“Бүсгүйчүүдийн дүр дүрслэх урлагт” үзэсгэлэнг 2001 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Өнөө жил тус үзэсгэлэнг хадны зураг дахь эмэгтэйчүүдийн дүрслэл “Алтайн Венера” нэрээр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгээд байна. Тус үзэсгэлэнгийн талаар найруулагч, “Сэмүүн” студийн захирал Б.Баяртай ярилцлаа.

-Энэ удаагийн үзэсгэлэнд хамгийн эртний ямар хапан зураг багтаж байгаа вэ?
-Монголчууд эрт дээр үеэс хад чулуун дээр олон төрлийн дүрс сийлж үлдээсэн байдаг. Энэ удаагийн үзэсгэлэнд багтсан зургууд дундаас хамгийн эртнийх нь ойролцоогоор 5000 гаруй жилийн өмнөх үед холбогдох бүтээлүүд юм.
Судлаачдын тайлбарласнаар чулуун зэвсгийн үе, ялангуяа палеолитын үед хүмүүс ан амьтан, байгалийн дүрслэл, мөн янз бүрийн бэлгэдэл, тэмдэг тэмдэглэгээг ихэвчлэн зурдаг байжээ. Энэ үеийн зургуудыг харахад хүний дүрийг бодитоор дүрслэх нь харьцангуй цөөн. Харин ан амьтан, домог төсөөллийн шинжтэй дүрслэл, тэмдэглэгээ давамгайлдаг. Эдгээр тэмдэг нь хожим бичиг үсэг, харилцааны эх үүсвэр болсон гэж судлаачид үздэг. Харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, тухайлбал хүрлийн үеэс эхлэн хүний дүрслэл илүү тодорхой болсон байдаг. Тэр дундаа эмэгтэй хүний дүрийг онцгойлон дүрсэлсэн жишээ дэлхийн олон газраас олддог.
Археологид үүнийг “Палеолитын Венера” хэмээн нэрлэдэг. Энэ нь ихэвчлэн цүлхгэр гэдэстэй, эмэгтэйлэг биеийн хэлбэрийг тодотгосон жижиг баримал, дүрслэл байдаг бөгөөд эх дэлхий, үргэлжлэл, амьдралын эх булаг гэсэн өгүүлэмжийг өөртөө агуулж байдаг.
Ийм төрлийн олдвор зөвхөн Европт төдийгүй Сибирь орчим, тухайлбал Эрхүү орчмоос ч олдсон байдаг. Тэдгээрийн онцлог нь мөн адил цүлхгэр гэдэстэй, эмэгтэйлэг шинжийг тодруулсан дүрслэл юм. Энэ нь хүн төрөлхтөнд гоо сайхан, эмэгтэй хүний бэлгэдлийн тухай ойлголт эртнээс бүрэлдэж байсныг харуулдаг.
Сонирхолтой нь Монголд ч ийм төрлийн дүрслэл бий. Нэг удаа би фэйсбүүкээс эмэгтэй хүний дүртэй хадны зургийн гэрэл зургийг олж харсан юм. Тэгтэл Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны дарга, түүхийн ухааны доктор (Ph.D), доктор Б.Өмирбек, “Наадах чинь манайд байдаг зураг” гэж хэлсэн. Ингээд очиж үзэхэд үнэхээр эмэгтэй хүний дүрийг бодитоор илэрхийлсэн хадны сүг зураг байсан. Энэхүү зураг Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг дахь Цагаан салаа-Бага Ойгорын хадны зургийн цогцолборт байдаг. Энэ газар бол ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн, Монголын хадны урлагийн хамгийн алдартай дурсгалуудын нэг.
-Тэгэхээр “Алтайн Венера”, “Палеолотын Венера”-гаас ямар онцлогтой вэ?
-Дүрслэлийн хэлбэр, биеийн харьцаа нь маш төстэй байсан. Өөрөөр хэлбэл, Европт алдартай палеолитын үеийн Венератай адил бэлгэдэл, дүрслэлийн эх сурвалж манай Алтайн бүс нутагт ч байгааг харуулж байна.
“Венера” гэдэг нэр нь Европын соёлын ойлголтоос гаралтай. Сэргэн мандалтын үеийн урлаг, Рафаэлийн зургуудад ч Венера буюу гоо сайхны тэнгэрийн дүр их гардаг. Сонирхолтой нь Алтай дахь хадны дүрслэл болон Европын зарим уран зургийн эмэгтэй дүрийн хөдөлгөөн, байрлал хүртэл төстэй харагддаг.
Ингэхээр Европт хөгжсөн гэдэг урлагийн олон чиг хандлага, үзэл санааны эх сурвалж нь хүн төрөлхтний эртний соёл, тэр дундаа Монгол Алтайн бүс нутгийн хадны урлагтай ч холбоотой байж болох сонирхолтой баримтууд харагддаг.
Зарим хүн ийм дүрслэлийг шууд “жирэмсэн эмэгтэй” гэж ойлгодог. Гэвч миний хувьд үүнийг эх хүний бэлгэдэл гэж үздэг. Зарим хүн энэ төрлийн дүрслэлийг “Венера” гэж нэрлэх нь буруу юм биш үү гэж шүүмжилдэг. “Яагаад заавал тэр нүцгэн Венерагаар нэрлээд байдаг юм, харин “Алтайн дагина” гэх мэт монгол нэр өгч болохгүй юм уу” гэж хэлэх нь ч бий.

-Монголд хадан зургийн судлал ямар түвшинд явж байна вэ. Энэ чиглэлээр Монголын археологичид ямар томоохон судалгаа хийж байна вэ?
-Энэ талаар манай археологичид, тэр дундаа ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаачид маш их ажил хийсэн. Тэдний судалж, баримтжуулсан зүйл үнэхээр арвин. Энэ өргөн уудам нутгийн өнцөг булан бүрд хүрч ажилласан археологичдод бид үнэхээр талархах ёстой. Тэдний явсан мөр, үлдээсэн тэмдэглэл, авсан гэрэл зураг маш их. Би ч гэсэн ихэнхдээ тэдний судалгааны мөрөөр, тэдний цуглуулсан мэдээлэл, зургуудыг дагаж явдаг. Археологийн хүрээнд хадны зураг гэдгийг тусдаа чиглэл болгон судлах хэмжээний асар их материал Монголд бий.
Ер нь Монголын хадны зургийг бүрэн судална гэдэг барагдахгүй их ажил.

-Монгол дахь хадны зургуудын хамгийн сонирхолтой өгүүлэмж, хамгийн сонирхолтой тал нь юу вэ?
-Манай хадны зургууд үнэхээр гайхамшигтай өв соёл юм. Эдгээр зурагт хүмүүс маш чөлөөтэй сэтгэж бодсон бүхнээ хадан дээрээ буулгасан байдаг. Нэг ёсондоо хадны зураг гэдэг бол тухайн үеийн хүмүүсийн сэтгэлгээ, төсөөлөл, ертөнцийг харах өнцгийг илэрхийлсэн уран бүтээлүүд юм. Зарим хаданд бүр нэгэн төрлийн зохиол шиг дүрслэлүүд байдаг. Хүний харилцаа, хайр сэтгэлийг хүртэл илэрхийлсэн зураг бий.
Хадны зургуудын хамгийн сонирхолтой тал нь тэдгээрт асар их өгүүлэмж, нууц код агуулагдаж байдагт оршино. Тухайн үеийн хүмүүс ямар нэгэн урсгал, “изм”-д баригдахгүйгээр, бодогдсон бүхнээ шууд сийлж үлдээсэн байдаг.
Нэг удаа зурсан бол дахиж баллуурдах боломжгүй. Тиймээс тэдний бүтээл илүү шударга, шууд илэрхийлэлтэй, маш гайхамшигтай уран зураг болж үлдсэн.
Ийм учраас хадны зураг бол өнөөдрийн хэллэгээр Монголын соёлын нэг том “брэнд”. Түүнчлэн хадны зургууд дотор гайхамшигтай урлагийн бүтээлүүд бий. Жишээ нь, гурван морь хөллөөд давхиж байгаа зураг бий. Түүнийг харахад Оросын “тройка” гэж ярьдаг гурван морьтой хөлөг санаанд ордог. Гэтэл манай хадны зураг дээр ч гурван морьтой тийм дүрслэл байдаг нь үнэхээр гайхалтай, сайхан урлагийн бүтээл гэж бодогддог.
Ер нь хадны зургийг хараад өнгөрөхөөр хүмүүс сайн ойлгодоггүй. Тайлбарлаж, утгыг нь хэлж өгч байж л жинхэнэ үнэ цэнийг нь ойлгодог тал бий.
-Дүрслэлийн хувьд ямар ямар онцлог тал ажиглагддаг вэ?
-Манай хадны сүг зургууд харахад энгийн мэт боловч маш ухаалаг дүрслэлтэй. Жишээ нь, давхиж яваа морийг ердөө дөрвөн хөлтэйгөөр маш энгийнээр зурчихсан байдаг. Гэхдээ тэр хөдөлгөөн, давхилтыг харахад л бүхнийг нарийвчлан зурж харуулах шаардлагагүй, хамгийн чухал хөдөлгөөн, санааг нь илэрхийлж чадсан байдаг нь үнэхээр гайхамшигтай.
Урлагийн түүхийг харахад ч ийм зарчим явсаар хөгжсөн. Дараа нь өнгө будаг, техник улам боловсронгуй болж, Микеланжело, Леонардо да Винчи, Рафаэль зэрэг суутнуудын үе ирсэн. Түүнээс хойш импрессионистууд гарч ирж, дүрслэх урлаг улам шинэ шатанд гарсан. Гэхдээ энэ бүх урлагийн эх үндэс, анхны бэлгэдэл, анхны дүрслэлүүд нь эртний хадны зурагт аль хэдийн байсан гэж хэлж болно.
Эртний хүмүүсийн амьдрал, зан заншил, соёлын олон төрлийн дүрслэл эндээс харагддаг. Жишээлбэл, богтог малгайтай хүмүүс, нөмрөг дээлтэй эмэгтэйчүүдийн дүрслэл, 12 салаа гэзэгтэй бүсгүйчүүдийг маш тодорхой зурсан байдаг.
Ийм дүрслэл нь зөвхөн урлагийн бүтээл төдий биш, домог яриа, аман уламжлал, түүхэн шастирт өгүүлэгдсэн зүйлсийг бататгах баримт болдог. Өөрөөр хэлбэл, хадны зураг бол эртний хүмүүсийн амьдрал, нийгмийн бүтэц, соёлын хэв шинжийг баталгаажуулан “тамгалж” үлдээсэн түүхэн баримт юм.
Ийм өв соёл нь бидэнд оюуны дархлаа, үндэсний бахархал, цаашлаад тусгаар тогтнолын ухамсрыг бататгах чухал ач холбогдолтой. Өвөг дээдэс маань энэ нутагт хэрхэн амьдарч, ямар соёл иргэншлийг бүтээж байсан нь хадны зургуудад тодорхой үлдсэн байдаг. Мөн овог, аймаг, угсаатнуудын тамга тэмдэг, Хүннүгийн үеийн тамгуудыг хаданд дүрсэлсэн жишээ ч бий. Түүнчлэн хоёр мянга гаруй жилийн өмнөх сүйх тэрэг, майхан тэрэг зэрэг дүрслэл ч харагддаг. Энэ бүхэн тухайн үеийн амьдралын бодит баримт, түүхэн нотолгоо болдог. Иймээс хадны сүг зураг бол зөвхөн археологийн дурсгал төдий биш, харин түүх, соёл, урлаг, үндэстний ой санамжийг хадгалсан үнэт өв учраас хайрлаж, хамгаалах хэрэгтэй.
Алдарт зураач Пабло Пикассо Испанийн Альтамирын агуйн зургуудыг үзээд, “Бид өмнөх үеийнхнээсээ хоцорчихсон юм байна” гэж уулга алдаж байсан гэдэг.
Энэ бол эртний хүмүүсийн урлагийн сэтгэлгээ ямар өндөр түвшинд байсныг харуулж байгаа хэрэг. Монголд ийм үнэт хадны сүг зураг маш олон хадгалагдаж үлдсэн байдаг.
-Хадан дээр зурах, бичих, гэмтээх зэрэг хүмүүсийн буруу үйлдлээс хадны зургуудыг хэрхэн хамгаалах ёстой вэ?
-Жишээлбэл, Францын Ласкогийн агуйн хадны зургуудыг хамгаалахын тулд эх агуйг нь хааж, яг ижил хуулбарыг тусад нь байгуулан жуулчдыг тийш нь оруулдаг болсон. Зарим улс оронд ганцхан хадны зураг байсан ч маш хатуу хамгаалалтад авч, хяналттай үзүүлдэг.
Харин манай улсад зарим газарт хамгаалалт сул хэвээр байна. Жишээлбэл, Рашаан хаданд очиход мал хүртэл хүрээд ирэх тохиолдол бий. Мөн хүмүүс тахиж байна гээд тос, будаа асгаж сүү цацдаг. Их тэнгэрийн хадны зураг, Цогтын хадны бичгийг очиж харахад сүү цацсан ул мөр харагддаг. Гэтэл ийм үйлдэл нь үнэндээ хадны зургийг гэмтээж, устгах аюултай.
Сүүлийн жилүүдэд соёлын өвийг сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх ажил их хийгдэж байгаа нь нэг талаараа сайн хэрэг. Гэхдээ нөгөө талаас олон хүн очих тусам сүйтгэл нэмэгдэх эрсдэл бий болдог.
-Таны хувьд хэзээнээс хадны зураг авч эхлэв?
-Би эдгээр хадны зургуудыг олон жил судалж, фото зураг авч баримтжуулж ирсэн. Авсан зургуудaa сэдвээр нь ангилж, нийт 13 бүлэгт хуваасан. Тухайлбал, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, дайн ба цэрэг, тамга тэмдэг, шашин шүтлэг, ан ав зэрэг олон сэдэв бий. Ер нь нийтдээ 40 гаруй төрөл, сэдвийн зураг бүрдсэн. Үүнээс гадна судлагдаагүй маш олон зураг бий.
Энэ сонирхол маань анх 1999 оноос эхэлсэн. Тухайн үед би кино хийж байхдаа хадны зургуудыг бүтээлдээ оруулж байлаа. Харин 2011 онд хадны зургийн тухай анхны бие даасан киногоо хийсэн. Түүнээс хойш одоог хүртэл энэ сэдвээр 6 кино хийсэн. Одоо тэдгээрийг нэгтгээд “Монголын хадны зургийн шилдгүүд” гэсэн бүтээл гаргахаар ажиллаж байна.










Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

