"Хувьсал" продакшны дайчин гурван бүсгүй "Зүрхээр наадагч"*-ийг танилцуулахаар төлөвлөөд тун завгүй яваа гэнэ. "Academy awards" наадмаас МУГЖ У.Уранчимэг "Шилдэг эмэгтэй гол дүр", МУСТА А.Ганчимэг "Шилдэг эмэгтэй туслах дүр" гэсэн шагналуудыг тус тус хүртсэн билээ. Тэгвэл тус продакшны хамт олон дэлгэцийн хоёр дахь уран бүтээлдээ орсон байна.
Залуу жүжигчин А. Ганчимэг энэ удаад нууц авьяасаа дэлгэж кино зохиол бичсэн аж. "Зүрхээр наадагч" киноны зохиолоо А.Ганчимэг нэг жилийн турш бичжээ. Өсөх ирээдүйтэй, чадварлаг, гоо үзэсгэлэн төгс залуу бүсгүй СТА цол тэмдгээр энгэрээ мялааж үзэгчдийг баярлуулсан цаг саяхан. “Цол дагаж бяр” гэгчээр төрийн хүндтэй шагнал түүнд зохиол бичих онгод хайрласан бололтой. Ид цэцэг шиг насандаа яваа, эрчүүдийн харааг булааж сэтгэлийг нууцхан догдлуулдаг А.Ганчимэгийн нүдээр зүрхээр наадагч гэж ямар хүнийг хэлдэг бол? Нэрнээсээ эхлээд сонирхол татсан тэдний шинэхэн уран бүтээлийг үзэгчид тэсэн ядан хүлээх нь тодорхой.
Киноны зураг авалт зургадугаар сарын 26-наас эхэлсэн бөгөөд намар нээлтээ хийхээр төлөвлөж байгаа юм байна. Гол дүрийн эрэгтэй дүр дээр сонгон шалгаруулалт явуулж 80-аад залуус ирснээс 2009 оны "Азийн топ модель" О. Мөнхдалай сонгогдож, МУГЖ У.Уранчимэг, МУСТА Д.Ганцэцэг, МУСТА А.Ганчимэг нартай хамтран тоглохоор боллоо. Киноны найруулагчаар МУГЖ У.Уранчимэг ажиллаж байгаа гэнэ.
www.URLAG.mn