэ зохиол УДЭТ-ын энэ цагийн уран бүтээлчдийн шандсыг сорих ээлжит нэгэн сорил гэж болно. 150 сая төгрөгийн өртгөөр 200 гаруй хүний хүч хөдөлмөрөөр тайзнаа амилах “Гамлет”-ын нээлт өнөөдөр 19.00 цагт УДЭТ-т болох юм.

Сингапурт болсон амьд хөгжмийн “Asian beat 2012” наадамд эх орноо төлөөлөн оролцсон “UFO” хамтлагийн залуус гуравдугаар байрт орсон амжилтыг үзүүлсэн байна. Энэ нь Монголын амьд хөгжмийн түүхэнд урьд хожид гарч байгаагүй амжилт юм. Тус хамтлагийнхан энэ сарын 14-ний 12.00 цагт эх орондоо ирэх ажээ.

Европын хөгжмийн ертөнцийн томоохон наадмуудын нэг “MTV Europe Music Awards” ням гаригт Германы Хэссэн мужийн хамгийн том хот Франкфуртад болсон байна. Энэ удаагийн шагнал гардуулах ёслолд Америкийн нэрт залуу дуучин Тейлор Свифт, Кети Пери, Рианна нарын уран бүтээлчид найман төрөлд нэр дэвшихээр болсныг зохион байгуулагчид өнгөрсөн есдүгээр сарын 17-нд эцсийн байдлаар зарласан юм.

Дэлхийн супер од “Рианна” Америкийн эрчүүдийн үнэнч анд болох “GQ” сэтгүүлд зочлон, ирэх сарын дугаарынх нь нүүрийг хагас нүцгэн зургаараа чимжээ. Өдгөө 24 настай дуучин Рианна сэтгүүлийн хавтсанд нүцгэн цээжин дээрээ хар өнгийн савхин хүрэм нөмөрч, хөхөө далдалж нууцлаг газраа гараараа нуусан зургаа гаргах гэж байгаа аж.

1962 оны 12 дугаар сарын 26-нд бүрэн хэмжээний хөтөлбөр боловсруулан бие даасан тоглолтоо бүтээсэн хугацаанаас тус чуулгын үндэсний хөгжмийн их найрлын шинэ цагийн түүхийн хуудсаа тоолсоор 50 дахь жилтэйгээ золголоо. Чуулгын үндэсний найрал хөгжим түүхийн урт хугацаандаа хөгжмийн бүтэц төрөл зүйлд онцгой анхаарч, цаг үеээ соргогоор мэдэрч, урын сангаа баяжуулж ирсэн нь монголын хөгжмийн урлагийн нэрт зүтгэлтнүүд, үе үеийн уран бүтээлчдийн хөдөлмөрийн үр шим билээ.

Монголын орчин үеийн циркийг үүсгэн байгуулагч Ж.Раднаабазар агсны мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан “Шинэ цирк” төвөөс олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Ойн хүрээнд өсвөрийн циркчдийн анхдугаар фестивалийг энэ сарын 15-17-нд зохион байгуулах аж. Фестивальд 8-18 насны өсвөрийн циркчид авьяас чадвараараа уралдах бөгөөд үүнд Дархан-Уул, Эрдэнэтийн “Шонхоодой” цирк, Өмнөговь аймгийн “Галбын говь”-ийн залуу циркчид оролцох тухайгаа мэдэгдээд байгаа гэнэ. Мөн Ж.Раднаабазар агсны мэндэлсний 100 жилийн ой тохиолдуулан өнгөрсөн тавдугаар сард түүний хүү, хөгжмийн зохиолч Р.Энхбазар “Би тэнгэр эцэгтээ өргөх дуу” тоглолтыг хийсэн бол охин Р.Нарантуяа нь “Шарласан хуудаснаа амилах аавын минь дүр төрх” дурсамж хэвлүүлжээ. Тус номын нээлт энэ сарын 16-нд Хаан банкны номын санд болох юм байна.

Дэлхийн супер од америкийн шилдэг балетчин, жүжигчин “Sascha Radetsky” Саша Радецки өчигдөр Монголд ирсэн билээ. Тэрбээр манай улсад анх удаа ирж байгаа бөгөөд энэ сарын 16,18-нд ДБЭТ-ын тайзнаа тоглогдох А.Аданы “Жизель” балетын Албертын дүрийг амилуулхаар ийнхүү хүрэлцэн иржээ.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан “Сонгодог урлаг-II” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Сонгодог бүтээл”-2012 орон нутгийн театр чуулгуудын дунд уламжлал болгон зохиогддог улсын уралдаан эхэллээ. Уралдааныг 2012 оны 10 сарын 21-ээс 12 сарын 10-ны өдрүүдэд 2 үе шаттайгаар зохион байгуулна.

Олон улсын дуурийн дуулаачид тун удахгүй нэгэн тайзнаа хуран чуулах юм. Учир нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Цэвэгжавын Пүрэвдоржийн нэрэмжит ари романс дуулаачдын олон улсын 5-р уралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус уралдаан нь сонгодог урлагийг хөгжүүлэх, мэргэжлийн дуурийн дуулаачдын урын санг баяжуулах, ур чадварыг нь сайжруулах, шинэ залуу чадварлаг дуучдыг дэлхийн тавцанд гаргах зорилготой юм. Тус уралдааны 2 шат энэ сарын 27,28-ний өдрүүдэд болох бөгөөд 3-р шатны шалгаруулалт буюу “ГАЛА” концерт нь 30-нд зохиогдох ажээ.

Оросын буриадын оддын эрэлд тэмцээний ялагч болж анхлан уран бүтээлийн гараагаа эхэлсэн “Премьер министр” хамтлагийн дуучин Б.Амархүү “UB Palace”-ын концертын их танхимд энэ сарын 15, 16-нд 19.00 цагт анхны бие даасан тоглолтоо “Гэртээ хүрэх зам” нэртэйгээр хийх гэж байна. Түүний тоглолтын тасалбар 30, 40 мянган төгрөгийн үнэтэйгээр өнөөдрөөс худалдаанд гарчээ. Б.Амархүүгийн тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар түүний аав Борхүү ажиллаж байгаа юм.