Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Д.Бямбажаваас цөөн асуултад хариулт авлаа.
-“Мөнхийн залуу хайр”, “Нутаг” гээд таны дуунууд ард түмний сэтгэлд хадаатай байдаг. Харин сүүлийн үед ямар бүтээл хийж байна вэ. Дарга болсон сураг дуулдсан?
-Дарга болоод уран бүтээлээ орхигдуулав уу гэж үү. /инээв/ Уран бүтээлээ хийгээд л байгаа. Төмөр замын дуу бүжгийн чуулга гэж том айлыг удирдаад багагүй хугацаа өнгөрч байна. Мэдээж уран бүтээлдээ зарцуулах цаг хугацаа багассан. Гэхдээ зүгээр сууна гэж юу байх вэ. Чуулгынхан маань ч гэсэн уран бүтээлийн олз омог арвин байгаа. Манай хамт олон Б.Даариймаагийн зохиол “Хандармаа” гэж хүрээ дуурь тавьсан. Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Баатарсүхтэй хамтран “Зөрлөгт ургасан цэцэг” гэж мюзикл тавих гэж байгаа. Энэ бүтээлээ ирэх зургадугаар сард болох Улаанбаатар төмөр замын 65 жилийн ойд зориулан олны хүртээл болгохоор ажиллаж байна. Мөн МЗЭ-ийн шагналт Д.Ган-Очирт захиалж “Зүүдний тайтгарал” мюзикл бичүүлж эхэлсэн гээд тоочвол манай чуулгынхан уран бүтээлийн олз омог арвин байгаа.
-Хамгийн сүүлд ямар уран бүтээл хийв?
-Г.Дарамзагдын хөгжим “Орчлонд би азтай төржээ” дууг дууллаа. Олны зүрх сэтгэлд хоногшсон энэ сайхан дууг дахин дуулж амьдруулсандаа баяртай байгаа. “Бадмаажий”, “Зүрхний намар” гээд шинэ дуунууд нэлээдийг дуулсан. Уран бүтээлийн ургац арвин л байна. Тиймээс удахгүй тоглолтоо хийж ард түмэндээ тайлангаа тавихаар бэлтгэл ажлаа хангаж байгаа.
-Тоглолт тань хэзээ болох вэ?
-Гуравдугаар сарын 05-нд Соёлын төв өргөөнд болно. ДБЭТ-ын симфони найрал хөгжим болон Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх тоглолтод маань оролцоно. Тоглолтон дээрээ олны сэтгэлд хоногшсон дуунуудаа дуулахын зэрэгцээ орос, хятад дуунууд ч дуулна. Бас буриад дуу ч дуулна гэж бодож байгаа.
-Та буриад дуу нэлээд дуулсан байх шүү?
-“Нутаг”, “Мэнд амар”-аас эхлээд буриад дуунууд цөөнгүй дуулсан. Саяхан “Аав ээжийн сургаал” гэдэг буриад дууг дууллаа.
-“Нутаг” дууг та дуулж олны чихэнд хоногшуулсан. Дараахан нь энэ дууг Хэнтий аймгийн Дадал сумынхан сүлд дуугаа болгосон гэлүү?
-Тийм. Дадал сумын ИТХ-аас төрийн шагналт Ц.Чинзоригийн хөгжим, Б.Сундуйн шүлэг “Нутаг” дууг сумынхаа сүлд дуу болгож баталсан юм билээ. Бас Ц.Бадамдоржийн шүлэг, С.Пүрэвсүрэнгийн хөгжим “Нутгийн үнэр” гэж дууг би дуулсан. Энэ дууг маань бас Дорнод аймгийн Баян-Уул сумын ИТХ-аас сумынхаа сүлд дуугаар баталсан. Энэ “Нутгийн үнэр” дуугаа би ирэх бүтэн сайн буюу гуравдугаар сарын 02-нд Монгол бөхийн өргөөнд болох буриад зоны хүндэтгэлийн тоглолт дээр дуулна. Дорнод аймгийн Баян-Уул сумынхан энэ онд болох 90 жилийн ойгоо угтаж буриад зоны хүндэтгэлийн тоглолт зохион байгуулах гэж байгаа. “Нутгийн үнэр” маань “Нутаг” шиг олны сэтгэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа шүү.
-Дуулсан дуунууд тань сумдын сүлд дуу болоод байгаа юм байна даа?
-Тийм шүү. Цаашид дахиад сүлд дуунууд дуулж магадгүй.
-Таныг Дорнодынхон манай нутаг гээд байдаг. Хэнтийнхэн бас манай нутгийнх гэдэг юм билээ?
-Аль аль нь үнэн. Аав маань Дорнодын Дашбалбарынх. Харин ээж Хэнтийн Дадалын хүн. Ингээд би хоёр нутагтан болчихдог юм. Хүүхэд байхад Дашбалбарт аавынхаа нутагт зуны амралтаараа очдог байлаа. Мөн Хэрлэнгийн хөвөөгөөр загас жараахай дэгээдэн, усанд нь умбаж өссөн. Тэгээд сургуулиа төгсөөд Төмөр замын ТМС-ийн вагон слесарын ангид элссэн. Дараа нь ангиа сольж төмөр замын мужааны ангийг төгссөн хүн шүү дээ, би. Буриад өтлөхөөрөө мужаан гэдэг биз дээ. Төгсөөд мэргэжлээрээ ажиллаагүй, СУИС-д элсэн орсон. Тэгээд хөдөө хэсэгхэн хугацаанд ажиллаж байгаад ҮДБЭЧ-д гоцлол дуучин болсон ийм л намтартай. “Баян Онон” ХХК-ийн захирлаар ажилаж, хувийн хэвшилд хүч сорьж үзлээ. Жил хагасын өмнө Төмөр замын дуу бүжгийн чуулгын даргаар томилогдсон. Төмөр замд бол шинэ хүн биш гэсэн үг. Төмөр замын оюутны байранд гөөхий идэж дурсгалтай хэдэн жилийг үдсэн дээ.
Г.Баяр
Эх сурвалж: eagle.mn