Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ким Су Хён нь эмгэнэлтэйгээр амь насаа алдсан жүжигчин Ким Сэ Ронтой 15 настайгаас нь үерхэж байсан гэх мэдээллийн улмаас тайз, дэлгэцээс холдон, нийгмийн асар их ад үзэлт, дээрэлхэлтэй нүүр тулгарсан билээ. Зар сурталчилгааны гэрээ цуцлагдаж, их хэмжээний эдийн засгийн хохирол ч амссан.
Жүжигчин залуугийн өмгөөлөгч Ко Сан Рок БНСУ-ын олон нийт, нийгэмд хандан “Цагдаагийн газраас хэргийн үнэн учрыг тодруулсны дараа бид түүнд нийгэмд буцан ирэхэд нь туслах ёстой байна. Тэрбээр маш их хохирсон” гэж уриаллаа.
Өмгөөлөгч олон нийтийн сүлжээнд гаргасан постдоо “Ким Су Хён бол хохирогч. Тэрбээр ямар ч гэмт хэргээр мөрдөгдөөгүй байгаа. Тиймээс бид сүүлийн үед YouTube-д гараад байгаа зүйлд хариу өгөөгүй юм. Энэ урт удаан мөрдлөгийн эцэст Ким Су Хёнд учирсан хохирлыг бүрэн тогтоосон. Одоо тэрбээр ажлын байрандаа эргэн ирэх ёстой. Эрүүл саруул нийгэм нь хэлмэгдэж, хохирсон нийгмийн нэгэн гишүүндээ маш хурдан шуурхай тусалж байх ёстой. Түүний байх ёстой байр бол тайз, дэлгэц” гэж хэлсэн байна.

