3 хэсэг
… Тиймээ би өөрийнхөө хувь заяагүй 2 гараараа энэ өгүүлбэрийг бичиж байна. Хүний амьдралд ярихад ч хэцүү тийм зүйлс тийм үе гардаг юм билээ. Yүнийг би тэр үед л ойлгосон юм. Тэгэхэд би толгойдоо хамгийн анх удаа буурал үс олж харсан… Дараа нь галзуурал. Би үнэндээ үүнд итгэж чадахгүй байлаа. Би энэ явдалыг болоод байсныг харж байсан ч гэсэн энэ бүгд миний толгой тархинд шингэж орж чадахгүй байлаа. Намайг эргэн тойрсон, над дотор байгаа тэр бүхэн эцэс төгсгөлгүйгээр, хэзээ дуусах нь мэдэгдэхгүйгээр унаж эхлэхийг мэдрэх ямар аймшигтай хэцүү байсан гээч… Би эхэндээ асар тайван байлаа… Аймшигтай тайван. Гэхдээ тэссэнгүй би уйлж эхэллээ. Зарим шөнө аргаа барахдаа би гарнаасаа цус гартал нь хазчихаж байж билээ… Энэ бүх тамын эцэст би тэмцэхээр шийдсээн…
Миний толгой дахь амьдралын дүр зураг тэр чигээрээ солигдож, хүйтэн харанхуй айдас намайг бүрхэн авав. Гэхдээ би хамаг болоод эцсийн хүчээ шавхан бослоо… би "Хүн авааль нөхрөө ингэж амархан явуулчихаж болохгүй" гэж өөртөө хэлсэн. Тэр нэгэн цагт минийх байсан юм чинь дахиад минийх болохыг хэн байг гэхэв. Би түүний сэтгэл зүрхэнд нь яг юу болоод байгааг тодорхой харж байлаа. Эхлээд тэр Клэйр-тэй жаахан сээтэгнэсэн. Мэдээж тэр үед түүний хувьд ямар нэг ноцтой юм бодогдоогүй. Шинэ хүн түүнд сонирхолтой санагдалгүй яахав. Тэр хайр дурлалын тухай зүүдлээ ч үгүй байтал тэр нь аргагүй хүрээд ирсэн. Yүнийг мэдсэн даруйдаа тэр энэ бүгдийг эцэслэхээр шийджээ.
Ингээд бид 2уулаа тэмцэж эхлэв. Би түүний төлөө, тэр өөрийнхөө эсрэг. Бид 2уулаа удаан гэгч нь тэмцсэн ч… бид чадсангүй ээ! Тэмцэж байсан тэр үедээ тэр хэзээ ч надтай хүйтэн хөндий харьцаж намайг гомдоож байгаагүй. Тэр надтай үргэлжийнхээрээ зөөлөн намуухан харьцаж байв. Би ч баяр баясгалантай байсан бөгөөд… урьд урьдийнхаасаа улам илүү сайхан сэтгэл татам байх гэж оролдож байсан. Гэхдээ би түүнийг нэг ч хором буцааж, сэтгэлийг нь татаж чадаагүй юм даа. Бүх юм дууссан байлаа.
"Гэнри, 2уулаа энэ үдэшлэг рүү явна аа!" гэж би нэг удаа их л шийдэмгий түүнд хэллээ. Бид 2 сүүлийн үед болсон бүх үдэшлэгний урилгануудыг буцааж байсан юм. Ингээд бид 2 тэр үдэшлэг рүү явлаа. Тэр Клэйр-г тэнд харав. Би ч түүнийг болгоомжтойгоор ажиглав… Yдэшлэгний төгсгөлд бид 2 2уулаа мэдэхийг хүсч байсан юмаа мэдэж авав. Одоо хичнээн ч тэмцээд нэмэргүй болжээ.
Би тэр шөнө унтсангүй. Би хичнээн хичээсэн ч хоолойг минь ямар нэг юм боочихоод болохгүй байлаа. "Бид 2ын хэн нэг нь энэ тамыг насан туршдаа эдлэх хэрэгтэй болжээ… Харин би юу? Гэнри юү?"… "Тэр зовох ёстой хүн нь би байх болноо… Гэнри л лав биш… Нэг л өдөр тэр надад хамаг юмаа хэлнэ. Тэгээд л би салчихъя. Хэрвээ тэр намайг явуулахгүй гэвэл би тэрэнд урьдынх шигээ их хайртай биш болсон гээд хэлнэ. Харин надад энэ бүгдийг хийх чадал хүч байгаа болов уу?"… Ямар ч гэсэн тэр надтай аз жаргалтай байхаасаа өнгөрчээ…
Ингээд нэг орой түүнтэй цуг галын хажууд сууж байгаад би өөрийгөө хүчлэн байж "Гэнри, хэрвээ би чамайг хайрлахаа больсон гэвэл чи яах вэ?" гэж асуув. Тэр миний нүд рүү намуухнаар харснаа "Би итгэхгүй ээ!" гэсэн…
Цаг хугацаа явсаар байсан ч тэр надад үнэний тухай нэг ч үг цухуйлгахгүй байв. Би түүнийг ойлгохгүй байв. Тэр магадгүй намайг өрөвдөж байсан биз, гэхдээ л эрт орой хэзээ нэгэн цагт надад хэлэх л ёстой доо. Тэр маань намуухан чимээгүй хэвээрээ байсан ч би түүний арчаагаа алдаж цөхөрсөн нүд, цонхийж цайсан царайг харахдаа дотор минь муухай болдог байлаа. Ийм их сэтгэл хөдлөл эр хүнд ирэхээрээ хамаг ухаан санааг нь аваад явчихдаг юм. Би түүнийг буруутгахгүй ээ! Тэр дотроо хичнээн их зовж байсан ч ганц ч үг дуугарсангүй. Зүрх зүссэн тэр өдрүүд намайг бас шууд зүгээр орхисонгүй. Тэр юу вэ гэхээр Гералд Греи Англи язгууртан залуу байлаа. 30 эргэм насны, дэгжин, сайхан хувцасладаг, ихэмсэг, эелдэг, сээтэгнэхээс өөр мэргэжил байхгүй тэр залуу манай хотод зочилж ирсэн байлаа. Манай хотын олон бүсгүйчүүд түүнд дурласан байсан юмдаг. Харин тэр яагаад надад тэгж их татагдаад байсныг нь би мэдэхгүй ч тэр дургүйцлийг минь үл ойшоон над руу залгаж ярилцах гэж оролдсоор байлаа. Өглөө сэрэх бүртээ одоо л Гэнри-н үгийг дуулах болов уу гэж горьдсоор босч ирдэг байсан тэр өдрүүдэд надад тэр залуу бас л нэг ачаа болж байлаа.
Би Гэнри-г тэр тухайгаа ярих болов уу гэж удаан хүлээсэн. Гэвч тэр юу ч хэлсэнгүй. Клэйр Гэнри-тэй уулзах бүх нүх сүвийг хайж эрэлхийлж байсан боловч тэр Клэйр-тэй уулзаж болох бүх л боломжуудаас зайлсхийж байлаа. Манайх гэдэг айл үдэшлэгний урилганд дарагддаг байсан. Эцэст нь Клэйр өөрийн гараар тусгай урилга Гэнри руу явуулсан байсан боловч Гэнри зөвшөөрөөгүй. Ингэж байтал нэгэн өдөр би бүхнийг ойлгосон юм. Тэр л өдөр би өөрийнхөө хувь заяаг шийдсэн…
Би нэг үдэшлэг руу ганцаараа явлаа. Мэдээжийн хэрэг Гэнри ажиллах ёстой гэж шалтаглан, муухай царайлаад гэртээ үлдсэн. Харин би үдэшлэгийг зохион байгуулж байсан дотно хүмүүсээ гомдоохгүйн тулд явахаар шийдсэн юм. Гэхдээ тэр үдэшлэг надад ёстой там шиг санагдаж байлаа. Явахад тохиромжтой цагийг хүлээн суух гэдэг тэвчээрийг минь шалгасан хэрэг байв. Гэхдээ тэр үдэшлэг рүү явсандаа би хэзээ ч харамсдаггүй…
Би өрөөг голуур нь хуваасан гоёмсог хөшигний хажуугаар өнгөрөхдөө Хатагтай Хью Хатагтай Броган 2ыг ярьж байхыг санамсаргүй сонсчихов. Тэд Гэнри, Клэйр, бас миний тухай ярьж байлаа.
Иринэ түүний төлөө тийм ихийг төлсөн юм чинь яахав дээ. Гэнри одоо түүнийг орхиж явж болохгүй шүү дээ гэж хатагтай Хью хэлж байна.
Би ч гэсэн тэгж бодож байна. Иринэ чинь үндсэндээ авааль нөхрөө худалдаж авсан юм шүү дээ. Гэнри одоо үхэх гэж байсан ч түүнийгээ үзүүлэх эрх түүнд байхгvй шдээ гэж хатагтай Броган хатагтай Хью-г дэмжих нь тэр… Би барьж байсан алчуураараа амаа таглав… Би одоо л учрыг ойлголоо… Би ганцаараа гэр лүүгээ алхав… Би нөхрөө худалдаж авсан… Авааль нөхрөө эд бараа шигээр худалдаж авчээ, би. Yүнд л хамаг учир нь байж. Тэр одоо намайг орхиж явж ч чадахгүй.. надад энэ тухай хэзээ ч ам нээхгүй… Тэр зовлонгоо өөртөө л хадгалах болно… Тэр надтай жаргалтай байхаасаа нэгэнт өнгөрсөн ч гэсэн насан туршдаа юу ч болоогүй юм шиг явах болно… Миний мөнгөнөөс болж… Хэрвээ тэр ярихгvй юм бол би ярих учиртай…
Хэрвээ тэр мөнгө миний амьдралд байхгүй байсан бол би үүнийг хийхгүй байсан биз. Магадгvй би үргэлжлүүлэн тэмцэж Гэнригээ буцааж авах байсан байх. Гэхдээ одоо бүгдийг мэдсэн хойно- би чадахгүй ээ! Надад тэгэх зүрх байсангүй. Тэр хэзээ нэгэн цаг наддаа сэтгэлээрээ буцаж ирсэн ч гэсэн би түүнийг надад хайртайдаа буцсан уу эсвэл миний өөрийнх нь төлөө золиосолсон бүхэнд талархан буцсан уу гэдгийг яаж мэдэх билээ дээ… Тэр миний мөнгөний аолиос нь болж байгаа эсэхийг би хэзээ ч мэдэхгүй болжээ…
Би түүнийг сайн дураараа чөлөөлөх ёстой… яагаад гэвэл тэр надад дэндүү их өртэй учраас… Би түүний төлөө хэтэрхий ихийг золиослох чадалтай байсан учраас би нөхрийгөө хадгалж явах эрхгүй болсон байлаа.
Би ямар ч гэсэн хөдлөх хэрэгтэй. Яах вэ? Салая гэх үү? Тэр мэдээж хvлээж авахгүй… Түүнд хайргүй гэж хэлэх үү? Бүүр үнэмшихгүй…
Малгайгаа толгой дээрээ байлгаж тэсэхээ болиод авахад бяцхан бороон дуслууд духан дээр минь үнсэж, зөөлөн салхи үсийг минь илбэж байлаа… Би шийдэв… Ямар ч гэсэн зүрхэн дээрээс нэг юмыг аваад хаячих шиг болов.
Байшиндаа дөхөж очоод харвал Гэнри-гийн ажлын өрөөний гэрэл асаалттай харагдав. Би түүнд садаа болохгүйн тулд чимээгүйхэн гэртээ орж, түүний өрөөний хажуугаар өнгөрөхдөө зүрхийг минь зүссэн тэр нэгэн дууг сонсов… Чихэндээ итгээгүй би гэдэг хүн өрөөнийх нь хаалгаар харлаа… Гэнри ширээн дээрээ сууж толгойгоо базлан уйлж байлаа. Над руу харсан байсан нуруу нь гүн харуусалаар дүүрэн нулимсыг нь гүйцээж чичрэн байв. Би хаалганаас ухасхийн холдохдоо ухаан санаагаа алдчихсан мэт болсон байлаа. .. Гэнри уйлжээ…
"… Гэнри одоо үхэх гэж байсан ч түүнийгээ үзүүлэх эрх одоо түүнд байхгүй шдээ…"
Би өөрийнхөө юу хийх ёстойг сайн мэдэж байлаа. Тэр намайг өөрт нь хайргүй болсонд үнэмшихгүй тэхээр би түүнд ямар нэгэн аргаар үнэмшүүлэх л хэрэгтэй.
Би өрөө рүүгээ айдас хүйдэс, цөхрөл гунигаа дааж ядан орлоо. Өглөө нь харин сэрэхэд сэтгэл нэг л тайван… Тэр шөнө юуны тухай бодож хоносноо би энэ хорвоо дээр нэг ч амьд хүнд ярихгүй.
"Иринэ, Юу болоо вэ?" гэж Гэнри өглөө нүд рүү минь харангаа асуув.
"Юу ч болоогүй ээ!" гэж би хариуллаа. "Онцгvй зүүд зүүдлээд… гэхдээ одоо дуусчихсан учраас санаа зоволтгүй" гэж би хэллээ. Миний тэр үед бодож чадах ганцхан зүйл гэвэл би Гэнри-д өөрийнхөө худал хуурмаг гэдгийг үзүүлэх боломж олох тухай л байв. Түүнийг ямар ч эргэлзээгүй болгох хэрэгтэй… Тэр боломж яг тэр өдөр хүрч ирсэн юм…
Гадуур явж байгаад гэртээ буцаж ирэхдээ, Гэнри-гийн ажлын өрөөнөөс Клэйрийн дууг сонсов. Би гайхсангүй. Би хаалганд дөхөж очин түлхүүрний нүхээр нь тэднийг харж юу ярихыг нь тайвнаар сонсов. Сайхан шаргал хослол дээр тод ногоон алчуур тавьсан Клэйр-г би харсаан. Тэр үнэхээр дэндүү үзэсгэлэнтэй харагдаж байлаа.
Гэнри "Дахиад нэг удаа хэлье. Хатагтай Клэйр та манай гэрээс гарна уу! Би таныг харах ямар ч хүсэл алга. Та ойлгохгүй байна гэж үү?" гэх нь дуулдана.
"Yгүй би ойлгохгүй байна" гэж Клэйр чангаар хэлэв. Тэгснээ Гэнри рүү хөөрхөн нүдээ жижигхэн болгон хараад "Чи муу хулчгар новш" гэж удаахнаар хэллээ.
Гэнри Клэйрийг ширтэн хэсэг зогссоноо түүн рүү нэг алхам ойртов. Түүний цайж цонхийсон нүүрнээс нь ялгаран харагдах уруул нь хаалганы нүхээр харж буй надад хүртэл харагдахаар чичирч байлаа.
"Яв даа!" гэж тэр хачин хахирган дуугаар шивнэв. Тэгэхэд нь Клэйр нүдээ том болгон бүрэн нээхэд, түүний өөрөөсөө хүртэл нуух гэж ядсан хүслэн, омог бас асар эмзэг сэтгэл нь харагдаж байлаа.
"Гэнри…" гэж хэлэхэд түүний хоолой нь яагаад ч юм бие шигээ үзэсгэлэнтэй сонсогдоно.
"Хатагтай Клэйр…" гэж Гэнри арай ядан хэлээд хойш ухрав.
Клэйр түүн рүү дөхөнгөө "Гэнри… Чи ингэж 2 биенээ зовоох ямар хэрэг байгаа юм бэ?… Би чамд хайртай… Чамтай л байхыг хүсч байна" гэж хэлж байна. Гэнри үг ч дуугарах сөхөөгүй байхыг харсан Клэйр дуугаа өндөрсгөн муухан инээмсэглэж "Чи надад хайртай гэдгийг бид 2 2уулаа сайнаас сайн мэдэж байгаа шдээ. Чи арай үгүй гэхгүй биз дээ?" гэж хэлэв.
Гэнригийн нүдэнд зовлон тарчлал илээс ил харагдаж байхыг нь би удаан харж тэсэмгvй байлаа. тэр ч үүнийгээ мэдээд нүдээ гараараа таглав.
"Чи энд яах гэж ирсэн юм бэ???"
"Яагаад гэвэл би чамд хайртай… чамтай хамт байхыг юунаас ч илүү хүсч байна." гэж Клэйр хэлээд Гэнригийн мөрөн дээр нь гараа тавьж "Надад чи хайртай биз дээ" гэж шивнэн асуув.
"Тиймээ… тийм… тиймээ!" гэж Гэнри чангаар хэлээд Клэйрийг галзуурсан мэт татан ойртуулж уруул дээр нь озон озон үнслээ. Би гайхсангүй. Надад бүх юм урьд нь болж байсан юм шиг л санагдав. Харин Гэнрийг өөр бүсгүй үнсэхийг харах… хэцvv байсан учраас би нүдээ аньсан… Тэгээд л болоо…
"Ингэж хэлэхийг чинь ямар их хүлээв ээ, би!" гэж Клэйр эцэст нь хэлээд Гэнрийг чангаар тэврэв. Магадгүй хүсч байснаасаа ч чангаар тэвэрсэн байх. гэтэл Гэнри гэнэт Клэйрийг шийдэмгийгээр түлхээд…
"Чи бид хоёр дахиж уулзаж болохгүй…" гэж хатуухан өнгөөр хэлэв.
"Yгүй дээ… хонгор минь чи бид 2 өнөө орой уулзана…Орой 9 цагт би чамайг Холтос-т хүлээж байя."
"Би ирэхгүй ээ!"
"Чи мэдээж ирнэ."
"яасан ч үгүй… хэзээ ч…"
"Чамаас гуйж байна шдээ Гэнри… есөн цагт!" гэж Клэйр хэлээд өрөөнөөс гарч явлаа. Би дөнгөж л хөшигний ардуур орж амжив. Клэйрийг явсаны дараа би Гэнригийн өрөө рүү шагайвал Гэнри сандал дээрээ толгойгоо базлан сул ойчсон байдалтай харагдана. Yсээ зогсоо зайгүй зулгаан байгаа хуруунуудаас нь би Гэнрийг хичнээн их зовж байгааг харж байлаа…
Ингээд надад боломж гарч ирлээ… Одоо л хөдлөх хэрэгтэй..
Би өрөөндөө очиж малгай,цуваа тайвнаар тайлав. Би өрөөнөөсөө гарч шатаар уруудан Гэнри рүү явах гэж байснаа гэнэт зогтусав. "Чи мэдэж байна уу?хэнийг алдах гэж байгаагаа мэдэж байна уу, Иринэ?" гэж би өөртөө хэлээд гүн амьсгаа авлаа…
Ширээн дээр минь Гэнригийн нэг зураг байдаг байсан юм… Түүний хамгийн сайхан гарсан зураг… Харин ард талд нь "Хайрт Иринэдээ. Гэнри. Yүрд мөнх" гэж бичсэн байдаг байлаа. Би зурганд хүрч очоод, газар өвдөглөн сууж түүнийхээ зургийг удаан гэгч нь ширтэж залбирсан. Түүндээ мөргөсөн…"Гэнри… Гэнри…" гэж би шивнэхээс өөрийг хэлэх чадал надад үнэндээ байсангүй. Надад төлөвлөсөн бүхнийг хийх хүч чадал хайрлаач гэж би түүнээс гуйж билээ.
Хэсэг хугацааны дараа би босч доод давхар луу явав.
"Гэнри. Надад Хатагтай Кован захиа хүргүүлсэн байна. Өвдсөн гэнээ. Би оччихоод ирье." гэж түүний өрөөнд орж хэлчихээд гарлаа. Хатагтай Кован гэдэг нь миний бүүр дээрний нэг танил, манай хотоос 4 цагийн зайд амьдардаг бүсгүй. Би хааяахан очиж хуучилдаг байсан юм.
"Би чамайг явуулмааргүй байна. Чи бүүр цонхийгоод ядарчихаж… амрах хэрэгтэй" гэж Гэнри ер юу ч болоогүй юм шиг духан дээр минь гараа зөөлхөн тавьж хэлэв.
"Миний бие маш сайн байна. Би явчихаад маргааш өглөө хүрээд ирнэ."
Би өрөөндөө утастай байсан учраас Гэнри миний ярихыг сонсож чадахгүй байх байв. Долоон цагийн үед би Гералд Грэй руу залгаж товч бөгөөд тодорхойгоор "Та 8.30д Холтосд хүрээд ирэхгүй юу?" гэж хэлсэн юм.
"Ю… Юу гэнээ? Ох, Хатагтай Стаффорд!" гэж гэнэтийн бэлэгт баярласан тэрээр барьц алдан сандран хэлж байна. Би ч олон долоон юм ярьсангүй утсаа тавилаа… Миний төлөвлөгөө маш хялбар. Гэнри 9 цагт Холтос-д Клэйр-тэй уулзахааар ирнэ. Тэгээд Грэй бид хоёрыг харна. Би шөнөжөнгөө байхгүй байна гэж хэлсэн болохоор тэр хараад уурлана. Тэгээд л тэр.
Би тайвнаар хувцаслаж эхлэв. Би маш нямбай сайхан хувцаслахыг бодож хамаг тавгүй бодлоо гээхийг хүсч байлаа. Гялалзсан жижигхэн хиймэл чулуунуудтай, мөнгөлөг өнгөтэй даавуун даашинзаа өмсөж, нүүрээ будав. Би хөөрхөн харагдахыг хүсч байлаа: гэхдээ тэгэхийн тулд маш их будаг шунх хэрэглэх хэрэг гарч билээ. Ингээд сууж байтал гэнэт толгойд минь "хэрвээ Гэнри Холтосд ирэхгүй бол яах вэ? Тэр "Яасан ч үгүй гэж их л шийдэмгий хэлсэн шүү дээ. Тэр Клэйрийг эсэргүүцэж дөнгөх тийм их сэтгэлийн тэнхээтэй байвал яахав…" гэсэн бодол зурсхийн орж ирэв.
Энэхүү гэгээн бодолд цочсондоо би гартаа барьж байсан энгэсэгний шаазан хайрцагаа газар алдаад хагалчихав. "Хэрвээ.. хэрвээ тэр ирэхгүй бол, тэр Клэйрт тийм ч их хайртай биш гэсэн үг. Тэгвэл би гэр лүүгээ хамаг эрчээрээ гүйж ирээд түүнийгээ тэврэн хамаг үнэнээ уйлан байж хэлнэ дээ." Ингэж бодоход өчигдөрөөс хойш хуурай байсан нүд маань том том дуслуудаар дүүрч зарим нь хацар даган урсав. Гайхалтай хэрэг шүү… Хүн итгэлээ алдаж, цөхрөнгөө барсан үед итгэл найдвар өчүүхэн төдий сүүмэлзэхэд сэтгэл хамгийн хэцүүгээр зовдог юм билээ.
Би тайван байхыг хичээж хувцасаа өмсөж эхлэв. гар минь учиргүй чичирч байсан учраас хувцасаа өмсөх гэдэг амаргүй даваа байлаа. Хувцаслаж дуусчихаад аялалын том цуваа нөмөрч үдшийнхээ даашинзыг нуув. Гарч явахад минь Гэнри өрөөнөөсөө гарч ирэн цувны маань захыг чанга гэгч нь товчилж өгөөд, "Анхааралтай яваарай! Битгий хамаагүй ядарчихаарай, Иринэ минь"
гэж хэлж билээ.
"Санаа зоволтгүй Гэнри. Би зүгээр…" гээд би түүнийгээ үнссэн. хамгийн сүүлчийн удаа…
Ингээд л би гарч явсан… Харанхуй гудамжаар ганцаараа алхаж явахад хүйтэн салхи цувны минь доогуур гулгаж нүцгэн мөрөнд минь хүрч байсаан… Зөөлхөн даавуу хөлийг маань илбэхэд би толгой дээгүүр,эгц алхах гэж байдгаараа хичээж байсан юм.
Холтос гэдэг нь манай хотын хамгийн том шөнийн клуб байлаа. Нэг их муу нэртэй газар биш байсан ч гэсэн яагаад ч юм хүүхнүүд нэг бол нөхөртэйгээ ирдэг эсвэл бүүр ирдэггүй байсан юм…
Би ХОЛТОС хэмээх нэрийг бүтээсэн том том гэрэлт үсэгнүүдийг харав. Хэтэрхий их гэрэл нь бараг л нүд өвтгөмөөр санагдаж байж билээ. Yүдээр нь орж дээд давхарт гарав. Зөөлөн хивсэнцэр дээр нь хүн өөрөө өөрийнхөө хөлийн чимээг сонсох ч янзгүй. Хэтэрхий гял цал болсон үйлчлэгчдийнх нь гялгар хувцаснууд нь алмаз эрдэнэ шиг хуурамчаар гялалзана. Төв танхимд нь орж ирэв үү үгүй юү жазз хөгжмийн хурц аялгуу толгой дотор минь шургаад орчих шиг л болов. Том том гэрэл үүсгүүрүүд… цагаан ширээнүүд… хар костюм… нүцгэн мөр… гялалзсан шил… торгон хэрэглэл… алмаз чулуу…
Ноён Грэй намайг хүлээж байлаа. Тэр яг л дээд зэрэглэлийн эрэгтэйчүүдийн сэтгүүл дээр гардаг гял цал зураг шиг өнгөлөг харагдаж байв. Мэдээж хүнтэй харьцаж сурсан эр гэсэндээ сэтгэл хөдлөл юм уу гайхсан ямар ч шинж тэмдэг үзүүлсэнгүй, эелдэг бөгөөд хүндэтгэлтэйгээр инээмсэглэсээр. Би ширээ сонгохдоо үүдээр орж гарч байгаа хүмүүсийг харж болох газрыг бодолцож сонгов. Ширээн дээр очоод үүд ширтэж суухад бүх юмсыг бүдэгхэн үүлэн хөшиг бүрхсэн мэт санагдаж байсан юм. Бүх юмс манаран тунарч байхад ганцхан цэнгээний газрын хаалга л томруулдаг шилээр харж байгаа мэт тодоос тод харагдана. Одоо хүртэл.
Миний санаж байгаагаар Ноён грэй нэг юмны тухай л яриад байсан. Би бас ярьсан. Тэр инээмсэглээд л. Би бас инээмсэглэсэн байх. Хаалганы яг дээд талд нь том цаг байсан юм. Намайг Холтос-д хүрч ирэхэд цаг 8.30 болж байсан. Би тэр цагийг ширтэж цаг аажуухнаар явсаар байсан. Хэрвээ яг тэр үед хэн нэг нь миний сэтгэл рүү өнгийсөн бол том цагаан дугираг 2 зүүнээс өөр юүг ч олж харахгүй байсан байх даа.
Яг 9 цагт, хормыг заагч зүү 12 тоог шүргэв үү үгүй юу том шилэн хаалга онгойв. Яг л миний хvлээж байснаар. Гэхдээ орж ирсэн хүн нь Гэнри биш Клэйр байлаа. Тэр ганцаараа орж ирэв. Цул хар өнгөтэй сатин даашинз нь түүний биеийг зөөлнөөр ороожээ… толгой дээрээ тавьсан гоёмсог алмазан зүүлт нь гялалзаж, сайхан мөрөн дээгүүр нь гялалзах чулуунууд гүйх нь дуу алдмаар үзэсгэлэнтэй… Клэйр орж ирмэгцээ тээнгэлзэж танхимыг тэр чигт нь гүйлгэн харав. Гэнриг ирээгүйг мэдмэгцээ уруул нь уураа дааж ядсан бололтой чичирч байна. Гэвч яая гэхэв тэр танхимыг туулаад нэг ширээнд очиж суув. Түүний суусан ширээ нь миний байрлалаас сайн харагдаж байлаа.
9.15… Том шилэн хаалга онгойх нь улам л олширч костюмтай залуус эрчүүд, үслэг эдлэл даашинз болсон хүүхнүүд чимээгүйхэн орж ирж шуугилдах олонтой нийлж байв. Би хаалганы өмнө дэвссэн зөөлөн хивсэн дээгүүр эцэсгүй мэт урсах ширэн гутал, мөнгөлөг шаахайнуудын урсгалыг ширтэж суулаа. Ядаж байхад ямар олон хүн орж гарсан гэж бодноо тэр хаалгаар. Хаалга нээгдэхийг сонсох бүрт минь хүйтэн айдас нуруу руу минь шургаж өвдөг рүү маань урсаж байлаа. Гэвч би хаалга руу харалгүй нэг ч хором сууж чадаагүй юм. "Болгоомжтой, Хатагтай Стаффорд" гэж Грэйн хэлэх нь зүүд зэрэглээ шиг хол сонсогдов. Учир нь би барьж байсан усаа даашинз руугаа асгачихаж. Би гэхдээ тоосон ч үгүй аяган дах мөснөөс нэгийг авч ам руугаа хийлээ. Грэй над руу гайхал дүүрсэн нүдээр харж байсан юм. 9.25. Өвдөг маань гэм хийсэн хүнийх шиг чичирч байв. Хэтэрхий их чичирснээс болоод дахиж хэзээ ч алхаж чадахгүй болчихмоор юм шиг санагдаж байж билээ, тэр үед. Би нууцхан Клэйр рүү харав. тэр бас л хүлээсээр байлаа. Түүний нүд нь бас л хаалган дээр хадаастай. Ширээн дээр байсан цэцгийн дэлбээг тасдан хаях нь түүнийг хичнээн их санаа зовж байгааг харуулж байлаа.
9.30. Би тэвдэж байсандаа тэр юм уу, эсвэл тэнд байсан жазз хөгжим тэгж хүнд дуулдаж байсан уу толгой руу маань хүнд зүйлээр зогсоо зайгүй нүдэж байгаа юм шиг санагдаж байв. Бүгчимдэж, бачимдсан сэтгэл минь агаар муу танхимын аяыг даалгүй боочихмоор санагдаж би хүйтэн гараараа хоолойгоо барьж суулаа.
9.45-д тэр ирсэн юм. Хаалга нээгдэж, тэр орж ирэв. Яг л тэр хоромд Гэнри агаарт өлгөгдчихсөн юм шиг санагдаж байлаа. эргэн тойронд юу ч байхгүй юм шиг… Би хаалгыг харж байсан боловч яг урд нь зогсож байгаа Гэнриг л харж чадахгүй байлаа. Тэр харанхуй нүх мэт надад харагдаж байв. Дараагийн хоромд нь би юүг ч сонсоогүй юм. Чих минь таг дүлий болсон мэт чив чимээгүй намайг нэг хором бүрхэв.
Энэ мөчид би арай гэж сэхээ аван Грэй-д "жаахан хөгжилдөе л дөө" гэж хэлэв. Би түүний хүзүүгээр нь тэвэрч, мөрөнд нь нүүрээ наагаад костюмных нь захыг чангаар хазав. Тэр үед би ганц л юм өөртөө хэлж байсан нь "Иринэ хэтэрхий чанга хашхирч болохгүй"…
Грэй хаалга руу биш над руу харж сууж байсан болохоор Гэнри-г орж ирэхийг харсангүй, учрыг ч ойлгосонгүй гайхаж дууссан нүдээр над руу харж суув. Гэхдээ жинхэнэ эр хүний зангаар тэр өөртөө итгэлтэй загнаж үсэнд маань гараа хүргэхийг хүртэл оролдож байлаа.
Би толгойгоо түүн рүү харж байсан ч нүүрэндээ ямар ч хувирал гаргахгүйг хичээж байсан юм. Гэхдээ нүд маань бүхнээ нууж дөнгөсөнгүй бололтой… Грэй миний нүд рүү хараад бараг л дуу алдах дөхөж байгаа нь илт. Би салга хүн шиг гартаа барьсан жүнзээ чичрvvлэн байж "Грэй, дарс хаана байнаа. Би дарс уумаар байна. яагаад энд дарс байхгүй байгаа юм" гэж хашгичив. Намайг уурлуулаад дэмийг ойлгосон Грэй үйлчлэгчийг дуудаж чихэнд нь нэг зүйл шивнэхэд үйлчлэгч инээмсэглэчихээд яваад өглөө.
Би энэ бүхний хажуугаар Гэнриг ажигласаар байлаа. тэр Клэйр дээр хүрч очив. Клэйр хэтэрхий их баяраар дүүрч байгаа бололтой сандал дээрээсээ үсрэн бууж жаргалтайгаар инээмсэглэсэн. Тэр Гэнри-г ирэхгүй нь гэж сандарч байсан бололтой түүнийг хоцорсон тухай нэг ч үг хэлсэнгүй. Харин Гэнри цонхийж цайсан ноцтой царайгаа нууж чадалгүй зогсоно. Тэр хоцорсон нь надад бүгдийг урьдынхаас ч тодоор хэлж өгч байлаа. Гэнри ирэхгүй байх гэж их тэмцжээ… Yнэхээр их… Гэвч тэр тэссэнгүй юм байж… Гэнри Клэйрийн ширээнд очиж суув. Түүний нүдэнд унтрашгүй их баярын оч гялалзаж, инээмсэглэнэ… Ямар үзэсгэлэнтэй сайхан харагдаж байснаа тэр хэзээ ч мэдэхгүй ээ…
Зөөгч надад дарс авчирч өгөв. Бүүр 2 шилийг. Грэй нэг шилийг нь авч шилэн аяганд цутгах гэсэн боловч би Грэй-ийн гараас дарсыг нь булаан авч өмнөө байсан шилэн аяганд хийхдээ цvл пал хийлгэн асгаж даашинзан дээрээ хүртэл цутгачихав. Тэгээд нөгөө дүүрэн аягаа авч газар унагалаа. Шил хагарах чанга дуутай нийлүүлэн би чангаар инээж эхэллээ.
Грэй бүүр амаа ангайчихсан зогсож харагдана. "Инээ. чангаар хөхрөн инээ" гэж би Грэйд тулган хэлэв. Бидний ойр сууж байсан хүмүүс хэн тэр бүдүүлэг дуу гаргаад байгааг сонирхон эргэн эргэн харсаар байлаа. Яг л миний хүссэнээр.
Би үсээ задлан сэгсийлгэж, бүүр сүүлдээ шилтэй дарсыг газар чулуудлаа. Хамаг чангаараа инээж "Ох Грэй минь"гэснээ энэ маань хангалттай санагдсангүй сандалаасаа босч Грэй-н өвөр дээр нь сууж тэврэн үнсэж буй мэтээр нүүрээ нүүрэн дээр нь наалаа. Ингэхдээ нь хажуудаа байсан хиймэл ханыг түлхэн унагав. Бүхэл танхим тэр чигээрээ эргэн харахад би ичиж буй царай гарган босох тэр агшинд Гэнритэй нүүр туллаа. Би над руу харж байсан түүний нүдийг хэзээ ч мартахгүй… Бид 2 чимээгүй байлаа. "Иринэ… Иринэ" гэж тэр итгэж ядан шивнэж байв.
Би айж ичиж байгаа хүний дүрийг гаргах гэж хичээж байснаа толгойгоо өргөн огт тоогоогүй царай гаргаж "Тэгээд?" гэж хэллээ. Гэнри хойшоо ухрав. Тэгээд чичирсэн. Тэр нүдэндээ итгэхгүй байгаа бололтой хэсэг дарж байснаа "Би чамд саад болохгүй ээ!" гэж хэлээд Клэйр рүү яваад өгөв. "Өөр газар луу явъя Клэйр" гэж тэр Клэйр-т хэлж байна. Клэйр ч босч тэр 2 гараад явчихав. Би тэр 2ыг шилэн хаалгаар харагдахгүй болтол нь дагуулан харж билээ… Тэгээд л бүх юм дууссан…
Би тэднийг явсны дараа асар тайван болж билээ. Би Грэй рүү эргэхэд тэр миний унагасан хиймэл ханыг босгож тавьж байлаа. Тэгээд "Хатагтай Стаффорд, битгий өөрийгөө зэмлэ дээ. Энэ нь ч дээр байсан биз." гэж хэлсэн.
"Тийм ээ, Грэй, ингэсэн нь ч дээр байсан юм" гэж би чимээгүйхэн хэлсэн.
Бид 2 буцаж ширээндээ суун, чимээгүйхнээр хоолоо идэж дуусгалаа. Миний бүх ухаан санаа тогтуун тайван байлаа. Би инээмсэглэн ярьж хажуугаар нь зөөлхөн сээтэгнэж байсан тул Грэй нөгөө ичгэвтэр явдалын тухай нэг их санаа зовж байгаа янзгүй сууна. 10.30-ын үед би түүнийг гэрт маань хүргэж өгөхийг хүслээ. Тэр ингэж түргэн салах болсондоо сэтгэл дундуур байгаа нь илт боловч юм хэлсэнгүй эелдэгээр машиндаа суулган намайг гэрт маань хүргэж ирлээ. "2уулаа удахгүй дахиж уулзана биз дээ?" гэж гэрийн үүдэнд ирчихээд гарыг маань атган байж асуув. "Тэгэлгүй яахав. Тун удахгүй… ойр ойрхон уулзах болно." гэж намайг хариулахаад Грэй баяр хөөрөөр дүүрч яваад өгөв.
… Би гэртээ орж ирлээ. Хичнээн ч удсан юм бүү мэд ямар ч гэсэн би хөдлөлгүй удаан зогсов… Бүх юм нэгэнт ард хоцорчээ.
Би Гэнри-н ажлын өрөөнд нь орлоо. Газар хэвтэх хэдэн цаасыг авч ширээн дээр , өрөөний голд тавьсан сандалыг байранд нь тавив. Буйдан дээрхи дэрнүүдийг засч дараа нь Гэнри-н ширээн дээрх зураг төсөл гэх мэт зүйлсийг янзлав. Түүний шугам, гортиг, бусад хэрэглэл нь газраар нэг тарж. Би тэр бүгдийг нь ширээн дээр нь тавиад зууханд гал асаалаа. ингэж хамгийн сүүлчийн удаа гэртээ эхнэр шиг байлаа би.
Үргэлжлэл бий …