Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу жил бүр нэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг уламжлалтай.
2024 оны шилдэг өвлөн уламжлагчаар Ховд аймгийн Дуут сумын уугуул, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн, “Цуур хөгжмийн уламжлалт урлаг” өвийг өвлөн уламжлагч, найм дахь үеийн Урианхай цуурч Б.Наранбат шалгарсныг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин өнөөдөр “Шилдэг өвлөн уламжлагчийг шалгаруулах тухай” А/65 тоот тушаалаар батламжиллаа.

Б.Наранбат нь 1984 онд Ховд аймгийн Дуут сумын 2 дугаар багийн нутаг “Асгат” хэмээх газар Н.Буяндэлгэрийн хоёр дахь хүү болон мэндэлжээ. Түүний өвөө Паарайн Наранцогт (1921-2003) нь Монгол Улсын нэрт цуурч, өвлөн уламжлагч байв. Б.Наранбат 6 настайгаасаа эхлэн өвөө болон ааваасаа цуур хөгжмийг гэрийн уламжлалаар сурч, эдүгээ 35 жил өвлөн уламжилж, хөгжүүлж, олон нийтэд түгээн дэлгэрүүлж байгаа шилдэг өвлөн уламжлагчийн нэг юм. Тэрээр 2006 онд Монгол цуурын уламжлалт урлагийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Хүннү цуурчдын холбоо”-г үүсгэн байгуулж, цуур хөгжмийг урлах, урын санг хамгаалах сургалт, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх арга хэмжээг олон нийтэд зориулан зохион байгуулж ирснээс гадна 2009 онд цуур хөгжмийг ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэх, 2014-2016 онд “Монгол цуур” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд идэвх санаачлгатай оролцож, 2003-2024 оны хооронд 2000 гаруй цуур хөгжмийг урлаж, цуур хөгжмийн тоглох уламжлалыг 200 гаруй хүнд өвлүүлсэн байна.
Тэрээр цуур хөгжмийн гайхамшгийг дэлхий дахинд сурталчлан таниулах хүрээнд АНУ, Франц, БНХАУ, Бүгд Найрамдах Тува Улсад аялан тоглолт хийсэн төдийгүй “Цуурын эгшиг баримтат кино”, “Уул усны цуурай” аудио цомог, “Шүүдрийн дусал” теле нэвтрүүлэг бэлтгэхэд оролцож ажилласнаас гадна “Melodies de flute dun berger Mongol” ном, “Монгол цуур” гарын авлагыг бүтээж, “Монгол цуур 1” судалгааны бүтээлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Соёл урлагийн их сургуультай хамтран хэвлэжээ. Мөн 2006 онд Франц Улсад зохиогдсон “Festival d automive a paris” фестивальд оролцож, Франц Улсын үндэсний радиогийн алтан фондод цуур хөгжмийн найман аялгууг тоглож хадгалуулжээ.
Б.Наранбат нь 2018 онд зохион байгуулагдсан “Нүүдэлчин Монгол” соёлын биет бус өвийн их наадмаас “Соёлын биет бус өвийг олон улсад хамгийн их сурталчилж таниулсан өвлөн уламжлагч”-аар шалгарсан, Монгол Улсын Засгийн Засгийн газрын 2019 оны “Үндэсний жагсаалт батлах тухай” 475 дугаар тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д бүртгэгдсэн шилдэг өвлөн уламжлагч юм.