МУСГЗ, соён гэгээрүүлэгч, урлаг судлаач, яруу найрагч Ж.Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Эрдмийн өргөөнд өнөөдөр /2026.03.20/ боллоо.
Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь МУСГЗ, соён гэгээрүүлэгч, урлаг судлаач, яруу найрагч Ж.Бадраагийн монголын соёл, урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг эрдэм шинжилгээний түвшинд дахин үнэлж, олон нийтэд сурталчлах, танин мэдүүлэх, цаашдын судалгааны чиг хандлагыг тодорхойлох зорилготой ажээ.

Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор С.Дулам ярихдаа,”Ж.Бадраа багш монгол хэлний найруулга зүйн хичээл заахдаа хэл шинжлэлийн бусад эрдэмтдээс ялгарах өвөрмөц онолын үзэл баримтлалтай байсан. Бид монгол хэлэнд ганц ба олон тооны ялгаа бий гэж үздэг. Харин багшийн тайлбараар монгол хэлэнд Энэтхэг-Европын хэлнүүд шиг ганц, олон тооны шууд ялгаа байдаггүй. Үүний оронд “төрөл тоо”, “хэсэг тоо” гэсэн ойлголт зонхилно гэж үздэг байлаа” хэмээн онцлов.
Мөн тэрбээр,“Та гэрт орж амар” гэхэд “гэр” гэдэг үг ямар нэгэн дагаваргүй хэрэглэсэн нь тодорхой нэг гэрийг биш, харин гэр хэмээх төрөл зүйлийг зааж байна. Харин “Энэ дэнжээр дүүрэн гэр байна” гэвэл тодорхой орон зайд байрлах, хязгаарлагдмал тооны гэрийг илэрхийлж байгаа тул “хэсэг тоо” болно. Энэ ялгаа нь хэл зүйн дагавраар бус, утга ба сэтгэлгээний онцлогоор илэрдэг гэж тайлбарладаг байлаа.
Монгол хүн аливааг тоогоор нь бус, эхлээд “юу вэ” гэдгээр нь таньж ойлгодог сэтгэлгээ давамгайлдаг тул ийм ангилал үүссэн хэмээн багш үздэг.
Ийнхүү Ж.Бадраа багш бидэнд монгол хэлний найруулга зүйн өвөрмөц, гүн гүнзгий ойлголтыг эзэмшүүлсэн. Тиймээс Ж.Бадраа багшийг шинэ цагийн бичгийн утгач байсан гэж үздэг.
Түүний удам судрыг авч үзвэл энэ нь учиртай. Багшийн эх Хандсүрэн нь Жалханз хутагтын төрсөн ах Сандагийн охин, харин эцэг Жамц бичээч удам дамжсан бичгийн соёлын хүн байжээ. Ийм удам, боловсролын суурин дээр тэрбээр монгол бичгийн сонгодог хэл найруулгыг төгс эзэмшиж, бичгийн утга соёлыг гүнзгий ойлгосон хүн болсон байна. Үүн дээр нэмээд Энэтхэгт суралцан дорнын утга соёлын мөн чанарыг танин мэдсэн нь түүнийг жинхэнэ утгач, соёлын хүн болгожээ” хэмээн тодотгож байлаа.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбарын эрхлэгч, доктор А.Алимаа ярихдаа, “Ардын билиг зүй, ардын хөгжмийн мөн чанарыг дорнын гүн ухаан болон уламжлалт сэтгэлгээний үүднээс Ж.Бадраа багш тайлбарласан нь өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй, шинэ санаа хэвээр байна. Тухайлбал, “буй ахуй шинж”, “цогцолбор шинж” зэрэг ойлголтыг бид өнөөдөр ч бүрэн гүйцэд тайлбарлаж чадахгүй байгаа нь үүнийг нотолдог” хэмээж байв.
Түүнчлэн тэрбээр, “Ардын билиг зүй, угсаатны хөгжим судлал зэрэг ойлголтыг бид тус тусдаа, бие даасан салбар болохыг хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Гэтэл эдгээрийг соёлын биет бус өв, соёл судлал, аман зохиол судлал зэрэг олон ойлголттой хольж, тодорхой бус, замбараагүй байдалд оруулсан явдал бий. Харин 1960, 1970-аад оны үед эдгээр ойлголтыг ялган салгаж, учир зүйг нь онолын түвшинд тайлбарлан, бүтээлдээ тодорхой тусган үлдээсэн. Гэвч түүний “Ардын хөгжмийн бүтээл” зэрэг нэг сэдэвт судалгааг 1990-ээд оны сүүл үеэс л анхааран судалж эхэлсэн. Эдгээр бүтээлд ардын хөгжим, ардын билиг зүй зэрэг ойлголтын тогтолцоо, мөн чанар, ялгаа заагийг нарийвчлан тодорхойлсон нь онцгой ач холбогдолтой.
Ж.Бадраа багш өөрийн үзэл баримтлал, цаашид анхаарах ёстой чиг хандлагыг тодорхойлж, монголын угсаатны хөгжим, ардын билиг зүйн хүрээнд ямар агуулга, ямар үзэгдлүүд багтахыг системтэй тайлбарласан. Түүний үзлээр ардын хөгжим нь зөвхөн ард түмний дунд үүсэж, уламжлагдан ирсэн урлаг төдий зүйл биш.
Үүнийг ардын болон мэргэжлийн урлаг гэж ангилан авч үзэх ёстой. Мэргэжлийн урлаг нь ардын өвийг зүгээр хадгалж үлдэх бус, харин түүнийг мэргэжлийн түвшинд боловсруулж, шинэ арга барил, хэлбэрээр баяжуулан хөгжүүлэх боломжтой. Энэ нь ардын урлагийг шинэчлэх, хөгжүүлэхэд чиглэсэн дэвшилтэт үзэл санаа” гэв.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн дэд профессор Ш.Эгшиг ярихдаа, “Ж.Бадраа гуайн тухай ярихад зөвхөн орчуулга зүйгээр хязгаарлах боломжгүй. Түүний удам угсаа, хувь хүний онцлог, эзэмшсэн мэдлэг боловсрол, хүмүүжил, олон хэлний орчинд өөрийгөө хөгжүүлсэн байдал нь онцгой нөлөөтэй. Тэрбээр гадаад хэл сурах их чадвартай, түүнийгээ бодитоор хэрэгжүүлж чадсан хүн. Гадаад хэл сурсан хүн байхаас гадна тэр хэлээр чанартай орчуулга хийж чаддаг хүн гэж бас тусдаа ойлголт бий. Энэ утгаараа Ж.Бадраа гуай орчуулгын салбарт, хөгжим, урлагийн чиглэлийн орчуулгаар онцгой байр суурь эзэлдэг” хэмээн тодотгов.
Мөн тэрбээр, “Орчуулга хийж чаддаг хүн олон боловч дуурь, дууны шүлэг орчуулах нь огт өөр түвшний ур чадвар шаарддаг. Тухайн үед Ж.Бадраа гуай энэ чиглэлээр бараг цорын ганц мэргэшсэн хүн байсан гэж хэлж болно.
Учир нь дуурийн орчуулгад “дууламжийн онол” хэмээх чухал ойлголт үйлчилдэг. Энэ нь шүлгийн хэмжээ, үеийн зохицол, өргөлт, аялгууг хөгжмийн нооттой нарийн тааруулах зэрэг олон хүчин зүйлийг хамардаг. Өөрөөр хэлбэл зөвхөн хэлний мэдлэг бус, хөгжмийн боловсрол, уран сайхны мэдрэмж зайлшгүй шаардлагатай. Ийм чадвар энгийн хүнд байдаггүй.
Харин Ж.Бадраа гуай хэлний авьяас, хөгжмийн мэдлэг, уран бүтээлийн мэдрэмжийг хослуулж чадсан ховор хүн байсан. Түүний энэ онцлог нь монголын орчуулгын түүхэнд тод мөр үлдээсэн. Орчуулга зүй бол хэл шинжлэлийн харьцангуй залуу салбар бөгөөд дуурь орчуулах онол ч хожуу бүрэлдэн тогтсон. Гэтэл Ж.Бадраа гуай энэ онол бүрэн төлөвшөөгүй байх үед л уран бүтээлээ хийж эхэлсэн нь 1963 онд Дуурь, бүжгийн эрдмийн театр байгуулахад анх тайзнаа тавьсан бүтээл “Евгений Онегин” дуурь байв. Уг дуурийг монгол хэлээр орчуулж тухайн үеийн урлагийн хөгжилд чухал үйл явдал болсон. Өнөө үед дуурийг эх хэлээр нь дуулдаг болсон бол тухайн үед заавал орчуулж тоглодог байсан. Иймээс тэр үеийн дуурийн орчуулгын үндэс суурийг Ж.Бадраа гуай тавьсан гэж хэлж болно” гэв.
Тус хуралд Монгол Улс, АНУ, БНХАУ, БНФУ, Япон зэрэг улсын 30 гаруй эрдэмтэн судлаачид үндсэн хуралдаан, ардын билиг зүй, урлаг судлал, угсаатны хөгжим судлал болон утга зохиол судлал, намтар судлал, орчуулга зүй гэсэн хоёр салбар хуралдаанд илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлж байна.



