Эзэмшсэн мэргэжлээ эрхэмсэг сайхны бэлгэ тэмдэг болгон, сонгодог урлаг хэмээх ертөнцийг бидэнд ойртуулж, зүрх сэтгэлийг нь баярлуулж явдагхийлч Ч.Дэлгэрцэцэгийн амьдралыг үзэх үзлийнх нь талаар ярилцахаар Морин жилийн анхны зочноороо урилаа.
-Танд сар шинийн мэнд дэвшүүлье. Морин жилийн өнгө ямар байна вэ?
-Юуны өмнө танай сонины уншигчдад сар шинийн мэнд дэвшүүлье. Шинэ оны анхны ярилцлагаараа та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Энэ жилийн хувьд гэвэл миний жил орж байгаа. Цаг хугацаанд их ач холбогдол өгдөг болохоор ихийг хийхээр төлөвлөсөн байгаа. Би урд нь цаг хугацааг туулаад байна гэж боддог байсан бол цаг хугацаанд тааруулж амьдарч байгаа юм байна гэдгийг ойлгож эхэлсэн. Монголчуудын хувьд хиймортой ард түмэн болохоор морь жил их сайхан жил болох байх.
-Бие даасан, чөлөөт уран бүтээлчээс “Улаанбаатар” чуулгад харьяалагдах болсон. Орон тооны уран бүтээлчийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин болсондоо туйлын их баяртай байгаа. Хамгийн гол нь уран бүтээлч талаасаа Мөнхсайхан ахтай санал нийлдэг учраас хамтран ажиллахад сайхан байдаг. Хотоо хот болгоё гэсэн санаа биднийг нэгтгэдэг. Хүмүүс их асуудаг л даа. Чөлөөт уран бүтээлч нь дээр биш үү. Яагаад ийм ажил сонгох болов гээд л. Улаанбаатар чуулгад орсноор би өөрийнхөө уран бүтээлийг орхиж байгаа гэсэн үг биш. Ер нь хүн, тэр тусмаа эмэгтэй хүн боломж бүрийг алдахгүй, ашиглаж чаддаг байх хэрэгтэй гэж боддог. Алдагдсан боломж дахин олдохгүй шүү дээ. Тийм ч учраас нийгэмд дуу хоолой болох боломж гэж хүлээн авсан. Гэхдээ таван жилийн өмнөхийг бодвол манай нийгэм их өөр болжээ. “Ромийг нэг өдрийн дотор бариагүй” гэдэг шиг залуу хүний хувьд Улаанбаатараа одооноос хот шиг хот болгомоор санагддаг юм.
-Энэ их хийж бүтээх эрч хүчийг хаанаас авч байна вэ. Таны амьдралаас ойлгож, ухаарч авсан зүйл, амьдралдаа баримталдаг зарчим тань юу вэ?
–Социализмын үед энергийн тухай ярьсан хүн бараг л тэнэг гэгддэг байсан. Харин одоо энэ тухай мэдлэггүй хүн тэнэг болох гээд байна шүү дээ. Сүүлийн үед би энерги, аураг их сонирхож, амьдралдаа хэрэгжүүлж байгаа. Энергийн тухай хүнд очиж ярих, хүнээр засуулах биш өөрөө өөрийнхөө дотоод хүчийг бий болгож, эрчимжүүлэх хэрэгтэйг ойлгосон. Хүн дотор хүнээ олохын тулд 10-30 жил зарцуулдаг. Энэ хугацаанд маш их зүйлийг сурч мэдэж, үзэх ёстой. Миний хувьд эзэн биенийхээ нөгөө талыг олсон гэж боддог.
Би өнгөрсөн жилээс эрүүл хооллолтын сургалтад явж байгаа. Маш их зүлийг сурсан. Юу сурсан бэ гэвэл өөрийнхөө хэрхэн зөв амьдрах аргийг өдөр тутмын хоол хүнснээсээ эхлээд бодох хэрэгтэй гэдгийг ойлгосон. Зөв хоол идсэнээр хүний аураа хүртэл дээшилдэг юм байна лээ. Ер нь 30 гараад ирэхээр амьдралын тухай л их сонирхдог болчихдог юм байна. Би өөрөөсөө байнга яагаад гэдэг асуулт асуудаг. Яагаад хөгжимчин болсон юм, яагаад хийл гэж, яагаад гадаад хүн гэж, яагаад олны танил болсон юм гээд л. Яагаад хүмүүс намайг муулаад байхад би сайн яваад байдаг юм болоо ч гэж боддог. Гэхдээ би хариултаа олсон гэж бодож байгаа. Яагаад гэвэл би цаанаас тавьсан зураг төөргийнхөө дагуу л явж байгаа. Хэзээ ч тачилангаасаа хазайж хүнийг хуурч, хүний хоолыг булааж идэж байгаагүй. Тийм ч учраас би өөртөө сэтгэл хангалуун байдаг.
–Цаг үеээ мэдэрч чадсан хүн амжилтанд хүрдэг гэдэг. Тэгэхээр алдар нэр танд юу авчирсан бэ? -Алдар нэр гэдэг чин зорилго, хүсэл мөрөөдөл, дуслуулсан хөлсний үнэ цэнэ байдаг. Би хийлч мэргэжил эзэмшихийн тулд уйгагүй хөдөлмөрлөсөн.Азаар миний хувь тавилан, хөдөлмөр хоёр намайг алдар нэрт хүргэсэн. Хийл хөгжим жаргал зовлон орших хорвоогийн амьдралыг мэдрэмжээр аргадах ухаан хайрлаж түүгээр дамжин ирсэн алдар хүнд хүн шиг амьдрах боломжийг надад өгсөн дөө. Энэ мэргэжил энэ хөгжим намайг хүний сайн анд нөхөд, хайр сэтгэлтэй учруулсанд би баярлаж явдаг.
–Хайр дурлалын талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Таны хувьд хайр гэж юу вэ? – Хайр бол ус. Эмэгтэй хүн 30 минут тутамд балга ус ууж байх хэрэгтэй. Хайр яг л ийм зүйл. Эмэгтэй хүн эр хүнээс юу хүсдэг гээч. Хайр халамжийг л хүсдэг. Ганцхан үүнийг өгчихөд л бусад нь аяндаа болоод явчихдаг. Хайр халамж жаахан дутаад ирэхээр л эмэгтэй хүн гундаж эхэлдэг. Дотор нь зэвүүцэл, гутрал төрдөг. Бүх юм утгагүй санагддаг. Тэднийг хайрлаад л байвал чиний төлөө юуг ч хийнэ. Балга ус шиг хайраар эмэгтэй хүн амьдардагюм шүү дээ. Гэхдээ тэр усны ундаргыг эмэгтэй хүн өөрөө бий болгодог байх хэрэгтэй юм шиг байгаа юм.
-Ямар нэг юмыг төгс эзэмшсэн хүн, тэр дундаа урлагийнхан өөрийнхөө чиглэлээрээ сургууль нээхийг хүсдэг. Таны хувь энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Мэдээж өөрийнхөө хөгжмийн сургуулийг нээхийг хүсдэг. Гэхдээ үнэнийг хэлэхэд би хүүхдэд багшилна гэхээр айдаг. Хүүхдэд зориулах цагийг хангалттай гаргаж чадахгүй бол яана аа гэж. Намайг сурч байхад (ХБК) долоо хоногийн хоёр өдөр мэргэжлийн хичээл орох ёстой. Гэтэл багш маань өдөр бүр ордог байсан. Заримдаа бүтэн сайн өдөр ч заах үе байлаа. Тэрэн шиг одоо хүүхдэд тэгэж заах багш ч олдохгүй, цаг ч асар үнэтэй болж. Би аливааг төгс хийхийг хүсдэг. Нөгөө талаар ард түмний амьдрал хүнд хэцүү байгаа. Ийм үед би “тасарчихсан” тэнгэрийн урлаг яриад явбал бас хэцүү. Яагаад энэ бүхнийг ярьж байна вэ гэхээр арван жилийн дараа яг миний хүссэн тэр цаг үе, урлагийг таашаадаг, сонирхож чадах, чадвартай тэр нийгмийн хүрээ асар ихээр нэмэгдсэн байх болов уу. Энэ цаг хугацаа өнгөрөхөд хүслээ ажил болгох боломж бүрдэх байх.
–Та өөрийнхөө юунд хамгийн их сэтгэл хангалуун байдаг вэ. Эрүүл гоо сайхан байхын тулд таны хийдэг зүйлс?
–Зөв төрхтэй, зөв галбиртай байна гэдэг бурханы өгсөн том бэлэг гэж боддог. Бас эмэгтэй хүн сайхан арьстай байхыг хүсдэг шүү дээ. Гэхдээ минийхээр бол гадаад, дотоод үзэмж гэдэг бол нэг л зүйл. Хамгийн гол нь дотроосоо гэрэлтэж байх ёстой. Дотор байгаа нь гадагшаа гэрэлтэж байдаг шүү дээ. Эрүүл бие бялдрын хувьд гэвэл энэ махан биеийг жоохон зовоож байх хэрэгтэй гэж бодож байна. Хөлсөө гаргаж байж л эрүүл байдаг гэж би боддог. Энэ биед цаг тутам ямар их зүйл хуримтлагдаж байгааг бид анзаардаггүй. Уугаад л, идээд л, уурлаж бухимдаад эд эрхтэнээ муутгаж байдаг. Тэр бүхнээ гаргаж байх хэрэгтэй юм шиг.
Тантай ярилцах таатай байлаа. Танд болон таны гэр бүлд азжаргал, эрүүл энхийг хүсье.
“MASS PRESS”сонин