Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч, орчуулагч Г.Аюурзана өчигдөр уншигчидтайгаа уулзлаа. “Интер ном”-д болсон тус уулзалтыг “Номын түлхүүр” сэтгүүлийн газраас санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд анхныхаа зочноор түүнийг сонгожээ. Зохиолч 1988-1994 онд ОХУ-ын Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж төгссөнөөс хойш орчуулгын болоод үргэлжилсэн үг, яруу найргийн олон номоор уншигчдынхаа оюуны хэрэгцээнд хувь нэмэр оруулсан билээ. Тодруулбал “Цаг хугацаа амсхийх зуур”, “Философийн шүлгүүд”, “Non Plus Ultra”, “Сэтгэл рүү шагайгч түүнд” зэрэг яруу найргийн түүвэр, “Дурлалгүй ертөнцийн блюз”, “Амь тавьж буй шувууны далавч” хүүрнэл зохиолын эмхэтгэл, “Гурамсан цадиг”, “Бөөгийн домог”, “Шүгдэн” зэрэг роман хэвлүүлсэн.