Холливудын жүжигчин Жонни Депп уран бүтээлийнхээ шинэ чиглэлийг танилцуулж, Туркийн Истанбул хотод болсон “Contemporary Istanbul” олон улсын урлагийн үзэсгэлэнд анхны баримлаа дэлгэлээ. “The Bunnyman” нэртэй уг бүтээл нь ойролцоогоор хоёр метр өндөр хүрэл баримал юм.
“The Bunnyman”-ы дүр Деппийн хувийн дурсамжтай холбоотой аж. Түүний хүү Жак таван настайдаа туулай-хүнийг дүрсэлсэн зураг зурсан нь Деппийн бага насны зүүдэнд үзэгддэг байсан дүртэй төстэй байжээ. Үүнээс хойш тэрбээр уг дүрийг зураг болон бусад бүтээлдээ олон жилийн турш ашигласан байна.
Депп анхны баримлаа Италийн Милан хотын “Fonderia Artistica Battaglia” урлантай хамтран бүтээсэн бөгөөд хүрэл цутгалтын уламжлалт аргыг ашиглажээ. Ийнхүү өмнө нь уран зураг, хэвлэмэл бүтээлээрээ дүрслэх урлагийн салбарт хүч сорьж байсан жүжигчин анх удаа гурван хэмжээст бүтээлээ олон нийтэд толилуулж байна.
Сүүлийн жилүүдэд Депп дүрслэх урлагт идэвхтэй ажиллаж, өөрийн зургууд болон бусад бүтээлүүдээ олон нийтэд тогтмол танилцуулах болсон юм.





