Дорнод аймаг хойд, урд хөрштэй хиллэдэг, хилийн зургаан боомттой, агаарын тээвэр, төмөр зам, авто замын сүлжээ сайн хөгжсөнөөрөө онцлог. Мөн Мэнэнгийн тал, Буйр нуур, Хөх нуур, Монгол Дагуур зэрэг байгалийн нөөц, Хэрлэнбарс хотын туурь, Халх голын байлдааны дурсгалт газрууд, буриад, барга, үзэмчин ястны түүх, соёлын нөөцдөө тулгуурлан гадаад болон дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой юм.
Гэхдээ дотоодын аялал жуулчлалын зах зээлд тийм ч ойр биш гэхэд болно. Сэтгэл татах үзмэр хоорондын зай алслагдсан, тохь тухтай аялахад зориулсан цогцолборт газрууд цөөн зэрэг нь нийтийн аяллыг хөгжүүлэхэд сөргөөр нөлөөлж байна. Харин адал явдалт, танил бус газар оронд бие даан аялж, өөртөө туршлага хуримтлуулах дуртай аялагчдыг татаж, тэдний гэрэл зураг, замын тэмдэглэл, аяллын нэвтрүүлгийг сурталчилгааны гол чиглэл болгож хөгжүүлэх нь илүү тохиромжтой гэж үзжээ.
Мэргэшсэн дотоодын аяллын байгууллагуудыг бодлогоор дэмжиж харилцан тохиролцож үйлчлүүлэх нь аялал жуулчлалыг хөгжүүлэх дараагийн алхам юм. Дотоодын аялагчид зам дагуу айл, нутгийн иргэдээс сүү цагаан идээ, хонь мал, жимс, жимсгэнэ, ойр зуур морь мал унах, үзэж сонирхох зэргээр гадаадын жуулчдаас ч дутахгүй орлого оруулах сонирхолтой байдаг нь хөдөөгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чухал хүчин зүйл гэж судалгааны тайланд дурджээ.


