“Хамаг монгол” төслийн санаачлагч МУГЖ С.Жавхлантай Чингисийн талбайд зохион байгуулсан өдөрлөгийн талаар хэдэн зүйл тодрууулан ярилцсанаа та бүхэнд хүргэе. Түүнтэй ярилцаж суухад аливаа улс үндэстэн оршин тогтнохын гол үндэс суурь нь тухайн ард түмний өв соёл, ёс заншил гэдгийг хүмүүст ойлгуулахыг зорьж яваа гэдэг нь мэдрэгдэж байсан юм.
-“Би Монголд мэндэлсэн юм” аялан тоглолтоо Увс аймгаас ханш нээсэн өдөр эхлүүлсэн энэ ямар учиртай вэ?
-Миний унаган нутаг бол Увс аймаг. Аав ээж, өвөг дээдэс маань тэр сайхан нутагт намайг төрүүлж, хүмүүжүүлж өсгөсөн. Ханш нээх өдөр дэлхийн бүх ан амьтан сэрж , ургамалын үндэс хүртэл сэргэж, байгаль амь ордог. Мөн тэнгэрт байгаа өвөг дээдэстээ үр хойч нь болсон бид сан салхи тавьж, дээж өргөлөө өргөдөг өдөр. Тийм болохоор ханш нээх өдрөөр төрсөн нутгийнхаа уул ус, лус савдаг, сахиус, тэнгэртээ мөргөж, аав ээжийнхээ дурсгалыг хүндэтгэн түмэн олондоо ая дуугаа өргөж аялан тоглолтоо эхлүүллээ.
-Одоогийн байдлаар хэдэн аймагт аялан тоглолтоо тоглоод байна вэ?
-Увс, Баян-Өлгий аймагт тоглолоо. Одоо Завхан аймагт манай тоглолтын бие бүрэлдэхүүн очсон байгаа. Хүрэлцэн ирээч ээ гэж санал тавьж урьсан аймаг бүрт очиж байгаа. “Хамаг Монгол” даяар бадраасан “Тулганы Гал бадраах ёслол” шиг очсон аймаг бүрийн ижий нарыгаа урин залж Монголд сайн цагийгг авчрах 1080 ээжийн Мөнхтэнгэр, Алтан нар, 4 зүг 8 зовхист байгаа Хамаг Монголын ахан дүүс, ижий нартаа зориулсан “Цацал өргөх ёслол”-ыг үндэсний үйлдвэрлэгч байгуулага АПУ-ын “Сайн” “Цэвэр сүү” нэрийн бүтээгдэхүүнүүдийг оролцуулан хамтран зохион байгуулж байна.
-МАН-ын жагсаал нэлээн бухамдуулжээ. Аялан тоглолтоо хүртэл орхиод ирлээ шүү вэ?
-Монголыг дэлхийд тодотгодог хамгийн том үндэсний бахархал бол дээл. Гэвч МАН-ын хэсэг нөхдүүд дээлтэйгээ сууж байгаа эзэн Чингис хааны хөрөг хөшөөний өмнө түүнийгээ тайлж хөл хөсөр хаяна гэдэг бол хамгийн байж боломгүй, монголгүй данжаад зан гаргалаа. Миний 7,8 жилийн туршид галзуу солиотойгоороо дуудуулж Монгол дээлээ өмсүүлэхийн тухай хэлж уриалж ирсэн ажлыг маань эдгээр хэсэг хүмүүс баллуурдахыг оролдож. Монголчуудыг нүцгэрүүлж хоосруулхыг ёрлож, өв соёлоо доромжиллоо. Монгол дээлийг өөрсдийнхөө шалиг хэрүүлдээ хутгасанд нь эмзэглэж бухимдаж орон нутагтаа тоглож байсан тоглолтоо хүртэл цуцлаад хүрч ирлээ.Нэг хэсэг нь өмсөхийн тухайд явж байхад нөгөө хэсэг нь тайлахын тухайд сурталчилсанд их харамслаа. Түүнээс биш энэ эрхэм дээдсүүдийн хэн нь хэнийгээ түлхэж унагана уу, татна уу надад огтхон ч хамаагүй. Сонин биш.
-Таны энэ үйлдлийг утгын хувьд биш үгний хувьд эсэргүүцсэн жагсаал боллоо, бүр хаврын синдронизм ч гэж бичиж байна. Энийг та юу гэж ойлгож байна вэ?
Монгол дээлэнд хүндэтгэл үзүүлэх “Хүндэтгэлийн өдөрлөг” зохион байгууллаа. Энэ маань ямар нэгэн жагсаал цуглаан биш. Увайгүй хүүмүүсийн хийж үйлдсэн ёсгүй үйлдлийнх нь өмнөөс Их эзнийхээ хөрөг дүр хөшөөнөөс, тэдгээр хүмүүсийн доромжилсон Буриад зон болон Монгол түмнээсээ, Мөнхтэнгэр, Алтан нарнаасаа уучлал өршөөл хүссэн үйл ажиллагаа болж өнгөрлөө.“Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог” гэдэг үгтэй. Ам алдсан хүмүүсийн бантсан бантаа л тэнд явж байгаа юм байлгүй дээ. Намайг хаврын сандралд орлоо гэж байна. Би сандраагүй ээ. Улс төржиж, сандарч, симпроом бил үү тэгэх шаардлага бидэнд байхгүй. Доромжлуулсан дээл хувцаснаасаа уучлал хүслээ хамгааллаа. Харин хамар дор хагархай байна гэж ам мэдэн бурж, байж болшгүй үйлдэл хийсэндээ тэд л бантаж сандарч байгаа. Миний өмнөөс сандрах яахав ээ, Мөнх хөх тэнгэр, эцэг өвгөдөөсөө өршөөл гуйж хийсэн нүгэлээ цайруулбал дээр байх тэдэнд. Дахин Монголын үндэсний өв соёлоор оролдвол бид зүгээр орхихгүй. Та нар энэ газар шороон дээр төрөөгүй юм шиг, нутаггүй зан гаргаж, /хүний юман дээр ирчихээд амьдарч байгаа юм шиг/ ийм утгагүй тэнэг авир гаргах юм бол Жавхлан тэвчихгүй ээ. Монголын залуус, түмэн олон үүнийг хүлцэж хүлээн зөвшөөрөхгүй шүү.
-Монгол хүн бүхэн дээлээ өмссөхийн ач холбогдол нь юу байдаг гэж бодож байна вэ?
-Монголчууд манжийн дарлалаас гарах тэрхүү түүхэн цаг үед Монголыг тусгаар тогтнуулах уу үгүй юу гэж дэлхийн улс орнууд хуралдсан юм гэнэ лээ. Тэгэхэд төлөөлөгч нар томилогдоод Монголыг ирж үзсэн байна. Тэнд Оросууд байна уу? Хятадууд байна уу? гэж. Тэд монголын тал нутагт ирэхэд дүүрэн дээлтэй хүмүүс байж. Тэд буцаж очоод тэнд Оросууд ч алга, Хятадууд ч алга Монголчууд гэж Чингисийн үр сад байдаг юм байна гэсэн гэдэг. Ингээд Монголын тусгаар тогтнол баталгаажиж байж. Ингэж хүртэл “Монгол дээл” бид нарын өнөөдөр ус уух заяаг шийдэж байсан түүхэн цадигтай. Тиймд Монголчууд энэ үндэснийхээ өв соёлоос салж үүнийгээ гутаан доромжилж, түүнээс гараагүй, үүсээгүй юм шиг зан гаргах ёсгүй. Миний хувьд Монгол дээлийг энэ нөхдүүд шиг адалж, тайлж хаяхын тухайд биш өмсүүлэхийн тухайд хэлж уриалж явдаг. Надаас олон хүн мэндэлсэн өдрөөрөө Жавхлаан чи ямар бэлэг авах вэ? гэж их асуусан. Тэгэхэд нь “Надад бэлэг хэрэггүй ээ. Та нар харин миний тоглолтонд ирэхдээ сайхан дээлээ өмсөөд ирвэл надад түүнээс илүү сайхан бэлэг байхгүй” гэж хэлж байлаа. Гэтэл их эзэн Чингис хааны талбай дээр тайлж хаясан явдал нь миний 6-7 жилийн хугацаанд дэлгүүрт Жавхлан захтай дээл гэж зарагддаг болтол нь тэмцсэн тэмцэлийг минь үгүй хийх гэсэнд л би маш их гомдож байгаа. Монгол хүн болж төрснийхөө хувьд хүн бүр дээлээ хүндэтгэж дээдэлдэг байх ёстой. Цагаан сар, наадам гэж монголын баяр, бахархалын өдрүүд байдаг. Энэ өдрүүдэд л монголчууд хагас дутуу дээлээ өмсдөг. Тэгэхээр монгол дээл баярлах үед л өмсөгдөж байна… Тиймүү?. Жилийн тавхан хоног нь Монголчууд баяр баясалтай яваад 360 хоног нь гуниглаад байна шүү дээ. Жавхлан 365 хоног бүрт нь дээлээ өмсөөд, өдөр болгон Наадам, Цагаан сар болж байгаа юм шиг баяр жаргалтай явахыг хүсдэг ийм л залуу. Өнөөдрийн энэ гадаадын юмыг даган дуурайж далдаганаснаараа бид сайн сайхан явж байгаа нь хаана байна. Бид яг юу хожив. Хаврын хаварт л хэл амаа билүүдээл хэрэлддэг хагаралддаг, одоо бүр сүүлрүүгээ ёс заншилаа тэр хэрүүлдээ хутгадаг болж ирж байна. “Айлаас эрхээр, Авдараа уудал” гэдэг биздээ.
-Та энэ өдөрлөгийн үр дүн хэр зэрэг байсан гэж бодож байна вэ?
-Монгол өвгөдийн үлдээсэн эд хэрэглэл, ёс заншил юунаас ч илүү үнэ цэнэтэй гэдгийг нэг шатандаа харуулж чадсан өдөрлөг боллоо. “Инээсэн бүхэн нөхөр биш уурласан бүхэн дайсан биш” гэж. Жавхлан уурласнаараа та бүхний дайсан болж, хэн нэгэнтэй тэмцэх гээд байгаа асуудал биш. Хүн бүр хийсэн алдаандаа гэмшиж, уучлал гуйж сурах хэрэгтэй. Нэгэндээ зөв үгийг шулуухан хэлдэг байх ёстой. Худал хуурмаг бүхэн заавал илчлэгддэг сайн зөв цаг ирчихээд байна. Ер нь миний хийж тэмцээд яваа энэ бүх үйлийн эцсийн үр дүн алс хэтдээ гарнаа.
-Буруу гэх зүйлгүй. Зөв зүйлийг уриалаад байхад сөрөг талаас нь харж тайлбарладаг хүмүүсийг та юу гэж боддог вэ?
-Монгол хэл өөрөө агуу баялаг, дэлхийн өв хэл шүү дээ. Яагаад дан ажил, давхар ажил гээд хэлж болоогүй юм. Өөрсдөө дээл ч үгүй юм байж яагаад тэр “дээл” гэдэг үгийг чирж оруулж ирж яриад байгаа юм бэ? Албан ёсны хэллэгээр явуулж болоогүй юм уу?. Монгол дээлийг талбай дээр гаргаж ирээд гишгэлж хаялаа. Тэдэнд дээл ямар гэм хийсэн юм бэ? “Давхар пиджакаа тайлъя”“Давхар ажлаасаа татгалзъя” гэж хэлж болох шүү дээ. Монголчууд дотор зүгээр нэг хүний ул шагайгаад сууж байдаг хэсэг хүмүүс би болчихоод байна. “Суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэдэг. Суусан цэцнүүд нь их болчихсон. Хүнээс өө л харж мэддэг. Юу билээ дээ нөгөө цахим ертөнц дотор байдаг хүмүүс чинь их эвдэрчихээд байна шүү дээ. Арай өөр нэг агаар амьсгалсан юм шиг сэтгэхээ болчихоод байна. Хамгийн гол нь Жавхлан өөрийнхөө төлөө яваагүй юм шүү. Өв соёл, газар шороогоо гэж, нэг нэгийгээ өв тэгш хүндэлж, буруугаа зөв болгоод амьдрахын тухайд Жавхлан явсан. Надад эмзэглэх гомдох, ямар ба нэгэн байдлаар шантрах ч юм уу ийм зүйл байхгүй. Харин надад ач холбогдол өгөөд миний үйлдэлд тархиныхаа хэмжээгээр үнэлэлт дүгнэлт өгөөд магтаж, муулаад байж байгаа тэр хүмүүст баярлалаа л гэж хэлмээр байна. Их сайн байна. Та бүхэн Монгол дээлээ ингэж хэлж болохгүйг ухаарч байна. Нөгөө талдаа Монгол дээл ямар үнэ цэнэтэй юм бэ гэдгийг мэдрээд авах хэрэгтэй. Миний энэ үг нэг их айхтар ихэрхэж байгаа ч юм шиг хүмүүст сонсогдож магадгүй юм. Гэхдээ энэ бол үнэн үг шүү. Бид нар одоо үнэн үг сонсч сурах хэрэгтэй. Үнэн үгийг бас нэг “Аан нээрээ тийм байна шүү” гээд боддог болох хэрэгтэй. Үргэлжийн мөнхөд өө хайгаад өөрийн толгой дээрх өвсийг харахгүй байж, өрөөлийн толгой дээрх бухлыг хайж яваад яахав дээ. Өөлөөд муу хайдаг бол Жавхланг л муулцгаа. Монгол гэсэн тодотголтой бүхий л зүйлүүдээ харин хайрлаж нандигнаж хир буртаг хүргэхгүй авч явцгаая. Монголоо муулж доромжилхыг бол харин Жавхлан тэвчихгүй.
-Төрийн ордон дотор байгаа хүмүүсээс эх орондоо үнэнч. Монгол гэдэг улсад хайртай хэр олон хүн байна гэж та боддог вэ?
-Ерөнхийлөгчөөсөө авахуулаад “Дээлээ тайлаад шидье” гэж хэлж байгааг бодвол мэдэхгүй. Уг нь энэ хүмүүс чинь Монгол ёсоо жинхэнэ уриалаад явж байх ёстой хүмүүс шүү дээ, үндсэн үүрэг нь энэ л байлтай. Хэний санаагаар, хэний даалгавраар ингээд байна… дараагийн удаа яах юм. “Монгол гутлаа тайл” гээд хуулиндаа хавчуулах уу. “Морио унахаа больё” гэхүү. Ер нь би тэр энэ гэлтгүй бүгдийг нь их гайхдаг шүү. Монголд байгаа мөртлөө Монголгүй л болчихоод байна. Надтай адил бодож байгаа залуус олон болж байна.
-Яагаад “давхар дээл” гэдэг үгний оронд өөр үг хэрэглэж болох байхад энэ үгийг хавчуулсан гэж бодож байна вэ?
-Эрхэм дээдсүүдийн хувьд Монгол хэлзүйн утга агууллагаас өгсүүлээд Монголын бүх л зүйл үнэ цэнэгүй байна л даа. Амныхаа зоргоор буугиж л байвал болоо. Эрдэмтэн мэргэд нь ч юм хэлчихвэл шагналгүй болчихно гээд айдаг юм байгаа биздээ бодвол. Ухаантан мэргэд бүү хэл балчир хүүхдүүд ч энийг чинь ойлгоод дооглож байна шүү дээ. Ичих хэрэгтэй. МАН-ын хэсэг нөхдүүд “Аргаа барсан хүн аавынхаа толгойг маажина” гэж их л явуургүй жагсаал хийлээ. МАН-ынхан талбай дээр яасан муухай дээл өмсөв өө. Балбын үнэтэй торгон, үйтэн хуаран дээл зөндөө л байдаг байлгүй дээ тэдэнд. Тэрийгээ өмсөөд гарч ирэхгүй яасын. Та нар Цагаан сар, Наадмаар, 2016 оны сонгуулиар битгий дээл өмсөөрэй. Би энэ талаар 2016 онд эргэн сөхнө. Хаясан юм шиг хаяж, хэлсэн амандаа байгаарай. Дээлээ тайлахаар дотроос нь гадны хувцас гарч ирж байна лээ. Давхар дээл биш юм байна лээ шүү дээ. Тэдэнд би хэлмээр байна. Та нар тайлж хаясан юм чинь дахиж дээл битгий өмсөөрэй. Цагаан сар, Наадмаар европ нь байна уу данжаад нь байна уу тэр хувцастайгаа яваарай. Угаасаа та нарт дээл хэрэггүй гээд тайлж, монголчуудыг дээл битгий өмсөөрэй гэж уриалсан юм чинь. Сонгуулиар монгол дээлтэй малийсан зурагнуудаа энд тэнд наагаад л хөдөөгүүр нэг их Монголд хайртай хүн болж жүжиг тавьцгаадаг. “Дан дээлтэй гарсан юмсан даараа болов уу яагаа бол…” гэж сайхан дуу хүртэл байдаг. Давхар дээл ч тайлаагүй дан дээл тайлчихаад Монголыг Монгол биш болгоё гэж байгаа бол та нар амжихгүй ээ. Давхар пиджакаа юм уу эсвэл Данжаад хувцасаа тайлъя гэсэн бол би энд аялан тоглолтоо хаяад ирэхгүй байлаа.
-Та одоо МАХН-ын үйл ажиллагаанд оролцдог уу?
-Би нэг ч болов Монгол эр хүнийг ингэж муухай тамлан зовоож болохгүй гэдэг үүднээс гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр гэдэг хүнийг тухайн үед хүн чанар гэдэг талаасаа Монголын нэг ч болов аав бид нарын нүдэн дээр битгий зовоосой гэдэг утгаар монгол хүний жудагтай зан гаргаж тэр хүнийг өмөөрсөн. Барьж идэж, тасалж байгаа юм шиг л зүйл болсон. Хүн гэдэг өнцгөөс нь харсан хэрэг л дээ. Тэр үеэр МАХН-ынхан надад өөрийнхөө нэр дээрээс дэвшээчээ гэдэг саналыг тавьсан. Түүнээс биш би МАХН-тай огтын ч холбоо байхгүй. Надад үнэмлэх нь ч байдаггүй. Надтай буцаад сонгуулийн дараа холбогдсон хүн ч байхгүй. Би энэ ярилцлагаар МАХН-тай Жавхлан өнөөдөр огтын холбоо байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Ер нь үүнээс гадна надад ганцхан л зарчим бий Жавхлан монголын төлөө зөв зүйл хийхийг хүсэж байгаа хэнтэй ч тэр энэ гэж ангилахгүйгээр хамтардаг.
Та 2016 оны сонгуульд оролцох уу?
Өнгөрсөн 2012 оны сонгуульд би оролцсон. Монголын ёс заншил, их хаадын маань үлдээсэн энэ их түүх соёл битгий унтарчихаасай, зөвхөн бахархал төдий бүү үлдээсэй гэж би хүсдэг. Бахархаад л суугаад байх нэг өөр, барьж аваад үргэлжлүүлэх гэдэг нэг өөр шүү дээ. Ийм Монголын алтан цадигийг үргэлжлүүлж, хэрэгжүүлж явах, Нэг муу сонгуульд унах хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаатай шүү. Монголд хайртай, Монголчуудыг өнөөдөр сайхан амьдруулна гэж амлалт үүрэг авчихаад дээл тайлаад шидэж байгаа ийм л хүмүүсийг сонгосон байна. Сонгоод араас нь уйлж байна. Өнөөдөр Монголын ёс заншил хүртэл уйлж байна. “Сонго-уйл” гэж. Нялуунаас шулуун нь дээр. Ийм увайгүй хүмүүс гарчихаад дээл тайлж байхад чинь өмсүүлэхийн тухайд ярьдаг хүн би энэ хүмүүстэй 2016 онд тэмцэнэ. Би хаана чиг тэмцэнэ. Дэвшсэн ч тэмцэнэ, дэвшээгүй ч зан уламжлал, өв соёл, алга дарам газрынхаа төлөө тэмцэнэ.
-2012 онд нэр дэвшиж байхад таныг хүмүүс улс төрд хүлээж авах хандлага дутуу байсан байх. Үүнээс хойш та уран бүтээлээс гадна нэлээд зүйл хийж таныг хүмүүс ойлгодог болсон. Тийм болохоор 2016 оны хүмүүсийн сонголт өөр байх байх гэж бодож байна?
– Таван жилийн өмнөх Жавхлангийн ярилцлагийг аваад уншихад өнөөдөртэй яг л адил зүйлийг ярьж хэлж байсан. Сөхөөд үзээрэй. Жавхлан яг л нэг зам дээрээ байгаа. Тийм болохоор энэ замаас ухрахгүй, урвахгүй. Жавхлан цэлмэг хөх тэнгэр, өвөг дээдсийнхээ энэ агуу заншлаас дальдарч хэтийтэхгүй. Урдах ажлаа хийгээд явж байхад олон түмэн маань энэ ажлыг мэдэрч байгаа, мэдэж байгаа, харж байгаа. Зөвхөн нэг онд ач холбогдол өгөхөөс илүү урсаад өнгөрч байгаа өдөр хоног, цаг бүр л эрхэм байна. 2080 онд Жавхлан амьд байхгүйгээ л мэдэж байна. Жавхлан яах бол ийх бол гэж хардахаасаа илүү, юу зориод байна, юунд эмзэглэж санаа зовоод байна гэдгийг олж хараасай. Жавхлан Монголын хажууд зүгээр л нэг жижигхэн хэлтэрхий, үнс тоос юу ч гэж намайг хэлж болноо. Хамгийн гол нь энэ их харьжсан шуурган дунд Монголын залуучууд би, чи гэлгүйгээр нэг ч болов соёлын өвөө нандигнаад хадгалж хамгаалаад үлдээсэй.
Би дээлээ өмсдөг, Би дээдсээ хүндэлдэг Монгол хүн. Намайг тоож сэтгэлийг минь уудалсан “Чухал”-ын хамт олонд баярлалаа.
Танд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
Ц.ЗАЯА
Эх сурвалж: www.chuhal.mn