Монголчуудын сайн танил жүжигчин Ханде Эрчелийг хар тамхины хэргээр эрэн сурвалжилж байгаа мэдээ гарсны дараа Ханде гадаадаас эх орондоо энэ сарын 28-нд ирж, байцаалт өглөө. Истанбулын онгоцны буудал дээр хүлээж байсан цагдаа нар бүсгүйг баривчлан авч явсан юм.
Ханде Эрчел “Би хэвлэлээс энэ талаар мэдээд шууд Туркт харилаа. Би эх орондоо хайртай. Туркийн шударга шүүхэд итгэж байна. Богино хугацаанд гэм буруугүй гэдэг маань батлагдана гэж найдаж байна” гэж хэлсэн юм.
Цагдаагийн газар түүнээс үс, цусны шинжилгээ авсны дараа суллажээ.
Туркт өнгөрсөн намраас эхлэн алдартнуудын хар тамхины хэргийг мөрдөн шалгаж, хэрэгт холбогдсон олон алдартай жүжигчин ажилгүй болоод байгаа. Энэ хэрэг Туркийн Эпштийн гэж хэлэгдээд байгаа Касым Гарипоглутай холбоотойгоор илэрсэн. Касымийн Босфор дахь эдлэнд хар тамхи, биеэ үнэлэгч бүсгүйчүүдтэй үдэшлэг, хүлээн авалтад оролцож байсан алдартнуудын нэрийг хувийн жолоочийнх нь гар утаснаас олж илрүүлсэн юм.
“Агуу зуун” киноны жүжигчин Беррак Тюзюнатач энэ хэргээр 20 сарын ял авсан бол мөн тус кинонд тоглосон Метин Акдюльгер хэргээ хүлээн зөвшөөрч, гэрийн хоринд ороод байна.

