-"ШИНЭ ҮЕ" ПРОДАКШНЫ ЗҮГЭЭС НИЙТ УНШИГЧ, ҮЗЭГЧДЭЭСЭЭ АЛБАН ЁСООР УУЧЛАЛТ ГУЙЖ БАЙНА-
"Шинэ үе" продакшны захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Ариунболдтой ярилцлаа.
-"Шинэ үе" продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар нэг нэгнийгээ буцалсан халуун усаар түлсэн хэрэг гарсан. Чухам юунаас болж ийм байдалд хүрэв. Нэг продакшнд харьяалагддаг, нэг гал тогоонд байдаг бүсгүйчүүд буцламгай халуун усаар биенээ шалзалсан нь аймаар санагдаж байна?
-Тийм ээ, их л харамсалтай сонин зүйл болоод байна. Бусад хүмүүс байтугай бид өөрсдөө ч гайхаж цөхрөөд хэлэх үггүй сууж байна. Манай "Шинэ үе" продакшны жүжигчин Алдармаа, Оюунтуул нар нэгийгээ халуун усаар түлсэн гэх энэ мэдээллийг бид маргааш өглөө нь мэдсэн. Олон нийтэд мэдээлэл цацагдсан даруйд фэйсбүүк хуудсаар дамжуулж санал сэтгэгдлээ хүргэсэн. Үнэн гэдгийг нь хэлсэн. Алдармаа, Оюунтуул хоёр уран бүтээлийн тоглолтгүй, ажлын бус цагаар үндсэндээ бид бүхнийг амарч байхад найзуудтайгаа наргиж байгаад маргаан үүсгэсэн юм билээ. Тэгээд л түрхэн зуурын хэрүүл маргаанаас болж нэгийгээ халуун усаар түлсэн байгаа юм. Маргааш өглөө нь мэдэнгүүтээ хоёуланг нь хот руу буцаасан. Бид Эрдэнэтэд тоглолтоор явж байхад ийм юм болсон шүү дээ. Одоо бид үргэлжлүүлэн Сэлэнгэ, Дарханаар тоглож байна. Алдармаа, Оюунтуулын хооронд үүссэн нөхцөл байдал бол хувь хүмүүсийн маргаан.
Яг юу болсон бэ гэдгийг дэргэд нь байгаагүй болохоор бид үнэндээ мэдэхгүй байна. Хууль, шүүх, цагдаа нь үнэнийг тогтооно байх. Харин манай продакшны орон нутагт зарлагдсан тоглолт болдгоороо болно. Энэ хоёр жүжигчний маргаанаас болж цагтаа ажиллаад, цагтаа амраад, уран бүтээлээ туурвиж яваа "Шинэ үе"-ийн хамт олон хохирох ёсгүй. "Бид хоёр бие, биедээ гомдолгүй" гэж хэлж байна лээ. Гэхдээ үүнийг эцэг эх нь, ах дүү нар нь, шүүх цагдаагийнхан шийднэ биз ээ. Ер нь бол гуч гарсан хүүхнүүд хаана юу хийж байгаад, ямар шалтгааны улмаас маргалдсан бэ гэдгээ хэлэх ёстой газраа хэлэх байлгүй. Одоогоор бид нарийн шалтгааныг мэдэхгүй байна. Ямар ч байсан уран бүтээлээс болж, үндсэндээ "Шинэ үе"-тэй холбоотой маргаан биш юм шиг байна лээ.
-Д.Оюунтуул 45 хувийн түлэгдэлтэй гэх мэдээлэл яваад байгаа. Бие нь ямархуу байгаа юм бол?
-Д.Оюунтуул 18 хувийн түлэгдэлтэй байгаа. Эмнэлгээс нь ингэж мэдэгдсэн. Уран бүтээлч бид Алдармаа, Оюунтуул нартай болон хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлэгтэй нь байнга холбоотой байгаа. Хоёулангийнх нь биеийн байдал гайгүй л байх шиг байна. Хоёр биетэйгээ утсаар ярьсан байна. Над руу ч бас хоёулаа ярьсан. "Бид хоёр уг нь хэвлэл мэдээллийнхэнд хандаагүй. Гэтэл олон нийт мэдчихэж. Найз нөхөд янз бүрээр хүлээж авч байна. Их харамсаж байна" гэж байна. Би тэр хоёрт юу хэлэхэв дээ. "Харамсаад барахгүй байна. Асуудлаа хоорондоо шийд" л гэж хэлсэн. "Шинэ үе" продакшны арав гаруй жил хөдөлмөрлөж байж олсон нэр хүндийг их сэвтээж байна даа гэдгийг хэлсэн. Уран бүтээлээрээ продакшныхаа нэр хүндийг өргөж явах байтал ийм байдлаар гутааж байна гэсэн гашуун бөгөөд үнэн үгийг хоёуланд нь хэллээ. Хэрэв тэр хоёр бидний дэргэд, ажлын цагаар хажууд минь маргасан бол ийм байдалд яалаа гэж хүргэх билээ дээ. Хоёр жүжигчин маань "Бид хоёр эвлэрсэн. Хоёр биедээ гомдолгүй, ойлголцсон" гэж хэлж байгаа боловч бидний хувьд их эмзэг байна. Адилхан уран бүтээл хийгээд, хамт ажиллаж байгаа хүмүүс нэгийгээ яаж байгаа юм бэ гэж бодогдож байна. Асуудлаа яаж ч шийдсэн бай "Шинэ үе" продакшны зүгээс хатуу арга хэмжээ авна. "Одоо бид хоёр гомдолгүй" гэж хэлж байгаа ч гэлээ олны танил, уран бүтээлч хүний гаргаж болохгүй ёс зүйн асар том алдаа гаргалаа. Монголын тайзны уран бүтээлчдийн нэр хүндээс гадна залуу уран бүтээлчийн нэр давхар сонсогдоно. Ц.Алдармаа, Д.Оюунтуул хоёроос гадна маш олон уран бүтээлч их урлагийн тогоонд багтах гээд зүтгэж байна. Манай хамтлагт л гэхэд хорь, гучин уран бүтээлч бий. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Манай хоёр жүжигчнээс болоод гадуур элдвийн хэл ам их гарч байна. Залуу жүжигчдэдээ агсам тавьсан л гэнэ, хамт олноороо уусан л гэнэ. Манай хамтлаг орон нутагт тоглолтоор явахдаа нэгдсэн хамгаалалттай явдаг. Хоёр бүсгүй жүжигчин маань "Шинэ үе" продакшнд байхгүй асуудал гаргалаа. Хамт олны хурлаар оруулна. Томоохон хариуцлага тооцно гэж бодож байгаа. Гэхдээ эхний ээлжинд хэнийх нь буруу байсан гэдэг нь тогтоогдог.
-Энэ асуудлыг олон зүйлтэй холбож ярьж байгаа. "Шинэ үе" дампуурч байгаа гэх юм. Мөн жүжигчин Ундармаа хамтлагаасаа гарсантай холбоотой гэх юм?
-Ундармаа хамтлагаасаа гараагүй. Нэг жилийн чөлөө авсан. Хувийн ажлаа амжуулж байгаа. Хамтлагаасаа гараагүй гэдгээ өөрийнхөө фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдээлсэн. Гэтэл хүмүүс янз бүрээр ярих юм. Ундармаа цаашид тоглолтод орно. Дахиад хэлэхэд, Алдармаа, Оюунтуул хоёрын асуудал, маргаан мэтгээн, үүссэн нөхцөл байдал "Шинэ үе" продакшнтай ямар ч холбоогүй ээ. Хувь хүмүүсийн, бүсгүйчүүдийн хоорондын маргаан байсан гэж бодож байгаа. Тэгээд ч би жүжигчидтэйгээ чи бол чи, дүү нар бол дүү нар, уран бүтээлч бол уран бүтээлчид гэж л ханддаг. Түүнээс уран бүтээлчидтэй ямар нэгэн дотно харилцаа үүсгэх нөхцөл, шаардлага байдаггүй. Гадуур бараг л Бооёогоо булаацалдаад маргалдсан мэтээр бичиж байна. Хөгшин намайг юундаа ч булаацалдах вэ дээ. Манай хамтлаг дотор янз бүрийн асуудал байдаггүй. Байсан бол арав гаруй жил уран бүтээл туурвиж байхад олон нийтэд ямар нэгэн байдлаар мэдэгдэх л байсан биз дээ.
-Танай продакшнд байсан Амбий, Хүрлээ зэрэг жүжигчид мөнгө төгрөгнөөс болж гарсан. Дотроо таарамж муутай гэж ярих юм билээ?
-Амбий, Хүрлээ хоёрын тухайд "Комеди арт", "Амбий ба Захиалгат инээд" гэж хамтлаг байгуулаад уран бүтээлээ хийж байгаа шүү дээ. Аль арван жилийн өмнөх асуудлыг өнөөдрийн маргаантай хольж хутгаад, тохоод байх хэрэггүй. "Шинэ үе" бол олон хүнийг ажил амьдралтай болгож байгаа газар. Манай залуу уран бүтээлчид өөрсдөдөө хэт их дурлаж. Биеэ хэтэрхий тоосон байна. Энэ бүхэн хувь хүний ухамсар, мэдлэг боловсрол, чадамж гээд бүх л зүйлтэй холбоотой.
Ц.Алдармаа, Д.Оюунтуул хоёрын маргаан ахуйн хэрүүл. Хоёулаа хуурай эгч дүү. Хөдөө орон нутаг, гадаад дотоод явсан ч нэг өрөөнд ордог. Ёстой оровч гаравч хамт байдаг эгч дүү хоёр. Гэхдээ бие биедээ гаргах сэтгэлийн хөдөлгөөнөө барих ухаан, ухамсар манай хоёр жүжигчинд дутжээ. "Шинэ үе" продакшны зүгээс нийт уншигч, үзэгчдээсээ албан ёсоор уучлал гуйж байна. Манай хоёр жүжигчин ёсзүйн үнэхээр том алдаа гаргажээ. Манай хоёр уран бүтээлчийг уучлаарай. Хамт олон нь, ах нар нь, найз нөхөд нь хоёр жүжигчнийхээ өмнөөс уучлалт гуйя. Энэ хүмүүс өөрсдийнхөө гаргасан алдааг, үнэн байдлаа хэзээ нэгэн цагт ард түмнийхээ өмнө хэлж, өөрсдөө уучлалт гуйх байх. "Шинэ үе" продакшны тухайд тоглолт хэвийн явагдана. Уран бүтээлээ хийсээр байх болно. Хариуцлага тооцох тодорхой хугацааны дараа шийдэгдэх байх. Шүүх, цагдаагийнхан өөрсдөө шийднэ. Продакшны зүгээс болон захирлын хувьд хариуцлага тооцно. Ер нь бол би уран бүтээлчдэдээ нэг л юм хэлдэг. Ажлаа хийвэл хийсэн шиг хий. Бүтээсэн шиг бүтээ гэдэг. Гуч, дөчин залуустаа ийм л зүйл хэлж ирлээ. Манайд хориод залуус байна. Анх удаа ийм юм болж байна. Бид хэзээ ч нэгэндээ гар хөл хүрч байсан түүх байхгүй. Өөрсдөө "Хамт олныхоо нэр хүндийг унагалаа. Уучлаарай" гэж байна. Одоо бид продакшнаараа тоглолтоо хийгээд явдгаараа явж л байна. Шөнийн цагаар болсон хэрүүлийг хамтлагт нялзаах хэрэггүй.
-Д.Оюунтуул эмэгтэй хүн. Олны танил жүжигчин. Гоо сайханд нь нөлөөллөө шүү дээ?
-Би өөрөө охин хүүхэдтэй хүн. Үүнийг маш эмзэг хүлээж авч байна. Хажууд нь байсан бол яалаа гэж ийм байдалд хүргэх билээ гэхээс харамсаад барахгүй байна. Ц.Алдармаа ч бас өөрийгөө хохирогч гээд байгаа. Тэгэхээр тэдний маргааныг зохих газрууд нь шалгах биз ээ. Бидний хувьд маш их харамсаж байгаа. Буруу зөв нь тогтоогдсон цагт хоёр жүжигчнийг "Шинэ үе" продакшнд байх уу, үгүй юу гэдгийг хамт олны хурлаар оруулж шийднэ.
Ө.МАНЛАЙ
С.АЛТАН
Эх сурвалж: www.dnn.mn