Улсын драмын эрдмийн театрын Ерөнхий найруулагч Н.Наранбаатартай уулзан шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Таныг удахгүй залууст зориулан орчин үеийн драмын жүжгийг толилуулах гэж байгаа гэсэн. Хэний ямар уран бүтээл вэ?
-Манай УДЭТ намар цагийн үзвэрээ хүүхдүүддээ зориулаад алдарт зохиол “Норовын намтар”-аар Ч.Түвшин найруулагч маань хүүхдийн хөгжимт, сонирхолтой уран бүтээлээр өчигдөр нээлтээ хийлээ. Театрын танхим үзэгч хүүхдүүдээр дүүрэн тэд маш анхааралтай, нам гүм тэрхүү жүжигт дурлаж, шимтэж, үзэж суугааг нь харахад маш их баяртай байна. Мөн манай театр намар цагийн үзвэртээ зориулан Английн нэрт зохиолч Р.Кунигын “Эцсийн зогсоол зөвхөн чи” гэдэг жүжгийг тун удахгүй үзэгчдийнхээ хүртээл болгохоор ажиллаж байна.
-Ямар жанрын жүжиг байгаа бол?
-Инээдмийн жүжиг байгаа. Өнөөдөр нийгэм маань жаахан стресстэй, хүмүүс уур бухимдуу байгаа цагт хүмүүст инээдэм гэдэг бол амьдрах эрч хүч, ирээдүйгээ сайн сайхан харах гээд олон сайхан зүйлийг бэлэглэдэг учраас энэ жүжгийг сонгон авч ажиллаж байгаа.
-Гол дүрд хэн хэнийг тоглож байгаа вэ?
-Гол дүрд Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажилтан Л.Дэмидбаатар нар тоглож байгаа. Мөн Ардын жүжигчин С.Сарантуяа, Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Д.Баттөмөр, Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Ц.Төмөрхуяг болон залуу уран бүтээлчид энэхүү уран бүтээлд бүгдээрээ оролцсон.
-Жүжигт юуны тухай өгүүлэх үү?
-Энэ жүжигт хэдийгээр нэг гэр бүлийн амьдралын тухай өгүүлдэг ч тэрхүү бичил нийгэм болсон гэр бүлийн асуудлыг жаахан томруулаад харах юм бол нийгэмд болж байгаа үйл явдал юм. Хэрвээ бид их л инээгээд байвал түүний ард том эмгэнэл байдаг юм шүү дээ. Нийгмийн үзэгдэл дунд юу их инээдэмтэй харагдана тэр дандаа бидний эмгэнэл, харуусал, хорсол, нулимс явж байдаг. Р.Куни ч зохиолоо өөрөө тэгж бичдэг хүн. Яагаад ч юм түүний инээдмийн бүтээлүүдийн төгсгөл рүү эмгэнэл харагддаг. Гарцаа байхгүй инээдмийн ард ийм эмгэнэл байх ёстой. Тэр утгаараа энэ жүжгийн үйл явдал хэдийгээр нэг гэр бүлд болж байгаа хэдий ч нийтдээ бидний нийгэмд үзэгчдэж байгаа гаж, эмгэнэлтэй үзэгдлүүд. Гэхдээ бид жүжгээ хүмүүсийн амьдралд урам хайрласан өөдрөг зүйл, итгэл өгөхөөр бүтээсэн. Бид энэ жүжгийг үзснээрээ ер нь нэг ингэж болохгүй юм байна шүү, ийм зүйл болоод байгаа юм байна гээд өөрийгөө тольдчихож байгаа юм. Инээдмийн жүжгийн гол зорилго нь соён гэгээрүүлэх, гоо зүйг өгөхөөсөө илүүтэй хамгийн гол нь ёс суртахууны хэв хэмнэлийг зөв зохистой байлгахад ач холбогдлоо өгдөг гэж би хувьдаа боддог. Тэр талд энэ жүжиг өөрийн гэсэн хүүрнэлийг өгнө гэдэгт итгэлтэй байна.
-Жүжгийнхээ өмнө үзэгчдэдээ барих гэнтийн бэлэг байгаа гэж сонссон?
-Манай жүжгийн бүжиг дэглээчээр Соёлын тэргүүний ажилтан, бүжиг дэглээч Г.Ган-Очир ажиллаж байгаа. Бид хоёр ярилцаад энэхүү жүжигтээ зориулан үзэгчдэд сюрприз болохоор нэгэн клипийг хийсэн. Энэ клип маань тун удахгүй нөгөөдөр үзэгчдийн хүртээл болно. Хуучин жүжигт дуу зохион жүжигчид нь тоглон клип хийдэг байсан. Бид үүнийг өөрчлөн зөвхөн бүжгээр клип хийсэн. Тиймээс манай театрын жүжигчид бүжгийн ямар авьяас, ур чадвартай гэдгийг энэхүү өвөрмөц клипээс харж болно. Жүжгийн жанртаа тохируулан клипээ хөнгөн инээдмийн өнгө аястай хийсэн. Клипний зураг авалтыг Г.Ган-Очир бид хоёр ярилцан план таслахгүй буюу нэг ёсондоо монтажгүй авсан. Энэ клип үзэгчдэд маш сайн хүрнэ гэж бодож байгаа.
“Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийн бүжиг дэглээчээр ажилласан Соёлын тэргүүний ажилтан, бүжиг дэглээч Г.Ган-Очиртой уулзлаа.
-Жүжгийн клипийг яагаад зөвхөн бүжгээр хийв?
-Клипний эхлэл инээдмийн гэх жүжгийн жанраасаа эхэлсэн гэж би дүгнэж байгаа. Клип бол маш сонирхолтой болсон. Үүнийг зөвхөн өөрийнхөө хувьд хэлж байгаа юм биш. Н.Наранбаатар найруулагчтай олон уран бүтээл дээр ажиллаж байсан. Энэ уран бүтээлийн хувьд бол энэ жүжгийн онцлогуудын талаар хоорондоо их ойлголцож чадсан. Тиймээс бүжгийн болон хөдөлгөөний тавилтууд өвөрмөц байлгая гээд энэ орчин үеийн сонирхогчдын бүжиг гэхээсээ илүү хуучны алдарт мэргэжлийн гэгдэх бүжгийг ашигласан.
-Ямар бүжиг?
-“Swing dance” гэдэг тэр бүжгийн хэмнэлүүдийг оруулж өгсөн байгаа. Залууст энэ бол сонирхолтой эргэн дурсахуй болж хувирч байгаа. Клип жүжиг хоёрын уур амьсгал нэг.
-Та энэ жүжгийг уран бүтээлч хүнийхээ хувьд хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Энэ жүжиг миний хувьд гаднаас нь харахад инээдмийн гэхээсээ илүү энтертайнмент чиглэлийн уран бүтээл болсон. Их сонирхолтой, үе үеийн уран бүтээлчид, тайз, хувцасны шийдэл, бүжиг болон хөдөлгөөний тавилт, найруулга бүгд нийлэн асар том энтертайнмент болж байгаа. Тэр үүднээсээ бид маш сайн уялдаатай ажиллаж байгаа. Хөдөлмөр үнэртсэн уран бүтээл их сайхан байдаг шүү. Инээдмийн ард заавал эмгэнэл ямарваа нэгэн хорсол, гуниг заавал ч үгүй оршдог. Үүнийг бид адилхан мэдэрсэн учраас бүтээл маань илүү сайн гарах байх аа гэж бодож байна.
УДЭТ-ын тайзнаа энэ сарын 15-нд 20.30-д Рей Кунигын “Эцсийн зогсоол ба зөвхөн чи” хошин жүжгийн нээлт болох бөгөөд 16-29-нийг дуустал өдөр бүр 20.30-д тоглох юм.
Г.Даша