2006 онд гарсан “The Devil Wears Prada” киноны үргэлжлэл анги 20 жилийн дараа нээлтээ хийж байгаа билээ. Эхний анги дээр тоглосон бүх жүжигчид хоёрдугаар анги дээр эргэн ирэх нь үзэгчдийн хүлээлтийг илүү үүсгэж байгаа биз ээ.
Киноны гол дүрүүдэд Мерил Стрип, Энн Хатауэй, Эмили Блант, Стэнли Туччи нар дахин тоглож, найруулагчаар Дэвид Франкел, зохиолчоор Алине Брош МакКенна ажилласан байна.
Шинэ ангид Энн Хатауэйн бүтээсэн Энди Саксийн дүр 20 жилийн дараа “Runway” сэтгүүлд эргэн ирж, онцлох нийтлэлийн редактороор ажиллаж эхлэснээр эхлэх аж. Харин Мерил Стрипийн бүтээсэн чадварлаг редактор Миранда Пристлигийн дүр нь Анна Винтураас санаа аван дүр бүтээсэн хэвээр байна.
Тэгвэл “The Devil Wears Prada-2” кино Хойд Америкийн зах зээлд 75-80 сая ам.долларын орлогоор нээлт хийхээр төлөвлөгдөж байна. Зарим шинжээчид энэ тоо 90-100 сая ам.долларт хүрч магадгүй гэж үзэж байна. Харин олон улс дэлхий даяарх орлого нь эхний долоо хоногтоо ойролцоогоор 175-190 сая ам.долларт хүрэх хүлээлттэй байна.
“Disney”-н -20th Century Studios- тус киног ойролцоогоор 100 сая ам.долларын төсвөөр бүтээсэн гэж мэдээллэв. Үүнд маркетингийн зардал үүнд ороогүй байна. Харин анхны кино 40 сая орчим ам.долларын төсөвтэй байсан юм. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ хөрөнгө оруулалт богино хугацаанд нөхөгдөх магадлал өндөр байна.
Энэ долоо хоногт тус кино бокс оффисыг тэргүүлэх нь тодорхой байгаа бол өнгөрсөн долоо хоногт амжилттай үзүүлэлт үзүүлсэн “Michael” кино хоёр дахь долоо хоногтоо 45-50 сая ам.долларын орлого олох төлөвтэй байна. Мөн “The Super Mario Galaxy Movie” болон “Project Hail Mary” зэрэг кинонууд үзэгчдийг татсаар байгаа билээ.
Кинотеатруудын хувьд энэ амралтын өдрүүд маш идэвхтэй өнгөрөх төлөвтэй байгаа бөгөөд “Prada”-гийн үргэлжлэл кино нь богино хугацаанд анхны ангийн нийт орлогыг давж магадгүй байна.


