Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн байнгын үзэгч, эрхэм уншигч таны амрыг эрж, Монгол Улсад телевизийн урлаг үүсч хөгжсөний болон МҮОНТ байгуулагдсаны 45 жилийн ойн халуун баяр хүргэн мэндчилж байна.
1967 оны есдүгээр сарын 27-ны өдөр Монгол айлын хойморт цэнхэр дэлгэц гэрэлтэн асч, “Монголын зурагт радио” анхны нэвтрүүлгээ агаарын долгионоор цацаж, Монголчууд эх орныхоо төдийгүй ертөнц дэлхийн мэдээ мэдээллийг дуу дүрсийн хамт зэрэг хүлээн авснаар мэдээллийн болон телевизийн хэмээх шинэ урлагийн үүд хаалга нээгдсэн билээ.
