-Намуун аа, уран бүтээлийн сонин сайхан юу байна?
-Манай театр ирэх сарын 20-ноос шинэ шоу драмаа эхэлнэ. Үүнийхээ бэлтгэлд явж байна. Мөн инээдмийн баярыг тохиолдуулан тоглож буй хошин урлагийнхны нэгдсэн тоглолт өнөөдөр болно. Энэ тоглолтод театраараа оролцоно. Хувь уран бүтээлчийн зүгээс гэвэл “Цахлай нисэх гэж төрдөг” кинонд оролцон тоглож байна. UBS телевизийн “Содура” кинонд жүжигчин Баатархүү ахтай гэр бүлийн хүмүүс болдог дүр бүтээж байна. Найруулагч Н.Наранбаатарын нэг кино удахгүй эхэлнэ. Тэнд оролцоно. Театр маань дэлгэцийн уран бүтээлд энэ зунаас орно. Бэлтгэл ажил эхэлсэн.
-“Мөрөөдлийн театр"-ынхаа тухай яриач?
-Жүжигчний мэргэжлээр дөрвөн жил сураад театртаа шууд орсон болохоор заалгасан хичээлээ бататгах боломж өндөр байсан. Шоу драм төрөлд суралцаж байна. Хамтлагийнхаа ах, эгч нарын заавар зөвлөгөөг сайн сонсдог. Манайхан хорин хэдүүлээ. Өөрийн гараа болоогүй бол бусдынхаа хувцсыг янзална. Би жүжигчин жүжиглэх л ёстой гээд суудаггүй. Бүх ажилдаа гар бие оролцдог. Манайхан сайхан хамт олон.
-Жүжигчдийг хошин төрөл рүү ороход шүүмжлэл их байдаг. Сонгодог жүжгүүдэд өөрийгөө сорихгүй гэдэг ч юм уу…?
-Одоохондоо надад ийм асуудал тулгараагүй явна. Манайхан инээдмийн жүжгийн зохиол дээр ажилладаг болохоор мэргэжлийн ур чадвараа хөгжүүлж яваа л гэж боддог. Зохиолтой сайн ажилладаг. Гэхдээ үзэгчдийн маань хүсэн хүлээдэг зүйл бол нэг удаад олон үзүүлбэр үзэхийг хүсдэг. Тийм учраас “Гээсэн хайраа аваарай” жүжиг дээрээ хоёр номер нэмж оруулсан.
-Жүжигчин Дөлгөөн хөл хүнд болж Э.Намуунд боломж гарсан гэдэг. Үүнтэй санал нийлэх үү?
-Боломж гарах нь ч юу юм бэ. Эх хүн болно гэдэг эмэгтэй хүний жам. Хамт олон нэг нэгнээ орлож нөхөж ажиллах ёстой. Тэр зарчмаар л явж байна. Тэрнээс биш Дөлгөөн хөл хүнд болж надад боломж олдлоо гээд баярлаж хөөрөөд байсангүй ээ.
-Маш том боломж надад олгосон. Сэтгэхүйн талдаа, үзэгчдээ жүжгэндээ оруулдаг их сонин жүжиг байсан. Х ТҮЦ хамтлагийнхантайгаа тоглосон. Би маш их хичээсэн. Тэр дүрийг чадан ядан бүтээсэн байх гэж боддог. Хэдий тийм ч би энэ жүжигт тоглосноор асар их зүйлийг мэдэрч бас сурсан.
– Та “To be or not to be” реалити шоуны содон оролцогчийн нэг болж чадсан. Тэр үеэ эргээд дурсахгүй юу?
-Өөрийгөө сорьж үзэх нь эхний зорилго. Нөгөө талаас манайд жилд жүжигчний мэргэжлээр маш олон хүн төгсдөг болохоор ажлын байр олдох завшаан их ховор. Тэр үүднээсээ бусдад өөрийгөө харуулах зорилго байсан. Азаар тэр үед хамтлагийн маань ах нар хөтлөгч хийж таараад надад санал тавьсан.
-Өөр боломж гарсан уу?
-Хайгаагүй. Би “Мөрөөдлийн театр”-т орчих юмсан гэж дотроо боддог байсан. Энэ хүсэл маань биелсэн. Ажилдаа сэтгэл хангалуун байдаг болохоор өөр ажил хайгаагүй.
-Шоуны үед шүүгчид миний охин сайн хүнтэй суугаарай, сайхан авьяасыг зэврүүлэхгүй дэмжих хүнийг сонгоорой гэж байсан. Тэр үед юу бодогдсон бэ?
-Тэгэхэд би гэр бүлтэй, хоёр хүүхэдтэй болчихсон байсан. Шүүгчийг тэгж хэлэхэд би тийм хүнээ олсноо мэдэрсэн.
-Театраасаа тогтмол цалин авдаг уу?
-Сар бүрийн тогтмол цалин гэж байхгүй. Тоглолт хийсэн үед ашгаасаа авна.
-Нийгмийн даатгал төлдөггүй юу?
-Саяхан шинэ орсон болохоор нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй байгаа. Ээж, аав хоёр хувиараа төлөөд яв гэдэг. Залуу хүний хувьд байр машины зээл авъя гэхэд нийгмийн даатгалд хамрагдах ёстой. Удахгүй төлж эхэлнэ ээ.
– Дахин сурах уу?
-Бизнесийн удирдлагаар сурах төлөвлөгөө бий. Одоохондоо хоёр хүүхэд маань жаахан байна.
-Нэг ярилцлагадаа гурав дахь хүүхдэдээ тийм нэр өгнө гэж ярьсан байсан. Туршлагатай сайн ээж болж байна уу?
-Хоёр хүүхэд маань намайг хүмүүжүүлж байна. Би хүүхэд төрүүлээд цагийн үнэ цэнэ, амьдралын утга учир, үүрэг хариуцлага гээд бүгдийг ойлгосон. Надад одоо таван минут ч үнэтэй санагддаг болсон.
-Арын алба сайн байх нь. Тийм ээ?
-Хоёр талын маань аав, ээж маш сайхан хүмүүс бий. Бид хоёрыг ажил хийх боломжоор бүрэн хангаж өгдөг. Аль боломжтой нь хүүхдүүдийг маань хардаг.
-Үеийнхээ хамгийн хүчтэй өрсөлдөгчийн тухай яривал хэний тухай ярих бол?
-Залуу жүжигчид өөр өөр газар харьяалагдан ажиллаж байгаа болохоор хүчтэй өрсөлдөөн гэх зүйл байхгүй л дээ. Драмын театр энэ тэр гээд олон уран бүтээлчтэй газар байдаг л байх. Би жүжигчин Ганчимэг эгчийн тоглолтыг их үздэг.
-Ажлынхаа үр шимийг хүртэж, хамгийн их орлого хэзээ олсон бэ?
-Нэг киноны гол дүрд таван саяын гэрээ хийсэн. Ёстой ангайсан ш тээ. 25 ангитай кино. Энэ хавар зураг авалт эхэлнэ.
-Өөр уран бүтээлд оролцох боломж хэр байдаг вэ?
-Хамгийн нэгдүгээрт театрын ажил. Цаг заваараа өөр бүтээлд оролцохыг зөвшөөрдөг. Орлогоо бодсон ч, юм сурахаа бодсон ч гээд манай ах нар боломж олгодог. Гэхдээ ажлаа таслаж болохгүй.
-Хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлж байна?
-Ээж надад хүүхдүүдээ ингэж өсгө гээд зөвлөдөг. Хүүхдийн хүмүүжлийн тухай ном авч өгнө. Ер нь бол амар ажил биш юм билээ.
-Хэр сайн менежер эзэгтэй вэ?
-Би бүр тийм нарийн сайн тооцоотой менежер биш ээ. Хайнга талдаа байж магадгүй шүү. Гэхдээ бүр нэг тийм муу ч биш. Худалдааны компани байгуулсан жижиг дэлгүүрүүдэд бараа нийлүүлдэг. Ер нь хоёулаа боломж бүхнийг хайдаг даа.
-Эрчүүдийн хандлага эмэгтэй уран бүтээлчдийн гэр бүлд проблем үүсгэдэг. Үүнд хэрхэн ханддаг вэ?
-Мэдээж иймэрхүү асуудал хэнд ч тохиолдож болно. Гэхдээ хаана, хэнтэй яаж харьцах вэ гэдгээс их шалтгаална. Хүмүүжил үзэл бодол нөлөөлнө. Гэр бүл дотор бие биедээ итгэх итгэл чухал. Нуулгүй хэлдэг, нөгөө нь ойлгодог байх хэрэгтэй гэж боддог. Манай гэр бүлд ийм асуудал гараад байдаггүй.
-Гоо сайхны хагалгаанд хэрхэн ханддаг вэ?
-Дэмждэг. Үнэхээр шаардлагатай бол хийлгэх хэрэгтэй. Ялангуяа дэлгэцийн ажилтай хүмүүст их чухал.
-Чи хийлгэж байсан уу?
-Одоохондоо үгүй.
-Төлөвлөгөө байна уу?
-Байгаа, байгаа. Мөнгөтэй болвол бодсон юм их байна.
-Бид “Инээдмийн баяр”-ын өдөр уулзаж байна. Уншигчдадаа хандаад юу хэлэх вэ?
-Өнөө орой хошин урлагийнхны нэгдсэн тоглолтдоо оролцоно. Уншигчдадаа инээдмийн баярын мэнд хүргэе. Инээд бол эрүүлжүүлэх, залуужуулах, стресс тайлах эм юм.
-Ярилцсанд баярлалаа.