Сүфийн их арш Жунайдыг нөгчихийн өмнө шадар шавь нь: “Хайрт Багш минь, та биднийг орхин одох гэж байна. Бид нэг зүйлийг мэдэхийг үргэлж хүсдэг байсан ч танаас асууж зүрхэлдэггүй байлаа. Одоо л амжиж асуухгүй бол оройтох нь. Тийм болохоор бүх шавь нар надаас шаардсан юм. Таны багш хэн байсан бэ? Энэ тухай ярьж байхыг тань бид ер дуулаагүй” гэжээ.
Жунайд нүдээ нээгээд ингэж хэлэв: “Бэрх асуулт байна даа. Учир нь, би энэ дэлхийд таарсан хүн, тохиосон учрал бүрээсээ суралцаж явсан. Орчлон ертөнц бүхэлдээ миний багш байлаа. Тэр бүхэнд талархдаг, яагаад гэвэл тэр бүгдээс суралцаж явсаар би хүрсэн. Гэхдээ надад тухайлсан хөтөч багш байгаагүй. Та нартай адил аз завшаан надад заяагаагүй хэрэг.
Та бүхний сониуч хүслийг хангахын тулд би гурван тохиолдлыг ярья.
Эхнийх нь: Нэг удаа би цангаад бадар аягаа барин гол руу явлаа. Надад байсан ганц үнэт эдлэл тэр аяга байсан юм. Гол дээр очиход минь нэг нохой гүйн ирээд, ус руу үсэрч ороод ундалж эхэллээ. Би түүнийг хэсэг харж зогссоноо аягаа чулуудчихаад гол руу үсэрч ороод, зоргоороо ундлав. Нохой аяга хэрэглэхгүй ус ууж байхад би яагаад чадахгүй билээ гэж бодсон юм. Хэдийгээр даарч дагжсан ч би тэр нохойд үнэн сэтгэлээсээ талархаж, хөлд нь мөргөсөн. Түүний заасан хичээл надад үнэхээр их ивээл болсон.
Би бүх өмч хөрөнгөө орхисон ч бадар аягатайгаа зууралдаад байжээ. Тэр аягыг надад нэг хаан бэлэглэсэн юм. Уран сийлбэртэй, алтан шигтгээтэй гоё аяга байлаа. Аягаа хулгайд алдчих вий гэж би байнга сэрэмжилж, шөнө унтахдаа дэрэн дороо хийж унтдаг байв. Энэ миний сүүлчийн барьцалдаа байжээ. Түүнийг таслахад нохой тусалсан. Тэр нохой бол миний нэг ачтан багш.
Хоёр дахь учрал:
Би ойд төөрч яваад шөнө дөлөөр нэг тосгонд хүрлээ. Айлууд бүгд унтсан байв. Жихүүн шөнийг өнгөртөл толгой хоргодох байраар туслах сэрүүн нэгнийг хайж, тосгон даяар хэслээ, би. Тэгж яваад нэвтрэх боломжтой байшин эрж явсан нэг хулгайчтай таарав. “Энэ тосгонд сэрүүн байгаа нь бид хоёр л бололтой. Чи надад өнөө шөнө хоргодох байраар тусалж чадах уу?” гэж би түүнээс асуулаа.
Хулгайч "Өмссөн зүүснээс тань харахад та Сүфи лам бололтой. Таныг гэртээ аваачихаасаа жаахан санаа зовоод байна. Үнэнийг хэлэхэд би хулгайч. Та хулгайчийнд зочилж болох юм уу?” гэв.
Би жаал тээнэгэлзэв. Гэтэл тэр хулгайч “За, тэр! Би танд хэлсэн нь дээр байж. Та эргэлзэж байна шүү дээ. Хулгайч бэлэн, харин бясалгагч бэлэн биш байна. Бясалгагч мөртлөө хулгайчаас дорой гэж үү? Уул нь би танаас айх ёстой. Та намайг өөрчилж, амьдралыг минь эргүүлж мэднэ. Гэвч би айхгүй байна. Манайд тавтай морил. Идэж, ууж, унтаж амар. Хэдий ч хүртэл байж болно. Би ганцаараа амьдардаг. Хоёр хүнийг зохицуулаад байж дөнгөнө. Бас тантай эрхэм зүйлсийн талаар ярилцах таатай байна биз. Даанч та эргэлзэж байна" гэлээ.
Би түүний хэлсэн үнэн болохыг ойлгож, уучлал гуйн мөргөлөө. "Тийм ээ, миний дотоод хүч маш дорой байна. Та үнэхээр хүчтэй хүн юм, би танайд очъё. Зөвхөн энэ шөнө гэлтгүй, илүү удаан саатмаар байна. Өөрийгөө хүчтэй болгохыг хүсч байна" гэж хэлсэн.
Хулгайч зөвшөөрч, намайг гэртээ дагуулан ирээд, хоол унд өгч, ор засаж өглөө. Тэгснээ "Би одоо явлаа. Ажлаа хийх ёстой. Өглөө эрт ирнэ" гэж хэлээд гарч одов. Өглөө түүнийг ирэхэд нь "Амжилттай юу?" гэж асуухад хулгайч "Өнөөдөр нэг л болсонгүй. Маргааш юу болохыг харъя" гэлээ.
Ийм явдал гуч хоногийн турш давтагдсан юм. Шөнө бүр яваад өглөө бүхэн олзгүй ирнэ. Гэвч тэр хэзээ ч уруу дорой царайлдаггүй, үргэлж цог золбоотой явдаг байлаа. “Зүгээр дээ, би хичээсэн. Бурханы тааллаар өнөөдөр тохиолдоогүй ч маргааш тохиолдоно биз. Санаа зовох юун” гэдэг байлаа. Нэг сарын дараа би тэднийхээс явсан. Өчнөөн жил гэгээрлийг эрэвч бүтэлгүйтсээр явахдаа, унаж цөхрөх бүртээ тэр хулгайчийн цог заль гэрэлтсэн төрх, "Бурханы тааллаар, өнөөдөр тохиолдоогүй ч маргааш тохиолдоно” гэж хэлэхийг нь санаж сэргэдэг байлаа. Үнэхээр нэг өдөр надад тохиолдсон доо. Тэр хулгайч бол миний эрхэм дээд багштан. Түүнгүйгээр би энэ төлөвт хүрч чадахгүй байсан юм.
Гурав дахь тохиолдол:
Нэгэн хотод очоод би асаасан лаа барьж яваа жаал хүүтэй таарлаа. Сүмд өргөхөөр яваа нь илэрхий. Би түүнээс ингэж асуув. "Чи лаагаа өөрөө асаасан болохоор харсан байх учиртай. Гэрэл хаанаас ирдэг вэ? Хэлж өгөөч" гэсэн юм.
Хүү инээгээд, "Хүлээгээрэй" гэснээ нөгөө лаагаа үлээгээд унтраачихав. Тэгээд "Та гэрэл унтарсныг харлаа. Гэрэл хаашаа явсныг надад хэлж өгөөч. Тэгвэл би таны асуултын хариуг хэлье. Гэрэл хаанаас ирсэн тийшээгээ л буцсан байж таараа” гэж билээ.
Би алдар цуутай гүн ухаантнуудтай уулзаж байсан. Гэхдээ тэднээс ийм гайхалтай мэргэн санаа сонсож үзээгүй. “Хаанаас ирсэн тийшээгээ буцна.” Бүх зүйл эх сурвалждаа шингэдэг.
Хоёрт гэвэл, тэр жаал надад юу ч мэддэггүйг минь ойлгуулсан. Би уул нь тэр хүүгээр тоглох гэсэн, гэтэл өөрөө мад тавиулсан даа. “Гэрэл хаанаас ирдэг вэ?” гэсэн тэнэг асуултыг минь надад илчилж үзүүлсэн. Хаанаас ч биш хоосон чанараас ирээд, хаашаа ч биш хоосон чанартаа буцдагийг тэр ойлгуулсан юм.
Би жаал хүүгийн хөлд мөргөхөд тэрээр ихэд гайхаж, “Та яаж байгаа юм бэ?” гэлээ. “Чи бол миний багш. Надад агуу хичээл зааж, үлэмж ухаарал өглөө” гэж би хэлсэн. Тэр цагаас хойш би арилсан утгыг бясалгасаар арилсан чанарт нэвтэрсэн юм. Одоо сүүлийн мөч ирэхэд лаа унтарч, гэрэл явах болно. Хаашаа явахаа мэдэж байна. Нөгөө л эх сурвалж руугаа. Би тэр жаалыг өнөөдөр ч талархалтайгаар дурснам. Миний өмнө зогсоод лаа үлээж байгаа нь одоо ч нүдэнд харагдаастай” гэж Жунайд өгүүлжээ.
‘Stories of Wisdom’ – Ошо