Монголын рок поп урлагийн өнгө төрхийг тодорхойлж, авъяас билгээрээ олон жил хүчирхэгжин бэхжиж өөрсдийгөө тунхагласан хөвгүүдийн хамтлагийг төрүүлэн гаргах зорилготой “Камертон 2” төсөл одоогоос хоёр жилийн өмнө зохион байгуулагдсан билээ.
Энэхүү шоуны гараан дээрээс 760 гаруй залуус өөрсдийн авъяасаараа уралдсан. Шилэгдэн үлдсэн 21 оролцогч "Камертон" хамтлагийн хит дуунуудаас сугалан авч амьд хөгжимтэй “Олон улсын хүүхдийн найрамдал төв”-ийн “Хараацай” театрын тайзнаа тайлагнаж үзэгчдийг нэгэн өдөр доргиож байсан нь саяхан мэт санагддаг.
Хүчтэй өрсөлдсөн 21 оролцогчоос “Б.Замбалгарав, Б.Оргил, Б.Баярмандах, Д.Зоригт хэмээх шижигнэсэн, авьяаслаг дөрвөн залуу “Камертон 2” шоуны ялагчаар тодорсон нь өнөөгийн “Бид 4” хамтлаг үүсэн бий болсон түүхтэй. Тэд "Хайртай” дуугаа үзэгчдийн хүртээл болгосон “Бид 4” хамтлагийн залуустай ярилцснаа уншигч та бүхэндээ хүргэе.
Тэдэнтэй ярилцаж суухад энгийн, даруухан зантай нь мэдрэгдсэнийг нуух юун.
-2012 онд бүтэн жилийн турш авьяасаараа өрсөлдөж 760 гаруй залуусаас шилэгдэж одоогийн "Бид 4" хамтлагийг байгуулсан та бүхний зам хэрхэн нээгдсэн талаар яриагаа эхлэе?
-Анх “камертон-2” шоу зохиогдох гэж байгааг сонсоод орохоор шийдсэн. Тэмцээн бүтэн жилийн туршид үргэлжлэх явцад маш их бэлтгэл хийж байлаа. Шат ахих тусам шалгаруулалт маш өрсөлдөөнтэй явагдсан. Тухайн үедээ тус бүрдээ бэлтгэл их хийж тэмцээндээ тэнцсэн гэх сайхан үгийг сонсож явсан. Тэгээд бэлтгэлийн үр дүнд бид 4 дөрөв шалгаран үлдсэн дээ.
-Анх "Камертон-2" шоунд оролцохдоо дөрвөн өөр хүсэл тэмүүлэл өвөртлөн орсон байх?
-Энэхүү шоунд бие дааж оролцсон боловч бид дөрвийн эцсийн зорилго, хүсэл эрмэлзлэл нь дөрвөн хоолойгоор дуулах чанартай сайн хамтлагтай болох нэг л мөрөөдөлтэй нэг л хүсэл тэмүүлийн төлөө зүтгэсэн.
-Тухайн үед Монголын хамгийн анхны өндөр шагналтай шоу гэдгээрээ залуусыг ихэд татсан болов уу?
-Мэдээж тэр үед “Камертон 2” шоуны шагналын сан маш өндөр байсан ч бид дөрвийн хувьд энэ чухал байгаагүй л дээ. Энэ төслийн зохион байгуулалтын цаана Камертон хамтлаг байсан нь шоунд орох гол түлхэц нь болж өгсөн.
-“Бид 4” хамтлагийн хувьд мэргэжлийн сургуулийн оюутнууд тус шоунд оролцсон нь бусад өрсөлдөгч нарт хүчтэй байж илүү өрсөлдөх талбар нь болж өгсөн байх л даа?
-“Камертон 2” төсөлд янз бүрийн мэргэжлэр суралцдаг, ажилладаг маш олон авъяаслаг залуус оролцсон. Бид 4 хамтлагийн хувьд Б.Замбалгарав, Б.Баярмандах, Б.Оргил нар СУИС-ийг төгссөн.
-Шоунд оролцож байсан анхны сэтгэгдлээсээ хуваалцвал?
-Бид дөрөв анхнаасаа түрүүлнэ гэж өөрсөддөө зорилт тавьж түүндээ хүрэхийн тулд маш их бэлтгэл хийж, үе шат бүртээ хариуцлагатай хандаж оролцсон нь үр дүнгээ өгсөн.
-Танай хамтлагийн гишүүн Б.Оргилын хувьд "cover nigth" тоглолтоороо улсын шалгалтаа өгч байсныг санаж байна. Ер нь оюутнууд тоглолт хийж төгсөлтийн шалгалтаа өгдөг үү?
-Миний хувьд СУИС-ийг мэргэжлийн дуулаачийн ангийг энэ жил төгсөж байна. Таван жилийн хөдөлмөрийн маань үр дүн гарч байгаа болохоор өмнө нь тавигдаж байгаагүй тайлан тоглолтыг хийхээр шийдсэн юм. Энэхүү тоглолтын тайз засалтыг “Sound of Mongolia” хийж, хөгжим техникийн дуугаралтыг “New star” студийн Гантөр ах, хөгжимчдийн тухайд “Арга билэг” хамтлагийн төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх, “Night train” хамтлагийн бөмбөрчин Э.Одхүү, “Булсара” хамтлагийн соль гитарчин Б.Оддэлгэр, “A sound” хамтлагийн басс гитарчин н.Мөнхболд ах нар байсан. Мөн миний хайртай найз нар болох Бид 4 хамтлагийнхан маань хамт дуулсан.
-"Камертон 2” шоунаас төрөн гарсанаас хойш анхны уран бүтээл болох "Хайртай дуугаа үзэгчдийн хүртээл болгох хугацаанд та бүхэн юу хийж амжуулав?
-“Камертон 2” төсөл дуусаад бид дөрөв мөн төрийн соёрхолт дуучин Д.Болд ах маань шууд цомгийн ажилдаа орсон юм. Энэ үед бидний дуунууд хэдийн зохиогдчихсон байсан. Мөн “Бид 4” сингапур улсад 2 сар англи хэлний сургалтанд сурсан. Энэ хугацаандаа Сингапур улсын соёл урлагтай тодорхой хэмжээгээр танилцсан. Манай хамтлагийн анхны цомог таван дуутай бөгөөд үүнээс гурван дуугаа дүрсжүүлсэн байгаа.
-Хамтлагийнхаа нэрийг яагаад “Бид4” хэмээн өгөх болов?
–Бидний хувьд “Бид4” гэдэг нэр их утга учиртай. Их удаан бодож, ярилцаж байж өгсөн. Нэр гэдэг цаашдын хувь заяатай холбоотой байдаг учраас зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр өгч болохгүй асуудал.
-Анх оюутан байхдаа шоунд оролцон дуулж байсан бол өдгөө бүгд мэргэжлийн сургуулийн амжилттай төгсөөд мэргэжлийн дуучид болсон. Энэ амжилтын гүүрийг босгоход жигүүр нь юу байв?
-Энэ нь бидний хүсэл мөрөөдөл байсан.
-Дуучдыг ажиглаад байхад ихэнхи нь хүүхэд байхдаа урлагийн хүн болно доо гэж бодож мөрөөддөг юм шиг санагддаг. Харин та дөрөвийн хувьд?
-Бид дөрвийн хувьд хүүхэд наснаасаа “Камертон” хамтлагийг сонсож тэдэн шиг хамтлагтай болохыг хүсдэг байсан.
-Шантрах үе тохиолдоход хэрхэн өөрсдийгөө хурцалдаг вэ?
-Шантрах үедээ эцсийн зорилгоо л боддог доо.
-Хамтлаг оршин тогтнохын үндэс нь хамтаараа бүгдийг нэг хүн шиг сэтгэж тухайн зүйлдээ шунан дурлаж байж цаашдын амжилтын зам нээгдэг гэдэгтэй санаа нийлэх үү?
-Мэдээж, хамгийн чухал зүйл эв нэгдэл, нэг зорилго, биенээ хүндэх хүндлэл, итгэлцэл шүү дээ.
-Уран бүтээлийн замаа ямар байгаасай гэж хүсдэг вэ?
-Өрсөлдөөнтэй.
–Амьдралд баримталдаг зарчим?
–Хүн шиг хүн байхсан л гэж боддог.
-"Камертон 2" шоунд оролцсоноороо дуучин болох замналын эхлэл нь тавигдсан байх. Ялагчаар тодорсон мөчид юу бодогдсон?
-Ялагчаар тодорсон мөчид сэтгэл их хөдөлсөн. Мөрөөдөл минь биелэсэн гайхамшигт үдэш байсан.
–Хамтлагийн цаашдын хэтийн зорилго?
– Soul R&B чиглэлээр Монголдоо чанартай сайн уран бүтээл хийж, цаашдаа гадагшаа чиглэх зорилготой байгаа.
-Анхны дуугаа сонсогч түмэндээ хүргэсэн. Харин анхны цомгоо хэзээ, хэрхэн хүргэж гэж байна?
–Анхны цомог маань “В production”-тай гэрээгээр хамтарч ажилладаг солонгосын томоохон студид хэвлэлтэнд явсан. Тун удахгүй ирнэ.
-Санхүүгийн асуудлаа хэрхэн шийдэж байгаа вэ?
-Манай анхны цомгийг "Скайтел" групп ивээн тэтгэсэн. Нэг жилийн хугацаанд гэрээтэй ажиллаж байгаа.
-Продюссертэйгээ маргалдаж байсан уу. Асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг үү?
-Бид дөрөв продюссертэйгээ маргалдаж байгаагүй.
-Өөрсдийн гэсэн үнэнч шүтэн бишрэгчтэй хамтлагийн нэр хүндийг залгамжлана гэдэг их ховор тохиол. Гэхдээ асар их хариуцлага үүрч байгаа?
-Тийм шүү. Хэн хүнд олдохгүй боломж шүү.
–Айдаг үе гардаг уу?
-Үгүй.
-Хариуцлагыг юу гэж ойлгодог вэ?
-Хариуцлага гэдэг бол үүрэг.
–Нэр хүндийг та бүхэн тодорхойлвол?
-Нэр хүнд гэдэг бол тухайн хүний хийсэн үйлийн болон хөдөлмөрийн үр дүн юм.
-Хүн болгон ёс зүй ярих болсон. Ёс зүйн талаар?
-Хүн бүрт ёс зүй гэж байна. Тухайн хүний ямар ёс зүйтэй байх нь түүний ухамсарын асуудал гэж бодож байна.
-Анхны дуугаа сонсогч түмэндээ хүргэсэн. Харин анхны цомгоо хэзээ, хэрхэн хүргэх гэж байна?
-Бид дөрвийн анхны цомог маань маш олон хүний сэтгэл зүрх туслалцаа орсон. Цомгийн ажлыг “ “В production”-ны захирал, Төрийн соёрхолт, продюссер Д.Болд ах хариуцаж бүх дууг зохиож, продюссераар нь ажилласан. Мөн "Скайтел" групп ивээн тэтгэсэн. Түүнчлэн биднийг үргэлж байдаг "Боловсрол" телевизийн хамт олондоо баярлаж буйгаа илэрхийлье.
Анхны цомог таван дуутай Soul R&B album гарч байгаа. Цомгийн бичлэг “White Arch” студид хийгдсэн хөгжмийн найруулга дээр "Mix master" “В production”-тай гэрээтэй ажилладаг Оросын холбооны улсын "Vivo" студид хийгдсэн байгаа. Хэвлэлтэнд мөн “В production”-тай хамтарч ажилладаг Солонгосын маш чанартай сайн студид орсон. Одоо хэдхэн хоногийн дараа цомог маань ирэх гээд догдлон хүлээцгээж байна.
Бид дөрвийг дэмжиж хамтран ажилладаг “В production”-тай”, “Боловсрол” суваг телевиз “Anti garavity” студи "Сарангоо" фитнесс клубын хамт олондоо болоод биднийг уран бүтээлийг сонсдог, дэмждэг бүх хүмүүсдээ баярлалаа гэж хэлье.
Ярилцсан: Х.Даваанаа