Английн хатан хааны загвар зохион бүтээгчээр олон жил ажилласан Серапп Поллардын загварын шоугаа өнгөрсөн долоо хоногт Туркийн Элчин сайдын өргөөнд боллоо.
Манай улс Турк улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой эл өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулсны нэг нь уг загварын шоу байлаа. Загварын шоуг үзэхээр урлаг соёл, улс төр бизнесийнхэн цугласан байв. Энэ үеэр загвар зохион бүтээгч Серапп Поллардтай ярилцаа.
-Юун түрүүнд шоугаа амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Та Монголд өмнө нь ирж байв уу. Манай орон танд ямар санагдав?
-Баярлалаа. Монголд анх удаа ирж байна. Танай улс бусад орноос маш их ялгаатай, гайхалтай юм. Хөндөгдөөгүй, унаган байгальтай улс юм. Монгол их сонин. Яг л үлгэрт гардаг шиг. Загвар зохион бүтээгчийн нүдээр харахад энд бүх юм байгалиараа. Баруун европт байгаль экологи нь хиймэл байх нь элбэг. Харин энд тийм биш юм. Би байгальд ээлтэй загвар бүтээх гэж хичээдэг. Тиймээс танай улс надад маш их таалагдлаа. Би Монголыг диваажин гэж хэлмээр байна.
-Та энд ирээд монгол хоол, монгол гэр, монгол хувцас мөсч үзэв үү. Танд таалагдав уу?
-Юуны өмнө БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Мурат Карагөзөд талархал илэрхийлье. Би энд үнэхээр сайхан өдрүүдийг өнгөрүүллээ. Элчин сайд намайг ирсэн эхний өдөр хөдөө хамт явсан. Тэнд очоод монгол гэрт орсон. Монгол гэрийг эсгийгээр хийдэг, доторх гоёл чимэглэл, тавилга, хэрхэн аж төрдөг талаарх бүх мэдээллийг авсан. Үнэхээр сонирхолтой байсан. Мөн монгол хатадын хувцас өмсч үзсэн. Надад сайхан зохиж байсан шүү. /Инээв/. Монгол үндэсний хувцас гайхалтай санагдсан. Би бас хорхог идэж үзсэн. Мах хүнд хоол ч гэлээ хорхог бусад махыг бодвол өвөрмөц, содон амттай сайхан байлаа.
-Монгол, Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд олон ажил зохиож байгаагийн нэг нь таны загварын шоу байлаа. Шоуныхаа онцлогоос манай уншигчдад сонирхуулахгүй юу. Хэдэн загвар танилцуулсан бэ?
-Загварын шоунд 18 загвар өмсөгч оролцсон. Миний хамгийн сүүлд зохиосон загварын цуврал энд танилцуулагдлаа. Эдгээр загварыг хийхэд хэрэглэсэн эрээн шаргал, хул шар өнгийн торгомсог материал нь Туркийн Газиантеп мужид хийгддэг өвөрмөц даавуу. Мөн загваруудад маань саарал өнгө бий. Би Лондоны бүсгүй учраас Лондон хотын саарал уур амьсгалыг илэрхийлэхийг хичээсэн. Загварын гол утга санаа нь дэлхийн өөр өөр соёлын нэг нэгэндээ хэрхэн нөлөөлсөн, нөлөөлж байгааг харуулахыг хичээсэн. Учир нь дэлхий ертөнц даяаршиж байгаа энэ үед олон соёл нэгэндээ уусч, холилдож байна. Цахим ертөнц өндөр хөгжихийн хэрээр улс орны соёл нэгэндээ нөлөөлж байгааг харж болно. Тиймээс загваруудаараа энэ бүгдийг илэрхийлэхийг хичээсэн.
-Та ирээд “Говь” ХК загвар тай танилцаж, загвар зохион бүтээгч нартай нь уулзсан байсан. Манай загвар зохион бүтээгчдийг юу гэж үнэлэх бол?
-“Говь”-ийн загвар зохион бүтээгчидтэй уулзахад нэг зүйл ялгаатай санагдсан. Загвар зохион бүтээх гэдэг нэг мэргэжил боловч “High street” буюу өдөр тутмын хувцасны загвар зохион бүтээх ялгаатай. Өдөр тутмын загварууд дундаа “Говь”-ийнх үнэхээр тансаг юм билээ. Гоё санагдсан. Мөн мэргэжил нэгтнүүдтэйгээ уулзсандаа сэтгэл өндөр байна. Би “Говь”-ийн загвар зохион бүтээгч нарт семинар зохион байгуулж, лекц уншсан. Ерөнхийдөө харилцан туршлага солилцсон. Загвар зохион бүтээгчид үргэлж шинэ мэдээ мэдээллээр хангагдаж байх ёстой. Тиймээс өөрийн туршлагаасаа хуваалцсан юм.
-Манай загвар зохион бүтээгчдийн давуу болон сул талыг та юу гэж харсан бэ. Юуг илүү анхаарах хэрэгтэй гэж хэлэх вэ?
-Монгол загвар зохион бүтээгчид нэгдүгээрт, маш их хөдөлмөрч байх хэрэгтэй. Зүгээр л хөдөлмөрлө. Хоёрдугаарт, алсын хараатай байх хэрэгтэй. Гуравдугаарт, юу хүсч байгаагаа мэддэг байх нь чухал. Дөрөвдүгээрт, үргэлж шинийг туршиж үзэх хэрэгтэй. Тавдугаарт, гадаадын загвар зохион бүтээгчид хаана явж байгааг алхам тутамдаа мэдэж байх хэрэгтэй. Монгол Улс баялаг, хүчирхэг түүхтэй. Эртний соёл уламжлалыг хадгалсан хувцас загвартай. Тиймээс түүхийн нөлөөнд автаж загвар зохиох нь элбэг. Ямар ч загвар зохин бүтээгчид цоо шинийг зохион бүтээнэ гэж байдаггүй. Аливаа нэг зүйлээс санаа авч, онгод нь ордог гэж болно. Хуучны зүйлээс санаа авч хийх нь байх ёстой энгийн үзэгдэл боловч хуучнаас санаа авч хуучин хаягийн хувцас хийснээр юунд ч хүрэхгүй. Тиймээс өдөр тутмын загварын чиг хандлага ямар байгаагаас нэг хөлөө хэзээ ч холдуулж болохгүй. Хамгийн гол нь өөрсдийнхөө өв уламжлалыг хадгалж, өөрсдийн туршлагаа орчин үеийн шинэ загварт маш сайн уусгаж чаддаг байх хэрэгтэй. Энэ бол амжилтад хүрэх бас нэг түлхүүр байх болно гэж хэлмээр байна.
-Манай улсын загвар өмсөгчид гадны томоохон агентлагт ажиллах нь элбэг. Тиймээс та загвар өмсөгчдөд сайн үнэлгээ өгсөн байх. Турк загвар өмсөгчдөөс ур чадвар, бие бялдарын хувьд ямар байна вэ?
-Монголын загвар өмсөгчдийг гайхалтай гэж хэлнэ. Аливаад маш сайн дасан зохицож чаддаг санагдсан. Бас чадварлаг юм. Би танай загвар өмсөгчдийг намхан гэж бодсон. Гэтэл тийм биш байлаа. Өндөр, ур чадвар сайтай, үг сонсдог, юмыг амархан сурдаг юм байна. Тиймээс хамтарч ажиллахад хялбархан байлаа. Тиймээс дараагийн загварын шоундаа эдгээр охидуудыг Лондонд урих бодолтой байгаа.
-Таны загварууд эко буюу байгальд ээлтэй гэдгээрээ онцлог. Тэгэхээр байгальд ээлтэй загвар гэж юуг хэлээд байна вэ?
-Байгальд ээлтэй загвар гэдгийг олон янзаар тодорхойлж болно. Тухайлбал, байгалийн түүхий эд хэрэглэх, хог гаргахгүй хийх, дахин боловсруулах, үйлдвэрлэлийн аргаар бус гар аргаар хийх нь байгальд ээлтэй. Өөрөөр хэлбэл, үйлдвэр ажиллуулж хорт хий ялгаруулахгүй байх юм.
-Энэ зуны загварын чиг хандлага ямар байх бол. Бас өнгөний хувьд?
-Мэдээж шар өнгө. Энэ зун би шар өнгийг харж байна. Банзалны бэлхүүс хэсэг дээшээ, нарийн байна. Мөн бариу урт банзал энэ зуны загвар байх болно.
-Сүүлийн асуулт. Та Монголд дахиж ирэх үү. Хэрэв ирэх бол хэзээ, ямар хугацаатай ирэх вэ?
-Монгол надад маш их таалагдсан. Тиймээс Монголд суурьших талаар бодож байгаа шүү.
Э.Орхон