Монголын орчин үеийн кино урлагт жүжигчин, зохиолч, найруулагч, продюсерын олон талын үүргийг зэрэг гүйцэтгэж, өөрийн гэсэн уран бүтээлийн өнгө төрхийг бий болгосон уран бүтээлч Бат-Өлзийн Тамир өнөөдөр 40 нас хүрч байна.
СУИС-ийн оюутан ахуйгаасаа “Boomtown” хамтлаг байгуулан уран бүтээлийн гараагаа эхэлж, улмаар УДЭТ-ын босгыг даван түүхэн, сонгодог, орчин үеийн олон жүжигт гол болон туслах дүрийг чадварлаг бүтээж явсан Б.Тамирыг өдгөө “Фантастик” продакшны найруулагч гэдгээр нь үзэгчид эчнээ мэднэ.
Энэ онд 18 жилийнх ой нь тохиох “Фантастик” продакшнынхантай тэрбээр “Дурсамж төгсгөл үгүй”, “Амингоо”, “Аз жаргалын шок”, “Миний ах атаман”, “247 градус”, “Хар сувдны нууц”, “Маш нууц”, “18 нас: Би чамд хайртай”, “Зүрхний хилэн”, “Маш нууц 2: Байтаг Богд”, ““37-р точка”, “Зура”, “Зура 2: Цурам ажиллагаа”, “Зура 3: Цэвэрлэгээ”, “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” зэрэг бүтээлээ бүтээж, Монголын кино урлагт өөрийн нэрийг тод үлдээсэн билээ.
Хамгийн сүүлд буюу 2026 онд Б.Тамир “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн. Уг бүтээлээр Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, түүхэн хүмүүсийн үүрэг оролцоог дэлгэцээр харуулахыг зорьжээ. Тэрбээр уг кинонд найруулагчаар ажиллахаас гадна Сайн ноён хан Намнансүрэнгийн дүрийг бүтээсэн юм.
Энэ жил Б.Тамир “Жинжийгийн төрсөн өдөр” кино төслөөрөө Каннын олон улсын кино маркетын “Монгол кино төсөл” танилцуулгад оролцсон байна. Тэрбээр Монголчуудын талаарх дэлхий дахины нэг хэвийн, өрөөсгөл төсөөллийг эвдэж, Монголын тухай өөр өнцгөөс өгүүлэх кино хийх хүсэлтэй байгаагаа эл төслөөрөө илэрхийлжээ.

