Японы цахилгаан барааны “Panasonic” компани Өмнөд Солонгосын жүжигчин Ха Ён (Ha Young)-ыг модель болгон оролцуулсан 2020 оны сурталчилгааны видеогоо нийтэд харагдахгүй болгожээ. Гэхдээ “Panasonic”-ийн талаас сурталчилгааг яагаад устгасан талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна. Тиймээс уг шийдвэрийг Ха Ёны гэр бүлийн маргаантай шууд холбоотой гэж баталгаатайгаар дүгнэх боломжгүй юм.
Ха Ён наймдугаар сарын эхээр “KBS 2” телевизийн “옥탑방의 문제아들” нэвтрүүлэгт оролцохдоо дөрвөн үеэрээ эмчийн гэр бүл гэдгээ ярьсны дараа түүний элэнц өвөө Ан Сан Хогийн талаарх түүх олон нийтийн анхаарлыг татсан юм. Ан Сан Хо нь 1872–1927 онд амьдарч байсан эмч бөгөөд Японы эзлэн түрэмгийллийн үеийн үйл ажиллагаатай холбоотой маргаан үүссэн байна.
Ха Ёны агентлаг эхэндээ элэнц өвөөг нь Японы талыг баримтлагч байсан гэх мэдээллийг үгүйсгэсэн ч удалгүй 1916 онд “Тайсё найрамдлын нийгэмлэг”-ийн зөвлөлийн гишүүдийн жагсаалтад Ан Сан Хогийн нэр багтсан баримт байгаа гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Харин Ха Ён өөрөө холбогдох баримтуудыг шалгасны дараа элэнц өвөөгийнхөө түүхийг бүрэн мэдээгүй явснаа хэлж, үр удам нь болохын хувьд уучлал хүссэн байна.
Үүний дараа Ха Ёны оролцсон зарим сурталчилгааг компаниуд нийтэд харагдахгүй болгосон юм. Тухайлбал, “Samsung Electronics” болон хувцасны “Atid” брэндийн сурталчилгаануудыг устгасан мөн түүний элэнц өвөөгийн талаар ярьсан нэвтрүүлгийн дахин үзэх үйлчилгээ болон YouTube-ийн зарим бичлэгийг мөн хаасан байна.
Ха Ён мөн “Netflix”-ийн “The Trauma Code: Heroes on Call” цувралын хоёрдугаар улиралд оролцохоос өөрийн хүсэлтээр татгалзсан бөгөөд “Netflix” түүний шийдвэрийг хүндэтгэж байгаагаа мэдэгдсэн байна.

