Дэлхийн хүүхдийн шилдэг зохиолын цуврал -108 – ын нэг "Шарлот аалзны тор" хэмээх бас нэгэн ном хэвлэлд шилжлээ. Энэхүү ном 14 настай охин Н.Майдарын анхны бие даасан орчуулга болсноороо онцлогтой байна.
ӨМНӨХ ҮГ…
Чин үнэнч нөхөрлөлийн мөн чанар, үнэ цэнийг хүүхэд багачуудад хамгийн яруу сайхнаар нээж өгсөн нэгэн зохиолыг та бүхэнд толилуулж байна. Бусдын төлөө нулимс унагахыг амьтад хүртэл чадна. Бусдын төлөө амиа өгөхийг гагцхүү хүн л чаддаг гэдэг. Харин энэхүү “Шарлот аалзны тор” зохиол амьтад хүртэл үерхэл нөхөрлөлийнхөө төлөө бүхнээ зориулж чаддаг тухай өгүүлэх билээ.
Нэгэн аж ахуйд арчаагүй жижигхэн торой мэндэлжээ. Туршлагатай фермчин тэр тооройг амьдарч чадахгүй гэж үзээд нядлахаар сүхээ аван гарна. Гэвч түүний 8 настай охин Фернд энэ явдал дэндүү шударга бус, хэрцгий санагдах ажээ. “Тоорой жижигхэн төрсөн нь өөрийнх нь буруу биш шүү дээ. Тэр өөрөө яаж ч чадаагүй” хэмээн охин аавынхаа сүхнээс зууралдан тэмцэлдсэний эцэст бяцхан тооройн амийг аварна.
Вилбүр нэрт энэ тооройг гэвч өсөж бие гүйцэх үед хүмүүс нядалж, хиам болгон идэх аюул хэзээ ямагт хүлээж байна. Энэ үнэнийг мэдсэн бяцхан Вилбүр ихэд айн бэмбэгнэх ажээ. Үхлийн энэ аюулаас тэрбээр үнэнч найз Шарлот нэрт аалзны уран ухаан болоод хичээнгүй зүтгэлийн хүчээр дахин аврагдана.
Дэлхийн хорин дөрвөн орны хэлээр орчуулагдаж, 50 гаруй сая хувиар хэвлэгдсэн энэхүү гайхамшигтай зохиол үе үеийн хүүхэд багачуудын сонирхон уншдаг ном хэвээр байсаар байна.
Америкийн зохиолч Е.Б.Вайт /1899-1985/ 1930-аад оны сүүлээр зээ дүүдээ зориулан зохиол бичиж эхэлжээ. Түүний анхны зохиол нь “Бяцхан Стюрт” хэмээх жижигхээн хулганын тухай тууж юм. Энэ зохиолоо 1945 онд хэвлүүлсэн бол “Шарлот аалзны тор” туужаа 1952 онд хэвлүүлжээ. “Бяцхан Стюрт”-ыг нь утга зохиолын хүрээлэл тун нааштай хүлээж авсан ба энэ хоёр ном нь тун удалгүй ихэд алдаршин түгжээ.
Е.Б.Вайт нь 1970 онд 5 жилд нэг удаа олгодог өндөр нэр хүндтэй АНУ-ын мэргэжлийн номын санчдын тэргүүн шагналыг “Хүүхдийн утга зохиолыг баяжуулан, хөгжүүлсний учир” хүртсэн байна. 1971, 1976 онуудад түүнийг Хүүхдийн утга зохиолын дээд шагнал болох Ханс Христиан Андерсений нэрэмжит алтан медальд нэр дэвшүүлж байжээ.
Вайт хүүхэд багачуудад зориулсан гурав дахь ном болох “Хунгийн дуун” туужаа 1970 онд хэвлүүлсэн байна. 1973 онд оюутан сурагчдын санал асуулгаар тухай жилийн хамгийн шилдэг номоор шалгарч байсан бол “Шарлот аалзны тор” тууж нь “Сургуулийн номын сан” сэтгүүлээс явуулсан судалгаагаар 2012 онд 9-12 насны хүүхдийн ангиллын хамгийн шилдэг номоор шалгарчээ.
Нийслэлийн 14 дүгээр сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Н.Майдар