Энэ удаагийн “Зогс нэг агшин” буландаа УДЭТ-ын залуу жүжигчин, “Фантастик” продакшны уран бүтээлч Бат-Өлзийгийн Тамирыг урьж цөөн хором ярилцлаа. “Аз жаргалын шок” хэмээх уран бүтээлээрээ үзэгчдэд инээд, ухаарал бэлэглэж байсан тус продакшны залуус энэ удаад тэс өөр киногоор бэлэг барихаар зэхсэн байна. “Миний ах атаман” хэмээх шинэ бүтээлд нь МУГЖ Цэгмэдийн Төмөрбаатар, Цэгмэдийн Төмөрхуяг нар тоглосон байна. Тэднийг “Тайз дэлгэцийн атаманууд юм” хэмээн тус киноны уран бүтээлчид албан ёсны фэйж хуудаснаа нийтэлжээ.
-“Фантастик” продакшн, “F” студи хамтран “Миний ах атаман” хэмээх уран сайхны киног үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болсон тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн. Киноныхоо тухай ярилцлагаа эхэлье?
-Бид өмнө нь “Аз жаргалын шок” хэмээх киногоороо үзэгчдэд инээд бэлэглэж байсан бол энэ удаад хүмүүст тэс өөр зүйл харуулахыг зорилоо. “Фантастик” продакшн болон “F” студийн залуу уран бүтээлчид хамтран нэгэн шинэ киног үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болоод байна. “Миний ах атаман” кино маань ирэх сарын 12-нд нээлтээ хийж, бүх кино театруудаар гарч эхэлнэ. Энэ удаагийн киноны онцлог гэвэл Монголд төдийлөн тавигдаад байдаггүй action drama гэсэн жанраар хийгдсэн. Энэ жанр төдийлөн Монголд хүчээ аваагүй байгаа гэж хэлж болно. Бидний хувьд зориглоод киноныхоо ажилд орсон. Бодож, төсөөлж байснаас хавьгүй хэцүү юм байна гэдгийг мэдэрлээ. Бид залуу уран бүтээлчид учраас энэхүү хүнд жанрыг барин авч Монголын кино урлагт нэгэн өөрчлөлтийг хийхийг зорьж, ажилласан юм. Гагцхүү ямар кино болсныг уншигчид, үзэгчид та бүхэн дүгнэж, цэгнэх биз ээ.
-Сүүлийн үед уран бүтээлчид сайн зохиолын эрэлд гарах болсон. Зохиолыг хэн бичсэн бэ?
-Кино зохиолыг Б.Тамир миний бие Р.Эрхэмбүрэнтэй хамтарч бичсэн. Зохиол дээрээ нэг сар суусан. Зохиолоо бид бодит амьдралаас сэдэвлээгүй. Дотроо санаж, бодож явсан зүйлээ цаасан дээр буулгасан. Мэдээж хамт олонтойгоо зөвлөлдөж, санаагаа нэмэрлэсэн.
-Кино ямар хугацаанд бүтэв. Дүрийн сонголтууд нэлээд өвөрмөц юм шиг санагдсан?
-Кино маань ерөнхийдөө дөрвөн сарын хугацаанд бүтлээ. “Миний ах атаман” киноны гол дүрд МУГЖ Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхуяг, Ж.Оюундарь нараас гадна залуу жүжигчин МУСТА Б.Хулан, М.Баярбат, Ж.Алтаншагай, Э.Алдар, Б.Барслхагва, Б.Батболд, С.Ариунбямба, А.Алтантөр нар тоглосон. Дүрийнхээ сонголтыг кино групптэйгээ ярилцаж байгаад хийсэн. “Фантастик” продакшны жүжигчдээс гадна урилгаар дээр нэр дурьдсан хүмүүс тоглосон. Энэ удаагийн уран бүтээлийн өөр нэгэн онцлог гэвэл Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхуяг нарын төрсөн ах, дүүс тоглосон явдал юм. Монголын тайз, дэлгэцнээ бүтээсэн олон сайхан дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон агуу жүжигчидтэй хамтарч ажилласандаа маш их баяртай байгаа. Тэд бол тайз, дэлгэцийн “атаманууд” юм.
-УДЭТ-аар сонин юу байна?
-Театр маань шинэ жүжгээ тавих гээд завгүй ажиллаж байгаа. Харин миний хувьд шинэ уран бүтээлд оролцож амжсангүй. Киноныхоо ажилд анхаарлаа хандууллаа. Залуу хүний хувьд аль, алиныг нь амжуулахыг хичээж байна даа.