-“Мотив” хамтлагийн дуучин Анхааг хүмүүс урлагийн хүн гэдэг талаас мэддэг байх. Харин хувь талаасаа хэн бэ гэдгийг нь сайн мэдэхгүй. Анхаа гэж хувь хүн хэн бэ?
-Би 1985 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд Эрдэнэбат гэдэг хүний том хүү нь болж мэндэлсэн. Доороо нэг охин дүүтэй. Бага нас маань Сэлэнгэд өнгөрсөн. Г.Бумцэндийн нэрэмжит 10 жилийн сургуулийг төгсөөд, СУИС-д орсон. Тэр үедээ гурван найзтайгаа нийлж “Мотив” хамтлагийг байгуулсан.
Цэцэрлэгт байхаасаа л дуулдаг байлаа. Тэгээд сургуульд ороод дуулахаа больж, спортоор хичээллэж эхэлсэн. Харин дунд ангид ороод урлаг, спортыг хослуулж эхэлсэн дээ. Нэг өдөр дуулж бүжиглэнэ, маргааш нь спортын зааланд очиж тэмцээнд оролцоно. Урлаг, спорт л хөөж явлаа. Хичээл хийх тал дээр тааруу. Давтана гэж байхгүй.
-Одоо ч спортоороо хичээллэж байгаа юу?
-Хөлбөмбөг, сагс, усан спортоор хичээллэдэг. Хэдэн жилийн өмнө сонирхогчдын усанд сэлэлтийн улсын аварга болж байлаа. Мөн хамтлагийнхантайгаа хамт бодибилдингээр хичээллэж байна даа.
-Улсын аварга болохоор мэргэжлийн тамирчин болооч гэсэн санал ирнэ биз?
-Одоохондоо санал ирээгүй л байна. Уг нь мэргэжлийн тамирчин болоод, шигшээ багт оръё гэвэл болно. Гэхдээ тийм цаг зав гарахгүй шүү дээ. Би урлагаараа л явж байгаа мэргэжлийн дуучин хүн. Усан сэлэх зүгээр л миний хобби гэх үү дээ. Төв бассейнд очиж чөлөөт цагаараа усанд сэлдэг. Багш нар нь намайг сайн мэднэ. Байнга зөвлөгөө авдаг. Хааяа намайг “Чи тэмцээнд орооч ээ” гэж л байдаг юм.
-Хамтлаг дотроо дуулахаас гадна ямар үүрэг гүйцэтгэж байна. Танайхны зарим нь шүлэг бичдэг, ая зохиодог биз дээ?
-Ганбаа бид хоёр хамтлагийнхаа арын ажил, тайзны хувцаслалт, клипэнд өмсөх хувцсыг сонгох үүрэгтэй. Дизайнерийн үүргийг өөрийнхөө хэмжээнд хийдэг гэхэд болно. Мөн ая зохиодог.
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ. Усанд сэлэхээс гадна шүү?
-Амралтын өдрүүдээр хөлбөмбөг тоглодог. Багаасаа хөлбөмбөгөөр хичээллэдэг байсан. Биллярд их тоглоно. Зааланд сагс тоглоно. Мөн спорт машинд дуртай. Спорт машин сонирхдогын учир нь уралдах дуртай болоод тэр. Найзуудтайгаа бооцоотой уралдана, шарваж хэн илүүгээ үзнэ. Хотоос багаажиндаа савтай ус ачиж яваад, хээр очиж асгаж байгаад л шарвана шүү дээ. Тэгэхээр тоос босдоггүй юм. Энэ мэт сонирхож хичээллэдэг спорт их бий. Ерөөсөө л спортлог сонирхолтой доо. Явж үзээгүй секц, дугуйлан ч гэж байхгүй.
-Хамтлаг, дуучид клипэндээ өөрсдөө тоглодог. Цаашлаад кинонд тоглож, жүжигчин хүртэл болоод байгаа. Танайханд тийм төлөвлөгөө бий юу?
-Одоохондоо тэр талаар төлөвлөсөн юм алга. Гэхдээ кинонд тоглож үзэхийг боддог. Болохоосоо болохгүйг хүртэл бүх л зүйлийг хийнэ л гэж боддог. Мөн манай хамтлагийнханд кинонд тоглох санал хүртэл зөндөө ирдэг. Дөрвөн найз нэг хүүхэнд дурласан гээд янз бүрийн үйл явдалтай киноны санал ирнэ шүү.
Хамтлагаараа ярилцаж байгаа одоохондоо кинонд тоглоод яах вэ гээд татгалздаг. Хамлаг гэдэг чинь хэцүү. Хоорондоо сайн ярилцаж байж шийдвэр гаргах болдог. Тэгэхгүй бол ялихгүй юмнаас үл ойлголцоод хамтлаг тарах ч магадлал байдаг. Эрэгтэй хүмүүс гэдэг чинь хэцүү. Гэхдээ бид өөрсдөө л кино хийх санаатай байгаа. Жижгээ бид хоёр зохиол бичиж байгаа. Нэлээд хэдэн жилийн дараа кино хийчих санаатай.
-Нэг талаараа кинонд тоглохоос эмээгээд байна уу?
-Эмээсэн ч юм биш л дээ. СУИС-д жүжигчний уран чадварын хичээл гэж ордог юм. Дуучин хүн ч гэсэн тодорхой хэмжээнд жүжиглэх чадвартай байх хэрэгтэй болохоор тэр. Кинонд тогловол өөрийнхөө хэмжээнд дүрээ гаргачих байх аа.
-Орчинд үед залуус шинэлэг уран бүтээлийг эрэлхийлдэг, сонсохыг хүсдэг болж. Энэ эрэлт хүсэлтийн дагуу ажиллах нь хамтлаг, дуучдын хийх ёстой ажлын нэг байх. Цаашид ямар чиглэлээр уран бүтээл хийж, шинэчлэл хийе гэж бодож байна?
-Одоохондоо энэ талаар ярилцаагүй байна. Хоёр цомог гарахаар залуус сонсох байх. Энэ цомгоос арай өөр өнгө аяс үнэртэх болов уу. Ямар ч байсан тодорхой хэмжээнд шинэчлэл хийж л байна.
Н.Болд
Эх сурвалж: www.mminfo.mn