Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зэмсэг урлаач П.Байгалжавын нэрэмжит “Эгшиглэнт хуур” морин хуурчдын улсын уралдааныг энэ сарын 5-6-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Соёлын төвд зохион байгууллаа.
“Эгшиглэнт хуур” улсын уралдааныг улсын хэмжээнд хоёр дахь жилдээ, бүсийн хэмжээнд долоо дахь удаагаа зохион байгуулж, Улаанбаатар хот, Увс, Өвөрхангай, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн 137 хүүхэд, насанд хүрэгчид оролцжээ.
Бага насны тэргүүн байрт 10,8 оноогоор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын сурагч Т.Хөхтөр, дунд насны тэргүүн байрт 12,7 оноогоор Өмнөговь аймгийн сурагч Т.Буян-Эрдэнэ, ахлах насны тэргүүн байрт 25,2 оноогоор Өвөрхангай аймгийн сурагч Ш.Мөнхбилэг нар тус тус шалгарчээ.
Харин насанд хүрэгчдийн тэргүүн байрт 21,4 оноогоор Увс аймгийн Тариалан сумын морин хуурч Б.Бямбасүрэн, хамтлаг төрөлд тэргүүн байрт 12,3 оноогоор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Б.Адьяасүрэн багштай “Сүрэг-1” хамтлаг тодорлоо.
Уралдааны үеэр морин хуурч Э.Бямбацогт, Монгол Улсын Боловсролын тэргүүний ажилтан Б.Адьяасүрэн, А.Идэрбаяр нарыг аймгийн тэргүүний ажилтан тэмдгээр, Өвөрхангай аймгийн Ажнай сургалтын төвийн багш М.Мижиддоржийг Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын хөгжлийн яамны жуух бичгээр тус тус шагналаа.
Монголын уламжлалт морин хуур хөгжмийн өвийг түгээн дэлгэрүүлэх, хадгалан хамгаалах зорилготой “Эгшиглэнт морин хуур-2026” наадам нь хүүхэд, залуусын оролцоог нэмэгдүүлж, тэдний ур чадварыг хөгжүүлэхэд түлхүү анхаарч уралдаан, мэргэжлийн сургалтыг хослуулан зохион байгуулснаараа онцлогтой боллоо.


