Монголын театрын урлагт өөрийн гэсэн тод өнгө төрхийг бүтээж, үзэгчдийн сэтгэлд олон арван дүрээрээ хоногшсон уран бүтээлчдийн нэг бол Монгол Улсын Гавьяат жүжигчин Гүрбазарын Урнаа юм. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна.
Г.Урнаа 1964 оны энэ өдөр буюу есдүгээр сарын 11-нд Улаанбаатар хотол төржээ. Багаасаа урлагт дуртай, бүжиглэж, дуулах сонирхолтой байсан охин хожим жүжигчний мэргэжлийг сонгож, Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит Театр урлагийн дээд сургуульд А.Д.Папановын удирдлагад жүжигчний мэргэжил эзэмшжээ.
Эх орондоо ирмэгцээ Улсын драмын эрдмийн театрын босгыг алхаж, жүжигчнээр ажиллаж, Монголын театрын тайзнаа өөрийн авьяас чадвараа харуулах болсон юм.
Тайзны уран бүтээлийн гараагаа “Гургалдайн дуут шөнө” жүжгийн Ингагийн дүрээр тавьж, үргэлжлүүлэн “Цусан тахилга”-ын Абирна, “Хаан түүх I, II, III”-ийн Үүлэн, “Ромео Жульетта”-гийн Жульетта, “Найрын ширээний ууц” -ын Саран, “Үгүйлэгдсэн хайр” -ын Цэцгээ, “Антигона”-гийн Антигона, “Амьгүй албат “-ын Шагшмаа, “Нүцгэн дурлал” -ын Лаура, “Харц хатан” – ы Заяа хатан, “Мануухай” -н Булган, “Буудлын авхай” -н Гортензия, “Атга нөж” – ийн Хуагчин, “Парисын дарь эхийн сүм” – ийн Розина, “Тэнгэрийн хүү”-гийн Могол хатан, “Эсрэг дурлал”-ын Их хатан, “Надтай үлдээч” – ийн Жаргалмаа, “Анна Каренина”-гийн Долли зэрэг олон дүрд уран бүтээлчийн чадал чансаа, нөөц бололцоогоо сорьж, уран бүтээлч болж боловсорчээ. Хорь гаруйхан настай байхаасаа тайзны дэг соёлд суралцан, алтан үеийн ахмадуудаасаа суралцаж, тэдний энд хүрэх гэж хичээж, хамгийн гэгээн бөгөөд дүүрэн жаргалтай он жилүүдийг тайзнаа өнгөрүүлжээ.
Театр бол түүний уран бүтээлийн гол амьдрал хэдий ч Г.Урнаа дэлгэцийн олон бүтээлээр дамжуулан үзэгчидтэйгээ уулзаж ирсэн юм.
Тэрбээр “Аянгат цагийн дууль”, “Хүйн холбоо”, “Ертөнцийн сүүлчийн чулуу”, “Далд уянга”, “Буцааж нэхэхгүй хайр”, “Дутуу эдэлсэн жаргал”, “Нулимсанд дэвтсэн хайр”, “Үл таних эмэгтэй”, “Тавилан”, ” Гоёлын даашинз”, “Зах хязгааргүй ээдрээ”, “Нэг нарны дор”, “Сарны нулимс”, “Сонголт”, “Өдөр өдрийн нар” гэхчилэн бүрэн хэмжээний болон олон ангит дэлгэцийн уран бүтээлүүдээр үзэгчидтэй уулзаж байв.

