1.Өнөөдрийн дуу
Өдөр өдөр өөрийн дуутай. Өглөө сэрэхэд л тухайн өдрийн дуу аманд орж эвлээд, өдөржингөө сэтгэлд аялагддаг. Зарим өдрийн дуу хачин инээдтэй, бүүр багадаа хэлд орсныхоо дараахан арай ядан сурсан туулайны тухай хоёр мөр, эсвэл бүр авцалдаагүй "Хурц-ий улаан тугаараа баярыг хүргэе дээ-ээ, нөхдүүд ээ…" гэх маягийн даавууны тасархай мэт тийм жаахан хэсэг ч байх нь бий. Тухайн өдрийн дууг хүн өөрөө сонгодоггүй. Дуу харин өөрөө түүнийг олж ирээд байдаг мэт Галсанд санагдана. Өнөөдрийн дуу, хаа очиж, аятайхан дуу таарчээ.
Хажуунаас нь-нь
харах юм бол
Ханан хээтэй-эй
Самгалдай-ай…
Галсан Хөвсгөлийн хүн биш. Гэтэл яагаад ч юм бэ, цаатан ардын энэ дууны аяыг мэддэг байсан нь бүүр эртний явдал мэт, бараг л хүн болж төрөхөөсөө өмнө энэ дууг сурсан шиг. Чухам л өнөөдрийн энэ дуу түүний хувьд насан туршийнх нь цорын ганц аялгуу байсан мэт нэг л догдлом этгээд сэтгэгдэл бүх биеэр нь түгнэ. Үдийн халуунд бүх биеийг нөмөрч хулдсан тэр л сэтгэгдэл мэт тээртэй хувцсаа шалмагхан тайчих зуураа Галсан:
Хад чулуутай-ай
Самгалдай-ай
хэмээн амандаа гүнгэнэсээр л байлаа.
Гэнэтхэн нүцгэн хөлийн шагайн тушаа нэг амьтан часхийтэл хазав. Яах аргагүй часхийн хазсан атал хөл дээр нь шумуул, шоргоолж, юу ч алга. Нүдэнд үзэгдэхгүй нэг амьтан л байна даа. Нэг ч биш байж магадгүй.
Галсан урьд оноос хатаж үлдсэн ширүүн өвсөн дээгүүр тогоруу мэт цөмцөгнөх зуураа арваад алхмын цаана буй голын тохойн бургас руу харав. "Тэнд л сууж байгаад Эмилийг харъя" гэж бодож, бодолдоо баяслаа.
Олон жилийн өмнө дөө, яг хорин настайдаа тэр нууц эрхтнийхээ үсийг хусаад, нүцгэрсэн арьсан дээрээ бүсгүй хүний ямар нэгэн, дур булаам нэр шивүүлэхээр шийджээ. Яг тэр үед нь хайрлаж дурласан хүн байсангүй. Тэгээд Эмили гэсэн нэр олжээ. Хаанаас ч тийм нэр толгойд нь орсон юм бэ, бүү мэд.
Галсан голын тохойн овгор шороо руу мацан гарч хавь ойр хүн амьтан байна уу гэж харуулдснаа доош буун бургасны нөмөрт суугаад, бяцхан гар цүнхнээс сахлын татуурган хутга, хөөс гаргав. Бяцхан "Эмили" өөр рүү нь биш, нөгөө тийшээ харж шивэгджээ. "Хэнд уншуулах гэж ийм юм сэддэг байна аа?" гэж тэр залуу насныхаа саваагүй үйлдлийг гайхлаа. Эхнэр нь түүнийг ийм шивээстэй гэж одоо хүртэл мэдэхгүй. "Мөн ч анзааргагүй хүн шүү!"
Голын захад Галсан яг дөчин таван минут суугаад хувцаслаж ойролцоохон тавьсан машин руугаа явав. "Уулзалтад амжих ёстой". Ахиад арван таван минут өнгөрөхөд тэр өндөр байшингийн толин хананы ёроолоор алхаж явав. Толин байшингийн ёроолоор зун явахад бүгчим халуун, өвөл өнгөрөхөд дагжим хүйтэн байдаг. Толь тэгэхээр нарыг хоёр дахин өсгөж, жаврыг ч мөн хоёр дахин ихэсгэдэг байх нь. Толь оо гэж… Толинд харахад бол тэр өөртөө таалагддаг. Харин өөрийнхөө бичлэгийг үзэхээсээ ичдэг юм. Толь бол худалч. Амьдралын жинхэнэ дүр төрхийг ямагт урвуу, бас хачирлаж харуулна гээч. Эмили гэдэг нэрийг толь бариад харвал нэг л утгагүй зурлага үзэгдэнэ. Тэр одоогийн энэ амьдралдаа ч, өөртөө ч сэтгэл хангалуун. Гэтэл энэ бүхэн нь ердөө л толинд туссан тусгал байж магадгүй еэ? Ийм санааг залуудаа хаа нэгтээгээс уншиж билээ. Яг үнэндээ түүний бүх байр байдал, алхаа гишгээ, үг яриа нь хөндлөнгийн хүмүүст бол инээдтэй, өрөвдөлтэй, мунхаг харагддаг ч юм бил үү.
Гэнэтхэн уулзалтад очмооргүй болчихов. "Тэгээд яах гэж?…" Уулзалтад очихгүй л юм бол, өөр хийх зүйл түүнд байхгүй. Өөр хийх зүйл байхгүй гэдэг нь ямар нэгэн уулзалт хэлцээнд оролцохоос өөр олигтой зүйл хийж тэр огт чадахгүй гэсэн үг ч юм шиг. Ингэж бодохтой зэрэг, амьдрал нь жигтэйхэн утгагүй зүйл болоод явчихлаа.
Ар л тайгын уулан дундаас
Алаг цоохор үүлэн гарна аа…
Элдвийн уулзалт, хурал, дарга, төлөвлөсөн цаг аль нь ч үгүй… Яг л нөгөө Тангай шиг амьдардаг бол… Үгүй, нээрэн, Тангай шиг амьдарч яагаад болохгүй билээ?
Тангай нь зохиолч юм. Сайн зохиолч биш, гэхдээ л дарга цэрэггүй, их сайхан, дураараа амьдраад явах шиг харагддаг. Оюутан байхдаа Галсан л Тангайг уран зохиолын дугуйланд анх дагуулж очсон юм шүү дээ. Тэр үед багш нь Тангайгаас илүү Галсанг тоодог байж билээ. Галсан ч одоогийнхоос тэс өөр, элдвийн этгээд зүйл боддог хархүү явжээ. Түүний хувьд хорвоо дээр байхгүй эмэгтэйн нэрийг тэндээ шивүүлэх санаа өнөөдрийн Галсанд бол яавч төрөхгүй дэг. Тангай "Чи дандаа л хачин хачин юм бодох юм аа" гэж хэлэхдээ нэгэнтээ биширсэн ч юм шиг, атаархсан ч юм шиг харцаар харж байсан сан. Гэтэл өнөөдөр мөнөөх Тангай нь дур зоргоороо амьдардаг зохиолч болчихсон, харин Галсан өөрийгөө хайж хайж эцэст нь ердөө л нэг ажил хэргийн уулзалт руу яарч явдаг. Хоолойд нь эргэлдэх дууны үгс хачин гутруу, гомдолтой, эхэр татах мэт зангирч аялагдана.
Хонин цагаан үүлэн гарна аа…
Хамгийн сүүлд Тангайтай тааралдаад жаахан ууж суунгаа Галсан өвөөд нь бил үү, нагац ахад нь нэг хачин үүл тааралдсан тухай ярьж билээ. Тийм ээ, тийм, энэ дуунд гарч байгаа шиг тэнгэрийн л үүл. Гэнэтхэн нэг бяцхан үүл хаа нэгтээгээс гарч ирээд, өвөөгийнх нь ч бил үү нагацынх нь өмнө хөллөн бууж, эмэгтэй хүний дүрд хувилаад, дараа нь замхраад хөөрчихсөн гэдэг сэн. Тангай учиргүй шимтэн тэмдэглэж авч байсан нь санаанд үзэгдэв. Аягүй бол, аль нэг номондоо түүний яриаг оруулна даа. Яг…
Яг энэ мөчид… Үгүй ер, хүний санаанд мөн ч хачин гэнэтийн юмс цочирхон орж ирэх юм даа. Галсан ном бичихээр шийдлээ. "Өвөөгийнхөө ч юм уу, нагац ахынхаа амьдралаас сэдэвлэж эхний номоо бичье. Тангайг биччихээс нь өмнө…" Тэгээд мөнөөх номоо хэвлэгдээд гарсан байхыг сэтгэлдээ үзэв. Үгүй ээ, энэ чинь юу вэ? Сэтгэлдээ биш, үнэхээр… Үнэхээр л гарт нь жижигхэн хэрнээ чамгүй зузаан, аятайхан дэг шийдэлтэй ном тэмтрэгджээ. Юу вэ?
Галсан зохиолч, зүгээр ч нэг зохиолч биш, овоо ч нэрд гарчихсан зохиолч бололтой. Овог нэр нь бичээтэй байгаа номыг тэр гайхан эргүүлж тойруулж ажиглав. Арван жилийн өмнө тэр нэгэн уулзалтад очилгүй, гэнэт л зохиол бичиж үзэхээр шийдсэндээ, тийм бодол төрүүлсэн Бурханд талархана.
Тэр номыг яаж бичснээ мартчихсан, тэр ч байтугай, дотор нь юун тухай өгүүлдэгийг ч санахгүй атлаа, өөрийнхөө нэр бичээстэй гадар хавтсыг нь тун өөриймсүү илж үзэв. Тэгээд сэтгэл хангалуунаар сөхөж харлаа. Юу гэнэ вэ?! "Хайрт эхнэрийнхээ гэгээн дурсгалд зориулав" гэнэ үү? Эхнэр нь хавдрын эмчилгээ хийлгэж байсан билээ. Тэгээд… Тэгээд чухам юу юу болоод өнгөрснийг огт анзаараагүй гэж үү? Энэ номыг л бичих гээд хавь орчноосоо тасарч, ухаан санаа нь хаа нэгтээгүүр тэнүүчилсэн байж таарах нь үү? Тийм зүйл гэж байдаг юм уу? Байх боломжтой юу? Одоо нөгөө ном түүний хувьд баярлаж бахархаад байх зүйл биш, ердийн л нэгэн утгагүй цаас, гэнэтийн хүнийрхүү зүйл болон хувирав. Хатуугаар хавтаслаж үдсэн, жигдхэн өөлж захалсан, бас ч гэж сэтгэгдэл төрүүлж мэдэхүйц жинтэй, тийм л хэсэг цаас… Эхнэр нь… Галсан их сургуулийн утга зохиолын дугуйланг биш, эхнэртэйгээ анх яаж танилцсанаа дурсав. Дэвэлзсэн хормойтой нимгэхэн бошинзны доороос булчинлаг гуя гүвэлзэн харагдаж, тэр хормойг сөхөсхийсэн салхинд бүдэгхэн сүрчиг сэнгэнээд, зүрх нь зогсчих шиг болж билээ. Бүсгүйн инээд нэвт гэрэлтсэн царайг хараад л "Миний эхнэр мөн байна!" гэж шууд таньсан сан. Тэгж таниагүй сэн бол Галсан тийм зоримог хувцасладаг хүүхэнтэй үг сольж зүрхлэхгүй байлаа. Мөнөөх сайн чанарын цаасаар хэвлэсэн номон дээр нулимс нь унахад, ажил хэргийн хэлэлцээ хийх уулзалт руу яарч явсан тэр өдрөө дурсжээ. Тэр уулзалт эхнэрт нь тус болох байсан юм биш байгаа?
Ар л тайгын зуун уулнаас
Амар тайван мэдээ ирнэ ээ…
Хоолойд нь нулимстай аялагдах дуу түүнийг өнөөдөр рүү буцаан авчрав. Энэ чинь өнөөдрийн дуу байна шүү дээ! Дуун дундуур л би тийшээ, хаа ч байхгүй хоосон мөрөөдөл дотуураа яваад байж. Зүгээр л энэ тэнэг дуунаас болоод… Тэр нэг л хачин догдолж, бүр самуурч гүйцэв. Бүх зүйл зүгээр л төсөөлөгдсөн хэрэг. Үгүй, би хэзээ нэг ухаан суух хүн юм бол оо? Өнөөдөр үсээ хуссан дээрээ тэр тэнэг шивээсийг арилгуулъя, байз.
Гэлээ ч ухаан санаа нь нөгөө номоосоо салах тийм ч дуртай биш байлаа. Галсан төсөөлөл доторхи ном руугаа ахин нэг эргэж харав. Хавтсан дээр нь өөрийнх нь нэр бичээстэй ном шүү дээ.
Тэгээд л орхичихлоо.
Одоо эхнэрээ хорвоод буцааж авчрахын тулд, яагаад ч юм бэ, нөгөө уулзалт руу л очих ёстой байсан юм шиг Галсанд санагдана. Би энэ арван жилийг алгасч чадсан, одоо тэр бүх алдсан цагуудынхаа өмнө буцаад очъё. Тэнд очоод, тэр нэг бодлогогүй хөөрүү шийдвэрээ ахин эргэж харъя.
Галсан уулзалт руугаа буцахаар шийдэв. Яг тэгээд л цардмал зам дээр маш муухай хяхтнах дугуйн чимээ сонсч амжжээ. Тэрээр гартаа ямар нэгэн юм барьсан мэт, элгэн дээрээ нэг л хачнаар, эрхий хуруугаа өргөж бусад дөрвөн хуруугаа нугалсхийжээ.
-Ном уншиж байгаа юм шиг… гэж нэгэн сониуч жаал ээждээ хэлэх дуулдана.
-Энэ жаахан хүүхэд энд юугаа хийж байгаа юм бэ? гэж хүн дайрчихсандаа балмагдсан жолооч бархирав. Хоолой нь цахиртана.
Хад чулуутай-ай
Самгалдай-ай…
2. Мөнгөн хурим
Таагүй зүйлс биднээс нэгэнт холдчихсон хойно, таагүй явдлыг бид хэзээд тайвнаар эргэн дурсдаг. Бүр өөрт огт тохиолдоогүй мэт тийм тайвнаар дурсана гээч!
Галсан өнөөдөр эрүүл саруул; машинд мөргүүлж унаснаас хойш арван таван жил өнгөрчээ. Тэнэг зүйлээр ухаан санаагаа самууруулах гэлээ гэж Бурхан түүнд сануулга дохио өгсөн хэрэг. Одоо тэр дутах гуцах юмгүй, чинээлэг амьдралтай, хүүхдүүд нь тус тусдаа өөдрөг ажил хэрэг эрхэлдэг. Эхнэр нь хэдэн жилийн өмнө нэлээд хүнд өвдсөн ч, Галсан бүхнийг үнэтэй, чадалтай эмч нарт даатгаад үр дүнг нь ч үзжээ. Өнөөдөр тэд хорин таван жил ханилан суусныхаа баярыг тэмдэглэж байна. Тэдний мөнгөн хурим.
-Хорин таван жил! Ай, тэд ямар жаргалтай хос вэ!
Эхнэр нь том хүүгийнхээ гярхай харцыг хариулан үүд рүү ууртай ширвээд, дараа нь зочдын нэгэнтэй харц тулгаруут инээмсэглэв. Дөнгөж сая энэ үүдээр арваад сантийн өндөр өсгийн дээрээ донжтой чүүчигнэн алхаж гарсан, залуухан бүсгүйн араас ширтэж байгаад нөхөр нь эхнэрийнхээ хараанд өртчихөж. Галсан эхнэрээ аргадах санаатай:
-Хөөе хө, цаг хугацаа гэж мөн хурдан аа! Батхүүгийн энэ охин чинь манай Баяраагаас ч дүү биз дээ? Гэтэл ийм том болчихсон байдаг. Бид ч тэгэхээр…
Эхнэр нь ахин нэг зэрвэс хяламхийгээд нөхрийнхөө үгийг бүрмөсөн тас цохив. Залуудаа багтаж ядсан задгай сайхан инээд хамаг нүүрээр нь нэвт гэрэлтдэг бүсгүй байж билээ. Бүхий л царай төрхөө нэвт гэрэлтсэн тэр инээмсэглэл нь хэзээ ингэж оргүй алга болчихов доо? Эхнэр нь цааш эргэж,
-Хүүе! Сайн уу? гэж дуу алдав. Одоо, хэн нэгэн рүү хараад инээмсэглэж байгаа. Гэхдээ анх танилцах үеийнх шиг нь тийм сайхан, багтаж ядсан инээд хаа ч үлдээгүй. Тэр цайлган инээмсэглэл үгүй болсонд Галсан өөрөө буруутай ч байж мэднэ. Мөнгөн хуримын эзэн сэмээрхэн шүүрс алдав.
Залуу ч байж, хэдэн жилийн өмнө эхнэр нь бээлийгээ гээжээ.
-Үрэлгэн гэдэг нь!
Тэгэхэд эхнэр нь гэртээ суудаг тул нөхрөөсөө бүрэн хараат байв. "Хаях ёсгүй дээ. Гэрт л байх ёстой". Эхнэр нь хэд хоног эрсэн ч бээлий олдсонгүй.
-Би хаяагүй ээ, гэрт л байх ёстой гэж хэлэхдээ Саран гэмшиж, буруугаа хүлээж байлаа.
-Салан гэдэг нь!
Дараа нь нөхөр санамсаргүй мөнөөх бээлийг олжээ. Үнэхээр, хаяагүй нь үнэн байж. Гэвч нөхрийнхөө бэлэглэсэн ганган бээлийг хаясандаа гэмшиж буй эхнэрийнхээ энэ байдлыг дуусгахгүйн тулд бээлийг цонхоор гаргаад шидчихэж билээ.
Магадгүй, тэр гайтай бээлийнээс болоод л эхнэр нь өөртэй нь өрсөлдөх гэсэн юм шиг, бизнест хөл тавьсан ч юм бил үү. Гэнэт л тэд уулзалдах ч завгүй, шөнө орондоо ороод ч үнсэлдэх цаггүй болцгоочихож. Тийм өдрүүд, тийм сар жилүүд тэднийг дүүгүүрийн үзүүрт уясан мэт нүд эрээлжилтэл эргүүлсээр энэ өдрийг хүрэв. Энэ мөнгөн хурим тэр бүхний төгсгөл болдог сон бол мөн сайхан аа! Даанч тийм бишийг, нөгөөдөр ахиад л мөнөөх эргүүлгэндээ буцан татагдаад, албан өрөөний нь хуанлид тэмдэглээстэй, эх адаггүй хуйларсан үер шиг нөгөө л өдрүүдийнхээ аймшигт урсгалд живнэ гэдгээ санахаас Галсанд яг одоо, энэ баярын ширээний ард үхчихмээр болов.
Эхнэр нь тэнд зүс үзээгүй нэгэн хархүүгийн хацарт хацраа наахдаа л үнэн голоосоо инээчих шиг харагджээ. Зочдоо угтах, инээмсэглэх бол эхнэрийн хэрэг. Галсан бол нөхөр нь. Тэгээд л гүйцээ. Айхтар хүнд өвдсөнийхөө дараа эхнэр нь нэгэн хосгүй эмчийн зөвлөсний дагуу эрүүл саруул, залуу хархүү хайж билээ. Нээрэн ч эхнэр нь амархан илааршсан сан. Үүнд нь үнэхээр л эрч хүчтэй залуухан эрэгчин амьтан тус болсон эсэхийг Галсан мэдэхгүй.
Нөхөр нь одоо хатуухан юм уухаар шийдэж, өмнөх жүнзнийхээ шилбийг ажиглан түр сатаарав. Сонин юм хийцгээх юм даа, яг л хүүхний шилбэрхүү хэлбэртэй юм гээч. Эхнэр нь хэрэв үүнийг анзаарсан бол, яавч энэ хундагыг худалдаж авахгүй байсан даг аа. Чинээлэг эмэгтэйчүүд залуухан эрэгчин хайх тухай боддог насанд очихоороо залуухан бүсгүйчүүлийг санагдуулах юуханд ч бай дургүй болдог. Эхнэр нь тэнд зочидтой мэндлэнгээ, инээмсэглэнгээ, найрын ширээ, горим журмыг сэм мөрдөнгөө, баян өргөөний нь үүдний задгай цэцэрлэгт чанга чанга инээд алдацгаах охиныхоо чацуутнууд тийш дорд үзсэн харц чулуудаж яваа. Тэдний нэг нь:
-Саран эгч ээ, та яаж ингэж залуу сайхнаараа явж чаддаг юм бэ? гэж хэлж, тэр үгийг залуухан толигор арьстай бүсгүй хэлсэн болохоор эхнэр нь дотроо таагүй л байгаа. Хүн бүхэн л эхнэрт нь:
-Та ямар сайхан залуугаараа явна аа? Яаж ингэж залуу сайхан явж чадаж байна аа? гэдэг, эхнэр нь ч хариуд нь нүүрээ үрчийлгэхгүйгээр хичээнгүйлэн инээмсэглэдэг. Тавь гарчихсан хүний арьс үрчийхгүй байна гэж үгүй. Тэр нүүр болон хүзүүнийхээ арьсыг толигороор солиулжээ. Хаа нэгтээгээсээ алга дарам арьс өвчүүлээд л нүүрэндээ наалгачихаж. Хүний нүдэнд ил явдаггүй зарим хэсгийн маань арьс царайгаа бодвол үрчийж атирдаггүй юм байна л даа. Гэхдээ тийм арьс гэдэг нь юугаараа ч юм мэдэгдээд байх тул үнэтэй энгэсгээр давхар далдлах хэрэг гардаг. Christian Dior. Тэр нимгэхээн энгэсэгний цаана л эхнэр нь бий.
Хээнцэр голдуу гийчид цугласан найр. Дарс… Хөхрөлдөөн… Тамхины утаа… Дарс… Хөхрөлдөөн… Тамхины утаа… Гийчид бие биеэ танимхайрах, гийчид өөр хоорондоо танилцах, хүүхнүүд хөхрөлдөх…
Хундаганы үг хэлэх болоход Галсан:
-Эхнэр бид хоёр аз жаргалтай хорин таван жилийг үджээ. Гэр бүл байна гэдэг бол урлаг гэж миний нэг зохиолч найз хэлж билээ. Хоёр өөр айлд төрж өссөн, хоёр ондоон хувь хүн нэгэн ертөнцийг бүтээх гэж хамтдаа зүтгэнэ ээ гэдэг нээрэн ч хүнээс их хариуцлага шаарддаг, бараг л урлагийн бүтээл болсон том цамхаг сүндэрлүүлэхтэй адил онцгой хэрэг юм даа… гэж хэлээд тэр эхнэр рүүгээ харав. Эхнэрт нь түүний үг таалагдаж байна уу, үгүй юу, мэдэж чадсангүй.
-Хорин таван жилийн онцгой хөдөлмөрийн эцэст бид Гэр бүл хэмээх энэ цамхгаа харахад сайхан байна аа. Бидний цамхагт зочилж, бидний баяраас хуваалцаж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхнийхээ эрүүл энх, сайн сайхны төлөө энэ хундагыг талархан тогтоомоор байна.
Зочид уухайлан алга ташицгаав. Халамцуу, эелдэг, найзархуу гийчид. Ер нь сүүлийн арван хэдэн жилийн туршид тэднийд зочилсон бүхэн эелдэг, найрсаг байгаа. Хэтэрхий эелдэг, залхмаар найрсаг ч байсан байж магадгүй. Тийм найрсаг гийчдийн халамцуу мөртлөө цэмцгэнүүр арми. Гэрийн эздэд баяр хүргэж, янз бүрийн бэлэг гардуулаад л, залхаачих вий гэж болгоомжилсон мэт бушуухан холдоцгооно. Галсан ч үүнд дасал болжээ.
Гийчид бие биеэ танимхайрах, гийчид өөр хоорондоо танилцах, хүүхнүүд хөхрөлдөх… Дарс… Хөхрөлдөөн… Тамхины утаа… Дарс… Хөхрөлдөөн… Тамхины утаа… Цамхаг мэт олон давхар өндөр бялуу…
– Ай, тэд ямар жаргалтай хос вэ!
Энэ оройн хувьд ганц л ядаргаатай зочин найрын сүүлхнээр гэнэт гараад ирсэн нь Галсангийн компанид шинээр орсон хуулийн зөвлөх хархүү байлаа. Ийм баярт уригдсандаа баярлаж хөөрсөн хөөрхий амьтан хамгийн түрүүнд ганцаараа согтчихоод, хачин залхуутай үгсээр эрхэм захирлаа бүр ядрааж орхисноос, гэрийн эзэн зочдоо орхиод унтлагынхаа өрөө тийш зүглэдэг шатаар сэм өгсөхөд хүрчээ. Хамгийн сүүлд таван жилийн өмнө тэднийд оюутан цагийн анд нь зочилж, гэр бүл байх урлагийн тухай овоо сүрхий юм ярьж эхэлснээ сүүлдээ (хэний хэний ч гэлээ) баахан ном зохиол оройжин шүүмжилж залхаагаад, эхнэрийнх нь хамгийн үнэтэй хундагануудын нэгийг нядааж орхиод явснаас хойш, согтуу хүн дэргэд нь шал шал хийж суусан нь үгүй.
-Өдөр бүр өөрийн дуутай байдаг. Тухайн өдрийн дуу өглөө сэрэхэд л аманд орж ирээд, өдөржингөө сэтгэлд аялагдаж явдаг. Танд тийм зүйл тохиолдож байсан уу? гэж мөнөөх хархүүг асуухад Галсанд нэг л хачин, бүдэгхэн хэрнээ жигтэйхэн танил мэдрэмж төрөх шиг болж, "Юу билээ? Нээрэн тэгдэг ч бил үү?" хэмээн түр зуур бодолхийлэв. Гэвч ойрын жилүүдэд л лав түүнийг өглөө сэрэхэд ямар нэгэн дуу аманд нь орж аялагдсан нь санагдаагүй тул, энэ бодлоо үргэлжлүүлэхээс төвөгшөөгөөд орхичихжээ.
Унтлагын өрөөний том толинд тулж очоод сэлхэрсэн зовхио нэг нэгээр нь татаж үзлээ. Уг нь Галсан толинд бол гайгүй л харагддаг байсан шиг билээ. Эсвэл энэ үнэтэй, сайн чанарын тунгалаг толь хэтэрхий их өө сэв тодруулаад байна уу? Яг зовхин дээр нь ямар нэгэн үл үзэгдэх амьтан часхийтэл хазчих шиг болоход тэр цочсондоо нүдээ анив. Тэгээд ороо зүглэжээ.
-Ёх…
Галсан ийн залхуутайяа дуу алдаад, дэрэн дээр толгой тавимагцаа нам унтлаа. Зүүдэнд нь зүс танихгүй залуухан бүсгүй тэвэрч яваа хүүхдээ газарт буулгаад, юу ч юм бэ хэлээд инээмсэглэх аж. Юу хэлээд байна аа? Яг өөдөөс нь мөлхөх нөгөө бяцхан жаалын өхөөрдөм булбарай царайнаас хүүхдүүдийнхээ хорь гаруй жилийн өмнөх, нялхын төрхийг нь олж хараад "Энэ чинь одоо хэн нь вэ дээ?" гэж өөрөөсөө асуув. Одоо зан аашаараа ч, нүүр царайгаараа ч тэс өөр тэд нялхдаа эр эмгүй яг ижилхэн төрхтэй байсан сан. 2008.5.12 -2008.7.12
Г.АЮУРЗАНА :