Инээмсэглэл, алиа хошин зангаараа бүх хүний сэтгэлийг татсан тулааны урлагийн мастер, жүжигчин, найруулагч, дуучин, каскадёр Жеки Чан өнөөдөр 71 нас хүрч байна.
Түүний амьдрал, уран бүтээлийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе.
Ядуу хүү
Түүний гэр бүл маш ядуу байжээ. Аав нь Консерватив намын тагнуул байсан тул баригдахгүйн тулд Хятадаас Хонконг руу зугтжээ. Хамаг хөрөнгөө хаяад ганц чемодантай яаран, зугтсан гэдэг. Хонконгод тэд ажил олдвол хийж, арай ядан байрныхаа мөнгийг төлж байв. Удалгүй тэд Австралид шилжиж, Жеки хүүхэд насаа ногоон тивд өнгөрөөжээ. Эцэг эх нь хүүгээ том болсны дараа Хонконгод буцаж ирэн, Чан Хятадын театрын академийн Бээжингийн дуурийн сургуульд арван жил суралцсан байна.
Даатгалын компаниудын айдас
Үнэхээр түүнээс даатгалын компаниуд холхон явахыг хүсдэг. Даатгуулахаар очсон ч арга саам хийгээд зайлсхийдэг ажээ. Тэд түүнийг “мазохист” гэж нэрлэдэг. Учир нь Жеки зураг авалт дээр бүх үзүүлбэрээ өөрийн биеэр хийдэг. “Айдас байхгүй, Орлон тоглогч байхгүй, Надтай эн зэрэгцэх хүн ч байхгүй” гэдэг үг бол түүний уриа. Үүнээсээ болоод хэд хэдэн удаа үхлийн ирмэг дээр очиж байв.
Түүнд бүтэн яс үлдээгүй
“Мэдээж өвддөг. Би эрүүгээ 3 удаа хугалж байсан. Цаашаа дурдвал хамар, бүх хуруу, өвдөг, шагай, мөрний яс, хавирга хугарч байлаа. Тархиндаа хагалгаа хийлгэж байсан. Жижигхэн шарх, гэмтэл, хавдраа би тоолдоггүй” гэж тэрбээр хошигнож байлаа. Жекигийн хамгийн том гэмтэл бол “Бурханы дуулга” киноны зураг авалт дээрх гэмтэл. Тэр хананаас мод руу үсэрч гарах ёстой байсан ч алдаад 12 метр өндрөөс унасан юм. Тархи нь цөмөрч, цус алдан, хамар хугарснаас гадна олон шүдээ алдаж, баруун чих нь юм сонсохоо болисон байлаа. Чаныг дахин ийм үзүүлбэр хийхгүй байх гэж бодож байтал хэдэн сарын дараа Жеки зураг авалтаа дахин эхлүүлсэн юм.
Хамгийн хэцүү дасгалыг ч өөрөө хийдэг түүнд айдаг зүйл бий. Жеки цагаан халаттай хүн харахаараа зугтдаг. Гэхдээ сүнс биш эмч, сувилагч нараас ухаанаа алдтал айдаг байна. Намтартаа тэрбээр “Би тариа хийлгэхээс хамгийн их айдаг. Могой, жоом хорхой, хулганаас айдаггүй ч тариур харангуут хөл салганаад ирдэг. Толгойд тэр дороо тариур арьс нэвтлээд, биед шингэн зүйл шахаж байгаа төсөөлөл буудаг” гэж илэн далангүй бисэн байдаг.
Холливуудад дургүй
Холливуудын ачаар дэлхийн хэмжээний од болсон ч тэрбээр Холливуудад дургүй гэдгээ нуудаггүй. “Оскар”-ын шагналын эзэн, Америкт алдаршсан цөөхөн ази жүжигчдийн нэг атлаа тэрбээр америк маягийн хошин шог, марзаганалд дургүй аж.
Тэрбээр 1988 онд Буяны сан байгуулж, ядуу оюутнуудад тэтгэлэг өгч, тусалж байв. Дараа нь 10 хүүхэд өргөн авч, 50 хүүхдийг ивээлдээ оруулсан. БНХАУ-ын Засгийн газар түүнд тун хүндэтгэлтэй хандаж, Үндэсний баатрын хэмжээнд авч үздэг.
Тэрбээр төрөлх хятад болон англи хэлээр маш муу уншдаг гэнэ. Сургуульд сурч байхдаа хичээлдээ бараг суудаггүй, сахилгагүй нөхөр байсан аж. Хэдийгээр Жеки “Хэзээ ч битгий том хүн бол” хэмээх намтар номоо гаргаж байсан ч эл номыг нь Жу Мо хэмээх бүсгүй гурван жилийн хугацаанд бичиж дуусгажээ.
Жеки Чан кино болгон дээрээ сайн талын баатар болдог. Түүний кинонд цус урссан хүчирхийлэл, ил задгай эротик үзэгдэл байдаггүй. Хэт задгай киноны урилгаас шууд татгалздаг. Харин сэтгүүлчид түүнийг 1975 онд Хонконгийн инээдмийн эротик кинонд тоглож байсан, нүцгэнээр дэлгэцэнд гарч байсныг илрүүлсэн юм.
Өнөөдрийг хүртэл Жеки Чан 60 гаруй кинонд тоглосон бөгөөд зөвхөн энэ 2025 онд гэхэд л түүний продюсероор ажилласан таван шинэ уран бүтээл нээлтээ хийх аж.