Хүмүүсийн эрлийз эсвэл хурлийз байх гэж боддог Монголын отгон топ модель С.Ариунбилэг гэр бүл, үзэл бодол, загвар өмсөгчийнхөө хувьд бусдаас эрс ялгарч байгаа. Түүнийг муулсан эсвэл сайлсан мэдээ тэгтлээ их байдаггүй нь түүнийг хэр энгийн болоод дотоод үзэсгэлэнтэй эмэгтэй гэдгийг батлах шиг.
Хэвлэлийн нүүр чимэглэж, нэр төрийн хойноос тэгтлээ хөөцөлддөггүй хэрнээ сэтгэлээ нэг нээвэл эгэл бөгөөд эрхэмсэгийг хослуулсан эмэгтэй гэдгийг нь бид энэ удаагийнхаа ярилцлагаар уншигч танд харуулахыг зорилоо.
С.Ариунбилэг Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг төгсөж, ЭМШУИС-д нүүр ам судлалаар суралцаж, нарийн мэргэжил эзэмшсэн нэгэн. Айлын отгон охин. Отгон топын хаана ч дэлгэж байгаагүй амьдралын сонин хачин ертөнц, үзэл бодлоор аялагтүн.
– Сайн байна уу? Манай сэтгүүлд ярилцлага өгч байгаад баярлалаа. “Гоёл” наадмаас хойш сонин сайхан юутай байна вэ? Өөрчлөлт, шинэчлэлт, санал хүсэлт хэр их байна вэ?
– Танд болон танай уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Топ болсноос хойш амьдрал урьд өмнө ямар байсан яг л тэр хэвээрээ үргэлжилсээр байна. Ямар нэгэн онцгой өөрчлөлт гараагүй. Саяхан сургуулиа төгсөөд дипломоо гардаж авлаа. Одоохондоо ажилд ороогүй байна.
Саяхан ээж маань зүрхний маш хүнд хагалгаанд орсон. Ээжийгээ бараг алдчих шахсан шүү. Тийм болохоор биеийг нь тэнхэртэл асарч сувилах шаардлагатай байгаа учраас ээжийгээ сахисан байдалтай л байна даа.
– Топ модель болсны дараа бизнесийн байгууллагын нүүр царай, киноны дүр, клипний зураг гээд саналууд тасраагүй байх. Хүлээж авсан эсвэл татгалзсан зүйл бий юү?
– Топ болсноос хойш тийм саналууд бол ирээгүй. Киноны ч юм уу клипний санал ирээд надад таалагдвал татгалзахгүй. Урьд нь ямар байсан, тэр хэвээрээ л байна.
– Тэгвэл өөрт төрж байгаа мэдрэмж ямар байна вэ?
– Тодорхой хэмжээгээр өөртөө итгэлтэй болчихдог юм байна лээ. Өөрөө өөртөө итгэж эхэлж байна л даа. Сая “Хаврын гоёл” наадам болж өнгөрсөн. Отгон топ тэнд шагнал гардууллаа. Хүмүүсийн яриагаар бол нэрээ бодоод ч юм уу ямар нэгэн байдлаар өөрчлөгдсөн байна, гоё болсон зэрэг магтаалын үгнүүдийг их сонсож байгаа.
– Шүүмжлэлд нь ямар байдлаар хандаж байна вэ?
– Надад шүүмжлэл ирдэг. Шүүмжлэлд дуртай ш дээ./инээв/ Бүх шүүмжлэлийг сонсдог. Надад хэрэгтэй шүүмжлэл байгаад, үнэхээр миний буруу байсан бол тэрийгээ хурдан хүлээж аваад тухайн үедээ хурдан засахыг боддог. Хэрвээ надад огт хамааралгүй сөрөг шүүмжлэл ирвэл авч хэлэлцдэггүй. Яагаад гэвэл тэрийг авч хэлэлцсэнээр амьдралын хангалттай олон стресс дээр өөрийгөө нэмж стрессдүүлэх хэрэг гарна.
– Дипломоо саяхан гардсан гэлээ. Таны сонгосон мэргэжил загварынхан төдийлөн сонирхдоггүй мэргэжил юм шиг санагдсан. Эрүү, нүүрний гоо заслын эмч болж, нарийн мэргэжил эзэмшсэн гэл үү?
– ЭМШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийг төгсөөд нарийн мэргэжил нь болохоор нүүр амны мэс засалч. Гоо сайханч биш. Мэс засалч гэхээр бүх төрлийн мэс засал багтдаг. Миний бодлоор сургуульд байхад ийм хичээлийг дагнавал ийм мэргэжилтэй болно гэдэг мэдээлэл дутмаг байснаас болоод мэргэжил сонголтын талаар юу ч мэддэггүй байсан нь энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн. Би сургуулиа төгсч байхдаа энэ талаар мэдлэггүй байснаасаа болоод ямар хичээлийг сайн судлавал ямар мэргэжилтэй болохоо мэддэггүй байлаа. Энэ бол манай үеийн маш том дутагдлуудын нэг. Миний хувьд бүүр жаахан охин байхдаа л эмч болж тоглодог байсан. Сургуульд орохоосоо өмнө ч өөрийгөө мэс засал хийж байгаагаар төсөөлж, мөрөөддөг байсан. Тэр маань нөлөөлсөн байх. Дараа нь би хэр баргийн хүний хүсдэггүй үнэхээр хаширмаар, маш хэцүү хүнд даваануудыг туулсан, мэдэрсэн. Одоо миний амьдрал дөнгөж л эхэлж байна. Цаашдаа сурч мэдэх зүйл асар их байна. Тийм болохоор одоогоор өөрийгөө нүүр амны мэс засалч гэж нэрлэж, бусдад гайхуулахаасаа ичиж байна. Цаашдаа би дахиад сурна.
– Гоо сайхны мэс ажилбарыг хүмүүс нэг хэсэг их үгүйсгэдэг байсан. Харин одоо дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, хүмүүсийн хандлага ч өөрчлөгдөж байх шиг. Өөрийнхөө сэтгэл дундуур байгаа зүйлээ засах хэрэгтэй гэдэг зориг ч хүмүүст бий болж эхэлж. Энэ бүхнийг харвал мэргэжлээрээ ажиллах, эсвэл өөр зорилго байгаа байх.
– Мэдээж, надад мөрөөдөл бий. Миний хамгийн том мөрөөдөл бол өөрийн гэсэн эмнэлэгтэй болох хүсэл юм. Тэр эмнэлэг маань яг ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, бүх зүйлээр ажилладаг төрөлжсөн эмнэлэг байх болно. Ганц гоо сайхнаар биш шүд янзлахаас эхлээд бүхий л үйлчилгээг үзүүлдэг эмнэлэг байгуулна гэж бодож байгаа. Тэр хүртэл надад дахиад хугацаа хэрэгтэй. Сурах зүйл их байна. Өөрөө өөртөө бардамнаж, сэтгэл хангалуун болох мөч одоогоор ирээгүй байна.
– Аав, ээжийг чинь эрүүл мэндийн салбарт ажилладаг хүмүүс гэж сонссон юм байна. Мэргэжлээ сонгоход чинь тэд нөлөөлсөн үү?
– Надаас хүмүүс яг ингэж асууж байсан л даа. Гэхдээ аав, ээжийн маань мэргэжил надад ерөөсөө нөлөөлөөгүй. Миний өөрийн багын хүсэл мөрөөдөл нөлөөлсөн. Аав маань Анагаахын физикч, доктор Ц.Сүхбаатар гэж хүн байдаг. Ээж маань бас л насаараа Анагаахад ажилласан гадаад хэлний багш. Ээж маань Ж.Ундармаа. Хүмүүс их андуурдаг. Намайг анх анагаахын сургуульд орно гээд арван жилээ төгсөж байхад аав маань харин ч эсэргүүцэж байсан шүү. “Хэцүү Анагаахад ороод хэрэггүй” гэж байсан. Яг үнэнийг хэлэхэд би өөрөө зөрсөөр байгаад энэ сургуульд орж байсан юм.
– Танай үеийнхэн загварын салбарыг сайхнаар төсөөлж хөл тавьсан байдаг. С.Ариунбилэг яаж загварын ертөнцөд орсон юм бэ? Хүмүүс чамайг “Топ” болоход мэдэхгүй нэг нь шинэ хүн гэж бодож байсан. 13 жил энэ салбарт байсан, “Гоёл” наадмын өнгө төрхийг тодорхойлж байсан цөөхөн хэдэн моделийн нэг гэж би хардаг. Чамайг анх хөл тавихад загварын салбарын нэр хүнд тааруухан байсан шүү дээ.
– Баярлалаа. Анх дөрөвдүгээр ангидаа гадаа тоглож байгаад халтайсан охин гэртээ орж ирсэн юм. Тэр үед “Ганга гоёл” компанийн захирал Дунгаамаа эгч манай ээжээр англи хэл заалгадаг байсан. Тэгээд намайг хараад “Ямар гоё өндөр охин бэ? Чи загвар өмсмөөр байна уу?” гэж асууж байсан. Төсөөлөнгүүт л шууд Фэйшн ТВ толгойд бодогдоод “Ормоор байна” гэж хэлсэн санагдана. Тэгээд намайг ядаж тавдугаар ангид орчихоод хүрээд ирээрэй гэж хэлж байсан юм. Тэгээд л би загварын салбартай холбогдсон доо. Тухайн үедээ би маш эршүүд охин байсан. Таэквондо, айкидог их сонирхдог, тэр дугуйланд яг явах гэж байсан. Энэ хоёр замын аль нэгийг нь л сонгохгүй бол хоорондоо зохицохгүй байсан. Эмэгтэй хүнийхээ үүднээс бодсон ч гэсэн эцэст нь би загварыг сонгосон юм.
Анх загварт ороход жижигхэн шар охин “Агшин” нэвтрүүлэгт үсэг зөөгөөд л явдаг байлаа. Тэр үед дизайнер нь намайг “Дах нөмөрчихсөн юм шиг харагдаж байна” гэхэд нь миний шар гозойж байсан юм даа. Тухайн үед бид нарыг аэробик зэрэг төрөл бүрийн хичээлээр хангадаг байсан. Би нэгхэн жилийн дотор сунгалтын дасгал хийгээд маш богино хугацаанд 10 см өндөр болж байлаа. Яг үнэндээ бол анхнаасаа загвар өмсөгч болно, топ модель болно гэсэн бодол надад байгаагүй. Ядаж биеэ зөв авч явдаг, алхаагаа засна гэсэн бодолтой орсон. Гэвч тогоонд нь чанагдаад эхлэхээр “Би яагаад чадахгүй, болохгүй гэж?” гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг, улам цаашилдаг юм билээ. Тэгээд л өнөөдрийг хүртэл явлаа. Анх 13 настай байхдаа “Гоёл-2003” наадамд орж байлаа. Тэрнээс хойш тасралтгүй 12 орчим жил загвар өмслөө дөө.
– Загвар өмсөгч нарыг мөнгөтэй хүний түрийвчинд амьдардаг, багтдаг гэх шүүмжлэлийг яаж хүлээж авдаг вэ? Танд ийм зүйл тулгарч байв уу?
– Тулгарч байсан. Мөнгөөр цохих саналууд бол надад зөндөө ирдэг байсан. Би өөрөө мөнгө төгрөгний сонирхолтой хүн биш болохоор нэг их тоодоггүй байсан. Сая наад асуултыг чинь сонсонгуутаа нэг зүйл санаанд орлоо. Топ модель, загвар өмсөгч нар бүгдээрээ л хүний түрийвчинд багтаад байна гэж хүмүүс яриад байдаг. Бусад бүсгүйчүүд ч энэ замаар л явдаг. Ер нь эмэгтэй хүн болгон тодорхой шуналтай, эмэгтэй хүн болгон мөнгөнд дуртай, дэлгүүр хэсч, сайхан амьдрахыг хүсдэггүй гэж үү? Хүмүүс тэр дундаас заавал олны танил бүсгүйчүүдийг онцолж, манай салбарт нааж хэлэх нь буруу гэж бодож байна. Хүн болгонд шунал тодорхой хэмжээгээр байдаг, хүн болгон адилхан учраас загварынхан, топууд гэж онцлоод байх шаардлагагүй болов уу. Монголчууд аа, хүнийг хэлэхээсээ өмнө хайрла. Бусдын толгой дахь тэвнийг харахын оронд өөрийнхөө толгой дээрхи бухлыг хар л гэж хэлмээр байна.
– Нүцгэлэлтийг дэмждэг үү? Таны дээхнэ үед тоглосон нэг клип багагүй шүүмжлэл дагуулсан байдаг.
– Тэр бол “ICE TOP” хамтлагийн клип. Тухайн үед би 16 настай байсан. Охиноороо байсан. Эрэгтэй хүнтэй харьцаанд ордог талаар ямар ч мэдэгдэхүүн надад байгаагүй. Хамтлагийн клип гэхээр нь л баясаад орчихсон. Тухайн үед надад хэлэхдээ гоё сайхан хэсгүүдийг нь л гаргана гэсэн. Ерөнхийдөө хийсэн хүмүүс нь намайг хуураад тэр клипэнд тоглуулсныг дараа нь би мэдсэн. Тэр клип гарсны дараа өчнөөн олон хүнд загнуулсан шүү. Тухайн үед юу хийж, ямар клипэнд тоглож байгаагаа ч өөрөө мэдээгүй. Тэглээ гээд яахав, нүцгэлэлтийг бол би хэзээ ч үгүйсгэдэггүй. Ер нь би хэзээ ч юмыг үгүйсгэдэггүй. Монголд ч бай, Холливүүдэд ч бай бүгд л нүцгэлдэг шүү дээ. Энэ бол урлаг. Гэхдээ урлаг байлаа гээд би өөрөө нүцгэлэхгүй. Үгүйсгэдэггүй, бас туйлширдаггүй.
– Загварынхан карьер, нэр хүнддээ маш их анхаардаг. Чи яагаад энэ тал дээрээ анхаардаггүй юм бэ?
– Би чинь нэг тийм сонин, өөрийнхөөрөө зантай хүн. Ахтайгаа тоглож өссөн, бүх л үлгэр дууриал, бүхий л зүйлийг ахаараа төсөөлж, хажууд нь хамт өссөн учраас эршүүд болж хүмүүжсэн. Тухайн үед миний дараа үеийн загварынхан л гэхэд ганц рекламанд тоглочихоод л “Ариунаа эгч ээ” гэж дууддаг байсан хүн гэнэт Ариунаа болоод л явж байлаа. Маргааш нь бүр үг дуурахгүй болдог ч юм уу. Тиймэрхүү байдлаар хүмүүс нүдэн дээр нэр төртэй болоод өөрчлөгдөөд эхэлж байсан. Тэр үед би өөртөө хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж хэлж байв. Дээрээс нь тухайн хүн нийгмийн ямар ч гарлын хүн байсан би хүн гэдэг утгаар нь түүнтэй харьцдаг, хүлээж авдаг. Надад бүх л давхаргын найзууд байна. Өөрийгөө тодорхойлоод хэлбэл би хийх дуртай зүйлээ л хийнэ, хэн ч яасан ч хийдэг. Дургүй зүйлээ бол яагаад ч хийдэггүй.
– Зөрүүд юм уу?
– Тийм зантай. Эршүүд учраас би илүү зүйлд шунадаггүй, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байдаг учраас нэр төр гэж төдийлөн хөөцөлдөөгүй. Сайн аав, ээжийн буянаар бусдад дээрэлхүүлж, бусдыг ч дээрэлхэж байгаагүй. Бусад шиг унаж яваа машин, өмсөж яваа хувцсандаа төдийлөн анхаардаггүй. Хүмүүс гоо сайхандаа яаж анхаардаг вэ гээд л асуудаг. Би бусдын л адил өдөр, шөнийнхөө тосыг түрхээд, өглөө босоод хүйтэн усаар нүүрээ угаачихаад л явдаг. Би залуу насаараа л гоёж байна.
– Загвараас гадна яг энэ салбарт хөл тавьж байх үедээ дуулдаг охин байсныг чинь санаж байна. “Cheerfull” хамтлагт дуулдаг байсан. Боломж гарвал дахин дуулах хүсэл бий юү? Ер нь нийгмийн идэвхтэй охин байсан даа.
– Тайзан дээр гарч дуулах бол өсвөр насны охид болгоны мөрөөдөл байдаг байх. Үнэхээр би ч гэсэн мөрөөддөг байсан. Тухайн үеийнхээ хит дуунуудыг тавьчихаад асар олон хүмүүсийн өмнө дуулж байна гэж. Амаа хөдөлгөөд л, дотроо төсөөлөөд л дуулдаг байсан. Гэхдээ би мөрөөдлөө биелүүлсэн. Бусдаас илүү заяасан сайхан хоолой надад байхгүй. Тийм учраас би дуугаар явахгүй гэдгээ ойлгож, тухайн үедээ мөрөөдлөө л биелүүлсэн гэж боддог. Ер нь би зүгээр суух дургүй охин байсан. Анх “Cheerfull” гээд байгуулагдсан. Сүүлдээ “Glamour” хамтлаг болсон. Манай хамтлагийн Т.Уранзул гээд бас загвар өмсөж байсан охин бид хоёр Сингапурын Сентоза арал дээр “Испани аялгуу” гээд дуугаа клипжүүлсэн. Тэгээд дараа дараачийн дуунуудын хувцас болон бусад зүйлүүд бэлэн болчихсон байсан боловч хамтлагийн охин бид хоёр хоёулаа гэр бүлийн амьдрал зохиогоод дууны карьераа төгсгөсөн. Одоо бол дахиж дуулахгүй гэж бодож байна. Тэртээ, тэргүй хийх зүйлээ хийсэн. Тэгээд ч дуулдаг хүмүүс нь дуулах хэрэгтэй.
– Дуучид тайзан дээр анхны алга ташилтыг мэдрэх сайхан байдаг бол загвар өмсөгч хүнд тайзан дээр ямар мэдрэмж хамгийн сайхан байдаг вэ? Чиний анхны загварын тайз…
– Угаасаа л тайзан дээр гарч мэдрэх мэдрэмжүүд ижилхэн байдаг гэж би боддог. Яагаад гэвэл адилхан л бүх хүч, хөдөлмөрөө хүмүүст хүргэхийн тулд байдаг бүх зүйлээ зориулж байдаг. Хүмүүст хүрээд, дараа нь хүмүүсийн алга ташилтыг сонсох бол хамгийн сайхан мөч. Тухайн үед амьдралын бас нэгэн аз жаргалыг мэдэрдэг гэх үү дээ. Жишээлбэл, би өчнөөн олон жил тайзан дээр алхахдаа өмнө нь тэгдэггүй байсан хэрнээ сүүл рүүгээ олны танил болж эхлээд, намайг гарч ирэнгүүт хүмүүс алга ташдаг болсон. Тэр бол хамгийн гоё мэдрэмж. Тэр мэдрэмжийг авснаар юу бодогдож байна гэхээр “Би хийсэн, бүтээсэн зүйлээ хүмүүст хүргэж чадсан байна. Тэрийг минь үнэлээд надад алга ташиж байна. Би хамгийн их баяртай байна” гэж боддог.
– Сүүлийн үед загварын салбарыг сонгож байгаа охид хурдан хугацаанд “од” болох эсвэл энэ салбараар дамжиж сайхан амьдралд хүрчих гэсэн өнгөцхөн мөрөөдөлтэй яваа юм шиг санагддаг. Чиний харж байгаагаар Монголын загварын салбарын хөгжил, алдаа оноо нь юу байна вэ?
– Нэг үеэ бодвол маш их сайжирсан. Би хүмүүсийн амьдрал болон хийж байгаа үйлдлийг ердөө үгүйсгэдэггүй. Тэр бол тухайн хүний амьдрал. Тэрийг хөндлөнгөөс дүгнэх нь утгагүй. Тэгж ярих ч дургүй. Хүн ер нь бол нийгмийн бүхий л түвшний амьдралыг харж, ойлгож байх ёстой. Ойлгодог чадвартай байх ёстой. Хүн болгоны амьдрал өөр. Энийгээ дагаад хүн болгоны хийж байгаа сонголт өөр. Тэгэхээр хүмүүс магадгүй сайхан төрсөн бие хаагаараа далимдуулаад алдарт хүрээд, тэгээд сайн хүнтэй сууж, нэр хүндтэй болж болно. Үгүйсгэхгүй. Зарим нь бол хөөрхөн гэнэн мөрөөдлөөр явж байгаа. Харин зарим нь загварыг яг ажил хэрэг гэдэг үүднээс нь харж ажлаа хийгээд явж байна. Миний хувьд яг дутагдалтай талыг нь дурдмааргүй байна. Хэлье гээд ч одоохондоо байхгүй байх. Сайн талууд бол зөндөө л байна. Үнэлэмж сайжирсан. Хуучнаа бодвол загварын агентлагууд олноороо нээгдэж байна. Зах зээл дээр өрсөлдөөн бий болж байна. Өрсөлдөөн байж гэмээнэ шилдгүүд гарч ирдэг юм.
– Загварын агентлагууд олноороо байгуулагдаж байгаа энэ үед багшлах санал ирж байна уу?
– Багшлах санал бол зөндөө ирж байна. Хувь хүнийхээ хувьд загварын багш хийх ямар ч сонирхол байхгүй. Өөрөө өөрийнхөө ажлыг хийгээд л явах дуртай.
– Загвар, хамтлагаас гадна “Монголын сайхан бүсгүй” болон миссийн тэмцээнүүдэд оролцож, хэд хэдэн титэм, өргөмжлөлийн эзэн болсон шүү дээ. 2007 оны “Miss world university” тэмцээнээс “Хүмүүнлэгийн мисс” гэсэн өргөмжлөлийг хүртэж байсан шүү дээ. Хүмүүнлэгийн чиглэлээр ямар нэгэн ажил хийж байна уу?
– Чин үнэнийг хэлэх юм бол хүмүүнлэгийн тал дээр бодож, төлөвлөсөн зүйл одоогоор алга. Хүмүүнлэгийн ажилд зөндөө л оролцож байлаа. Яг одоогийн байдлаар миний бэл бэнчин хүрэхгүй. Зүгээр л хайртай хүмүүсийнхээ дунд хүмүүнлэгийн зүйл хийгээд явж байна. Олон нийтэд түгсэн ажлыг хийхийн тулд миний бэл бэнчин хүрэхгүй байна. Гэхдээ тийм зүйлд оролцох санал тавибал дуртайяа хүлээж авна. Хүмүүст хандаж хэлэхэд монголчууд бид нар цөөхүүлээ, хүн хүнээ хайрлаасай л гэж хүсмээр байна. Миний харж байгаагаар нэг л их бие биенээ дээрэлхсэн хүмүүс. Мөн гадны орнуудад очоод харж байхад монголчууд монголчуудыгаа л дээрэлхэж чаддаг. Би нэг нэгнээ цохиж байгаа залуучуудыг хараад элэг эмтэрдэг. Хүн эрүүл байхдаа л аз жаргалтай байдаг. Амьд бие организмыг тэгж дээрэлхэх шаардлага байхгүй. Цөөхөн, хэдүүлэхнээ хэр нь нэг нэгнийхээ мууг үзэх гэж зүтгэдэг. Ингэхийн оронд дэмжиж, хайрлах хэрэгтэй гэж боддог.
– Бэл бэнчин гэснээс таны нэг ярилцлагыг уншиж байхад охин чинь эмээгийнхээ зурагтыг хагалж, та үнэртэй усаа зарж өрнөөс гарсан сэтгэл татам дурсамж байсан санагдана.
– /инээв/ Үнэн. Манай охин эмээгийнхээ зурагтыг хагалсан. Би багаасаа үнэрийг сайн мэдэрдэг. Үнэртэй уснаас гадна тухайн биенээс үнэртэж байгаа өөр өөрийн гэсэн гоё үнэрийг мэдэрдэг байсан. Одоо бол миний охины үнэр энэ дэлхийн хамгийн тансаг үнэр шиг санагддаг болсон. Би хүүхэд байхдаа л дэлгүүрийн саван, оо энгэсэг зардаг тасагт очоод л бүх савангийн үнэрийг үнэртээд зогсдог охин байлаа. Сүүлдээ үнэртэй усанд дуртай болоод л цуглуулж эхэлсэн. Дуртай болохоор найз нөхөд ч гэсэн үнэртэй ус ихээр бэлэглэдэг юм. Сүүлдээ хэтэрхий их болчихсон. Тэр үеэр охин маань эмээгийнхээ зурагтыг хагалахаар нь төлөхийн тулд хадгалалтын хугацаа нь хэтрэх гээд байсан уснуудаа бүгдийг нь зараад л өрийг нь дарсан даа. Найз нөхдөдөө хямдруулаад л маш хурдан зарчихсан.
– Охин нэлээн том болж байгаа байх. Ер нь ээж болох мэдрэмж ямар байв?
– Анх жирэмсэн болчихоод би маш их айж байлаа. Ингээд би гоо сайхангүй боллоо, карьер маань дууслаа гэх зэргээр бодож байсан. Гэтэл хүүхэдтэй болсны дараа шал өөр. Тэр хүүхэд надтай хамт өсөөд л явж байгаа юм. Эх хүн болох мэдрэмж бол миний хувьд аминаас минь тасарсан амь, аминаас минь үнэтэй амь гэж бодож байлаа. Хүүхэд яг төрөнгүүтээ уйлдаг ш дээ. Тэр уйлахыг сонсоод хоёр нүднээс минь өөрийн эрхгүй нулимс гарч байсан. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлснийхээ дараа жаахан өөрчлөгддөг юм шиг байгаа юм. Надад өөрт мэдэгдээгүй ч хүмүүс хөндлөнгөөс хараад намбалаг, эмэгтэйлэг болсон байна гээд л хэлж байсан. Ер нь бол хүүхэд гаргасан эмэгтэй хүн эмэгтэй хүний жинхэнэ гоо сайхныг төгс болгосон байдаг гэж би боддог ш дээ.
– Дараагийн хүүхдээ хэзээ төлөвлөж байгаа вэ?
– Охин маань одоо дүү нэхээд байгаа. Удахгүй гаргана гэж бодоод байгаа ш дээ. Удахгүй, төлөвлөсөн байгаа.
– Хувийн амьдрал, гэр бүлийн талаар сонирхохгүй өнгөрч болохгүй байх. Монголын топ моделиуд нөхөргүй, бас ганц хүүхэдтэй, эсвэл хүүхэдгүй гэсэн бичигдээгүй хуулиар амьдардаг. Та энэ бүхнээс гэр бүлээрээ, ер нь олон зүйлээрээ ялгарч байгаа.
– Манай нөхөр бид хоёр багаасаа бие биенээ мэддэг байсан. Угаасаа эршүүд, олон эрэгтэй найз нартай охин байсан. Тэр дундаа бид хоёр нууцаар дурлаад л гэр бүлийн амьдралаа зохиосон. Залуу гэр бүл болохоор бусдын л адил захиалсан байраа хүлээсэн, цалингийн зээл авсан байдалтай урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд л явж байгаа. Энэ бол мэдээж амттай амьдрал гэж бодогддог. Бусдын гарыг харахгүйгээр өөрөө амьдралаа босгох байх гэсэн итгэл надад байдаг.
– Олон эрэгтэй найзуудтай гэсэн. Гэр бүлийн хажуугаар найзуудын харилцаа хэрхэн үргэлжилж байна. Танай гэр бүлд эхнэрийн ажлаас үүдэлтэй хардалт байна уу?
– Нөхөр бид хоёр найзуудын дундаас төрсөн хос болохоор тэр тал дээр бол нэг их асуудал байдаггүй. Манай эрэгтэй найзууд гэрт бөөнөөрөө ирээд л хамт байх нь их. Хардалт бол нэг их байдаггүй. Миний хувьд хүмүүстэй анхнаасаа найзууд л болно уу гэхээс биш өөр төрлийн харилцаа тогтоодоггүй. Багаасаа л тийм байсан. Манай нөхөр программист мэргэжилтэй. Найзуудаараа нийлж ухаалаг гар утсанд зориулсан апликэйшн бүтээдэг компани байгуулсан. Тэр компанидаа ажилладаг. О.Золбаяр гэдэг залуу байгаа. Охины маань хувьд намайг биш бүх зүйлээрээ л аавыгаа дууриасан хүн бий. Аавыгаа дууриасан гэж хэлүүлэх дургүй. Уурлаад байдаг юм. Ээжийгээ дууриасан гэж хэлүүлэх дуртай.
– Залуу гэр бүлүүдэд төрөл бүрийн маргаан байдаг. Нууц биш бол танай гэр бүлийн хувьд юунаас болж маргадаг, хэн нь буулт хийдэг вэ?
– Би ер нь жаахан ууртай. Надтай хамт байхад хэцүү ч гэсэн надад хайртай хүмүүс хамт байж чадна гэж хэлэх дуртай. Эхэн үедээ жаахан муухай аашлах ч юм уу тийм зүйлүүд байсан. Залуу гэр бүлд гардаг бүхий л асуудлууд манай гэр бүлд байдаг. Ажлаасаа оройтож ирлээ, ингэсэнгүй, тэгсэнгүй гээд л хэрэлдэх тохиолдол гардаг л юм. Нэгэнт л багаасаа нэг гэр бүлд биш хоёр өөр орчинд өссөн, хоёр өөр орчинд хүмүүжсэн учраас амьдралын цаг хугацаа явахын хэрээр л нэг нэгэндээ уусч, бүхэл хүн болдог байх. Тэр болтол тэвчээр шалгасан маш олон зүйл байдаг болов уу.
Харин давж гарсанд нь аз жаргал мэдрэгддэг, давж гарч чадаагүй нь салж сарних асуудал үүсдэг. Бид хоёр харилцан бие биедээ буулт хийдэг. Нэг нь байнга буулт хийгээд байна гэдэг бол тэнцвэргүй ш дээ. Би бол өөрийнхөө буруутай үед буулт хийдэг. Яг намайг уурлачихсан байх үед таван минут ганцааранг нь орхих шаардлагатай болдог юм. Ганцаараа таван минут байсны дараа уур гараад бүгдийг эрүүлээр сэтгэж эхэлдэг шүү. /инээв/
– Нийгмийн дотор бусад хүмүүст топ модель гэж харагддаг ч ханьдаа, охиндоо ээж, эзэгтэй. Өөрийгөө ямар эзэгтэй гэж дүгнэх вэ?
– Айлын бага гэдэг утгаараа би аав, ээжийн сайн охин, гэр бүлийнхээ бүхий л ачааг нуруундаа үүрдэг, маш их хөдөлмөрч, гэрт орж эм, гадаа гарч эр гэдэг шиг хүмүүжлээр өссөн. Бүхий л асуудлыг зохицуулах гэж оролддог. Надад чаддаггүй зүйл байхгүй гэж боддог ш дээ. Чадахгүй байсан ч сураад л чадна гэсэн бодолтой. Гэрийн эзэгтэйн хувьд хоолыг сайн хийдэг. Азаар хоол хийхээрээ амттай хоол хийчихдэг ш дээ.
– Гэрийн ажлын хамгийн муухай нь аль вэ?
– Тоос соруулах. Би ер нь бол хоол хийх дуртай хүн биш. Хоол хийх ёстой учраас л хийдэг. /инээв/ Гэрийнхээ ажлыг нөхөртэйгээ хувааж хийх нь их байдаг.
– Амьдралд жаргал, зовлон ээлжилдэг шүү дээ. Таныг топ болсны дараахан зуслангийн байшин чинь шатсан гэсэн.
– Тийм. Одоо нэг шатсан байшин байж л байгаа. Эхэндээ маш хүндээр туссан. Тэгээд дараа нь олон хүний цагаан, хар хэл ам цуглараад шатах ёстой л байсан юм байлгүй. Харин байшин шатаад эрүүл, эсэн мэнд байгаа нь яамай даа гэж бодож байгаа. Ээжийн бие өвдсөн учраас их айсан. Хэн нэгний амь нас биш эд хөрөнгөөр гарлага гарсан нь олз юм болов уу гэж бодож байна. Тухайн үедээ галын үнэр орсон бөгөөд галд өртсөн бүх зүйлийг шарандаа хаяна гэж хэлж байсан. Гарах ёстой зүйл гарзандаа гарах ёстой. Би утсаа алга болгох ч юм уу юмаа алга болгохдоо, хэн нэгэнд мөнгө зээлүүлчихээд авч чадахгүй болохоороо бүх зүйлийг зүгээр л орхидог. Гарз гарч байна л гэж боддог. Уг нь би өөрөө хүнд их тусламтгай. Ойр дотныхондоо их тусладаг. Магадгүй, миний бусдад гаргасан сайхан сэтгэл өөр байдлаар надад эргээд ирдэг гэж боддог.
Өчнөөн олон шашин байдаг. Би шашинд үл итгэгч. Тэгсэн хэрнээ маш олон төрлийн шашнуудыг бодоод үзвэл энэ амьдрал хамгийн амттай. Яагаад гэвэл, энэ амьдралдаа хүн бүх зүйлийг мэдэрч чадаж байна. Хүн хайртай хүнээ холоос хараад, очиж тэврээд, мэдрээд, үнэрийг нь үнэртэх хамгийн гоё. Яг үүнтэй адилхан амьдралд жаргал, зовлон хоёр ээлжилж, зэрэгцэн оршиж байж нэг нэгнийгээ илүү үнэтэй цэнэтэй болгож байгаа. Дандаа жаргаад байвал зовлонг ойлгохгүй. Тийм болохоор энэ амьдрал хамгийн амттай. Энэ амьдралын жаргаж байгаа болон мандаж байгаа наран хамгийн үзэсгэлэнтэй. Энэ амьдралд мандах нарыг харж байгаа бид нар хамгийн азтай хүмүүс. Зарим хүмүүс дараа төрөл гээд л ярьдаг. Хамгийн их жаргалтай диваажин бол энэ амьдрал гэж бодож байна.
– Хэцүү бэрх, зовлонгийн үед өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?
– Би эрч хүчээ өөрөөсөө л олж авдаг. Гаднаас нь харвал би аймаар булчинтай, шөрмөстэй тийм хүн биш. Энэ бүх тохиолдож байгаа асуудал, зовлон, жаргалыг сэтгэлийн хүчээр давдаг. Өөрөө өөрийгөө дотроосоо сэтгэлийн хүчээр дэмждэг. Үүний хажуугаар найз нөхөд байна. Надад олон найз байдаггүй. Тоотой хэдхэн найз нөхөд байдаг. Хэцүү үед найзууд маань зөндөө л тусласан. Муухан хамаатнаас илүү сайн найз дээр байдаг. Тийм болохоор найзуудаа маш их хайрладаг, тэр хэмжээгээр найзуудаасаа хайрыг эргээд хүсдэг. Итгэлийг хүнд өгч чадна. Тэр хэмжээгээрээ итгэлийг нэхэж чадна. Тийм л хүн юм даа.
– Ирээдүйд хийхийг хүсч, төлөвлөж байгаа зүйл юу байна вэ? Бас миний асуугаагүй зүйл үлдсэн байж магадгүй. Айлчлан ирж байгаа зуны улирлын мэндчилгээг манай уншигчдад бэлэглээч.
– Зун цаг ирж байна. Энэ улиралд цаанаасаа л нэг сэтгэл догдлоод гоё байдаг. Монголын цэцэг шиг сайхан охидууд минь дэлгэрцгээгээрэй. Хосгүй нь хосоо олоод, гэр бүлтэй нь аз жаргалтай байгаарай гэж хүсье. Охидууддаа хандаж хэлэхэд тод өнгөнүүд моодонд орж байгаа шүү. Амьдралын амьд диваажин дахиад олдохгүй учраас мөч болгоноо битгий зүгээр өнгөрүүлээрэй.
Нэг зүйлийг хэлэхийг хүсч байна. Нэг нэвтрүүлэгт орж байхад УИХ-ын гишүүн С.Ганбаатарт хандаж автомашины дугаарын хязгаарлалт хэцүү байна гэж би хэлсэн юм. Гэтэл надад олон тайлбар хийсэн. Тэрбээр алхана гэж хэлж байсан. Гэтэл ганцхан машинтай айл ч юм уу миний хувьд хүүхэд зөөхөд маш хэцүү байдаг.
Хамгийн гол нь манай нийслэлийн гудамжаар алхаад явж байхад залуучууд элдэв үгээр хэлж, дайрч доромжилдог. Гудамжаар зүгээр л алхаад явахад тэгдэггүй байх соёл алга. Хувийн орон зайд маань халдах хэцүү байдаг. Бас нэг зүйлийг хэлэхэд хүмүүс намайг “Эрлийз үү?” гэж их асуудаг. Ээж талынхан маань Хөвсгөлийнх. Бүгдээрээ цагаан царайтай, шар үстэй, ногоон нүдтэй хүмүүс байдаг. Харин аавын талынхан маань Сүхбаатар аймгийнх. Хүнхэр нүдтэй улсууд байдаг. Тэр хоёрыг нь аваад төрчихсөн. Би мэдээж царайгаараа бахархдаг. Гэхдээ би эрлийз биш шүү. Мөн ярилцлагынхаа төгсгөлд залуучууддаа хандаж “Залуучууд аа! Зүрх, тархи хоёроо брэнд болгоцгооё” гэж хэлмээр байна.
– Чин сэтгэлээсээ ярилцсанд баярлалаа. Чамд амжилт хүсье.
Эх сурвалж www.wikimon.mn