Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор эгшиглэн” хүүхдийн урлагийн их наадмын баруун бүсийн шалгаруулалт Төв аймгийн Сэргэлэн сумын Соёлын төвд болж, цомын эзнээр тус сумын хүүхдүүд шалгарлаа.
Энэ жил 30 дахь удаагаа зохион байгуулсан тус наадамд Лүн, Эрдэнэсант, Алтанбулаг, Сэргэлэн сумын Соёлын төвийн дэргэдэх дуу, бүжгийн дугуйлангийн сурагчид, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Монгол туургатан театрын дэргэдэх бүжгийн дугуйлангийнхан болон Зуунмод сумын Нэгдүгээр сургуулийн сурагчид оролцжээ.
Нийт 200 гаруй хүүхэд энэ сарын 25-27-ны өдрүүдэд дуу, бүжиг, хөгжим, язгуур урлаг, шүлэг, яруу найргийн 22 төрөлд авьяас чадвараа сорин өрсөлдсөн байна.
Наадмыг 3-5, 6-9, 10-14, 15-18 нас гэсэн дөрвөн ангиллаар зохион байгуулжээ. Шүүгчээр Монголын хүүхдийн ардын урлагийн төв сангийн ерөнхий захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Эрдэнэтуяа, тус сангийн уран сайхны зөвлөх, Ардын жүжигчин Г.Энхжаргал, уран сайхны зөвлөх, урлаг судлаач, концертмейстер, олон улсын бүжгийн тэмцээний шүүгч Л.Дашдаваа нар ажилласан байна.
Сэргэлэн сумын хүүхдүүд бүжиг, шүлэг, дууны төрлөөр нийт 15 медаль хүртсэнээс 10 нь алтан медаль байна. Тухайлбал, “Жороон жороон”, “Шаргал цэцэгс”, “Хэдгэнэ бид хоёр”, “Монгол бүсгүй” зэрэг бүжгээр алтан медаль хүртсэн байна.

Мөн Сэргэлэн сумын Соёлын төвийн номын санч Б.Нармандах багштай шүлэг, яруу найргийн дугуйлангийн сурагчид өөрсдийн зохиосон шүлгээрээ оролцож, Б.Бямбацэнд, Г.Оюу-Эрдэнэ, О.Болоржин, Т.Хунсувд, Ч.Номин-Эрдэнэ нар алтан медаль хүртжээ.
Түүнчлэн “Баруун Монгол”, “Сээтэн сэвгэр”, “Тогоруу бий” зэрэг бүжгээр дөрвөн мөнгөн медаль, “Алтайн чимэг” бүжгээр хүрэл медаль хүртсэн байна.
Ийнхүү Сэргэлэн сумын хүүхдүүд 30 дахь удаагийн “Болор эгшиглэн” хүүхдийн урлагийн их наадмын баруун бүсийн шалгаруулалтад амжилттай оролцож, цомын эзэн болжээ.

