Хавар ирлээ, дагаад хайр ирлээ. Хаврын тэнгэрийг хүмүүс олон ааштай, хуурамч гэж бухимддаг. Бас цэцэг навч дэлбээлээд, өвсний ногоо соёолоод л, цаанаа л нэг сэтгэлд дулаахан. Яагаад хайртай холбож ярьдаг гээч. Өвөл, зун ч хайртайгаа учирдаг шүү дээ. Зүгээр хаврын тэнгэр, дурласан хүний сэтгэл хоёр адилхан гэгэлзүүр байдаг болохоор л тэр байх.
Бүсгүй хүн дурлахаараа хавар цэцэг дэлбээлэх шиг гайхамшигтай, үзэсгэлэнтэй болдог. Бас хаврын тэнгэр шиг амархан баярлаж, амархан гомдож, олон ааштай болж хувирна.
Бүсгүйчүүд зузаан малгайгаа тайлж үсээ намируулаад л, голын мөс гэсч ус цэнхэрлэн урсах мэт. Нүдээ дэрвийтэл будах нь эрвээхий нисэхтэй адил. Ингээд л хавар, хайр салшгүй холбоотой байгаа биз. Одоо хаврын улирал, охид хөөрхөн болох цаг. Богино банзал, дэрэвгэр хормойтой цуваар гоёж удахгүй анхны бороонд норно. Энэ нь дурласан бүсгүйн нулимс гэлтэй. Шүхэр худалдаж авахаа мартав аа. Цөөхөн уйлахын тулд. Хавар, өглөөний нарыг дулаанд бүү бод, өсөхийн жаргалыг жаргалд бүү бод. Энэ үгийг урдаас харж инээсэн залуу болгон хань чинь биш, сайхан санагдсан залуу болгоныг хайрлаж болохгүй гэсэн үг.
Хөөрхөн болж уу би. Өдөр уртсаад, өглөө хөнгөхөөн босдог боллоо. Орой болохоор гэгэлзээд л, болзоонд явмаар ч юм шиг. Зүггүй зан хөдлөөд байх юм. Олон хавар үдсэн ч жил бүр хавар шинэ бүхний эхлэл. Жил бүр хавартай танилцах ч шиг. Энэ хавартай би ийнхүү утсаар ярилаа. Сайн байна уу хавар аа. Энэ жил чи ямар бэлэгтэй ирэв дээ. Уг нь жил бүр бэлэг авдаггүй ч, хорьж болдоггүй 20 насныхаа бэлгийг чамаас хүлээж байгаа шүү. Алдаж болохгүй 18 насанд минь ахиад олдохгүй анхны хайрыг минь өгсөн дөө. Тэр бэлгийг би хэзээ ч мартдаггүй. Энэ жил бас л бэлэг өгнө биз дээ.
Хавар хариуд нь, Би хамгийн сайхан сэтгэлтэй, өгөөмөр улирал. Өвлийн авч одсон бүхнийг эргүүлэн сэргээхийн тулд хамаг чадахаа хийдэг. Би охидыг хөөрхөн болгодог, залуусыг хөглөдөг. Өтгөсийг залуужуулдаг гавьяатай улирал. Чи тэр залууд дурласан бол байгаль хаврыг сайхан сэтгэлтэй болохоор нь дурлачихсан юм. Тэгээд л дурласан бүсгүй шиг хамаг сайхнаа дэлгэдэг юм шүү дээ. Бас надад амархан гомдож, тунирхана. Тэгэхээрээ шуурга тавьж, тэнгэрт хар үүл дэгддэг юм. Би байгалийг уурлуулахгүй л байвал цэлмэг тэнгэрт нар гийж, сар мишээж, од анивчина. Түүн шиг чи хайртай хүнээ гомдоохгүй л байвал үргэлж хөөрхөн байх болно, хичээгээрэй. Энэ жилийн бэлгээ удахгүй аваарай.
Бүсгүй би хорин насныхаа бэлгийг хүлээж авлаа. Тэр өндөр, нуруулаг, инээхээрээ хацар нь хонхойдог, хөмсөг нь тод гээч. Бас хавар шиг сайхан сэтгэлтэй. Намайг үзэсгэлэнтэй байлгахын тулд бүхнийг хийдэг. Хааяа бүсгүй хүний гэгэлгэн занг дэврээж нулимсаараа би өөрийгөө дэвтээдэг. Гэхдээ энэ нулимс нэг их гашуун байдаггүй шүү. Жаргалтай л дусалдаг юм. Би түүндээ хайртай.
Би түүнийг цав цагаан цамц, гялалзтал тосолсон гуталтай байхад нь харсан. Харин тэр намайг биеийн галбир гаргаж бүсэлсэн цув, шүхэртэй байхыг минь анх харсан гэнэ билээ. Тэр надад хайртай.
www.URLAG.mn