Мэргэжлийн дуучны чадал чансаагаар бахархасан сайхан үдэш байлаа. Өнгөрсөн үдэш Улсын филармонийн концертын танхим үзэгчээр дүүрэн байж, хаан хуурын аялгуутай романс эгшиглүүлж, симфони оркестрийн хүчирхэг эгшигт мэргэжлийн хэмжээний дуунууд үзэгчдийн сэтгэлийг огшоолоо. Энэ бол Улсын филармоний дуучин, “VOICE” хамтлагийн ахлагч, МУСТА Сүхбатын Баттулгын “Миний эх орон” цуврал тоглолтын 3 дахь тоглолт байсан. Дуучин С.Баттулга хэр хэмжээний дуучин бэ гэдгээ энэ орой үнэхээр харуулж чадлаа. Учир нь нүсэр том хөтөлбөртэй энэ тоглолтын эхний хэсэгт манай хөгжмийн урлагийн шилээвэрүүд гэгдэх Төрийн хошой шагналт, АЖ, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Төрийн соёрхолт, УГЗ хөгжмийн зохиолч Б.Шарав нарын алдартай романсууд эгшиглэсэн. Романс гэдэг нь бодрол дуу бөгөөд хэмжээний хувьд жижиг ч болж буй үйл явдал, утга санааныхаа далайцаар их өргөн байдаг. Дуулаачаас ихээхэн ур чадвар, хоолойн цараа шаарддаг энэ төрлийн олон бүтээлийг тэрээр чадварлаг амилуулсан. Тухайлбал Б.Шаравын хөгжим, Р.Чойномын шүлэг “Борлог номхон толгод”, “Аав бид хоёр” , “Шувтарсан цагаан бумба”,“Танхи явж дээ би” зэрэг романсуудыг тэрээр тус бүрийнх нь утга санааг гарган аялгуу бүрийг өөрөөрөө дамжуулан илэрхийлэн гаргасан.