Одоо хийж байгаа ажилтайгаа байгаад л байвал өсөж дэвжихгүй бол яана?”, “Муу залуутай гэрлэчих вий дээ”, “Хайр дурлал минь бүтэлгүйтвэл яах вэ?”, “Энэ хүнд би таалагдахгүй бол цаашаа намайг муугаар ярих байх даа” эсвэл “Би тэгэж хэлэх ёсгүй байсан юм. Одоо намайг тэнэг гэж бодож байгаа байх даа”, “Оюутан байх даа сурч байх минь яав”, “Дэмий юм хийчихлээ шдээ” гэх мэт бодлууд тархинд чинь хөвөрсөөр байна уу? Одоо болоо юм биш үү?
Өнгөрснөөс бас ирээдүйгээс өөрийгөө чөлөөлөхүй
Юу гээч, чи яг одоо амьдрахгүй байна. Харин яаж байна гээч! Зүгээр л санаа зовж байна. Амьдрах гэдэг бол зүгээр л амьд байхын нэр биш. Харин энэ ертөнц дээх хүн болж төрсөн бол юу хийж, юу мэдэрч, хаана хүрч болдгийг үзэж мөрөөдлөө биелүүлж, хайрлаж, хайрлагдахыг хэлдэг шүү дээ. Хүн юу бодох нь түүний л хувийн асуудал боловч, яг одоо юунд ч битгий санаа зов. Зөвхөн энэ нийтлэлийг л унш. Дараа нь ажилтай бол ажлаа, хичээлээ, хоолоо хий эсвэл ахиад нэг унш. Харин дээр дурьдсан бодлуудыг тархиндаа битгий оруулаарай.
Энэ сэдэвтэй холбогдуулан хүмүүс нас барахын өмнө нь юунд хамгийн их харамсдаг талаар нэгэн сувилагчийн ярьсан түүхээс оруулахаар шийдсэн юм.
"Өнгөрсөн"
“Би олон жил энэ эмнэлэгт ажилласан. Эцсийн мөчөө хүлээж буй өвчтөнүүд л миний хариуцсан тасагт ирдэг. Тэдний амьдралын хамгийн сүүлийн мөчийн гэрч болохдоо бид олон ч сонирхолтой түүх сонссон доо. Тэд бүгдээрээ л хайр, үзэн ядалт, айдас, догдлол, уур хилэн гэх мэтийг мэдэрсэн байсан. Гэхдээ эцсийн мөч тулахад өвчтөнүүд бүгдийг мартаж, уучилдаг. Би өвчтөн бүртэйгээ ярилцахдаа нэг зүйлийг заавал асуудаг байлаа. “Та энэ амьдралдаа юунд хамгийн ихээр харамсаж байна вэ?”. Тэд өвчин зовлон, царай зүс, ааш зангаараа тэс өөр ч дээрх асуултын хариулт “ИЖИЛ” байсан юм.
1. Хэн нэгний хүсэлт, хүлээлтээр биш өөрийн хүссэнээр амьдарсан ч болоосой
Хүн бүрийн хамгийн түрүүнд хэлдэг хариулт нь энэ байлаа. Амьдрал нь дуусах тэр мөчид эргээд харахад “Тэр үед ганц удаа ч болов өөрийнхөөрөө шийдэх минь яав даа” гэсэн бодол өөрийн эрхгүй орж ирдэг. Учир нь бусдын хэлсэн анхааруулга сануулгаас шалтгаалан мөрөөдлөө биелүүлэх олон боломжийг алддаг аж. Эцэг эх, эхнэр нөхөр, үр хүүхдийнхээ хүлээлтэд эзэн болохын тулд өөрийнхөө хүслээр байж чадаагүй нь хамгийн харамсмаар зүйл байжээ.
2. Юуны төлөө ингэтэл их ажиллав?
Энэ бол эрэгтэй өвчтнүүдийн хамгийн том харамсал. Тэд гэр бүлийнхээ ирээдүйн төлөө зүтгэсээр үр хүүхдүүдийнхээ өсөж буйг ч анзаараагүй өнгөрсөн. Мөн хайртай гэргийгээ ганц бие ээж шиг амьдруулсан байдаг ба эцэст нь багагүй амжилтанд хүрчихээд хүүхдүүдээ эргэн харах цагт тэд хэдийн холдон одсон байдаг аж. Хэтрүүлж ажилласандаа харамсаж, үхэх цагт өөр дээр нь хэзээ ч ирэхгүй гэж мэдэгдсэн үр хүүхдээ хүлээх өвчтөнүүд… Гэвч тэд энэ бүгдийг ирэхгүй гэдгээ мэдэгдсэн тэр хүмүүсийн төлөө л хийсэн шүү дээ.
3. Өөрийн бодол, мэдрэмжээ ил хэлэх зориг байсансан бол ч…
Олон хүмүүс бусадтай “энх тайван” харилцаатай байхын тулд шүдээ зуугаад өнгөрдөг. Түүнээсээ болоод бусдад бүү хэл өөртөө ч үнэнч байж чаддаггүй. Энэ байдал даамжирсаар “Би юу хүсч байна вэ?” биш “Би юу хийвэл ямар нэгэн асуудал үүсэхгүй байх вэ?”, “Юу гэж хэлвэл намайг ухаалаг юм аа гэж бодох бол?” гэсэн нөхцөл байдалд тааруулдаг болчихсон байдаг. Харин хөгшрөх тусам өөрийгөө бүрэн илэрхийлж, уурлаж бухимдах үедээ уурлаж, гомдох үедээ гомдож байх минь яав даа хэмээн харамсдаг байна. Сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлснээр тухайн үед хэд хэдэн хүнийг бухимдуулж болно. Гэхдээ өөрийн зангаа нуугаагүй учраас тэр хүмүүст хэзээд үнэн төрхөөрөө байдаг гэдгээрээ үнэлэгддэг. Хүмүүс ч чамтай яаж харилцахаа мэддэг болно. Хамгийн гол нь чиний амьдралд худал харилцаа гэж үгүй болох юм.
4. Найзуудаасаа харьцаагаа таслах хэрэггүй байсан юм
Эмэгтэйчүүдийн хамгийн их сонгосон хариулт энэ байлаа. Үр хүүхэд, гэр бүл, ажил гэсээр найз нөхдөө орхиж, уулзахаа больж, нэг л мэдэхэд харилцаа нь холдсон байдаг. Харин хамаг бүхнээ зориулсан үр хүүхэд нь том болж, тусдаа гарахын цагт ганцаардлыг хамгийн ихээр мэдэрч, биеэ чагнасаар байгаад өвдөх үе бишгүй. Эцсийн мөчөө хүлээж буй хүмүүс нэгэн цагт үргэлж хамтдаа байсан найзтайгаа уулзах хүсэлтийг ихээр тавьдаг ч уулзаж амжихгүй өнгөрдөг байлаа.
5. Би өөрийгөө аз жаргалтай амьдрахыг зөвшөөрсөн ч болоосой
Ийм хариулт авна гэж би огт бодоогүй байлаа. Тэд өнгөрсөндөө зууралдаж, өнгөрсөндөө хүлэгдэж, өнгөрсөндөө харамссанаас болоод одоогийнхоороо амьдрах боломжоо алддаг байж. Хэн нэгнийг аз жаргалтай байлгахын тулд гэхээсээ илүү өөрийгөө аз жаргалтай байлгахын тулд юу ч хийхгүй байсаар, энэ насыг барах үедээ харамсах нь хичнээн харамсалтай вэ?
Хүн хэзээ өөрийнх нь эцсийн мөч ирэхийг мэдэж байх үедээ бусдын бодол, санааг жинхнээсээ хамаарахаа больдог. Үнэндээ маргааш ч биднийг үхэл хүлээж байгаа ч юм билүү, хэн ч мэдэхгүй шүү дээ. Муу амлах гээгүй юм шүү. Гэхдээ л хэзээ юу болохыг хэн ч мэдэхгүй байхад аль хэдийнэ болоод дуусчихсан өнгөрсөнд, хэзээ ирэх нь мэдэгдэхгүй ирээдүйн хайр дурлалд, амьдралд чинь тэгтлээ нөлөөлж чадахгүй, хамгийн амархан өөрчлөгддөг зүйлсийн нэг болох бусдын бодолд бүх сэтгэл, эрч хүч, энергээ зарцуулах нь яг юуны төлөө юм бэ? Харин түүний оронд маргааш ч бүх зүйл дуусчихаж мэдэх юм шиг зоригтой шийдвэр гаргаж, өөртөө үнэнч байж, энэ ертөнцийг орхихдоо сэтгэл хангалуун, харамсах зүйлгүй байсан нь хамаагүй жаргалтай биш гэж үү? Хэрвээ чи ч гэсэн өнгөрсөндөө харамсахыг хүсэхгүй байгаа бол одоогоороо л амьдар. Харамсал гэдэг зүйлийг амьдралдаа байлгахгүйн тулд зүгээр л хий, яг одоо яамаар байна түүнийгээ л хий. Ихэвчлэн өнгөрсөнд болсон тэр зүйлдээ харамсаад л байдгаас биш чамд юу авчирсныг нь бодож ч үзээгүй байдаг. Тэр үйл явдал болсон учраас л чи илүү хүчтэй, илүү ухаалаг, илүү туршлагатай “өнөөдрийн чи” бий болсон шүү дээ. Тийм болохоор чамд тусласан, “харамсмаар” өнгөрсөнд ч талархаад байх ёстой газарт нь үлдээ.
“Ирээдүй”
Харин энэ бол хамгийн ихээр анхаарлаа хандуулах зүйл тийм үү? Анхаарал хандуулах шүү санаа зовох биш. “Би ийм зорилгодоо хүрэхийн тулд ийм зүйлийг сурч, ийм зүйлийг өөртөө бий болгох хэрэгтэй” гэж бодон, төлөвлөх бол анхаарлаа хандуулж байгаагийн шинж. Харин “Би шалгалтандаа онц авмаар байна. Гэхдээ чадах болов уу, яана аа?” гэж бодоод суух бол хий дэмий санаа зовох юм. Энэ чамд хэзээ ч, юуг ч авчрахгүй бөгөөд харин ч сэтгэлийг чинь тавгүйтүүлж, зовоохоос өөр ид шидгүй. Шинэ зүйл авчирлаа гэхэд юу гэж бодон зовж байсныг чинь л биелүүлээд өгөх болно.
Үүнээс салахын тулд сэтгэл болон бодлоо бэлдэж алхам алхмаар айдсаасаа даваарай.
– Хамгийн эхэнд хандлагаа өөрчил. Айдас гэж нэрлэгддэг ч айх зүйл биш, айдас байснаар бидэнд илүү хичээх, илүү идэвхитэй амьдрал, илүү хөдөлмөрлөх эрч хүчтэй байх хэрэгтэйг сануулж байдаг. Харин айдсаасаа айгаад л суугаад байвал хэзээ ч юу ч бий болохгүй. Тийм учраас айдас бол чамд урам өгөгч гэж бод. Айдас чамд: “Чи хэтэрхий хурдан байна. Бага зэрэг болгоомжтой л байхад болно” гэж хэлж байна хэмээн бодоорой.
– Ирээдүйн төлөө айдас чиний оюун ухаанд л байгаа. Харин оюун ухаан үүнийг төсөөлөн бодож илүү муухай сэтгэгдлийг хүнд бий болгодог. Тиймээс сөрөг зүйл төсөөлөн бодох гээд байгаа оюун ухаандаа “боль” гэж тушаа. Хичнээн онцгүй айдас чамд мэдрэгдсэн ч ургуулан бодохоосоо өмнө зогсоо. Цаашдаа ингээд дадал болгочихвол айдас бүхэн чамд аймшигтай санагдахгүй.
– Ирээдүйг хүлээхээ боль. Чи өөрөө л ирээдүйгээ бүтээх учраас санаа зовниж суухын оронд хийж чадах бүхнээ хий. Айх тусам биелэлээ олж, яг бодож байсанчлан болох тохиолдол бий. Сайн бодол сайныг л дагуулна гэж бодоод бодол санаагаа хянаарай.
– Өөрийнхөө ирээдүйн талаар гэрэл гэгээтэй төсөөлөл бүхнээ нэг тусгай дэвтэр гаргаад бич. Чиний мөрөөдөл, ирээдүйн гэр бүл, хүссэн ажил амжилт, чамайг аз жаргалтай болгодог зүйлс гэх мэт юуг ч үлдээхгүй бич. Ирээдүйд тохиолдож мэдэх сөрөг зүйлийн тухай юуг ч бодохгүйгээр сайн сайхнаар төсөөлсөн бүхнээ дэвтэрт буулгасны дараа өөрийн эрхгүй инээмсэглэж, сайхан мэдрэмжийг авах болно. Үүнийгээ ажлын ширээн дээрээ өөртөө ойр тавиад болж өгвөл өдөр бүр уншиж байгаарай.
– Эергээр төсөөл. Чи ямар нэгэн зүйлийг амжилттай хийж, аз жаргалтай байгаагаар төсөөлж ялалтыг мэдрэх бүрт чиний айдас болсон тэр том хар бараан үүл бага багаар арилж байна гэж төсөөл. Үүл арилах бүрт хүчтэй болж байна гэж мэдэр. Нэг л мэдэхэд чамд үүл үлдээгүйг анзаарах болно.
Яг одоо өнгөрсөн бас ирээдүйгээр тэнүүчлэн яваа хийсвэр, хар бараан бодлуудаа мартаад зөвхөн өөртөө бас мөрөөдөлдөө итгэ хонгор минь. Өнгөрсөн бол чиний багш, ирээдүй бол чиний сурагч гэж бод. Багшид талархаж сурагчид сайн сайхныг зааж, үлгэрлэх хэрэгтэй шүү дээ. Чи чадна аа. Учир нь чи бол цор ганц, үзэсгэлэнтэй бас сайн бүсгүй. Гоолингоо нь чамд итгэж байна.