Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулах “Алтан хуур-2014” наадам энэ сарын 22-нд Монгол бөхийн өргөөнөө зохион байгуулагдах билээ. Тус наадам нь 12 номинацид нийтийн дууны урлагийнхны шилдгийн шилдгүүдийг тодруулах юм. Ингээд наадмыг чин сэтгэлээсээ талархан дэмжиж буй эрхэм хүмүүсийн сэтгэгдлийг хүргэж байна.
МУГЖ Ц.Эрдэнэбат: “Алтан хуур-2014” наадам бол нийтийн дуугаар овоглосон энэ олон уран бүтээлчдийн шилдгүүдийг тодруулсан, урамшуулсан, алдаршуулсан гайхалтай арга хэмжээ болж буй юм. Миний хувьд уран бүтээлч, дуучин хүнийхээ хувьд тус наадмыг чинь сэтгэлээсээ дэмжиж байгаа. Үнэхээр бидэнд үгүйлэгдэж, дутагдаж байсан үйл ажиллагаа бол хийж бүтээж, туурвиж яваагаа тодруулж, алдаршуулан, тунхаглах явдал байсан юм.
Тиймээс уран бүтээлчид, тэр дундаа залуучууд маань энэ наадмыг чинь сэтгэлээсээ дэмжиж, талархан оролцож энэ хийж бүтээх гэж хичээж яваа зохион байгуулагч залуучуудад урам хайрлаж, дэм болж сайхан идэвхитэй оролцох хэрэгтэй, тэгэх ч байх гэж бодож байна. Учир нь бидэнд зориулж, биднийг алдаршуулах гэж энэ наадам зохион байгуулагдаж байгаа болохоор өндөр ач холбогдол өгч оролцох хэрэгтэй юм.
МУГЖ Ц.Төвшинтөгс: Монголчууд бид бүгдээрээ дуучин, үнэхээр хүн бүрийн хэлж яриад байгаа нийтийн дуу гэдэг чинь бид бүгдийн язгуур, үндэс юм. Тиймээс түмэн олны эв нэгдэлийн илэрхийлэл болж, уран бүтээлч биднийг нэг дор цуглуулж энэ гайхалтай арга хэмжээг зохион байгуулж буй зохион байгуулах коммисын гишүүдэд гүн талархал илэрхийлье. Тэгээд энэ нийтийн дууны урлагийн хөгжлийн төлөө бүтээн туурвиж, ажиллаж хөдөлмөрлөж яваа бүх уран бүтээлчдийг нэгтгэж байгаа “Алтан хуур-2014” наадамдаа түмэн олныгоо урин залж байна.
МУГЖ Г.Батбаяр: Монголын нийтийн дууны урлагийг дэлхий дахинд гаргаж, олон улсад бидний дууг эгшиглүүлэх энэ гэгээн, холын хараатай зохион байгуулагдаж буй “Алтан хуур-2014” наадмын зохион байгуулагч залуучууддаа чинь сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна.
Бидний хөгжлийн үе ирж байгаа энэ цаг үеэд энэ наадам зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлог бөгөөд нийтийн дууны урлагийнхныг бусад урлагийнхантай ижил түвшинд байлгах гэж энэ улаан хивсний ёслол, шагнал гардуулах ажиллагааг зохион байгуулж байгаад нь талархаж байна.
МУУГЗ Б.Бямбабаяр: “Алтан хуур” наадмыг зохион байгуулагдаж байгаад үнэхээр талархалтай байна. Харин уран бүтээлчид болоод үзэгч, сонсогчид маань энэ наадмыг “Морин хуур” наадамтай андуураад байж магадгүй юм. Тэгвэл энэ хоёр наадам хоёр өөр юм. Тодруулбал “Морин хуур” наадам бол шилдэг хөгжмийн бүтээлийг, шилдэг дууг тодруулдаг. Харин “Алтан хуур” наадам бол шилдэг дуучин, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг яруу найрагч гээд бүгдийг нь шалгаруулж, тодруулдагаараа онцлог. Тиймээс энэ наадамдаа уран бүтээлчид болоод үзэгч түмнийгээ идэвхитэй оролцохыг урьж байна.
МУУГЗ Ч.Ганхуяг: Монголын театрын урлагийнхан “Гэгээн муза” наадмаараа нэгдэж, Рок попынхон Пентотоникоороо чуулж, Хошин урлагийнхан дөрөвдүгээр сарын 1-нд нэгдэж баяраа тэмдэглэж, шилдгүүдээ тодруулж байгаа энэ цаг үеэд нийтийн дууны урлагийнхан нэгдэж, чуулж өрсөлдөж шилдгийн шилдгүүдээ тодруулж, алдаршуулж байгаа энэ явдалд бахдалтай байна.
“Алтан хуур-2014” наадмын зохион байгуулагчид бид энэ наадмыг мэргэжлийн өндөр түвшинд хийхээр маш олон сар, өдөр төлөвлөж, бэлтгэн ажиллаж байна. Үнэхээр нийтийн урлагийн наадмыг нийт түмэн олных нь санаа бололд нийцүүлж, гайхагдахаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингээд нийтийн дууны урлагийнхандаа амжилт хүсье.
МУСГЗ Ж.Батбаяр: Нийтийн дуучдын шилдгүүдийг шалгаруулах энэ ажил бол үнэхээр амаргүй даваа байдаг юм байна. Учир нь үнэхээр өрсөлдөөн ихтэй, олон гайхалтай авъяаслаг уран бүтээлчид байгаа болохоор хүндхэн байна. Гэхдээ энэ наадамд тусгай шүүгчдийн бүрэлдэхүүн ажиллаж байгаа болохоор сэтгэл амар байна. Харин зохион байгуулалтын ажлууд бол нилээдгүй цаг зав, ур ухаан хөдөлмөр шаардагдаж байгаа гэдгийг хэлмээр байна.
Бид бүхэн түмэн олондоо сайхан наадам үзүүлэхийг зорьж хичээнгүйлэн ажиллаж байгаа болохоор үзэг түмнийгээ болон уран бүтээлчдийгээ урьж байна.
МУСТА Ц.Ерөө: Монголын дуучид бол бурханаас заяасан гайхалтай хүч чадалтай, техниктэй, сонсоглонтой байдаг. Тэр дундаа нийтийн дуу гэдэг бол хүн болгоны сэтгэлийн нандин утсыг хөндөж бүх л сэдвийг агуулан эгшиглэдэг үнэхээр гайхалтай урлагийн төрөл юм. Тиймээс энэ наадмыг зохион байгуулагдаж байгаад туйлын баяртай байна.
МУСТА Б.Алтанхуяг: “Алтан хуур-2014” наадам бол хэдэн нийтийн дуучдыг хооронд нь талцуулаад, өрсөлдүүлэх гээд байгаа зүйл огт биш, харин энэ хүртэл хөгжөөд ирсэн урлагийг цааш нь яаж улам бүр эрчимтэй хөгжүүлэхэв гэсэн их ажлын эхлэл юм. Бүр цаашлаад монголын нийтийн дууны урлагаар овоглосон соёлын хөгжилтэй салшгүй холбоотой зүйл юм.
Тиймээс хөгжмийн зохиолчид болон нийтийн дуучид, энэ урлагаар овоглосон бүхэн энэ наадамд идэвхитэй оролцож өөрсдийнхөө хөгжил цэцэглэлт, хамтын хүч, эв нэгдэлийг харуулах хэрэгтэй.
Д.Нацагдоржын нэрэмжит шагналт А.Эрдэнэ-Очир: Нийтийн дууны урлагийнхны шилдгүүдийг шалгаруулах гэж энэ наадамд дууны шүлэг, яруу найраг бичиж туурвидаг бүх хүмүүсийнхээ өмнөөс гүн талархалтай байгаагаа илэрхийлж байнаа.
“Алтан хуур-2014” наадам бол дууны урлагийн бүх хүмүүсийг оролцуулж байгаагаараа бол ихээхэн онцлог, ач холбогдолтой юм. Ингээд бүх уран бүтээлчиддээ баяр хүргэж, амжилт хүсье.
Бэлтгэсэн: Э.Цэнд-Аюуш