За, ямартай ч домогт хүн яваад дөрвөн жил өнгөрсний дараа анх удаа ярилцлагыг хүргэж байна.
Миний хувьд ийм явдал болно гэж мөрөөдөж, бүр зүүдэлж ч байсангүй. Би угаас шоу бизнесээс хол хүн. Майкл Жексон олны танил болоогүй сурвалжлагчид тэр тусмаа надад ярилцлага өгөх санал тавьсныг дуулаад эхэндээ нэлээд айж балмагдсан. Бас өөрөөсөө ичиж, яах учраа олохоо байлаа. Үнэнээ хэлэхэд, би тийм агуу хүнтэй ярилцлага хийхэд бэлэн биш байгаагаа мэдэрсэн. Гэсэн ч айдсаа дарж, энэ боломжийг алдах ёсгүй гэж зориглосон.
Хоёр долоо хоногийн турш Майклын талаар, түүний ярилцлагуудыг уншиж, судаллаа. Олон талын мэдээлэл цуглуулахын тулд эргэлзээтэй гэдгийг нь мэдэж байсан хэрнээ шар хэвлэлүүдийн “шуугиант” мэдээг орхилгүй үзлээ. Бага нас наасаа эхлээд өдийг хүртэл хийсэн концерт, клип, гэртээ хийсэн дүрс бичлэгүүд гээд тэр хүнийг таних боломжит бүхнийг “онгичов”.
Энэ бүхний эцэст бидний дунд тодорхой хэлбэл, алдарт Майкл, хэн ч биш Родригес хоёр чухам юун тухай яриа өрнүүлэх ёстойг сэтгэлдээ тоймлон зураг гаргаж, асуултаа боловсрууллаа. Майклын тавьсан болзлын дагуу энэ ярилцлагын гол зорилго нь түүний өнгөрсөн амьдралын зарим өнгийг цайруулах явдал байсан юм. Нэр алдарт хүрсэн олонх хүнийг олон нийт сургаар л мэддэг. Тэгээд сонссон зүйлээсээ ургуулан, тэр хүнийг төсөөлөн, дүгнэдэг. Үнэндээ тэр төсөөлөл нь бодит байдалтай огт нийцдэггүй учраас дэндүү ташаа ойлголт хүмүүсийн дунд бий болдог. Ийм л байдлыг залруулж, Майклын талаарх ташаа мэдээллүүдийг цайруулахыг хүсээд байгаа юм.
Энэ шалтгааны улмаас л тэр хүн намайг, тодорхой хэлбэл ямар нэгэн зорилго өвөртлөн, өөрийг нь сонжиж харахгүй хэн нэгнийг сонгосон хэрэг. Бид болзсон ёсоороо Лос-Анжелесийн “Sunset” гудамжны нэгэн байшинд уулзлаа. Майкл бага зэрэг ядрангуй харагдана. Тэр намайг зочны өрөөний буйдан дээр суухыг урихад би сандарч эхэллээ. Амьдралдаа анх удаа дээд түвшний одтой ярилцлага хийх гэж байна шүү дээ.
“Майклтай хийсэн сүүлчийн ярилцлага байтал өдийг хүртэл яагаад нийтлүүлээгүй юм бэ” гэж хүмүүс надаас асуудаг. Гурван шалтгааны улмаас би энэ ярилцлагыг нийтлүүлэхээс татгалзаж байсан. Нэгдүгээрт, энэ явдлаас ердөө тав хоногийн дараа тэр хүн нас барсан. Хоёрдугаарт, би ярилцагчийнхаа зөвшөөрөлгүйгээр материалаа нийтлэхийг хүсээгүй. Гуравдугаарт, Майклыг өнгөрсний дараа түүнийг тойрсон элдэв цуу яриа зах замбараагаа алдаж, эх толгойгүй явдлууд өрнөсөн. Тиймээс нөхцөл байдал зөөлрөхийг хүлээж байлаа. Одоо цаг нь болсон гэж үзсэн учраас попын хааны ярилцлагыг олон нийтэд хүргэхээр шийдлээ.
Юуны түрүүнд бидний дунд өрнөсөн яриаг тэр чигт нь, өөрөөр хэлбэл, давс, чихэр нэмэлгүй хүргэж байгаагаа хэлэх хэрэгтэй. Энэ бол тэр хүнийг дурсан, хүндэлж буй миний чин сэтгэл юм. Гэхдээ Ленни Родригес гэдэг нэр зохиомол гэдгийг дуулгах нь зүйтэй болов уу. Тэглээ гээд ярилцлага минь хуурамч гэсэн үг биш юм шүү.
-Майкл, танд яагаад над мэтийн жирийн сурвалжлагч хэрэгтэй болсныг эхлээд асуумаар байна. Мэргэжлийн өндөр түвшний сэтгүүлчид тэртээ тэргүй таныг онилж байхад шүү дээ?
-Чи залуу, тэгээд хамгийн гол нь чамайг шоу бизнес эвдчихээгүй байна. Намайг насаар минь “хөөж” байгаа мэргэжилтнүүдээс арай өөр байх гэж бодсон юм. Би нэг удаа маш том алдаа гаргасан. Тэр мундгуудын нэгийг гэртээ урьсан, бүр мөнгө төлөөд шүү дээ. Илэн далангүй байхыг хүссэн. Юу ч нууж хаалгүй, хүссэн бүгдийг нь үзүүлсэн. Эцэст нь дахиад л худал хуурмаг, хов жив нэмэгдсэнээс өөр юу ч өөрчлөгдөөгүй. Уг нь миний зорилго үнэнийг харуулж, миний тухай гараад байсан мэдээллүүд цуу яриа гэдгийг л ойлгуулах явдал байсан. Харамсалтай нь тэр “мундаг” хүн эсрэгээр нь эргүүлж орхисон.
-Та, Мартин Баширын тухай яриад байна уу?
-Яах вэ, нэрийг нь хэлэх шаардлагатай гэвэл тийм л болж таарч байна.
-Таныг тойрсон элдэв яриа тасардаггүй. Аль нь үнэн, худал нь мэдэгдэхгүй болтол төөрөгдөл үүсчээ. Ер нь ингэж мануухай болгож, янз бүрийн хов живэнд хутгаад байхаар амьдрахад хэр хүнд байдаг вэ?
-Бичсэн юмаараа шуугиан тарьж, өндөр рейтингтэй байхын тулд хүмүүс юу эсийг зохиож болдгийг би мэднэ. Нэг үе үсний минь ширхэг бүрт хов жив “шигдэж, толгой дарайчихдаг” байлаа. Тэгээд яваандаа тэр бүгдэд анхаарал хандуулахаа байсан. Тэд хүссэнээрээ зохиолоо бичиж л байг. Би багадаа өөрийн төсөөлсөн ертөнцдөө л амьдардаг байлаа. Надад нэг ч найз байгаагүй. Тэр үед би одоогийнхоос арай өөр харагддаг байсан л даа.
Тэгээд том болоод төсөөлж байснаараа хамраа өөрчилсөн. Би багаасаа л гадаад төрхөө өөрчлөхийг хүсдэг байсан. Ингэснээр өөрийн дотор байгаа жинхэнэ хүн рүүгээ ойртохыг хүссэн юм. Тийм ээ, би хамраасаа гадна нүүрэндээ хэд хэдэн өөрчлөлт хийсэн. Гэхдээ бусдын хийдгийг л хийсэн гэж боддог. Энэ бол гаж зүйл биш. Харин сүүлийн үед нэлээд турснаас болж шанаа минь өргөн харагдаж, нүүрний хэлбэр тэгш өнцөгт шиг болсон нь үнэн. Гэхдээ үүнээс болж нүүрний хэлбэрээ тэр чигт нь янзлуулсан гэж ярих нь утгагүй.
-Нүүрний хэлбэрийн хувьд тийм байж. Тэгвэл арьсны өнгө тань өөрчлөгдсөнийг юу гэж тайлбарлах вэ. Уг нь та төрөхдөө хар арьстай байсан шүү дээ?
-Тийм шүү, би хар арьстай төрсөн. Тэгээд яагаад цагаан болчихов гэхээр, өсвөр наснаас минь л арьсан дээр цагаан нөсөө гарч эхэлсэн юм. Тэрийгээ нуух гэж биеийнхээ ил хэсгүүдийг кремддэг байлаа. Гэсэн ч толбоны хүрээ томорч, арьс нэлэнхүйдээ цайрч, яг л хий үзэгдэл шиг болж эхэлсэн. Энэ өвчний онош витилиго (Хүний үс, арьс, нүдний хар хүрээ зэрэг эд, эсэд агуулагдах будагч пегментийн өөрчлөлт). Энэ өвчин маш ховор тохиолддог, шалтгааныг нь хараахан тогтоогоогүйн дээр, эмчилгээ ч бараг байхгүй. Арьс минь нөсөөтөж, цайрч байгаа талаар эрт мэдээлээгүй нь миний алдаа байж. Үнэндээ бол надад тун ичгэвтэр байсан учраас хүмүүст мэдэгдэхийг хүсдэггүй байсан юм. Үүнээс гадна тийм байдлаас болж ахиад л хэл аманд өртөхөөс айсан хэрэг.
-Витилиго гэдэг өвчний нэг шалтгаан нь хүчтэй стресс, эсвэл удаан хугацааны депресстэй холбоотой талаар уншсан. Аав тань их хатуу шаардлагатай хүн гэсэн. Танд амрах цаг өгөлгүй, зөвхөн карьер хөөцөлдөж, суран бүсээр хүмүүжүүлж байсан гэж сонссон…?
-Харамсалтай нь, таны ярьж байгаа үнэн. Хүүхэд насаа би тэгж л өнгөрүүлсэн. Үеийнхэнтэйгээ сагс тоглож, эсвэл юу ч хамаагүй чалчиж цагийг өнгөрүүлэх эрх надад байгаагүй. Миний амьдралыг би биш, аав минь төлөвлөдөг байсан юм. Ганц би ч тэгж өссөн юм биш л дээ. Манай ах, дүү тавын хувьд аав минь жинхэнэ дарангуйлагч байсан. Миний хувьд “Jackson’s five”-ын гол хүн байсан учраас нөгөө хэдээсээ илүү “халамжлуулдаг” байсан. Хамтлагийнхны хувьд намайг үлгэрлэл, замнал нь байх учиртай гэдэг байлаа. Тэр бүү хэл аав гишүүдийн алдааг хүртэл надтай холбож, уураа гаргадаг байсан юм. Дуулж, бүжиглэхийн хажуугаар элдэв зүйлд санаа зовж, шаналах ямар хэцүү гээч. Хүүхдийн хувьд энэ бол тэсэхэд хүнд асуудал. Гэхдээ эцэс төгсгөлгүй мэт энэ хатуу чанга нөхцөл байдал сэтгэлд минь нэг ч шарх үлдээгээгүй.
-Үнэхээр багадаа нэг ч найзгүй байсан гэж үү?
-Гашуун ч гэсэн энэ үнэн. Хүүхдүүдтэй нөхөрлөх зав надад байгаагүй юм.
-Нөхөрлөх завгүй байсан ч ядаж өөрийн байгаа тэр онцгой ертөнцийн тухай ярьж ч байгаагүй гэж үү?
-Хүүхдийн уураг тархи уран зөгнөж, мөрөөдөхдөө ямар онцгой гойд байдгийг мэднэ биз дээ. Тэд ямар ч үлгэрийг зохиох чадвартай. Гэсэн ч тэр үлгэрийн ертөнцийг нь томчууд наснаас нь өмнө булаадаг юм. Би ганцаараа байхдаа өөрийн хүссэн үлгэрийн ертөнцөөр аялдаг. Багадаа ч тийм байсан. Одоо ч тийм л байгаа. Үүнийг аутизмтай хольж хутгах хэрэггүй. Тэрнээс тэс өөр, төсөөллийн мэдрэмж юм уу даа.
-Тэгэхээр хүүхэд насандаа бий болгосон үлгэрийн ертөнц тань жирийн хүмүүстэй харилцахад ямар нэгэн байдлаар хаалт болдог уу?
-Ердөө ч үгүй. Намайг хүрээлэн буй хүмүүсийн олонх нь надтай холбогдох ямар нэгэн язгуур эрх ашгийн үүднээс ханддаг шиг санагддаг. Яагаад ч юм бэ, надад тэгж мэдрэгддэг. Энэ бол намайг гайхшруулдаг зүйлүүдийн нэг нь. Тиймээс би тэдэнтэй нөхөрсөг харилцаатай байж чаддаггүй. Өөрөөр байх ямар ч боломжгүй юм. Гэхдээ намайг хүндэлж, биширдэг фэнүүд үүнд холбоогүй шүү. Тэд цаг ямагт надад үнэнч байдаг. Би үргэлж л хүмүүст байгаагаас нь илүү боломж өгөхийг хүсдэг ч, бодсоноор минь болдоггүй. Харин ч эсрэгээрээ тэр байдлаасаа болж бусдын элэг доог болох юм уу, эсвэл өөр зорилготой хүмүүсийн хүслийг биелүүлэх бай болчихдог юм.
-Тийм л учраас таны сонгосон найз нөхөд дандаа хүүхдүүд байдаг хэрэг үү?
-Тэр яах аргагүй үнэн. Хүүхэд гэдэг өөрөө л гайхамшиг шүү дээ. Тэдэнтэй ярих маш сонирхолтой. Төсөөлөл нь маш төгс. Тэд найзалж, нөхөрлөхийг тун тунгалгаар ойлгож, хүлээж авдаг юм. Хүүхдүүд уг нь олон зүйлийн тухай ярихыг хүсдэг ч томчууд тэрийг нь сонсож, хүлээж авдаггүй, зөвхөн өөрсдийн зорилгыг л тулгадаг.
-Та хүнд өвчтэй болон ядуусын хүүхдүүдийг л Неверленддээ урьдаг. Үүнийхээ хариуд Та юу авдаг юм бэ?
-Би тэднээс урам зориг, тэмүүлэл авдаг. Хүүхдийн харцнаас жинхэнэ баяр баясал олж харах ямар гайхалтай мэдрэмж болохыг мэдэх үү. Энэ хорвоо дээр өөр юу ч намайг тийм их аз жаргалтай болгодоггүй. Тиймээс би авч байгаагаасаа илүүг тэдэнд өгөхийг хүсдэг. Энэ бол амьдралын минь утга учир. Хэцүү хүнд нөхцөлд өссөн хүүхдүүд илүү эмзэг, мэдрэмтгий байдаг. Тийм хүүхэд байгаль, амьтанд их хайртай, хүндлэлтэй хандаж байх шиг санагддаг. Байгаль, амьтдыг энэрч, хайрлах нь дэлхийгээ аварч байгаа хэрэг гэдгийг би тэдэнд ойлгуулахыг хичээдэг. Би тэднийг зүгээр л тэвэрч, үнэнхүү элбэрэл хайрыг бага ч боловч мэдрүүлэхийг хүсдэг.
-Харамсалтай нь, хийрхэж, чалчигчид тийм гэмгүй үйлдлийг өлгөн авч шуугиан дэгдээсэн шүү дээ. Таны чин сэтгэлийг яг одоо мэдэрч байгаагийн хувьд энэ талаар ярихаас санаа зовж байна. Гэхдээ хүмүүсийн хамгийн их сонирхдог тэр нэгэн явдлын талаар асуулгүй өнгөрвөл энд ирсэн зорилгоо умартсан хэрэг болох байх. Таныг бага насны хөвгүүнийг хүчирхийлсэн гэж 2003 онд шүүхэд өгсөн шүү дээ?
-Таныг энэ талаар асуулгүй явчих вий гэж айж, бас хүлээж байлаа. Юу юунаас илүү энэ талаар ярихыг хүссэн юм. Тийм ёс бус яриа дэгдээдэг жөтөөч хүмүүс хэзээ, юуг, яаж гуйвуулахаа мэддэг харгис байдаг юм. Тэд мөнгө, нэр төрийн төлөө ямар ч муу үйл хийхээс буцдаггүй. Хэрэв эрүүл ухаанаар харвал үнэхээр энэ хүн хүүхдэд тийм бусармаг авир гаргасан гэдэгт итгэхгүй л байх. Би баян ч бай, ядуу ч бай хэн нэгэн хүүхдийн төлөө амьдралаа өгөхөд ч бэлэн байдаг. Тийм байтал яаж тэр жаахан амьтныг ёс бус зүйл рүү татах юм бэ. Намайг аймшигтай мангас болгон харуулсан тэр явдлыг санах бүрт зүрх минь базалж, өвддөг. Хэн ч тэр өвдөлтийг өчүүхэн төдий ч мэдэрч, ойлгохгүй л дээ.
-Би таныг ойлгож байна. Тэр үед чухам яг юу болсон юм бэ?
-Би… үнэндээ би энэ талаар яаж тайлбарлахаа ч мэдэхгүй байна. Чин үнэн гэвэл би ямар ч муу зүйл хийгээгүй. Юу нь буруу байсан бэ гэхээр, би Гевинийг тэвэрсэн, бусад хүүхдийг тэвэрдэг шигээ л. Хүмүүс хүүхдээ тэвэрдэг биз дээ. Тэрийг буруутгаж болно гэж үү. Болсон явдлыг бүр эхнээс нь яривал, би Гевинийг гэр бүлийнх нь хамт Неверлэнддээ урьсан юм. Хүү маш хүнд өвдсөн, явж ч чадахгүй байсан учир түүнийг тэргэнцэр дээр суулгаад би өөрөө түрж явсан. Би түүнд гайхалтай сайхан дурсамж үлдээхийг л хичээсэн. Тэр хүү хэсэг хугацааны дараа илааршиж, хэвийн амьдралдаа эргэн орсон нь азтай шүү. Гэхдээ, магадгүй нөхцөл байдал тэгж сайнаар эргэсэн нь намайг тийм муухайгаар гүтгэхэд хүргэсэн байж болох юм гэж боддог. 1993 онд бас иймэрхүү явдлаас болж би шүүхэд дуудагдсан. Шүүх намайг гэм буруутай гэж батлаагүй ч, би цаг заваа гарздахаас түвэгшээж хүүхдийн эцэг эхийн хүссэн багагүй хэмжээний мөнгийг өгөөд салсан юм. 2003 онд мөн л ийм явдал болсон.
Гевиний аав, ээж намайг мөнгөний үнээ байна гэж харсан. Энэ тухай шар хэвлэлүүдэд цацсаны дараа би хар тамхи хэрэглэж байсан. Бодоход ч ухаан хүрэмгүй тийм муухай зүйлээс ангижирч, тайвшрах гэж тэр шүү дээ. Тэр үед юун уран бүтээл бодох манатай байсан учраас бүр мартахаар шийдэж байлаа. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө би депресст орж, маш их турсан. Хэдийгээр өмгөөлөгч бид хоёр буруугүйгээ нотлуулж чадсан ч миний нэр төр унасан. Би одоо ч ингэж боддог, энэ дэлхий дээр энэрч хайрлах нь шийтгэл амсах ял юм байна гэж. Хүмүүс бурхан, охин тэнгэрээс гадна жирийн хүн ч элбэрэл хайрыг түгээж чаддаг гэдэгт итгэдэггүй юм байна. Тэд бодит байдлыг ухаарахыг биш, өөрийн төсөөлж, итгэхийг хүссэнээ үнэн гэж боддог нь дэндүү гашуун, өр өвтгөж байна. Би сайхан сэтгэлээсээ болж тарчилсан.
-Та болон таны эцэг эх Исүст үнэн голоосоо итгэн, дагагчид байсан. Хэдийгээр Та эцсийн бүлэгт тэр бурхныг орхисон ч гэсэн шүтлэгтэй гэр бүлийн хүмүүжлийн нөлөөнд бурхан гэж чухам хэн бэ гэсэн нэг чиг хандлага гарч ирсэн байгаа. Тэгэхээр бурхны талаарх бодол өөрчлөгдсөн үү?
-Шүтлэгийн тухайд гэвэл… Хэрэв би бурхан байсан бол шүтэхийг хориглох байсан. Бурхны номлолыг хэт шүтэх нь яваандаа мухардалд хүргэж, дэндүү хязгаарлагдмал, баригдмал байдалд оруулдаг. Би бага байхдаа “Бурхан өөрийн үр хүүхд үүдэд сайн сайхныг хүсдэггүй юм болов уу” гэж боддог байлаа. Одоо ч “Бурхан гэж байдаг бол яагаад үр хүүхдүүдээ энэрдэггүй юм бэ. Яагаад заавал өөрт нь сайн хандаж, сайн байдгаа харуулж, түүнээс айж байх ёстой юм бэ” гэж боддог. Бурхан үнэхээр хахир, аймаар биш байна гэж үү. Би л лав тийм бурхантай байхыг хүсэхгүй байна. Чи “Энэ дэлхий дээр хүмүүс яаж амьдарч байна вэ” гэж өөрөөсөө асууж байсан уу. Би дотор хүнээсээ үргэлж ингэж асуудаг. Тэгээд бурхан үнэхээр шударга бус юм гэж боддог. Бурхан хэзээ ч чамайг харахгүй, хэзээ ч сонсохгүй.
-Удаан хугацааны дараа Та дахин дэлхийг тойрох аяллаа эхлүүлэх гэж байна. Юу таныг ийм алхам хийхэд хүргэв?
-Өмнө нь Майкл ямар байснаа санасан. Тэгээд тэр Майклыг сэрээхийг хүссэн хэрэг. Шүүх, цагдаагаар явж ядарсан байх нь хамаагүй, би ямар байсан тэр хэвээрээ байгаа шүү. Хорвоогийн хатууд би сөхрөөгүй шүү гэдгээ харуулахыг хүссэн. Намайг хүндэлж, шүтдэг олон хүний сэтгэлд үлдсэн, тэднийг галзууруулах дөхдөг байсан тэр л хөгжмийг эргэн сануулж, амьдралын баяр баяслыг мэдрүүлж, эрвээхэй шиг эрвэн дэрвэхийг хүссэн. Би тайзгүйгээр амьдарч чадахгүй.
-Эцэст нь, хүмүүст хүргэхийг хүссэн үг байна уу?
-Намайг дэмжиж, оршин тогтноход минь тус болсон хүн бүрт баярлалаа. Та бүхнийг итгэлийг хөсөрдүүлэхгүй. Товлосон газартаа уулзацгаая. Тэнд очоод хэнийг дэмжиж, тусалж байснаа мэдрэх болно оо.
Бид гар барьцгааж, салахаар боллоо.
Яагаад ч юм бэ, түүний нүдэнд гуниг хуржээ. Гэсэн ч тэр инээсээр хоцорлоо. Сэтгэлд минь үлдсэн тэр харцыг би хэзээ ч мартахгүй.
Э.Хана