Монголын уран зургийн галерейд Монгол Улсын Ардын зураач Гаадангийн Дунбүрээгийн “Уран бийрийн аялгуу” бие даасан үзэсгэлэнг дэлгэлээ.
Зураач Г.Дунбүрээ нь 1941 онд Төв аймгийн Өндөрширээт суманд төрж, 1965 онд УБДС-ийн Зураг, хөдөлмөрийн ангийг төгссөнөөс хойш Монголын дүрслэх урлагт 65 жилийн турш өөрийн уран бүтээл, өвөрмөц арга барил, уран сайхны эрэл хайгуулаараа үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч юм.
“Уран бийрийн аялгуу” үзэсгэлэнд Монголын уран зургийн галерейн сан хөмрөгөөс 30 гаруй, Улаанбаатар хотын музейгээс 10 гаруй үзмэр, “Монгол Арт” галерейн таван бүтээл, зураачийн хувийн цуглуулгаас 200 орчим бүтээлийг дэлгэн толилуулж байна.
Үзэсгэлэнгээр дамжуулан Монголын нийгмийн аж амьдрал, улс орны бүтээн байгуулалт, зам тээврийн салбарын хөгжил, хуучин нийслэлийн түүхэн дүр төрхийг харуулахын зэрэгцээ зураачийн уран сайхны өвөрмөц сэтгэлгээ, дүрслэлийн арга барилыг илтгэсэн бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгож байна.
Үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Монголын уран зургийн галерейд үргэлжилнэ.


