Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Монгол, Германы соёлын өдрүүдийг “Мөнх тэнгэрт” үзэсгэлэнгээр нээв
Үзэсгэлэн

Монгол, Германы соёлын өдрүүдийг “Мөнх тэнгэрт” үзэсгэлэнгээр нээв

Урлаг Урлаг11/05/2026Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Соёлын элч, уран бүтээлч Ц.Ган-Эрдэнийн “Мөнх тэнгэрт” бие даасан үзэсгэлэнгээр Герман-Монголын соёлын өдрүүд эхэллээ. Энэхүү үзэсгэлэнд уран бүтээлчийн тосон зураг, бага хэмжээний бүтээл болон график төрлийн нийт 26 бүтээлийг дэлгэн үзүүлж байна.

“Чингис хаан” үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд өнгөрсөн баасаг гараг /2026.05.08/-т тус үзэсгэлэнг нээх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр хэлэхдээ, “Энэ жил Монгол, Герман улс соёл, боловсролын салбарт хамтын ажиллагаа эхлүүлсний 100 жилийн ойг тэмдэглэж байна. Яг нэгэн зууны өмнө их зохиолч Д.Нацагдорж тэргүүтэй Монголын анхны оюутнууд Герман, Франц улс руу суралцахаар явж байсан түүхтэй. Өнөөдөр Монгол, Германы харилцаа стратегийн түвшинд хүрч, соёл урлаг, утга зохиол, дүрслэх урлаг, хөгжмийн салбарт өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өрнүүлж байна. Зуун жилийн өмнө тавигдсан энэхүү суурь нь өнөөдөр ч уран бүтээлчид, сэхээтнүүд болон ард иргэдийн соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна” хэмээн онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран энэ сарын 8-14-нд Германы соёлын өдрүүдийг зохион байгуулж байна. Монголчуудын сэтгэлд хоногшсон “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ” хэмээх сайхан үг бий. Энэ үг өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй хэвээр байна. Зуун жилийн өмнөөс монголчууд мэдлэг боловсролыг жигүүрээ болгон, оюун санааны хөгжилд тэмүүлэн суралцсаар иржээ” хэмээн тодотгов. Түүнчлэн тэрбээр, “Тухайн үеийн төр засгийн алсын хараатай бодлогын хүрээнд өрнөдийн орнууд, тэр дундаа Герман Улс руу 30 гаруй шилдэг залууг суралцуулахаар илгээж, монголын ирээдүйн сэхээтэн, соён гэгээрүүлэгчдийн суурийг бэлтгэсэн түүхтэй. Өнөөдрийн үйл ажиллагаа болон цаашид зохион байгуулах утга зохиол, дуурь, драм, яруу найраг, жазз болон сонгодог хөгжмийн олон үйл ажиллагаа нь тухайн үеийн сэхээтнүүдийн бидэнд өвлүүлэн үлдээсэн оюуны өв, соёлын үнэт өвийн илэрхийлэл гэж бэлгэшээж байна. Түүнчлэн Германы соёлын өдрүүдийг ХХ зууны Монголын соёл, тэр дундаа тайзны урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт сэхээтэн, уран бүтээлчид Д.Нацагдорж, Д.Намдаг, Л.Намхайцэрэн нарын өв бүтээлд тулгуурлан зохион байгуулж буйгаараа онцлогтой”гэв.

Монгол Улсын Соёлын элч, уран бүтээлч Ц.Ган-Эрдэнэ ярихдаа, “Герман-Монголын соёлын өдрүүдээр бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байгаадаа баяртай байна. “Мөнх тэнгэрт” үзэсгэлэнгээрээ өвөг дээдэс байгаль дэлхийтэйгээ хэрхэн харилцаж ирсэн соёл, үзэл санааг уран бүтээлээрээ илэрхийлэхийг зорьсон. Миний хувьд сүүлийн 20 гаруй жил Герман Улсад амьдарч байгаа ч эх орондоо жил бүр ирдэг. Бүтээлүүддээ монголын нүүдэлчин ахуй, тэнгэр шүтлэг, хөх тэнгэртээ залбирч байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах монголчуудын эртний язгуур ойлголтыг түлхүү илэрхийлдэг. Хүн ба байгалийн харилцаа гэдэг зөвхөн монголчуудын онцлог биш, дэлхий нийтэд хамаарах нийтлэг ойлголт. Гэхдээ монголчууд байгальтайгаа илүү ойр амьдардаг учраас энэ мэдрэмж хүчтэй илэрдэг гэж боддог. Харин өндөр хөгжилтэй, хотжилт давамгайлсан нийгэмд амьдарч буй хүмүүст байгальтайгаа холбогдох мэдрэмж харьцангуй бага байдаг мэт санагддаг.

Энэ үзэсгэлэн нь Монгол Улсад гаргаж буй миний анхны том хэмжээний бие даасан үзэсгэлэн гэдгээрээ онцлогтой. Мөн би морь жилтэй хүн. Тиймээс морь жилдээ ийнхүү томоохон үзэсгэлэнгээ гаргаж байгаа нь надад бэлгэшээлтэй, сайхан санагдаж байна.

Цаашид ч уран бүтээлээ дэлхийн олон оронд, ялангуяа Европын Холбооны улсуудад толилуулахаар төлөвлөж байна. Би жилд дунджаар 10-15 үзэсгэлэн гаргадаг. Сүүлийн 20 жилийн хугацаанд Монголд гаргасан 10 гаруй удаагийн үзэсгэлэн маань ихэвчлэн хамтарсан болон жижиг хэмжээнийх байсан” хэмээн тодотгов.

Түүний “Нутгийн зам” онцлох бүтээл бол 1.70 метрээс 20 метрийн хэмжээтэй. Энэхүү бүтээлдээ Монголын уудам тал нутгаар үргэлжлэх замыг дүрсэлсэн. Гэхдээ энэ нь зүгээр нэг замын тухай зураг биш. Зам гэдэг бол хүний үлдээж буй ул мөрийн бэлгэдэл юм. Хүн нэг цэгээс нөгөө цэг рүү зорчихдоо машин, морь, үхэр тэрэг зэрэг янз бүрийн хэрэгсэл ашиглан явсаар байгальд зам гаргадаг. Харин бид зөвхөн зам үлдээдэггүй. Мөн байгальд хог хаягдал үлдээж байна. Тухайлбал, гялгар уут, ундааны лааз зэрэг ахуйн хэрэглээний зүйлсийг байгальд орхисоор байгаа. Тиймээс би эдгээр дүрслэлийг бүтээлдээ шингээсэн. Энэ бол ердөө бид байгаль дэлхийтэйгээ хэрхэн харьцаж байгааг харуулсан нэгэн дүр төрх юм.

Тэрбээр уран бүтээлдээ тэнгэр, газрын хооронд орших орон зай, байгаль, хүн төрөлхтний харилцан хамаарал, хийсвэр бодит оршихуйн заагийн гүн ухааны санааг илэрхийлдэг. 2009 оноос эхлэн уран бүтээлд нь “Тусгал” хэмээх ойлголт голлож хүний дотоод бодол, итгэл үнэмшил, хүсэл найдвар зэргийг бодит ертөнцтэй холбон илэрхийлж, хийсвэр мэт орших дотоод ертөнцийг “Дээд тэнгэр”-ийн үзэлтэй уялдуулан, хүний оршихуйн мөн чанарыг зогсолтгүй урсах цаг хугацаа, мөнх оршихуй, эртний монголчуудын тэнгэр шүтэх үзэлтэй холбон харуулдгаараа онцлогтой.

Ц.Ган-Эрдэнэ 2022 оноос Монгол Улсын Соёлын элчээр ажиллаж байна. 2001 онд Монгол Улсын СУИС-ийн харьяа Дүрслэх урлагийн дээд сургуулийг, 2010 онд ХБНГУ-ын Мюнстер хотын Дүрслэх урлагийн академийг төгсжээ. Түүний бүтээлүүд Германы Museum Burg Vischering, Art Collection Henkell, VHV Holding Group, Итали дахь Art Collection Benetton зэрэг цуглуулгад хадгалагддаг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн дэлгэлээ

09/05/2026
Үзэсгэлэн Урлаг

“Орд” уран бүтээлчдийн үзэсгэлэн дэлгэнэ

06/05/2026
Үзэсгэлэн Урлаг

Олон улсын нэрт зураачийн бүтээлүүд монголын үзэгчдэд хүрнэ

05/05/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Суут зураач Сальвадор Дали энэ өдөр мэндэлжээ

11/05/2026

Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, жүжиг, киноны нэрт зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Шагдарсүрэнгийн Гүрбазар таалал төгслөө

11/05/2026

Монгол, Германы соёлын өдрүүдийг “Мөнх тэнгэрт” үзэсгэлэнгээр нээв

11/05/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

11/05/2026

Виктория Бекхэм “Би хэзээ ч дарамт үзүүлж байгаагүй” гэв

10/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.