УДБЭТ-ын уран бүтээлийн 52 дахь улирлын нээлтийн тоглолт суут П.И.Чайковскийн “Хунт нуур” балетийн хан хүүгийн дүрд 12-ны өдөр тоглох балетийн гоцлооч О.Ганцоожтой ярилцсан юм.
-Театрын улирал эхэллээ. Сонгодог урлагийн үзэгчид театрын нээлтийг тэсэн ядан хүлээдэг. Гоё дуурь, балет үзэх гэхийн сацуу хайртай уран бүтээлчдийнхээ тоглолтыг үзэхсэн гэхээс хоног тоолдог. Үзэгчдийн хайртай уран бүтээлчдийн тоонд таны нэр багтаад багагүй хугацаа өнгөрлөө. Тиймээс таныг фэнүүдтэй тань уулзуулж байгаадаа баяртай байна. Та сайхан амраад ажилдаа оров уу?
-Баярлалаа. Сайхан амарсан. Амрахын хажуугаар бас ажил амжуулсан. Зун Япон улсад болсон Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд “Игорь ван” балетийн гол дүрд тоглож байгаад ирсэн.
-Уран бүтээлч хүнд амралт байдаггүй гэж л энэ байх даа. Ярилцлагаараа таныг балет сонирхогчдод нэлээд дэлгэрэнгүй танилцуулъя гэж бодсон юм. Та хэд дэх жилдээ Дуурийн театрын тайзан дээр бүжиглэж байна вэ?
-2006 оноос хойш. Оюутан байхаасаа ажиллаж эхэлсэн. Анх гоцолсон гэвэл 2005 он болно л доо.
-Мэргэжлийн багш нь хэн бэ?
-Дашлхагва. Тэгэхэд багш Хөгжим бүжгийн коллежид ажилладаг байсан юм.
-Зорьж балетчин болсон уу, тохиолдлоор уу?
-Манай аав балетчин болох хүсэлтэй байсан юм билээ. Тийм болохоор тухайн үедээ Пермийн балетийн сургуульд хүүхэд элсүүлэх шалгаруулалтад орж тэнцэж байсан гэсэн. Даанч амьдралын асуудлаас болоод явж чадаагүй, өөрөөр хэлбэл хүсэл нь биелээгүй. Тийм болохоор тэр юм уу, намайг заавал балетчин болгоно гэж зорьсон юм билээ. Тэгээд л ээжтэй ярилцаж зөвшилцөөд Хөгжим бүжигт шалгуулсан. Аав маань Отгонбямба гэж хүн бий, хувиараа бизнес хийдэг. Бүжигчин болох гээд чадаагүй, дараа нь нэг хэсэг намайг бага байхад барилдаж байсан, одоо бол хувиараа л ажиллаж байна.
-Ээж нь ямар мэргэжлийн хүн бэ?
-Одоо бас хувиараа ажилладаг. Уг нь проводник. Олон улсын галт тэргэнд ажилладаг байсан.
-Балетчин болохоор сургуульд орохдоо мэргэжлийнхээ талаар ямар ойлголттой байсан бэ?
-Биднийг анх Энхтуяа багш хүлээж авч байлаа. Дараа жилээс нь Дашлхагва багшийн гарт очсон. Балетчин байтугай, бүжигчин гэж чухам хэн болох тухай ямар ч ойлголтгүй байсан.
-Балетчин болох гэдэг амаргүй хэрэг байна гэдгийг хэзээ мэдэрч байв. Зоволгүй балетчин болсон хүн байдаггүй гэдэг утгаар асууж байна л даа. Шантрах мөч хэр олон байсан бэ?
-Больдог ч юм уу гэж бодож байсан үе олон. Долоо, наймдугаар ангид байхдаа аав ээждээ хэцүү юм байна, болимоор байна гэж хэлж үзсэн. Тэгэхэд аль аль нь “Зүгээр ээ, миний хүү, чи чадна” гэдэг байлаа. Аав ээж хоёр Дашлхагва багштай хэдийнэ уулзаад хүнд хэцүү байх юм байна гэдгийг нь ойлгочихсон байсан юм билээ л дээ. Тийм болохоор хэзээ нэг өдөр хүү нь шантраад хүрээд ирвэл адилхан нялцганаад байхгүй юм шүү гэсэн бэлтгэлтэй байсан юм шиг байна лээ. Тэгээд л намайг боль гэсэнгүй, би ч үргэлжлүүлээд хичээлдээ яваад л байсан. Ер нь гарах гарцгүй юм байна гэдгийг ойлгосон л доо. Том хүний үгнээс гараад байдаггүй, дуугүй тийм л даруухан хүүхэд байсан даа.
-Балетчин байх сайхан юм байна гэдэг анхны мэдрэмж сонин байсан болов уу. Хэзээ, хаана, ямар тоглолтоор мэдэрсэн бэ?
-2005 онд оюутан байхдаа Японд “Щелькунчик” балетийн гол дүрд тоглох завшаан тохиосон юм. Тэгэхэд ер нь болох юм байна гэсэн итгэлтэй болсон. Тэр үед тоглолтын бичлэгээ үзээд өөрийгөө танихгүй байсан. Хүн байгаагаасаа их өөр харагддаг юм байна лээ.
-Одоо бол ямар ч балетийн ямар ч дүрээс айхаа больсон уу?
-Яах вэ, хэт бардамнаж болохгүй л дээ. Одоогоор театрынхаа бүхий л сонгодог бүтээлд гол дүр бүтээж байна, тэр утгаар жүжгүүдийг авч явж байна гэж ярьдаг ч, үүгээр миний сэтгэл ханаж, карьер дуусч болохгүй. Нас залуу байна, бүжиглэх хугацаа байна, тийм болохоор урьд минь олон даваа байна, ирээдүйд юу ч болж мэднэ гэсэн бодолтой явдаг. Дэлхийн хэмжээнд хэн гэдгээ харуулахыг хүсч байна.
-Та одоо хэдэн настай вэ?
-24.
-Сайхан нас. Саяхан Ганчимэг гавьяат та хоёр хосолж Америкт нэг том уралдаанд оролцсон. Гоцлоочийн хувьд Ганцоож шилдэг 18-д шалгарлаа гэж ойлгосон. Түүнээс илүү амжилт үзүүлэх боломж байсан уу?
-Байсан гэж боддог. Би даанч очингуутаа хөлөө гэмтээчихсэн. Бараг алхаж ч болохгүй байсан ч уралдааны бүхий л шалгаруулалтад оролцсон. Тэгээд шилдэг арван хэдийн нэг болсон л гэсэн. Тэр тухай сонсох ч сонирхол байгаагүй. Медальд хүрнэ, байг гэхэд шагналтан болно гэсэн зорилготой оччихоод гэмтлийн улмаас чадвараа бүрэн харуулж чадаагүйдээ их харамссан.
-Азгүй юм аа, тийм ээ?
-Харин тийм ээ. Цаашид ийм юм бүү тохиолдоосой л гэж бодож байна. Уг нь энэ бол дөрвөн жилд нэг удаа болдог, балетчдийн хувьд бараг олимп гэхээр том уралдаан байсан юм. Харамсалтай юм болсон. Гэхдээ яах вэ, өнгөрсөн зун Японд “Игорь ван”-д тоглох хугацаандаа бүх Японы хэмжээнд болсон балетчдийн уралдаанд оролцоод хүрэл медаль авсан. Цаашид амжилтаа улам ахиулна гэж бодож байгаа. Хөл овоо гайгүй болсон байлаа. Өөрийгөө нэг юм уу, хоёрдугаар байртай байх аа гэж бодож байтал гуравд шалгаруулсан байсан. Гэхдээ зүгээр ээ. Япончууд улсдаа болж байгаа уралдаанд өөрийнхөө хүмүүсийг дэмжих нь ойлгомжтой.
-Уран бүтээлийн цаашдын зорилго, төлөвлөгөө юу байна?
-Гадаадад гарч ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байна.
-Тийм үү. Хамаг сайн уран бүтээлчид гадагшаа гарах нь харамсмаар байдаг. Хаана очих вэ?
-Одоогоор тэнд энд гэж хэлэх эрт байна. 2008 онд гурван ч сургуулиас тэтгэлэгтэй сурна уу гэсэн урилга авсан юм. Тэгээд Английн Үндэсний балетийн сургуулийг сонгож нэг жил суралцсан. Залгуулаад Америк явж Коннектикут мужид зургаан сар ажиллаад ирсэн юм. Тэндээс ирэх үед боломжийн санал тавьж байсан ч, бүтээгүй. Тэгээд ч тухайн үед амлаж байсан цалин, байр орон сууц зэргийн аль аль нь өнөө хүртэл шийдэгдэхгүй байгаа болохоор амьдралаа бодож, гадаадад гарч ажиллая гэсэн бодол, төлөвлөгөөтэй байгаа.
-Хэзээ явах юм. Гайгүй сайн уран бүтээлч гадаадад гарна гэхээр яах аргагүй харам сэтгэл төрж байна шүү. Болдогсон бол цалин, хангамж, байр сууцны асуудлыг нь шийдээд өгчихмөөр санагдаж байна…
-Яг тэдэнд явна гэсэн юм одоогоор алга. Ганцаараа явах бол хэзээ ч болно л доо. Гэр бүлээрээ явах зорилготой учраас визний талд асуудал байна.
-Гэр бүлийн хүн нь ямар мэргэжилтэй, хаана ажилладаг вэ?
-Балетчин. Театрт цуг ажилладаг. Манай эхнэр чинь 2007 оны мисс. Бас гуншинтай аа.
-Тийм үү, дуулаагүй юм байна. Хүүхэдтэй юу та хоёр?
-Хоёр хүүхэдтэй. Том нь дөрөвтэй, бага нь долоон сартай.
-Ийм залуухан, тэгээд ам бүл дөрвүүл юм байна. Сайхан юм аа. Та хоёр явчихлаа гэж бодвол театрын балетийн уран бүтээлчид хоёроор цөөрч, уран бүтээлийн чанар чансаанд ч гэсэн өөрчлөлт гарах нь байна шүү дээ.
-Болох биз дээ. Театр юм чинь хүний нөөцөө зохицуулах байх гэж бодож байна.
-Дээр үеийнх шиг, балет хөгжлийнхөө ид оргил үед хүрээд байсан 1980-аад оных шиг цалин хангамж сайтай, сонгодог уран бүтээлчид нэр төр өндөртэй, балетийн урлаг төр засгийн ивээлд байдагсан бол сайн балетчид юу гэж гадаадад гарахыг хүсэх вэ дээ гэж бодогдож байна. Харамсмаар байна шүү.
-Бидний өмнө өнөөдрийн энэ цалингаараа насаараа ажиллаж байж, насны эцэст ядарч туйлдсан хойноо байр орон сууцтай болох уу, эсвэл чадаж байгаа дээрээ гадаадад, хөдөлмөр, чадварыг зохих түвшинд үнэлж цалин хөлс олгодог тэр газарт нь очиж ажиллах уу гэдэг хоёр сонголт байгаа юм. Тэгэхээр мэдээж хоёр дахь хувилбарыг сонгохоос яах билээ. Ахуй хангамж, цалин хөлс боломжийн бол зөвхөн мэргэжилдээ яаж илүү сайн байх тухай л бодож, ажилдаа бүхнээ зориулна шүү дээ.
-Мэдээж. Тэгэхээр театрын тэргүүлэх балетчдын нэг Ганцоож гадаадад гарах нь ээ. Театртаа энэ тухайгаа аль хэдийнэ мэдэгдсэн үү?
-Хэлсэн. Хөөцөлдөж байгаа зүйл маань бүтчихвэл хэзээ ч явж магад. Тэр болтлоо ажиллаж байя гэдгээ ойлголцсон.
-Одоо тэгвэл сэтгэл аргадсан сайхан үг хэлцгээе. Театрын уран бүтээлийн шинэ улирал эхэлж байгаатай холбогдуулан үзэгчдэдээ хандаж ямар үг хэлэх вэ?
-“Хунт нуур” балетийн 40 жилийн ой болж байна. Шинэ улирлын нээлтийн тоглолтод “Хунт нуур”-таа маш сайн тоглохоор бэлтгэж байна. Урьд өмнө ханхүүгийн дүрд тоглож байсан үе үеийн мундаг гоцлоочдоос илүү сайн тоглохыг хүсч, хичээж байна. Үзэгч та бүхэн олноороо ирж үзээрэй гэж л хэлье дээ.
-Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Зав гаргаж ярилцсанд баярлалаа.
Р.ОЮУНЖАРГАЛ
Эх сурвалж: news.mn