МУГЖ, дуучин С.Жавхлан энэ сарын 21-нд буюу төрсөн өдрөөрөө “Монголд мэндэлсэн өдөр мину” бие даасан тоглолтоо үзэгч түмэндээ хүргэх гэж байна. Тоглолт гурван өдөр үргэлжлэх бөгөөд энэ сарын 21, 23, 24-нд Монгол бөхийн өргөөнд 19.00 цагт болно. Түүний төрсөн өдөрт зориулж ах дүү, найз нөхөд нь цаг 30 минутын нэвтрүүлэг бэлтгэсэн байна. Тус нэвтрүүлэг маргаашнаас эхлэн телевизүүдээр гарч эхлэх аж. Тоглолтын үеэр тэрээр хүн бүрийн амандаа аялах дуртай 40 гаруй уран бүтээлээ дуулах юм байна. Ингээд МУГЖ, дуучин С.Жавхлантай ярилцснаа хүргэе.
-Саяхан Увс аймгийн Цагаанхайрхан сумд эгч нь таван настай дүүдээ хувцсаа өгөөд осгож амь насаа алдсан нэгэн харамсалтай хэрэг гарсан. Харин таныг төрсөн өдрийнхөө тоглолтын орлогыг одоо эмчилгээ хийлгэж байгаа дүү охинд нь хандивлахаар боллоо гэж сонслоо. Хандив өргөж байгаа явдал энэ удаагийн тоглолтын нэгэн онцлог байх…
-Би энэ төрсөн өдрөөрөө нэгэн уриалга гаргая гэж бодлоо. Яагаад гэвэл, хүмүүс төрсөн өдөр гэхээр л хаана, ямар ч баар сав байна тэнд захиалга өгөөд дандаа найз нөхдөө цуглуулдаг. Тэгээд бүрсэн талхан дээр лаа асааж байгаад өөрийнхөө хийморь цог галыг унтраадаг. Бадраадаг биш унтраадаг шүү. Миний хувьд хүмүүс төрсөн өдрөөрөө намайг энэ сайхан агаараар амьсгалуулж, буянтай монгол түмэн дотор амьдруулж байгаад баярлалаа эх орон минь гэж хэлдэг байгаасай. Мөнгөө сайн үйлсэд зориулдаг байгаасай хэмээн монголчууддаа уриалж байна.
Саяхан Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт нуур багт харамсалтай хэрэг гарсан тухай хоёрхон өдрийн өмнө сонссон. Зүрх сонин болоод хүнд туссан л даа. Аав, ээж нь айлын бууз, банш боох гээд явсан хойгуур долоон настай, таван настай эгч дүү хоёр хүүхэд гэрээсээ гараад саахалт айл руугаа аав, ээжийнхээ араас явж байгаад хоёулаа осгож, эгч нь дүүдээ бүх хувцсаа тайлж өгөөд өөрөө нас барж, дүү нь амьд үлдсэн гэсэн. Одоо дүү нь удахгүй хүнд хагалгаанд орох гэж байна. Тиймээс эгчийнхээ ачаар үхлээс мултарсан тэр бяцхан охинд өөрийнхөө төрсөн өдөрт зориулж хийж байгаа тоглолтынхоо бүх орлогыг хандивлахаар шийдсэн. Тэгээд ч цаашид хүмүүсийг төрсөн өдрөөрөө наргиж цэнгэх биш харин сайн үйлсэд хандив оруулж байгаасай гэж уриалах байна.
-Тоглолтын тасалбарын үнэ 9999 төгрөг гэсэн. Есийн тоог билэгшээж өгсөн үү?
-Энэ удаагийн тоглолт маань миний өмнөх тоглолтуудыг бодвол харьцангуй хямдхан. Учир нь Монголчуудын маань амьдрал сайнгүй байна. Ер нь нийт хүмүүсийн амьдралын түвшин хэцүү байна шүү дээ. Тиймээс энэ тоглолтоор айхтар ашиг олохыг урьтал болгоогүй.
Манай бүх ээжүүд цацал сүүнийхээ дээжийг өргөхдөө 99 тэнгэр минь, мөнх хөх тэнгэр минь хэмээн өргөдөг. Монголчуудыг 99 тэнгэр ивээл авралдаа багтааж яваасай, ийм дэлгэр сайхан нутагт нэгэн зол жаргалаар сайхан цагийг авчраасай гэсэн ерөөлөөр тоглолтын тасалбарын үнийг өгсөн. Бүх үзэгчдэд миний гарын үсэгтэй нэг төгрөгийн хариулт очно. Дашрамд хэлэхэд, ингэж нэг төгрөгийн хариултыг хүн бүрт өгснөөрөө нэг төгрөг ч асар их үнэ цэнтэй юм гэдгийг хүмүүст ойлгуулахыг хичээсэн юм. Сүүлийн үед монгол нэг төгрөг гадаад руу бөөнөөрөө зарагдаж байна, хүмүүс бөөндөж аваад янз бүр болгож байна гэж их сонсогдох болж. Бид ч нэг төгрөгийг тоохоо байж, тэрбум саяар ярьдаг болж. Гэтэл яс юман дээр тэрбум гэдэг чинь нэгээс эхэлдэг. Бидний нас ч нэгээс эхэлдэг. Тиймээс нэг төгрөгийг хүндэтгэн дээдэлж байж монголчуудын маань амьдрал зөв, тэгш байх болов уу гэж бодож байна.
-Тоглолтонд ямар хамтлаг, дуучид оролцох вэ. Ямар гэнэтийн бэлэгтэй байх бол?
-Нэг хэсэг намайг “Шуранхай” хамтлагийг тараагаад хаячихлаа гэсэн мэдээлэл мэдээллийн сайт, сонин хэвлэлүүдээр ниссэн. Тус хамтлагийнхан тарж байгаа эсвэл буцаад нийлсэн тухай албан ёсоор зарлаагүй. Тиймээс “Шуранхай” хамтлаг энэ удаагийн тоглолтонд маань бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.
-Таны эхнэртэйгээ хамтарч дуулсан “Хар хархан харц” дууны клипийг Youtube сайтад яг өнөөдрийн байдлаар сая 900 гаруй мянган хүн үзэж сонирхжээ. Энэ бол том амжилт шүү. Тиймээс та хоёр дахин хамтарч дуулах уу?
– Бидний хамтарч дуулсан “Хар хархан харц” дууны клипийг Youtube сайтад маш олон хүн үзсэн байна лээ. Энэ маань гадаадад монгол дуу, монголын урлагийг сонирхдог хүмүүс олон байдаг юм байна гэдгийг харуулж байгаа учраас баяртай байна. Бас бахархаж байна. “Хар хархан харц” дууг “Хамаг монгол” төслийн хүрээнд Өвөр монгол ах дүүс санал тавиад 6-7 дуу ирснээс шилж авсан дуу байгаа юм. Өвөр монгол ахан дүүстэйгээ одоо ч гэсэн холбоотой байдаг.
Харин дараагийн дууг маш их эрэлхийлж байгаа. Яавал өмнөх дуунаас унахгүй дуу хийх вэ гэдэг дээр судалгаа явуулж байна. 10-20 дуу ирсэн. Их гоё шийдэлтэй дуу хийхсэн гэж бодож байна. Сэдвийн хувьд баригдахгүй чөлөөтэй сонгоно.
-Хөдөө орон нутагт МУГЖ, дуучин С.Жавхлангийн дууг сонсох дуртай үзэгч түмэн олон бий. Тэгэхээр хөдөө орон нутагт байгаа үзэгч сонсогчиддоо зориулж аялан тоглолт хийх үү?
-“Монголд мэндэлсэн өдөр мину” тоглолт маань хэдэн өдөр сунаж магадгүй болов уу. Эндээс шалтгаалаад гурван сарын эхээр юм уу, дундуур баруун аймгуудаар явья гэж бодож байна. Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Ховд, Увс гэсэн 5-6 аймгуудаар явж аялан тоглолтоо хийхээр төлөвлөж байна. Болж өгвөл нэлээд олон аймгуудаар явж тоглолтоо хүргэнэ.
-Ингэхэд өмнөх төрсөн өдрөө яаж тэмдэглэдэг байв даа?
-Нэг их ач холбогдол өгдөггүй байсан. Ээжийн ангир шар уургийг орлох зүйл ганцхан монгол үхрийн сүү. Монгол үхрийн сүү уух дуртай. Сайхан сүү хөөрүүлж уух ч гоё шүү. Тэгж л миний төрсөн өдөр эхэлдэг юм. Мэдээж найз нөхдүүдтэйгээ уулзана. Өмнөх төрсөн өдрүүд дээр нэг хүнд ч болов туслах юмсан гэж боддог байлаа. Тэгвэл түмэн олонтойгоо хамтарч бяцхан охинд тусалснаар энэ хүсэл маань биелэлээ олох гэж байна.
-Дараагийн төрсөн өдрөөрөө бас тоглолт хийх үү?
-Цаг хугацаа харуулах байх. Хоёрдугаар сарын 21-нд Жавхлан гэдэг хүн Монголд мэндэллээ. Жавхлантай өдөр. Тиймээс дараа жил бас нэг аятайхан юм хийх л байх.
-Тоглолтон дээр бүх дуунуудаа дээлтэй дуулах уу. Хэрвээ нууц биш бол хэдэн дээл сольж өмсөх гэж байна?
-Тэгнэ. Ганц хоёр солих байлгүй дээ /Инээв/. Миний дээлнүүдийг янз янзын хүмүүс урладаг. Нуман донж маягийн дээл ч байна. Лхагва эгч, Урнаа гээд мундаг үйлчин хүмүүс бий. Миний өмсөх дээл хувцсыг эхнэр маань зохицуулна.
-Та бас үзэгчид маань монгол хувцастай ирвэл баярлана гэж ярьсан байсан..
-Миний дууг сонсох дуртай үзэгч олон тоглолтод хүрэлцэн ирэхдээ монгол дээлээ өмсвөл хамгийн том бэлэг болно гэж бодож байна. Миний дууг сонсоод шүтэн биширдэг хүмүүс надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх гэж бодож байна.
Т.Жанерке