Францын кино урлагийн домог Брижит Бардогийн хувийн эд зүйлсийг Парист дуудлага худалдаанд оруулж, нийт борлуулалт нь бараг 1 сая евро буюу ойролцоогоор 1.15 сая ам.долларт хүрчээ. Энэ нь дуудлага худалдааг зохион байгуулагчдын урьдчилсан үнэлгээнээс бараг 20 дахин өндөр үзүүлэлт болсон байна.
Парисын “Millon” дуудлага худалдааны ордноос зохион байгуулсан эл худалдаанд Бардогийн Парис болон Сен-Тропе дахь гэрт хадгалагдаж байсан 285 эд зүйлс багтжээ. Тэдгээрийн дунд түүний хувцас, сүрлэн малгай, нарны шил, тавилга, аяга таваг, гитар, бичгийн машин, гэрэл зураг болон өөрийнх нь зурсан хөрөг хүртэл байв.
Дуудлага худалдаанд дэлхийн өнцөг булан бүрээс 3000 орчим хүн бүртгүүлсэн бөгөөд Бардогийн зарим энгийн эд зүйл хүртэл анхны үнэлгээнээсээ хэдэн зуу дахин өндөр үнэд хүрсэн байна.






Тухайлбал, түүний нэр, утасны дугаар бүхий пайзтай хоёр нохойн хүзүүвчийг ердөө 30 еврогоор үнэлсэн ч Оросын худалдан авагч 9400 еврогоор худалдан авчээ. Харин Бардогийн зурсан өөрийн хөрөг бараг 40 мянган евро, намтар номоо бичихдээ ашигласан бичгийн машин 4634 евро хүрсэн байна.
Мөн анх 300-500 еврогоор үнэлэгдсэн хоёр гитарын нэг нь 8600 евро, нөгөө нь 1900 еврогоор зарагдсан бол далайн хавын зулзагыг дүрсэлсэн гурван чихмэл тоглоом бараг 2200 евро хүрчээ.
Дуудлага худалдаанаас олсон орлогыг Бардогийн байгуулсан “Brigitte Bardot Foundation” амьтан хамгаалах сан болон түүний цорын ганц хүү Никола-Жак Шаррье нар өвлөн авах юм.
Брижит Бардо 1950-аад онд Францын төдийгүй дэлхийн кино урлагийн хамгийн алдартай жүжигчдийн нэг болж, “And God Created Woman” зэрэг бүтээлээрээ олон улсын од болсон юм. Тэрбээр 1973 онд кино урлагаас зодог тайлж, улмаар амьтны эрхийг хамгаалах үйлсэд үлдсэн амьдралаа зориулсан билээ.

