Амьдралд хөл төвихаас өмнө шийдэх ёстой чухал сэдэв:
Хүнд олон авъяас байж болно. Гэвч гоц авъяасаа нээгээгүй цагт амжилт, аз жаргалаар бүрэн дүүрэн байж чадахгүй билээ. Хүнд металлын ангийг 5- 6 жилд арай гэж төгсөөд сонинд спортын сэтгүүлчээр ажиллах, хуулийн ангийг амжилттай төгссөн хэрнээ бизнес эрхэлж байгаа залуу, эцэг эх нь эмч учраас анагаах төгсөөд багшийн ажил хийж байгаа сурган хүмүүжүүлэгч, эдийн засгийн ангийн дүүргээд телевизид амжилт гаргаж байгаа нэвтрүүлэгч… гээд олон олон жишээ байна. Тэгвэл асуудлын гол нь юу вэ? Гол нь оюун ухааны хөгжил нь бүрэн хөгжиж гүйцдэг 6- 7 насандaаа, бүр түүнээс ч эрт, хамгийн оройтлоо гэхэд их дээд сургуулийн элсэлтийн шалгалтанд орохоос өмнө өөрийн гоц авъяасаа нээж түүнийхээ дагуу чиг тогтоох хэрэгтэй.
Эцэг эх, найз нөхөд, хамаатан садныхаа хэлснээр сонголт хийж, өөрийн гоц авъяасаа нээж чадаагүй хүмүүс маш хожуу өөрийн гоц авъяасаа нээдэг. Хөгжсөн боловсролын системд, хүүхдийг бэлтгэл ангид байхаас нь нээж хөгжүүлдэг бөгөөд ингэснээр тэр хүн амьдралынхаа турш хамгийн дур сонирхолтой ажлаа хийх эхийг тавьж байна гэсэн үг. Гэвч зарим нь үүнийг нэг их ойшоодоггүй, энэ систем нь байх ёстой гэж үздэг. Хүүхдийн гоц авъяасыг нээж хөгжүүлэх боловсролын системтэй болж боловсон хүчнээ бэлдэхгүй бол улс орны болон хувь хүний эдийн засагт ч сөрөг нөлөө үзүүлнэ. Энэ материалыг бэлдэх хугацаандаа хийсэн бяцхан судалгаанаас харахад хамрагдсан хүмүүсийн 80% -аас илүү нь өөрийн хүссэн, сонирхсон ажлаа хийдэггүй байлаа. Замын дундаас буцаж өөрийн сонирхолын дагуу ажилд орсон хүмүүс азтайд тооцогдоно. Учир нь бусдын санааг чухалчлан мэргэжлээ сонгосон хүмүүс насан туршдаа сэтгэл хангалуун бус ажиллана гэсэн үг. Хүүхдийнхээ их дээд сургуульд элсэх үед нь суралцах ангийг нь сонгоход нь туслах ба хэлж өгөх хоёрын хооронд маш том ялгаа байдаг.
Дэлхий дээрх 6 тэрбум хүн тус бүр өөр өөрийн гоц авъяастай байдаг гэдгийг мартаж болохгүй. Нэг өндгөн эсийн ихрүүдийн авъяас чадвар хүртэл ялгаатай байдаг. Компьютерийн программист болохыг мөрөөддөг хүүхэд эцэг нь эмч учраас анагаахад суралцлаа гэж бодъё. Гэтэл хүүхэд эмчээс өөр мэргэжилд сонирхолтойн улмаас сурсан мэргэжлээрээ хүмүүст тусалж чадахгүй гэсэн үг. Хэрэв компьютер дээрээ ажилласан бол тархи толгой нь үргэлж өөрийн хийж байгаа зүйлд төвлөрөх учраас шинээр олон зүйл сэдэж гаргана.
Бидний амьдарч буй үе нь хурдан хөгжлийн нийгэм билээ. Нийгмээ дагаад хүүхдийн хөгжил ч эрт хурдан явагдаж байна. Одоогоос 40 жилийн өмнөхтэй, бүр 10 жилийн өмнөхтэй харьцуулахад одоогийн нийгмийн хөгжил, хүүхдийн сэтгэхүй хэрхэн өөрчлөгдсөн билээ! Дуутай, дүрстэй, өнгөтэй, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь хүүхдийн сэтгэхүй, хөгжилд асар их нөлөөлж байна. Дээрхэн үед хийхийн тулд 10 жилд шаардагдах байсан ажлыг одоо 1 жилийн дотор хийнэ. Хэдхэн жилийн дараа хугацаа нь бүр богиносох ч юм билүү! За одоо ингээд өөрийн гоц авъяасаа хэрхэн нээх талаар мэдээлэл та бүхэндээ хүргэе!
Сэтгэлийн хөдөлгөөнөө мэдэж, түүнийгээ чиглүүлэх, хандлага харьцаагаа хянах
Авъяас нь оюун ухаантай холбоотой үйл явц мэт харагдах боловч сэтгэлийн хөдөлгөөнтэй ч ойр холбоотой байдаг. Гоц авъяасаа нээхийн тулд хамгийн түрүүнд мэдээлэл авах газар бол сэтгэлийн дотоод хөдлөл байдаг. Сэтгэл нь хандлагыг хэлбэржүүлдэг бөгөөд таны гоц авъяасыг мэдээлэгч юм. Тиймээс хийх хэрэгтэй зүйл гэвэл:
* Сэтгэлийн хөдөлгөөнөө бүгдийг сайн мэдэх
* Түүнийгээ чиглүүлэх
* Сэтгэлийн хөдөлгөөнөөрөө гаргасан хандлага харьцаагаа хянах
Ингэж хянасны эцэст та өөрийн гоц гэж бодож байсан авъяас болон энгийн нэг авъяас хоёрын хоорондох ялгааг олж харах болно. Өөрөөр хэлбэл сэтгэлийн хөдлөлөө олж түүнийгээ хянаж чиглүүлж чадаж байгаа хүний гоц авъяасаа олж чадах нь хялбар болно. 10- р ангийн сурагчийн хувьд энэ нь тийм ч хэцүү зүйл биш билээ. Гэвч хөгжилтэй орнуудын сурган чиглүүлэх номуудад энэ насыг арай багаар заасан байдаг.
Өөрийгөө хүмүүст таниулах
Хар бага наснаасаа үйл хөдлөл үг яриагаараа өөрийн гоц авъяасаа илэрхийлж байгаа хүүхдийг огт анзаардаггүй эцэг эхчүүд ч байдаг. Хүүхэд өөрийгөө эргэн тойрныхоо хүмүүст сайн таниулснаар гоц авъяасаа нээх боломжтой. Найз нөхөд, эцэг эхдээ өөрийн зохиосон шүлгээ унших дуртай, маргааш нь шалгалттай байсан ч шүлгээ уншиж, алдарт яруу найрагчдын шүлгийг цээжилж суудаг сурагчийг утга зохиолын ангид биш хуулийн ангид ор гэж ятгах нь хэр зэрэг зөв бэ? Ирээдүйн Нацагдорж хуулийн ангид сурч байвал нэлээд эмгэнэлтэй хэрэг болох биз.
Бусдын харьцаа хандлагыг чиглүүлэх
Гоц авъяасаа нээх өөр нэгэн арга бол бусдын харьцаа хандлагыг чиглүүлэх чадвар юм. “Чиглүүлэх” нь гоц авъяастай шууд холбоотой юм. Ер нь амьдрал гэдэг чинь чиглэх чиглүүлэх үйл явц шүү дээ. Харин чиглүүлэх нь тэр хүний өөрийн авъяас билэгтэй шууд холбоотой. Учир нь бид бусдыг чиглүүлэхдээ жинхэнэ өөрийнхөөрөө хардаг. Харин хүчээр чиглүүлэх нь дургүйг нь хүргэнэ. Хүүхэд байхдаа гартаа микрофоныг орлуулж ямар нэгэн зүйл бариад бусдыг өөрлүүгээ хандуулж чаддаг байсан алдарт Абрахам Линкольн, олон жилийн дараа өөрийг нь алдар хүндэд хүргэх уран яруу илтгэгчийн авъяас билгээ нээж байсан хэрэг. Эцэг эхчүүдэд зөвлөхөд хүүхдээ сайн ажиглаж бай. Ялангуяа найзуудтайгаа тоглож байхад нь гоц авъяас нь илэрч гардаг. Ямар ч хүүхдэд өөрийн нууц гоц авъяас байгаа гэдгийг огтхон ч мартаж болохгүй. Хамгийн бүрэг хүүхдэд ч бий.
Өөрийн үнэ цэнэ, хүчээ мэдэх
Өөрийгөө маш сайн таних, сул болон давуу талаа олж мэдэх, “Тийм!” гэж хэлэх, “Тийм!” гэсэндээ хүрдэг байх. Өөрийгөө байгааг мэдрүүлэх… Өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч, өөрийгөө чухал хүн гэдгээ мэдэрдэг хүн бусдад үүнийгээ мэдрүүлдэг. Ингэснээр бусадтай ч ажил хэрэгч, найрсаг, бүтээлч харьцаа үүсгэнэ. Өөрийгөө таних нь урт удаан, хэцүү замыг туулах гэсэн үг юм. Замын турш тааралдах хэцүү бартаа амар зөөлөн, ядаргаа гээд ер нь юм бүхэн орно шүү дээ. Өөрийн үнэ цэнийг болон хүчээ мэдрэх нь: өөрийн гоц авъяасаа сайн хөгжүүлж чадахаа, бодож байгаагаасаа ч илүү ихийг хийж чадахаа, амжилт гаргана гэдэгтээ итгэж чаддаг байх юм.
Бүх анхаарлаа гоц авъяасандаа хандуулах
Өөрийгөө зөв танихын тулд анхаарлаа гоц авъяасандаа төвлөрүүлэх хэрэгтэй бөгөөд, хуучин дадал зуршил, бодол санаагаа зөвхөн энэ замаар л өөрчилж чадна. Ингэснээр та гоц авъяасаа хөгжүүлж улмаар энэ таны нэг хэсэг болж өөрчлөгдөнө. Их сургуулийн элсэлтийн шалгалтанд орохдоо “За аль нь ч байсан яахав. Дараа нь учир нь олдоно биз” гэх нь хамгийн буруу юм. Учир нь та амьдралынхаа турш учрыг нь олохгүй байж болно шүү дээ. Тэгээд үргэлж “Тэр үед тэгдэггүй байж” гэсэн харамслын үгээр дүүрэн амьдрах болно. Өөрийн гоц авъяасын дагуу суръя гэж бодож байгаа бол жил алдсан ч хамаагүй сайн бэлдэж байгаад заавал хүссэн ангидаа орох хэрэгтэй.
Анхаарах зүйлс
* Нэг хүнд олон авъяас байж болно. Гэвч ганц нь л бусдаасаа гоц байдаг.
* Хоёр өөр зүйлийг сонирхдог нэг хүн хоёуланд нь ажиллахад тус бүр 65% амжилт үзүүлж байв. Хэрэв энэ хүн өөрийн гоц авъяасын дагуу ажилласан бол магадгүй хамгийн дээд цэг хүртэл ажиллах байсан биз. Маш цөөн тооны хүмүүсээс бусад бүх хүн 2 өөр салбарт 100% амжилт гаргана гэж үгүй билээ. Хүн өөрийн гоц авъяасаа 50 нас бүр 60 наснаасаа хойш нээсэн ч түүнийхээ дагуу байж болно. Алдагдлаа мэдээд эргэсэн үе нь ашгийн эхлэл юм. Хүн амьдралынхаа нэг ч секундын дургүй ажлаа хийж өнгөрөөх ёсгүй. Гоц авъяасынхаа дагуу ажилласан хүн заримдаа бусад хүний 10 жилд олох үр ашгийг нэг жилд ч олж болох юм.
* Гоц авъяасаа нээх гэж байгаа хүн өөрийгөө маш чөлөөтэй байлгах хэрэгтэй. Гэвч энэ чөлөөт байдал нь ёс суртахуунгүй зүйл руу тэмүүлэх маягаар гарч ирвэл томчууд нухацтай ойлгуулах хэрэгтэй.
* Гоц авъяасын мөрөөдөл болон энгийн мөрөөдлийг хооронд нь ялгаж салгаж сурсан байх хэрэгтэй. Гоц авъяас нь дурласан зүг болгон руугаа тэмүүлэх гэсэн үг биш. Харин ч амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг юм.
* Дүү нь ахтайгаа, ач нь өвөөтэйгээ зан чанараараа ижил байж болно, гэвч энэ нь гоц авъяас нь ч адилхан гэсэн үг огтхон биш гэдгийг санаж яваарай.
* Хүүхэд 7- 19 насандаа хүссэн мэргэжлээ олон дахин сольж байвал энэ нь гэр бүл, орчин тойрных нь хувиралттай холбоотой. Гэвч эцсийн шийдвэр л хамгийн чухал нь юм. Гэхдээ хувирамтгай байдал нь 19 сараас бага биш байх хэрэгтэй. Мөрөөдлийн мэргэжил нь байнга солигдож байдаг бол энэ нь сайны тэмдэг биш юм.
* Гоц авъяасаа нээж хөгжүүлэхийн тулд уулын мухарт амьдрах хэрэг гарсан ч бүх хүч энергиэ үүнд зориулах хэрэгтэй. Гоц авъяасаа нээх нь мөнгө олохын тулд биш, хамгийн гол нь хийх ажлаа бүрэн хүсэл эрмэлзэл, эрч хүчтэй хийхийн тулд байна. Ингэсэн тохиолдолд эрт орой хэзээ нэгэн цагт амжилтанд хүрэх нь гарцаагүй бөгөөд энэ үед бусад асуудлууд ч шийдэгдэнэ. “Уран зохиолоор чи мөнгө олохгүй” гэж хүүхдийнхээ гоц авъяасыг дарснаар түүний, ирээдүйд яруу сайхан хэллэгтэй уран сайхан илтгэгч болж хүмүүсийг дагуулан байлдах хүсэл эрмэлзлэлийг нь унтрааж бөхөөж байгаа юм. Хамгийн чухал нь хүн өөрийн гоц авъяасынхаа дагуу ажил мэргэжлээ сонгох хэрэгтэй. Хүнд чухам юу амжилт авчирдаг нь тодорхой биш. Анагаах юмуу хуулийн сургууль төгсөөд ажилгүй хоцорсон олон хүн байхад, эх хэлээ уран сайхан эзэмшсэн байдлаараа олон олон нэвтрүүлэг хийж бүхэл бүтэн анагаахын сургуулийг ч худалдаж авч чадах чадалтай болсон хүмүүс их байдгийг битгий мартаарай.
Дүгнэлт
Гоц авъяасыг олох нь маш чухал асуудал юм. Учир нь хүний амьдрал богино, хийх ажил их юм. Амьдралынхаа хамгийн үр өгөөжтэй залуу насаа хүсээгүй ажлаа хийж өнгөрүүлэхийг хэн хүсэх вэ? Хэдийгээр хөгширсөн ч гэсэн гоц авъяасаа нээхэд оройтоогүй байдаг ч эрт нээсэн авъяасаа 20 настайдаа хөгжүүлэх боломж байхад заавал хөгширтлөө хүлээх нь гаргах амжилтын хэдэн хувьд нь нөлөөлөх вэ? Хэрэв хүссэн мэргэжилдээ хүрэхийн тулд элсэх хэрэгтэй ангидаа тэнцэж чадахгүй байвал заавал сайн бэлдээд дахин дахин орох хэрэгтэй. Бүр болохгүй бол заавал их дээд сургуульд орохынхоо оронд өөрийгөө амьдралын их сургуульд бэлдэх хэрэгтэй.