МУСТА, жүжигчин Гончигийн Ундармаагийн санаачлагаар хэрэгжүүлсэн "Итгэлийн Танхим ” төслийн хүрээнд УНТЭ-ийн ЯТТ-ийг шинэчлэн засварлах, тохижуулах ажил амжилттай хэрэгжиж дууслаа.
Итгэлийн танхимын нээлтийг СУИС-ийн хөгжмийн ангийн оюутан хүрэлцэн ирж Морин хуурын аялгуугаар нээсэн юм. Тэрбээр жүжигчин бүсгүйн фейсбүүкийн найз энэхүү ажилд мөнгөөр тусалж чадахгүй ч нээлт нь дээр морин хуураа тоглож өгнө хэмээн Г.Ундармаад амласан байжээ.
Мөн нээлтэд Эрүүл мэндийн сайд Ж.Амарсанаа, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг болон Г.Ундармаагийн гэр бүлийнхэн, ажлын хамт олон, найз нөхөд, уг төсөл дээр хамтран ажилласан байгууллага болон хувь хүмүүс хүрэлцэн ирсэн юм.
Өнөөдөр "Итгэлийн Танхим" төсөл дээр хамтран ажилласан бүх хүмүүс бие биендээ баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлэх "Талархлын өдөр"-ийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү сайн үйлсийн ажил 2011 онд Улсын Клиникийн Нэгдүгээр Амаржих Газрын хүлээлгийн танхимыг тохижуулах ажлаас эхэлсэн бөгөөд улсын хэмжээний эмнэлгүүдийн төсөв санхүү хүрэлцдэггүй, үйлчлүүлэгчид төдийгүй эмнэлгийн ажилтнуудын ажиллах орчин нөхцөл тааруу байдагтай холбогдон гарч ирсэн санаачлага юм.
Яаралтай түргэн тусламжийн тасгийн эмч С.Алтансүх: "Эмнэлэгүүдэд өвчтөнг хүлээн авдаг хүлээн авах тасаг дэлхийн жишигт нийцсэн тусламжыг хүргэж чадсан боловч үйлчлүүлэгчдийн тав тухыг хангах тал дээр орчинг нь бүрдүүлж чадахгүй байсан. Харин Итгэлийн танхим гээд сайн үйлсийн аянг жүжигчин Ундармаа санаачилж үйлчлүүлэгчдийн ар гэрийнхэнд таатай орчинг бүрдүүлж өглөө. Бусад оронд байдаг сайхан орчинг бүрдүүлж өгсөнд бид баяртай байна" гэлээ.
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа: "Гадаадын өндөр хөгжилтэй оронд байдаг эмнэлгийн хүлээлгийн өрөөг өөрийн орондоо хийж болдог гэдгийг Ундармаа бусдадаа харуулж чадлаа. Бид эмч ажилчдыг ард иргэдэд сайн тусламж үйлчилгээг үзүүлэх тал дээр нь түлхүү анхаардаг юм. Гэтэл өвчтнүүдийн ар гэрийнхэн орчин нөхцөлдөө анхаарч ажиллаж эхэлсэн бодит ажлыг хийсэн байна. Жил болгон нэгдүгээр эмнэлгийн засварт 2 саяыг зарцуулдаг. Энэ нь том эмнэлгийн засварт хүрэлцээ муутай байдаг. Мөн мэдээллийн эрин зуунд фэйсбүүк ямар хүчтэй болж буй жишээг энэ ажил харууллаа" гэж онцоллоо.
Энэ удаа УНТЭ-ийн ЯТТ-ийн 220 м2 талбай бүхий танхимуудыг шинэчлэн засварлаж, тохижуулах ажилд 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага болон хувь хүмүүс оролцож, нийт 88,963,033 сая төгрөгийн бүтээн байгуулалтыг хийжээ.
Жүжигчин Г.Ундармаа өөрийн цахим хуудсаараа уг төслөө хэрхэн нэрлэх талаар санал асуулга явуулж, ИТГЭЛ гэдэг үгийг оруулахыг хүссэн олон хүний саналаар ийнхүү “ИТГЭЛИЙН ТАНХИМ” нэртэйгээр төсөл хэрэгжсэн юм. Энэхүү ажпыг цааш нь үргэлжлүүлж, олон мянган иргэд үйлчлүүлдэг улсын эмнэлэгүүдээ ээлж дараалан тохижуулахыг хүсэж байгаа дэмжигсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь нийгмийн сайн сайхны төлөө, хүмүүсийн төлөө сэтгэл үйлсээрээ нэгдэх хүмүүс олон байгааг харуулж байна. Тийм ч учраас “Итгэлийн Танхим” төсөл цаашид хугацаагүй аян болон үргэлжлэхээр болсон юм.
"Итгэлийн танхим"-ын нээлтийн үйл ажиллагааны фото сурвалжлагыг хүргэж байна.
Х.Даваа