Оюу тэнгэрийн одод үржээд
Орон байрны гэрэл цацраад
Очил хосын өргөө гэрээс
Итгэл баярын аялгуу дуурсана ….. Улаанбаатарын үдэш намуухаан, намуухан, угтах ирээдүй даанч яруухан…
Холоос ирсэн нэгэн танил минь “Улаанбаатарын үдэш” дууг сонсохыг нэгэн үдшийн турш хүсч билээ. Дараа нь ирэхдээ тэрээр энэхүү дууны аялгууг зохиосон хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржтой уулзуулж өгөхийг надаас хүссэн. Гэвч үнэхээр амархан мэт түүний чин хүсэлтийг биелүүлж өгч чадаагүйдээ одоо бодоход гайхаж бас харамсана. Харь хол хүний нутгаас эх орон, ээж, аав басхүү унаган нутаг Улаанбаатараа санасан түүний тэрхүү сэтгэлийг түр ч гэсэн дэвтээж “Улаанбаатарын үдэш” дууг ганц удаа ч болов сонсгоод Пүүжээ ахтай уулзуулж амжсан бол хэн нэгний хэчнээн их баярлахыг харах байсан юм бол….
Түүний хүсэлтийг бас олон биш цөөхөн зарим уншигчдынхаа хөгжмийн зохиолч Пүрэвдоржтой ярилцахыг хүссэн хүсэлтийг биелүүлж түүнтэй уулзахаар Соёлын төв өргөөг зорилоо. Тун удахгүй ирэх сарын 3,4- нд “Нойргүй хоносон зургаан нот” хэмээх тоглолтоо хийх гэж буй “Ахмадын золбоо” буюу хөгжмийн зохиолч Л.Балхжав, С.Долгион, Г.Жаргалсайхан, Г.Пүрэвдорж, Г.Энхбаяр, Болоож зэрэг Монголын рок, поп дууны урлагийн “генерал”-ууд болсон дээрх уран бүтээлчид алдарт “Соёл-Эрдэнэ” хамтлагийн өрөөнд бэлтгэлээ хийхээр цугласан байхтай нь таарав. Хөгжмийн зохиолч С.Долгион дотно элгэмсүү байдлаар угтан авч мэндчилээд “за манайхаан, энэ охиныг сайн хараад аваарай, манай рок, попынхны талаар их бичдэг манай талын охин шүү” хэмээн бусдадаа албан ёсоор танилцуулав. “Уг нь би та бүгдийн тоглохыг хараад ганц дуу сонсъё гэж бодож ирсэн” гэхэд тэд бүгд уриалгахнаар дуулж хөгжимдөж эхлэхээр боллоо. Гайхалтай хүмүүс ганцхан надад зориулж дуулж, хөгжимдөж байгаа нь амьдралын минь энгийн нэгэн өдрийн эгэл биш энэ агшин “аз”-тай мөчүүдийн нэг… Тэднийг дуулж хөгжимдөж эхэлмэгц ялангуяа бөмбөрийн хэмнэлийг мэдрээд эхэлмэгц өөрийн мэдэлгүй өвдөг, толгой, гар минь зүгээр байсангүй.
Тэд “Чамаас эхлэх ундрагатай нартаас буцах, удтал бодолд оршино…. Хайрын минь дурсамж….” гэхчилэн “Хайрын дурсамж” дууг надад зориулсан юм. Тэд ийнхүү дуулсны дараагаар хөгжмийн зохиолч Х.Балхжав “та ер нь манай бэлтгэлийг дуустал дуу сонсоод сууж бай. Дуу хөгжимд дуртай сайн охин байна” гэх халуун дотно үгсээр мялаав. Гэсэн ч энэ удаад тэднийг зорих болсон шалтгааны минь гол баатар хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж байсан тул даралтат хөгжмийнхөө ард даруухан суух түүнтэй тусгайлан уулзах зөвшөөрлийг авсаар басхүү удахгүй болох тэдний тоглолтод их амжилтыг хүссээр бид бэлтгэлийн өрөөг орхилоо. Ярилцахаасаа өмнө түүнтэй нэлээд зүйлсийг ярилцаад амжив. Ингэхэд та архи уудаг уу гэхэд тэрээр “ууна, уулгүй яах вэ гэхдээ жилдээ ганц удаа ууна. Хэтрүүлбэл жилийн 365 хоногийн хоёр өдөр нь ууна” хэмээн хариулж бид инээлдэв. Та ямар хөгжим сонсох дуртай вэ гэхэд “сонсоход чихэнд зовлонгүй тийм л хөгжим сонсох дуртай” хэмээн хариулав. Таны зохиосон “улаанбаатарын үдэш” дуунд би учиргүй их дуртай гэхэд тэрээр “аан тэгвэл та бид хоёр нэг “од”-ных юм байна” хэмээн хариулж мөн л бид инээлдэв. “Хөөрхөн эмэгтэйг хараад эр хүний хийморь сэргэж, урам зориг ордог шиг би ч энэ тавыгаа хармагц хийморь сэргээд урам ороод л ирдэг” хэмээн тэрээр “Ахмадын золбоо” хатмлагийн бусад гишүүдийнхээ тухай ярив. Ерөөс тэрээр өвөрмөц нэгэн ажээ. Түүнтэй ярилцсан бидний богинохон боловч дулаахан яриаг эрхэм уншигч та таалан болгооно уу…
-“Улаанбаатарын үдэш” дуу тань хол явахад ихэд үгүйлэгддэг дуунуудыг нэг бололтой.
-Энэ дуу миний нутгийн дуу. Хөгжмийн зохиолчид бүгд нутгийн нэг дуутай байдаг шүү дээ. Улаанбаатарын тухай олон сайхан дуу бий. Энэ тэнд явж байхад хүмүүс дуулж л байдаг юм.
-Та нарны хүүхэд үү, сарны хүүхэд үү. Энэ нь та үдшийн бүрийд илүү дуртай юу, өглөөний наранд илүү дуртай юу гэсэн үг л дээ?
-Уран бүтээл хийгээд суухад ихэвчлэн бүтээл шөнө төрдөг юм. Тиймээс би ихэвчлэн шөнө сууж хөгжмөө бичдэг. Шөнөжингөө сууж хөгжмөө хийж дуусгачихаад өглөө үүрийг харах сайхан байдаг. Өдөр хүмүүс бужигнаж байхад амарчихна.
-Тэгвэл таны уран бүтээлүүдийн ихэнх нь үдшийн бүрийгээр бичигдсэн юм байна, тийм үү?
-Тийм. Тэгж хэлж болно. Одоо ч тэгээд дуу төрж байхад нам гүм байх нь ховор болсон. Шөнө үдшийн цагаар “караоке”- нуудын дуу чимээ сонсогдоод, хүмүүс дуулаад л…
-Ая, аялгуу танд гэнэт орж ирэх үе байх уу?
-Сүүлийн үед ховордсон. Урьд нь тэгдэг л байсан. Бүх цагаа зориулаад яг өөрийн зүйлээ хийх цаг зав төдийлөн гарч өгөхгүй л байна. Гэвч энэ бол хөгжмийн зохиолч хүн бүрт байх л зүйл. “Нойргүй хоносон зургаан нот” тоглолтод оролцож байгаа миний найзууд болох эдгээр хөгжмийн зохиолчдод ч ийм зүйл тохиолдож байсан. Гэвч тэд бүгд хоорондоо онцлогтой.
-Таны зохиосон аялгуу маш уянгалаг, намуухан аялгуутай байх нь элбэг. Энэ нь таныг намуун тайван хүн гэж илтгэх нэг үзүүлэлт болох уу?
-Хөгжмийн зохиол бол өөрийгөө өөрийн хийсэн зүйлээрээ илэрхийлж байгаа хэрэг юм. Тухайн хөгжмийн зохиолчийн аялгуу хувь хүнийхээ нэрийн хуудас нь гэж бараг хэлж болно. Болоожийн аялгуунуудыг хар л даа. Гучаад жилийн өмнөөс эхлээд л дуулж эхэлсэн “дандаа чамайг хайрлаж явья” гээд дуулж эхэлсэн дуу нь одоо ч олон хүний сэтгэлд хоногшсон хэвээр байна. Ингээд бодохоор бүгдээрээ л өөр өөрийн гэсэн аялгуутай болсон хэрэг.
-Та энэ асуултад үнэнээсээ хариулаарай.
-За.
-Та их тайван уур, уцааргүй хүн мэт харагддаг. Та хамгийн сүүлд хэзээ, яаж уурласан бэ?
–Уур биеийг зовооно гэдэг үг байдаг шүү дээ. Тэгж зовоод яахав. /Инээв/ Уурлах үе гаралгүй яахав. Эртээд Болоож их гоё юм ярьж байсан санагдана. Янз бүрийн олон ааштай хүмүүс бий. Тэр бүгдийг анзаарч, харж байгаад дараа нь тэр хүнтэй жаахан тайвнаар инээгээд яриад ирмэгц тэр хүний жинхэнэ дотоод сэтгэл гараад л ирдэг. Аашилж байгаа хүн рүү хараад нэг их сайхан инээчихэд л бүх зүйл өөр болоод ирдэг гэдгийг л би эхнээс нь мэдсэн. Хүн ямар ч зан төрхтэй байж болно, гэвч хүн бол хүн шүү дээ. Оросын нэг гоё дууны үг байдаг юм. “Инээхээс л бүх сайхан зүйл эхэлнэ” гэсэн үгтэй. Би бас “Инээмсэглэл” хамтлагт орж, тоглож байлаа./Инээв/ Та мэдэх байх тийм үү?
-Мэдэлгүй яахав. Гэхдээ та уурлахаараа яадаг вэ?
-Уурлах нь миний хувьд ховор тохиолдол. Уурлахаараа дорхноо л уур гарчихдаг юм. Ер нь аливаа зүйлд хүлээцтэй сайхан хандаж байх хэрэгтэй юм шиг санагддаг.
-Урлагт хөл тавьсан хүн бүрийг алдар нэр гэдэг зүйл их бага хэмжээгээр дагаж явдаг. Та өөрийн алдар нэрээ харин ихэд даруухан авч явдаг юм шиг анзаарагддаг.
-Би алдар нэрийн тухай нэг их боддоггүй. Надад тодорхой хэмжээний авьяас заяасан. Би хийх ёстой зүйлээ хийж яваа хүн. Харин хүмүүс яаж тоож миний бүтээлийг сонсдог болсон юм бол гэхээс түүнд нь би маш их баярлаж явдаг. Хөгжмийн зохиолч гэдэг сайхан нэрийг надад өгсөн болохоор би энэ нэрэнд их баяртай явдаг. Ийм сайхан нэр алдар байхад өөр надад юу хэрэгтэй юм бэ.
-Хөгжмийн зохиолч болох нь таны хүүхэд насны мөрөөдөл байв уу?
-Би Хөгжим бүжгийн сургуульд дөрөвдүгээр ангиасаа эхлэн суралцсан. Өмнө нь би жижигхэн баянхуур хөгжим тоглож сурсан байсан. Хэн ч надад заагаагүйг бодоход би хөгжимд дуртай хүүхэд байсан юм шиг. Хойд Солонгосын багш намайг сургуульд анхлан сонсч авсан. Аав минь урлагийн биш мөртлөө урлагт их дуртай хүн байлаа. Тэгээд л тэр солонгос багш намайг шалгаж авахдаа энэ нөхөр юутай ч “шарик” дутуу хүүхэд биш байна, үүнийг тэнцүүлье гэж бодсон шиг байгаа юм. Тавдугаар ангиасаа эхлээд амьдралд минь тохиосон сайхан зүйл гэвэл Гончигсумлаа багш намайг шалгаж аваад хөгжмийн зохиолч мэргэжил рүү анхлан хөтөлж оруулсан түүхтэй. Энэ багшийнхаа хүчинд л өдий зэрэгтэй явж байгаа байх даа. Тэгээд дараа нь ЗХУ руу хөгжмийн зохиолчоор суралцахаар явсан түүхтэй.
-Өсч бойжих цаг хугацаа гэж уран бүтээлд байдаг уу?
-Байлгүй яахав. Харин уран бүтээлд нэг л зүйл байдаггүй. Энэ бол уран бүтээл мөхнө гэж байдаггүй.
-Анзаараад байхад та өөрийн уран бүтээлийнхээ тухай ярих дуртай биш юм аа даа?
-Хүмүүс сонсоод байхад би түүнийг сурталчлаад яриад байх нь ч хаашаа юм бэ. Харин бусдын уран бүтээлийг сонсох сайхан. “Хоох, ийм сайхан дууг хэн хийчих вэ” гээд л шимтэн сонсох дуртай. Сүүлийн үед ингэж бодоод сонсохоор дандаа Балхаагийн дуунууд байдаг. Манай энэ хэд их гоё дуунуудтай. Том Жагаагийн дуунууд байна. “Харанга”-ын Лхагваагийн дуулсан “хайр” гээд их сайхан дуу байна. Энэ бүгдэд би баярладаг, бас их олзуурхдаг.
-Та ядаргаагүй хөгжим сонсох дуртай гэж хэлсэн. Таны дуунуудыг сонсоход ч мөн ядаргаагүй байдаг шүү.
-Хүмүүсийн хэрэгтэй зүйлийг нь хөгжмөөрөө дамжуулаад хүргээд өгчих юмсан гэж бодож явдаг. Би дан хөгжмийн хоёр цомог гаргасан. Гол нь таашаалыг тэндээс олж мэдрээсэй гэж хүссэн. Бүх хүмүүс биш ч тодорхой мэддэг хүмүүс нь тэрхүү хөгжмийг сонсч таашаал аваасай гэж хүсдэг юм.
-Та хөгжим зохиогоод хэчнээн жил болж байна вэ?
-30 гаруй жил болж байна. Анх би хүүхдийн дуунууд хийж эхэлсэн. Та сонссон байх. “Тавтай нойрсоорой” гээд л эхэлсэн. Дараа нь залгаад насанд хүрсэн хүмүүсийн дуу зохиогоод явсан.
-Хөгжим таны амьдралын утга учир мөн үү?
-Хөгжмөөс өөр зүйл бодож чадахаа байчихсан байна.
-Бусад хүн өөрийн түүхээ яриад эхлэхээрээ “ялсан баатар” шиг тэмцэж ирлээ гээд л ихэд омголон дүртэй ярих нь элбэг байдаг. Харин та ихэд тайвнаар ярьж байна шүү.
-Хүн бүр өөр. Миний хувьд би алгуурхан явж байна. Тиймээс тэмцэнэ, тэмцэл гэдэг үг нь хоёр янз байдаг байх. Ажил, уран бүтээлд ямар нэгэн зөрчил гарч болно. Гэвч цаад зорилго нь ажил, уран бүтээлийн төлөө учраас энэ өөрөө бухимдах зүйл биш. Атаа, хорсол биш. Эхэнд хэлсэн, би алгуурхан л явдаг юм./ Инээв/
-Тиймээс л таны хөгжмүүд ч бас алгуурхан эгшиглэдэг байх нь.
-Өөрт зовлонгүй гэх юм уу/Инээв/
-Гэхдээ алгуурхан аялгуу ч таныг зовоож төрнө биз дээ?
-Зовж төрөх зүйл байдаг байх. Бодож бодож байгаад л нэг үзэхэд учиртай шүү дээ.
-Хөгжмийн зохиол, хөг аялгуу,хүний хувьд ч өөрийгөө олох л чухал байх, тийм үү?
-Одоо би өөр юм олоод хэрэггүй. Өөрийгөө олчихсон л гэж бодоод байна. Тэртээ тэргүй хөгжмийн зохиолчдын бүтээлүүд нь хэлээд л өгдөг. Бид зургаагийн нийлдэг нь нэг учиртай. Нэгэн үеийг дуу хуураараа төлөөлж байсан зургаан өөр уран бүтээлч. Өөр өөрсдийн бүтээлүүдээсээ хамтраад тоглох гэж байгаа нь ховор агшин шүү. Төрийн сүлд дуу шиг болчихсон сайхан бүтээлүүд байна. Дандаа чамайг хайрлаж явья/ Тэрээр дуулж эхлэв/ Та энэ дууг дуулчихна биз дээ?
-Чадалгүй яахав. Гэхдээ би “Улаанбаатарын үдэш” дуунд илүү дуртай л даа.
-Аан, тэгвэл та бид нэг “од”-ных юм байна. Ивээл жилтэй юм биш биз дээ.. / Инээв/ Дуу хөгжим гэдэг сайхан зүйл. Тэр тусмаа өөрийн нутгийн багаас эхлээд сонссон дуугаа харь нутагт очоод сангалзан үгүйлнэ гэдэг сайхан. “Харийн нутаг давчдаад байна” гээд л эх орноо үгүйлээд бүгдээрээ л дуулах дуртай байдгаас хөгжмийн хүч айхтар их байгааг харж болмоор. Борцтой махтай, нутгийн шөл гэдэг шиг өөрийн сэтгэлд дотно аялгуу гэдэг нандин зүйл шүү дээ.
-Тантай уулзсан чинь нэг л ер бусын тайвшралыг мэдэрч байна. Та нэг л “өөр” сайхан хүн байна.
-Харин бид ивээл жилтэй юм аа гэж хэлсэн шүү дээ./Инээв/ Та ингээд магтаад бичч их вээ. Баларна шүү.
Э.Одгэрэл
Эх сурвалж : Үндэсний шуудан