Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»Дөрвөд угсаатны дээл хувцасны онцлог
Хувцас загвар

Дөрвөд угсаатны дээл хувцасны онцлог

Урлаг Урлаг01/04/2026Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ховд аймаг бол олон угсаатны түүх, соёлын өлгий нутаг юм. Энд халх, дөрвөд, торгууд, захчин гэх мэт 10 гаруй угсаатны бүлэг аж төрж байна.

Угсаатны дээл хувцас, түүх, өв соёл, уламжлал нь дахин давтагдашгүй онцлогтой. Энэ удаа Ховд аймгийн музей дөрвөд угсаатны дээл хувцасны онцлогийг танилцууллаа. 

Дөрвөд дээл хувцас нь монголчуудын хувцасны түүхийн түрүү үеийг агуулсаар иржээ. Дөрвөд угсаатан цагаан нэхийгээр оёсон өдөр тутмын дээлээ “дэвэл”, өнгө татаж оёсноо “үч” гэдэг.

Эрэгтэйчүүд болон нөхөрт гараагүй охидын өмсдөг зуны дээлийг “лавшиг” хэмээнэ. Нөхөрт гараагүй нь дан дээл, нөхөрт гарсан нь дээлэн дээрээ ууж буюу цэгдэг өмсдөг. Цэгдэг нь хатуу дэргэр босоо мөртэй, ардаа оноотой байдаг.

Дөрвөд угсаатан малгайг “махлай” гэдэг. Өвлийн цагт бүх насныхан өмсдөг малгай бол “дуулха” бөгөөд малгайн ар шил нь дээлийн зах давсан урт, хар дотортой, цагаан хурганы арьсаар үслэж, хөх ногоон өнгийн эдээр гадарласан байдаг.

Дөрвөд угсаатан дөрвөд гос, харчин гос, монгол гос, канчин хэмээх дөрвөн төрлийн гутал өмсөж иржээ.

Хос тасам эмжээртэй дөрвөд дэвэл: Дөрвөд эрэгтэйчүүд цагаан нэхий дэвэл өдөр тутам өмсдөг. Дэвэл нь хэвтээ захтай, зах энгэр өргөн нарийн хос тасам эмжээртэй ажээ. Дэвэлийн захыг тойруулан эмжсэнийг “цалам” хэмээн нэрлэх ба энгэрийн цалам эмжээрт гурвалжин догол “зүрх” гарган оёдгоороо Ойрадын бусад угсаатнаас ялгардаг. Түүнчлэн дэвэлийн ташаанд үзүүр гаргасан оноотой. Дэвэл, лавшигийг бүслэхдээ даавуун бүснийхээ хоёр үзүүрийг тохой орчим урт унжуулан нугалж хоёр ташаанд хавчуулж бүсэлдэг уламжлалтай.

Дөрвөд эрэгтэйчүүд бусад угсаатны адил баруун талдаа хэт, бэл, хөөрөгний даалин, аяганы уут зүүж өдөр тутамдаа гоёдог.

Өсгий хоншоор нь үл ялгарах госон: Дөрвөд хувцасны төрөлд “махлай” малгай, “госон” гутал зүй ёсоор багтана. Түүнчлэн эрэгтэйчүүд нь хэрэмний сүүл хадаж гоёсон эсгий тоорцог, “төгрөг” хэмээх зуны малгай өмсдөг байсан бол өвлийн улиралд эрэгтэй, эмэгтэй, хүүхэд залуус гэж ялгахгүй цөм “дуулха” хэмээх урт шилтэй, улаан өнгийн тав, утсан цацагтай малгай өмсөж байжээ.

Дөрвөд эрэгтэйчүүд “казах овууз”, “лоовууз”, “халбан”, “тови”, “бичлээ”, “сээтгэр”, “луутай дэржин”, “бүрхүүл”, “боолгос” “Тойруул” зэрэг малгайг өмсдөг байсан түүхтэй.

Түрий, толгойг нь үргэлжээр эсгэсэн, өргөн ширэн ултай, өсгий хоншоор нь адилхан хэлбэртэй, боомны танаастай гутлыг ойрадууд “дөрвөд госон” хэмээн нэрлэж, өргөн хэрэглэдэг.

Дөрвөд госонг өвлийн улиралд эсгий оймстой өмсдөг ажээ. Дөрвөд госны өсгий, хоншоор ижил учраас мөрийг нь хараад хаашаа явсныг мэдэх боломжгүй.

Дөрвөд эмэгтэйн нударгатай дэвэл ба гоёл: Дөрвөд эхнэрүүд “авгай дэвэл”, “цэгдэг” хэмээх ууж өмсөнө. Авгай дэвэл буюу өвөл өмсдөг нэхий, хөдсөн дээл нь өргөн суга, ханцуйтай, нугалсан хэвтээ зах, бүсэлхий хүртэл эгц буусан шулуун энгэртэй. Энгэр нь бүсэлхийнээс баруун тал руу тэгш өнцгөөр эргэн дотор “омог” үүсгэн доош чиглэн гадаад хормойг дагасан байдаг.

Авгай дээлийн ханцуйн үзүүрийг хуньж жижиг нударга залгадаг ажээ. Дэвэлийн энгэрт 4-5, ташуу энгэр болон суганд тус бүр нэг товчтой шилбэ хаддаг заншилтай. Дэвэлийн хэвтээ захны угаар хуниас гарган том цагаан, давхар зах хаддаг нь ойрад эхнэрийнхтэй ижил юм.

Энэ нь Алтай таван богдын ноён оргилыг дүрсэлж, эхийн сүү, ариун сэтгэл, цагаан идээг бэлгэддэг ажээ.

Дулааны улиралд дөрвөд эхнэрүүд авгай тэрлэгийг цэгдэгийн хамт өмсдөг байжээ. Өргөн мөр, лав ухсан сугатай, цээж хормой нь залгаастай, хойноо бүсэлхийнээс эхэлсэн тууш оноотой уужтай төстэй өмсгөлийг цэгдэг гэдэг. Цэгдэгийн энгэр нь товчгүй задгай байдаг.

Шинэ бэр хуримын ёслолын үед “халбан (халван)” гэгч ёслолын малгай өмсдөг байжээ. Харин настай эмэгтэйчүүд ёслолд тав, сампин бүхий бөмбөгөр оройтой урт утсан цацагтай, хурганы арьс болон ангийн үнэт үсээр хүрээлсэн “тойруул” өмсдөг байжээ.

Дөрвөд эхнэр үсээ хоёр сүлжиж гэзэгний гэр зүүдэг. Чихний гэдэс орчимд үсний сүлжээнд мөнгөн зоос болон голдоо шүрэн шигтгээтэй мөнгөн тээг оруулж гэрээ тогтоодог. Гэзгийн гэрийг хар өнгийн эдээр дугуйлан хийж, дээд доод хэсгийг нь хоргой торгоор хослуулан эмжээд үзүүрт нь мөнгөн чимэгтэй хар утсан цацаг бүхий “тохиг” зүүдэг.

Мөн эхнэрүүд мөнгөн утсан холбоос бүхий хорол, хэвтээ өлзий хээ, хонхон унжлагатай мөнгөн утсан “сийк” ээмгээр гоёдог байна.

Боодогтой сэвгэр: Дөрвөд угсаатан нөхөрт гараагүй бүсгүйг “сэвгэр” гэдэг. Тэдний өмсдөг тэрлэгийг “лавшиг” гэнэ. Охид, хөвгүүдээ 17-18 нас хүрэхэд нь гэзэг үс тавьдаг заншилтай байв.

Хөвгүүдийн үсний үзүүрт “ширээсэн” буюу “залгаа”, охидын үсэнд “боодог” хэмээх чимэглэл зүүж өгдөг. “Боодог” нь хар мяндсан утсаар гөрж сүлжээд үзүүрт нь цацаг гаргасан гоёл юм.

Залуус хуруундаа мөнгөн бөгж, хүзүүндээ мөнгөн гуу, чихэндээ “төдөг” хэмээх дан мөнгөн гархи зүүнэ.

Сэвгэрүүд дээлийнхээ энгэр, ташаанд “кэтэч”, “сүүвч” хэмээх долоон цацагтай чимэг, өнгө өнгийн утсан хатгамал жижиг хавтага (сав) зүүж гоёдог байжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

Карл Лагерфельдийн тансаг харшийг 2.7 сая еврогоор зарна

02/04/2026
Хувцас загвар Урлаг

Дрис Ван Нотеноор овоглох гар урлалыг дэмжих сан байгуулна

17/03/2026
Хувцас загвар Урлаг

Төмөртөмөөгийн Үжингүнж дэлхийн бяцхан мисс тэмцээнийг шүүнэ

17/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алла Пугачева 77 насны төрсөн өдрөө Кипрт цомхон тэмдэглэлээ

16/04/2026

“Аангийн домог: Сүүлчийн агаарын шидтэн” кино нээлтээ хийхээсээ өмнө олон нийтэд задарлаа

16/04/2026

“Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг үзэх ТАВАН шалтгаан

16/04/2026

“Mxrningstar” хамтлаг ирэх сард сонсогчдоо баярлуулна

16/04/2026

39 дэх удаагийн “Номын баяр”-ын тов гарлаа

16/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.