Соён гэгээрүүлэх, уриалан дуудах хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг урлагийн салбар бол кино билээ. Хүн төрөлхтний гайхамшигт нээлтүүдийн нэг болсон кино урлаг XIX зууны сүүлчээр үүссэн ч хэдхэн жилийн дотор дэлхийг байлдан дагуулсан юм. Асар хурдацтай хөгжсөн энэ урлагийн түүчээнээс монголчууд ч хоцорсонгүй. Хүрээнд үйл ажиллагаа явуулдаг гадаадын пүүс, гаднын улс орон руу айлчлаад ирсэн Монголын төрийн түшээд хүртэл кино проектор авчирч, нутагтаа гаргаж байсныг илтгэх баримт цөөн боловч үлджээ.
Зарим эх сурвалжид 1903, нөгөөд нь 1909 онд Богд хааны ордонд анх кино гаргасан тухай дурдсан байдаг. Түүнчлэн 1913 онд Сайн ноён хан Намнансүрэн Оросын Петербургт айлчлаад ирэхдээ кино зураг, проектор авчирч Өвөрхангай аймгийн Уянга суманд гаргасныг түүхэнд тэмдэглэжээ.
Монголчууд кино бүтээж эхлээгүй байсан ч гадаадын киногоор дамжуулан дэлхий ертөнцтэй танилцах аялал ийн эхэлж, Богд хааны жолооч байсан, буриад Бадамаар багшлуулсан кино механикчид 1928 онд дамжаа дүүргэжээ. Техникийн авьяастай энэ хүн цаг засаж, машин жолоодож байснаас гадна соёлын техник ашигласан үйлчилгээний салбарын анхдагч болсноороо онцгой. Тэрбээр хэлмэгдүүлэлтийн он жил үүдэд эсэргүү хэмээн буруутгагдаж, хожим нь 1970-аад онд цагаадсан юм. Монголчууд эхэндээ дэлхий нийтийн адил дуугүй кино үзэж, өөрсдөө дэргэд нь хөгжим тоглодог байсан бол дараа нь дуутай кино үзэх болжээ.
Ердийн хөсөгтэй механикчдын гавьяаг дурсахуй
Хөдөлгөөнт киноны цэг гэсэн утгатай орос үгийг монголчууд "Нүүдлийн кино" хэмээн орчуулж хэрэглэсэн нь нэн зохимжтой. Ардыг гэгээрүүлэх яамны дэргэд Нүүдлийн кино хэлтэс байсныг 1933 онд Засгийн газрын 15 дугаар тогтоол гарч Улсын кино зургийн хэрэг эрхлэх хороо болгож, анхны даргаар нь Доржийн Гончиг ажиллаж байжээ. Энэ онд албан ёсоор Кино зургийн хороог байгуулсан ч 1928 онд буриад Бадамын төгсгөсөн дамжаанд сурсан Д.Гимпэл, Г.Гэндэнжамц, С.Лхагва, Д.Жамц, өндөр Долгор, Хиагтын Долгор нарын 10 хүн 1926 онд Герман Улсаас худалдаж авсан "ЖЕК" маркийн кино проектор ашиглан дөрвөн хэсэгт хуваагдаж механикчаар ажиллаж эхэлсэн гэдэг.
Кино урлагийн салбар монголчуудад техникийн дэвшил, гадаад ертөнцийн сонин сайхныг танилцуулснаас гадна ардын хувьсгалын дараах он жилүүдэд суртал ухуулгын томоохон хэрэгсэл болсон юм. Кино механикчид кино гаргахын зэрэгцээ хувьсгалын ухуулга хийдэг байсан нь зарим лам хуврагуудад таалагддагүй байжээ. Учир нь тухайн цаг үед ажил хийх ид насны хэдэн мянган монгол залуус жанч нөмрөн, сүмд шавилж суусныг намын бодлогоор хар болгохыг зорьж байв. Суртал ухуулгын ачаар тэдний нэлээд нь хар болж, сүм хийдээ орхиход түүнийг эсэргүүцсэн лам нар механикчдад халдах оролдлого ч гарч байжээ. Хэцүү бэрхийг даваж, эсэргүүцэлтэй тулгарсан ч шантралгүй зүтгэсэн учраас эдгээр анхны кино механикчдын гавьяаг мартах учиргүй.
Монголчууд анх хятад, англи, франц кино үзэж байв. Тодруулбал, "Бродвэйгээс ирсэн хүн", "Бэйл Клермонтовский", "Тансан ламын үлгэр" зэрэг кино эхний жилүүдэд гарч байв. Ардын хувьсгал ялсны дараа ОХУ-ын найруулагч Всеволод Пудовкиний "Чингис хааны удам" уран сайхны кино гарч байжээ.
Монголын соёлын салбар эрчимтэй хөгжиж байсан 1960-аад онд Соёлын яамны санаачилгаар Монголын сум бүрт кино гарах эхлэл тавигджээ. Хөдөө орон нутагт кино гаргах нүүдлийн цэгтэй болох зорилгоор 1954-1957 онд цэргийн алба хаасан хүмүүсийг албанаас чөл өөлөгдөхөөс нь 45 хоногийн өмнө кино механикчийн сургалт явуулж төгсг өжээ. "Цэргийн 100" хэмээн нэрлэгдэж байсан тэдэнтэй өдгөө "Монголын кино үзвэр" нийгэмлэгийнхэн холбоо тогтоохыг хичээж байгаа ч олонх нь хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
Морь, тэмээндээ проектор, кино зургаа ачаалаад гэртээ харилгүй 30- 45 хоног аялан кино үзүүлж явсан энэ хүмүүс хөдөө талд соёлын үрийг тарьсан хамгийн чухал мэргэжилтнүүд байв. Мэдээж үйлчилгээний энэ салбарын хүндийг нуруундаа үүрч явсан тэд тухайн үед хамгийн бага цалинтай, хожим нь ч өөрчлөн шинэчлэлтийн он жилүүдэд хамгийн эхэнд гээгдсэн байна. "Цэргийн 100"-гаас аймаг бүрт 3-8 кино механикч очсон ч өдгөө 10-аад хүн л амьд сэрүүн байна. Тэднийг курс төгсөж байх үед Монгол кино үйлдвэр "Сэрэлт" киноны зургийг авч байсан учраас энэ киноны олны хэсэгт цэргийн залуусыг оролцуулжээ. Тэд орон нутагтаа очоод хамгийн анх "Ардын элч" киногоор ард түмэнд үйлчилсэн байдаг. 1958 онд бүтээсэн эл кино хязгаар нутгийн үзэгчдэд жилийн дараа хүрсэн юм билээ. Морь, тэмээгээр зөөж байгаа учраас тоног, төхөөрөмж хальс тэргүүтэн гэмтэх нь элбэг ч нүүдлийн кино механикчид маш хариуцлагатай хүлээн авч, хайр гамтай ашиглан, олон нийтэд үзүүлж байжээ. Заримдаа аймагт бүрт, эсвэл хоёр аймгийн дунд нэг хувь кино очдог байсан учраас тэд бие биенээсээ хүлээн авч, нүүдэллэн үзүүлдэг байсан гэнэ.
Нутаг бүрийн онцлогоос шалтгаалан аппарат хэрэгслээ ихэвчлэн морь, тэмээ зарим нь цаа буга хөллөн чаргаар зөөж байсан тохиолдол ч бий. Алтайн өндөр уулс, говийн урт зам, бартаа саад бүхнийг цаг агаарын хүнд нөхцөлд даван туулж малчин ардууддаа кино үзүүлэхээр зорьж явсан хэдэн зуун кино механикчдын хүчээр монголчуудад кино урлагийг шимтэн сонирхох болсон биз ээ.
Хожим нь 1980-аад онд Хэнтий аймгийн Дархан сумын кино механикч Юндэнгийн туршлагаар авто клуб байгуулж, өдрийн цагаар ч кино гаргадаг болсон гэдэг.
Кино театр байгуулагдсан нь
Одоогийн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн урд талын байшинд Монголын анхны кино театр "Ард" 1935 онд байгуулагджээ. Францын нэгэн пүүсийн эзэн энэ байшинд кино үзүүлж, зоогийн газар ажиллуулдаг байсан бөгөөд улсаас Д.Гончигт кино театр байгуулах даалгавар өгч, мөнгө олгосноор 40 мянган төгрөгөөр энэ байшинг худалдан авчээ. Түүнээс хойш 30 гаруй жилийн дараа "Ард" кино театр шинэ байранд орж, тус бүр нь 600 гаруй хүний суудалтай "Урлаг", "Соёл" танхимтайгаар үйл ажиллагаа явуулах болжээ. Улмаар 1948 онд Элдэв-Очирын нэрэмжит кино театр байгуулж, 1960 онд 150 мянган оршин суугчтай байсан Улаанбаатар хотод кино үзвэрийн танхимууд нэмэгдэж байсан юм.
Киногоор бүх нийтийг соён гэгээр үүлэхийн тулд 1935 он хүртэл киног үнэ төлбөргүй үзүүлж байгаад, дараа нь нүүдлийн киноныхон хүүхдэд 50 мөнгө, том хүнд нэг төгрөгийн тасалбараар үйлчилдэг болжээ. Харин хотын кино театрын үзвэрийн тасалбар гурван төгрөгийн үнэтэй байв. Кино театр байгуулахын зэрэгцээ Барилгачны, Төмөр замын, Мах комбинатын соёлын ордонг хагас суурин кино проектороор тоноглож кино үзүүлэх болсон нь нэгэн дэвшил болж. Ийнхүү кино гаргаж соёл түгээх үйлчилгээний цэгийн тоо нэмэгдсээр 1985 он гэхэд 540-өөд цэгтэй болсон байна. Зуны улиралд зусланд кино гаргадаг байсан нүүдлийн цэгийг нэмбэл 600 хүрэх аж. Түүнчлэн Улаанбаатар хотод найм, Дарханд хоёр, аймаг бүрт нэг буюу нийтдээ 27 кино театр ажиллаж байжээ.
Үзвэрийнхэн хэмээх том айл
1933 онд Кино зургийн хэрэг эрхлэх хороо нэртэйгээр байгуулсан үзвэрийн салбарынхан Кино үйлдвэр байгуулагдсанаар 1950-иад он хүртэл нэг байгууллагын харьяалалтай байжээ. Үзвэрийн салбар өдөр ирэх тусам томорч 2000 орчим ажилтантай болсон аж. "Монгол кино" үйлдвэр жилдээ уран сайхны 6-7 кино, 30 гаруй нэрийн 100 шахам бүлэг баримтат кино хийхээс гадна 30-аад нэрийн кино орчуулан тус бүрийг нь 40-60 хувь болгон олшруулдаг байжээ. Мөн кино зургийн том сантай болсноос гадна 1950-иад оноос аймаг бүрт кино театр байгуулах ажлыг хариуцаж байв.
Улсын кино үзвэрийн хэрэг эрхлэх газар хүртлэх түүх ийм боловч, тухайн үедээ энэ салбарт ажиллаж байсан хүмүүс түүхэн баримт сийрүүлэн үлдээж, ахмадуудаасаа асууж тэмдэглээгүй нь харамсалтай. Ховор боловч олдсон баримтаа эмхтэн "Монгол кино үзвэр" нийгэмлэгийнхэн бидэнд энэ мэдээллийг хүргэсэн юм.
Монголын кино урлагийг олон улсад таниулан, кино наадамд оролцуулах явдал нэр төрийн хэрэг байснаас гадна энэ нь кино үзвэрийн байгууллагын гол үйл ажиллагааны нэг байв. ЗХУ-ын Москва, Чехословакийн Карловы-Вары, Германы Лейпциг, Ташкентын кино наадмуудад Монголын олон кино тогтмол амжилттай оролцож байснаас хамгийн том нь "Ардын элч" киноны Ариунаагийн дүрээр гавьяат жүжигчин Пүрэвийн Цэвэлсүрэн шилдэг эмэгтэй дүрийн мөнгөн шагнал хүртсэн явдал байжээ.
Японы алдарт кино судлаач Тадэо Сато 1992 онд Монголд ирж, манай 50 шахам киног үзээд зургааг нь сонгож 1993 болсон Фүкүока хотын олон улсын кино наадамд оролцуулснаар Энэтхэг, Австрали, Бельги, Франц Швейцарь, Хонконгийн кино наадамд монголчууд оролцох эх суурь тавигдсан юм. Тухайн үед эдгээр наадамд оролцох болон кино хувилан олшруулах зардлыг Япон Улсын засгийн газраас гаргаж байжээ.
"Монголын кино үзвэр" нийгэмлэг
Баларсан, мартагдсан түүхийг нэхэн сөхөж, соёлын үрийг тарилцсан ч алдар гавьяагүй үлдсэн үзвэрийн салбарынхнаа урамшуулж, нэг удаа ч гэсэн эргэн нэгдэж, түүхээ үнэнээр нь бичиж үлдээх зорилгоор "Монголын кино үзвэр" нийгэмлэгийг байгуулжээ. 80 жилийн ойн баярыг магадгүй тэд ганц л удаа тэмдэглэх биз. 35 мл-ийн хальсан дээр кино гаргах ажил түүх болон үлдсэн учраас тэд хойшид ойн баяраа тэмдэглэнэ гэж бодохгүй байгаа юм. Гэсэн ч кино урлагийн салбар болон киногоор дамжуулан ард олныг соён гэгээрүүлэх үйлс ийм энгийн хэрнээ агуу хүмүүсийн итгэл, сэтгэлийн хүчээр өндийж ирснийг гэрчлэх нь хамгийн чухал үйлс юм. Одоо тэд бараг 1000-уулаа баяраа тэмдэглэнэ гэж төсөөлж байгаа. "Цэргийн 100"-гийн төлөөлөл болсон 10-аад хүн, ид цэцэглэлтийн үеийн кино үзвэрийн салбарын ажилтнууд, нүүдлийн киноны үе үеийн механикчид, одоогийн үзвэрийн салбарынхан бүгд энэ баярт нэгдэх юм. Ирэх аравдугаар сарын 7-нд ойн баяраа тэмдэглэхээр зэхсэн үзвэрийнхнийг нэгтгэж буй "Монгол кино үзвэрийн нийгэмлэг"-ийн удирдах зөвлөлийн гиш үүнээр тухайн салбарт удирдах ажил хийж байсан долоон хүн ажиллаж, 80 жилийн түүхэн ойг тэмдэглэж, ном хэвлүүлэн ахмадуудаа баярлуулахаар хичээнгүйлэн ажиллаж байна.
Ж.Солонго
Эх сурвалж: Өнөөдөр