“Ухаарал” гэсэн баримтат киног олж үзээд өөрийн эрхгүй уярлын нулимс унагав. Youtubе-д байна лээ. Byasalgal.mn – ээс ч үзэж болно. Маанитын чанга дэглэмтэй хорих ангид болсон випашяна бясалгалын талаар, тэнд суусан хүмүүсийн чин сэтгэлийн үгс, гол нь тэдний царайд гийсэн ухаарлын гэгээг хараад бидэнд, энэ нийгэмд чухам юу хэрэгтэй байгааг ойлгоно. Өнгө мөнгө, эрх мэдэл, нэр алдрын төлөө үхэлдэн тэмцэх шунал тачаал, эцэс төгсгөлгүй мэт хэрүүл дажин, үймрэл бухимдал… Энэ бүхний цаана хүн гээч амьтан юу эрнэ вэ? Аз жаргал, амар амгаланг л. Гэтэл тэр тийм олдошгүй эрдэнэ, хүршгүй холын зүйл үү? Бусадтай булаалдан, амь өрсөн тэмцэлдэх албатай юу? “Амгалан жаргал бол туйлын энгүүн зүйл. Хүн л өөрөө энгүүн байж чаддаггүй” гэсэн Багшийн үг санаанд орно. Эрх чөлөөгүй гяндан дотор жинхэнэ эрх чөлөө, энгүүн байхын сайхныг амталсан тэд үнэхээр хувьтай. Насан турш ямба хамбандаа бялуурч, горын идээгээр гулгиж яваагаа буян заяа гэж боддог хүмүүсээс хавьгүй дээд буян заяатан хуврагийн чуулган шиг санагдсан, тэр бясалгагчид.